Хөл хорио тогтоосон энэхүү нэг сарын хугацаанд эрүүл мэндээ сахин хамгаалахын хажуугаар гэртээ цагийг үр бүтээлтэй өнгөрөөх хэрэгтэй шүү дээ. Тиймээс цэцэрлэг, сургуулийн хүүхдүүддээ зориулан эдгээр 10 номыг санал болгож байна.
Груффало
Өтгөн харанхуй ойд бяцхан хулгана ганцаар алхана. Гэтэл түүнтэй үнэг, шар шувуу бас могой тааралдах нь тэр. Тэд бүгд л түүнийг идэхийг хүсчээ. Харин сэргэлэн хулгана бүгдийг нь хуурч, нэгэн аймшигтай амьтан болох груффалотой уулзахаар явж байгаагаа хэлэхэд тэд бүгд зугтаан алга болов. Харин эцэс сүүлд өнөөх зохиомол амьтан чинь бяцхан хулганатай тааралдах нь тэр шүү.
"Өтгөн харанхуй ойд
нэгэн хулгана зугаалж явлаа.
Үнэгний нүдэнд хулгана
амтат зууш шиг л харагдаж гэнэ.

Лотте Луизе хоёр
Энэ зохиолыг бид "The patent trap" хэмээх зуслан дээр таарсан охид өөрсдийгөө ихэр гэдгээ мэдэж, гэр гэр лүүгээ эргэн очихдоо солигдож, аав ээжийгээ эргэн нийлүүлэх гэсэн төлөвлөгөө зохиож буй тухай өгүүлэх киногоор нь сайн мэдэх билээ. Яг үүн шиг энэхүү зохиолоор сэдэвчлэн 10 гаруй орноо нийт 21 удаа дэлгэцийн бүтээл болон гарч байсан тул хүүхдүүд ямар дуртай байдгийг гадарлаж байгаа биз.Тиймээс ном нэг их уншдаггүй хүүхэд байсан ч их хөгжилтэй үйл явдлуудтай тул дуртай нь аргагүй унших болно. Харин дараа нь киног нь үзсэн ч болно шүү дээ.
Ер бусын хүний бие
Хүний биеийн нэвтэрхий толь нь эхийн хэвлийд ураг бий болохоос эхлээд хүүхэд хэрхэн өсөж, том болдог болон насанд хүрсэн хүний биеийн эрхтэн тогтолцооны тухай бидний тэр болгон мэдээд байдаггүй олон зүйлсийг өгүүлнэ. Хүн булчин, шөрмөсөө ашиглан яаж хөдөлдөг, таван мэдрэхүйгээрээ хэрхэн мэдэрдэг, яаж бие организм нян бактерийг эсэргүүцдэг, энергиэ хэрхэн авдаг болон хоолоо яаж боловсруулдаг гэх мэт 100 гаруй зүйлсийг тайлбарласан. Гэр бүлээрээ хамтдаа өөрсдийн биеийн тухай сонирхолтой зүйлсийг мэдэж цагийг үр дүнтэй өнгөрүүлцгээрэй.
Энэ бол Улаанбаатар
Сургуулийн өмнөх болон бага ангийн хүүхдүүд энэхүү номоор дамжуулан нийслэл хотынхоо тухай олон зүйлийг мэдэж авах болно. Шүлсээ хаяж болохгүй, хогоо хогийн саванд хийх гэх мэт хотын соёл, хотын иргэн ямар байх тухай ойлголт авах юм. Номын нүүр бүрд Улаанбаатар хотын үүслээс эхлээд дэлхийн бусад нийслэл хотуудаас ялгарах онцлог, газар зүйн байршил, цаг уур, түүхэн дурсгалт газрууд, томоохон барилга байгууламжууд болон хотын амьдралын хэв маяг, соёл, байгаль орчноо хэрхэн хамгаалах тухай гэх мэт олон агуулгыг харуулсан сонирхолтой зураг, бичвэрүүдтэй, хамтдаа ярилцах олон чухал сэдвүүдтэй ном юм.
Олж мэд
Олж мэд цувралд хүүхдийн гэлтгүй нас насны хүмүүсийн сонирхлыг татаж, сэтгэхүй хөгжүүлэн мэдлэг нэмэх олон төрлийн ном бий. Үүнээс бид сүүлд шинээр нэмэгдэн гарсан Роботууд, Дэлхий, Хүний бие, Нарны аймаг гэх дөрвөн номыг хүргэж байна. Энэхүү номууд нь тус бүрийн сэдвийн дагуу маш сонирхолтой мэдээ мэдээлэлтэй тул бид тэр болон мэдээд байдаггүй олон төрлийн хариултыг олж мэдэх болно. Хөгжилтэй асуулт хариулт, хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээлэл, сонирхолтой зургаар дүүрэн тул хэнийг ч хэзээ ч уйдаахгүй юм шүү.
