Анхлан бичигч нартаа зориулав :)
Номын тэмдэглэл бичих нь илүү үр бүтээлтэйгээр уншихад туслах болно. Мөн ном уншаад өөрийнхөө санаа бодлоо бичнэ гэдэг үзэл бодол төлөвшиж, түүнийгээ илэрхийлэхэд ч хялбар болох юм.
Ном сонголт
Ном сонгоно гэдэг бол хамгийн эхний чухал алхам. Чи хэрэв аль хэдийн номоо сонгочихсон бол дараа дараагийн номоо сонгохдоо энд бичсэн зөвлөмжийг санахад л болно. Бусдын гоё гэсэн болгоныг, тэдний уншиж байгаа болгоныг заавал сонгох албагүй. Мэдээж бусад хүмүүсийн санал сэтгэгдлийг унших хэрэгтэй ч гэсэн тэндээсээ шүүн байж унших номынхоо жагсаалтад оруулах эсэхээ шийдэх хэрэгтэй. Мөн номын дэлгүүрт ороод авах гэж байгаа номоосоо хоёр, гурван нүүр уншиж үзэж байж авбал зүгээр юм шүү.
Дэвтэр сонголт
Номын тэмдэглэлдээ зориулж дэвтэр аваарай. Бүр хамгийн их таалагдаж байгаагаа сонгох хэрэгтэй. Чамд таалагдах дэвтэр олдохгүй ямар нэгэн дэвтэр аваад тэрийгээ бүтээлчээр чимэглэн өөрчилж ч болно. Мэдээж заавал дэвтэр дээр бичих хэрэг байна уу? компьютер юм уу, утсан дээрээ бичиж болно шүү дээ хэмээн бодож магадгүй ч эхэлж бичиж байгаа бол дэвтэр дээр бичих нь тустай бөгөөд өөрийнхөө гараар бичиж байгаа тул дараа нь харахад ч гэсэн илүү үнэ цэнтэй санагдах болно. Бас устана гэхгүй болохоор хэдэн жилийн дараа гаргаад уншихад сонирхолтой байх болно шүү дээ.
Битгий яар
Номоо уншихдаа бүү яараарай. Аль болох гүн уншилт хийн, ойлгохгүй бол дахин дахин уншиж байж заавал ойлгохыг хичээгээрэй. Зүгээр нэг гүйлгээд уншчих юм бол дараа нь номын тэмдэглэл бичих гэвэл үйл явдал бичихээс хэтрэхгүй. Харин сайн тунгааж, гүн уншлага хийх юм бол чамд эргээд их зүйл үлдэх болно. Энэ л хамгийн чухал зүйл. Заримдаа хэцүү хүнд сэдэвтэй ном сонгочхоод хэдэн хуудас элээгээд л тоосонд даруулан үлдээх тохиолдол ч гардаг шүү дээ. Харин аль болох тэгэхгүйгээр хэцүү байсан ч гэсэн дээ, түр доош нь тавиад хэдэн цагийн дараа эсвэл хэд хоногийн дараа илүү чимээгүй, тайван орчинд дахин унших гэж оролдоод үзээрэй.
Номоо бүү “хайрла”
Би хэдэн жилийн өмнө номоо хэт нямбай аль болох цэвэрхэн уншиж, ганц ч тодруулагч ашиглалгүй дуусгадаг байлаа. Ингэснээр надад юу үлдэв? Номын үйл явдал тэгээд цэв цэвэрхэн, нэг ч ширхэг балын мөргүй ном л үлдэнэ. Яг үнэндээ ингэж ном уншаад яах вэ дээ. Зүгээр л ном дээр гарах үйл явдал, сэтгэлдээ төсөөлсөн дүрүүд л оюун санаанд минь үлдэхээс хэтрэхгүй. Хэчнээн цагийг үрэн барин нэг ном уншаад үйл явдлаас хэтрэхгүй зүйл надад үлдэх юм бол үнэндээ хоёр цаг сайн кино үзчихсэн нь бараг дээр биш гэж үү? Тиймээс тухайн номоос ямар нэг зүйл ойлгож, эргэцүүлж, дүгнэлтэд хүрэх нь хамгаас чухал зүйл учир номоо бүү “хайрла”. Чамд онцгой санагдсан эшлэл, өгүүлбэр байвал доогуур нь зур, тодруулагчаар тодруул. Дараа нь тэмдэглэл бичихэд чинь хэрэг болох өгүүлбэрүүдийн хажуугийн жижиг зайнд санаа бодлоо бичих хэрэгтэй. Хэрэв юу ч бичихгүй бол мэдээж бид хүн учир уншиж дууссаны дараа сэтгэлд үлдсэн бүх үг өгүүлбэрийг нэг бүрчлэн санахгүй болохоор номоо эргээд эргүүлэх хэрэг гарна. Ингээд нөгөө өгүүлбэр чинь хаана байлаа гэж хайсаар байгаад залхуу чинь хүрнэ, хамаг цагаа ч алдах болно шүү дээ. Аан тийм, заримдаа хэн нэгнээс зээлж, эсвэл номын сангаас ном авч уншдаг шүү дээ. Энэ үед мэдээж дээр нь бичиж, тодруулж болохгүй тул дэвтэр дээрээ уйгагүй бичихээс өөр бидэнд сонголт үгүй билээ.
Бусдаас суралцах
Өмнө нь огт номын тэмдэглэл бичиж үзээгүй бол бусдын бичсэн бичвэрийг уншаад үзээрэй. Энэ нь шууд хуул гэсэн үг биш ч гэсэн бага зэрэг санаа авахад л болно . Их бичээд байх тусам өөрийн гэсэн бичлэгийн хэв маягаа олох тул эхлээд яагаад бусдаас суралцаж болохгүй гэж. Гэхдээ хүн болгоны тэмдэглэл хийх арга адил байх албагүй. Зарим хүмүүс эхлээд номын үйл явдлыг бичээд дараа нь өөрт төрсөн сэтгэгдэл, дүгнэлтээ бичдэг бол зарим нь өөрийн сэтгэгдэл, бодол санаа, номоос ойлгосон чухал зүйлээ бичиж байхдаа үйл явдлаас цухас дурдаад ч явж болно.
Эргэн харах
Хамгийн сүүлд номын тэмдэглэл бичихийнхээ өмнө номоо эргэн нэг гүйлгэж хараад хуудас бүр дээр тэмдэглэсэн зүйлсээ дахин нэг харж сэргээгээд аваарай. Бичиж байх явцдаа ч гэсэн эргэж хараад байж болно.
Холбоотой ном унших /заавал унших ёстой биш ч уншаад үзвэл үр дүнтэй/
Зарим ном дээр грек, ромын тууль, зарим нэг философичийн үзэл санаа, өөр бусад зохиол бүтээлээс эш татсан байдаг. Хэрэв ийм ном уншвал эдгээр холбоотой номыг олж болохоор бол хараад үзэхэд зүгээр.
Битгий бууж өгөөрэй.
Ганц удаа номын тэмдэглэл бичээд орхичих биш дараа дараагийн номоо уншаад бичихээ үргэлжлүүлээрэй. Medium дээр эсвэл фейсбүүкийн номын группүүд дээр нийтэлж бусдын бодол санааг сонсож ярилцсан ч болно шүү дээ. За ингээд амжилт хүсье :)
СЭТГЭГДЭЛ