Будда унтлагын цагаар
Будда унтлагын цагаар ном нь түүний анхны бүтээл юм. Энэ ном нь зөвхөн буддын шашинтнууд, хүүхдүүдэд ч биш хүн бүр ойлговол зохих сургамжит үлгэрүүдтэй юм. Хүүхдэд ойлгомжтой, уншихад сонирхолтой 20 гаруй үлгэртэй энэхүү ном нь хүүхдийн тань оюуныг баясгаж, ухаарал, урам зориг өгнө. Үлгэрийн үйл явдлууд аагим халуун цөлөөс, үржил шимтэй ширэнгэн ой хүртэлх олон янзын газар нутагт өрнөх бөгөөд мишээх нар, ододтой ярилцах саран авхай зэрэг амьдчилсан дүрүүд гарна. Энэ нь хүүхдэд байгаль дэлхийн гоо үзэсгэлэнг биширч, хайрлан хамгаалах сэдлийг төрүүлэхээс гадна хүрээлэн буй бүхэнтэй амар тайвнаар, зохицон амьдрахад тус дөхөм болно гэдэгт найдаж байна.
Пиноккио
Худал хэлэхэд хамар нь уртаа сунадаг Пиноккиогийн талаар мэдэхгүй хүн бараг байхгүй байх. Гэхдээ ихэнх нь хүүхэлдэйн киногоор нь мэднэ гэвэл хилсдэхгүй билээ. Харин энэхүү номд хүүхэлдэйн кинон дээр гардгаас өөр олон үйл явдал гардаг бөгөөд түүнийхээ хэрээр таны хүүхэд үнэнч шударга байдал, хайр энэрэл, эр зориг гэх мэт маш олон зүйлийг ойлгож авах болно. Харин номоо уншиж дууссаных нь дараа хүүхэлдэйн киног нь ном дээр гардгаас юу нь адилхан, юу нь өөр байна вэ, юу сурсан бэ, энэ үйл явдал нь ямар санагдсан бэ гэх яриа өрнүүлж цагийг үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрүүлж болно шүү дээ.
365 өдөр
Энэхүү ном нь бага насныхны эзэмшсэн байх ёстой болон эзэмшвэл зохих мэдлэг чадварыг олгох төдийгүй бие хүн болон төлөвших, цаашлаад бие даан амьдрах чадварыг суулгах ач холбогдолтой. Өдөр бүр нэг сэдэв үзсэнээр 365 өдөр буюу нэг жил болоход маш олон төрлийн мэдлэг чадвар эзэмшсэн байх болно. Энэ номд яг одоо бидний мэдэж байвал зохих Шимт бодисын тухай, Халдварт өвчин хэрхэн халддаг, яаж урьдчилан сэргийлэх, Хүний биеийн талаар, Цагаан сарын баярын талаар, гэх мэт маш олон төрлийн зүйлийг мэдэхээс гадна ээж аавтайгаа хамтдаа хийх гар урлал, тоглоом, шинээр сурах дуу шүлэг хүртэл бий шүү.
Мэдрэмжийн цуврал
Хүүхдийнхээ сэтгэл мэдрэмжид анхаараарай.
Ихэнх аав ээжүүд хүүхдээ ухаантай болгох гээд хэтэрхий эрт танин мэдэхүйн хэрэгтэй хэрэггүй мэдлэг олгож, ямар нэг юм цээжлүүлээд түүнийгээ түгдэрч гацахгүй уншиж байвал мундаг гэдэг үгээр шагнах болсон цаг. Гэхдээ түүнээс өмнө хамгийн эхлээд сэтгэл мэдрэмжийнх нь талаар ойлгуулах нь нэн түрүүний зүйл юм. Хүн болгоны уур хүрдэг, харин түүнийг хэрхэн илэрхийлж, яаж даван гарах хэрэгтэй вэ?, ганцаардаж гуниглавал юу хийх хэрэгтэй юм бол оо?, хэнд хандаж, хэнтэй ярилцах вэ?, хайр гэж юу вэ?, жаргалтай байхад ямар мэдрэмж төрдөг вэ? Энэ бүгдийг энэхүү 10 цуврал номд гарах бяцхан бөжингийн сэтгэл мэдрэмжээр дамжуулан хүүхдүүд маань ойлгох болно. Ном бүрийн сүүлийн хуудсан дээр ярилцах асуулт хариулттай тул илүү их туслах юм.
Бяцхан ном
Энэхүү бяцхан номууд нь хүүхдийн эргэн тойронд байдаг зүйлсийн талаар энгийн, хөгжилтэйгөөр өгүүлсэн бөгөөд наадаг зураг болон будах хуудастайгаараа онцлог юм. Номоо үзэнгээ наадаг зургуудыг тохирох хэсэгт нааж, будах боломжтой, мөн тухайн сэдвийнхээ дагуу мэдлэг олгох бяцхан түүхтэй тул ярилцах зүйл ч цөөнгүй. Тиймээс хөл хорио тогтоосон энэхүү өдрүүдэд хүүхэд тань уйдахгүй, тун сонирхолтой байх болно шүү.
Бяцхан ном цувралд байгаа номын нэрс: Хот, Ойд, Номын дэлгүүрт, Тоглоомын талбайд, Театр, Шүдний эмнэлэгт, Хүнсний дэлгүүрт, Хөл бөмбөг, Гүнж
СЭТГЭГДЭЛ