
Орон орны сор болсон өгүүллэг, туужуудыг хүргэж буй “Дэлхийн шилдэг өгүүллэгийн түүвэр” цувралд “Испани өгүүллэг, тууж” багтжээ. Уран зохиолын бие даасан төрөл болтлоо хөгжсөн өгүүллэг нь анх Дундад зууны үеэс Испанийн уран зохиолд орж ирсэн гэж үздэг. Энэхүү дэвтэртээ Испанийн алдартай эмэгтэй зохиолч , эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөө тэмцэгч Эмилиа Пардо Басанаас XXI зууны Испанийн тууж, өгүүллэгийн сор болсон бүтээлүүдийг туурвисан Медардо Фрайле хүртэлх үе үеийн алдартай зохиолчдын гучин зургаан өгүүллэг, туужийг эмхэтгэн зохиолчдын төрсөн он цагийн хэлхээсээр эмхэтгэн орууллаа.
Дэлхийн шилдэг өгүүллэгийн түүврийн III дэвтэр болох “Испани өгүүллэг, тууж” номд орсон бүтээлүүд нь даруй зуун жилийн өмнөхөөс эхлээд Испанийн иргэний дайн, дайны дараах нийгмийн сэргэн мандалт зэрэг түүхийн маш урт хугацааг хамарна. Сэдвийн хувьд эгэл хүний бодрол эргэцүүллээс, бүхэл бүтэн нийгмийн үнэт зүйл, бахархал зэрэг өргөн хүрээг хамарч буй нь нийгмийн эгзэгтэй үе бүхэнд өөр өөрийн бүтээлээ туурвиж байсан зохиолчдын шинэ шинэ давалгаанаас бэлхэнээ ялгаран харагдана. Тус өгүүллэг, туужийн түүвэрт дараах бүтээлүүд багтжээ.
Эмилиа Пардо Басан, “Сүнсний хүү”, “Сахиус”, “Эртний гэдэс хүүлэгч” "Кларин", “Баяртай, Кордера!”, “Хоёр хайрцаг”
Мигель дэ Унамуно, “Зовлонт Гэгээн Мануэл Буэно”
Рамон Мариа дэ Балье-Инклан, “Айдас”, “Беатрис (Чөтгөр)”
Пио Бароха, “Цаг”, “Гунигт гэр бүл”, “Үл мэдэх зүйл”, “Юу ч биш”, “Ангал” "Асорин", “Төгсөж буй соёл иргэншил”, “Эрвээхэй ба дөл”, “Тэнгисийн эрэг дэх хүүхдүүд”, “Аравчны нөгөө тал”
Роза Часел, “Солиот эх дагинад өргөсөн өргөл”, “Экстремадурагийн үдэш”, “Гэрч болцгоосон нь"
Франсиско Аяала, “Илбэдүүлсэн хүн”, “Хагарал”
Мигель Делибес, “Хоргодох байр”, “Бүрлээчийн өмсгөл”
Игнасио Алдекоа, “Үүрээр гарсан хүмүүс”, “Янг Санчес”
Медардо Фрайле, “Далай”, “Берта ирсэн нь”, “Цомог”, “Томчууд”, “Old man drive”, “Тогтворгүй харц”, “Чулуу”, “Төгсгөл”, “Биет бус руу буцах”, “Нүдээ нээх гэж бүү яар”
Роберто Боланьо (1953 - 2003)

Роберто Боланьо 1953 онд Чилийн Сантьяго хотод төрж, 2003 онд Испанийн Барселонд нас нөгчжээ. Тэрбээр латин америкийн зохиолчдоос Гарсиа Маркесын дараа дэлхийд хамгийн нэрд гарсан зохиолчдын нэг юм. Боланьо Омголон мөрдөгчид (Los detectives salvajes) хэмээх зохиолоороо олон улсад танигдаж, 1999 онд Латин Америкт нэр хүндтэй Ромуло Галегосын нэрэмжит шагналыг хүртжээ. "Омголон мөрдөгчид" роман 2006 онд англи хэлнээ орчуулагдсаны дараа АНУ, Европт ихээхэн алдаршсан аж. Боланьогийн өөр нэг алдартай зохиол "2666" роман түүнийг нас барсны дараа хэвлэгджээ. Эдгээр 600 болон 1,000 гаруй хуудастай зохиолоос гадна тэрбээр богино өгүүллэг, туужууд ч бичдэг байсан юм. Түүний амьд ахуйдаа бичсэн сүүлчийн зохиол нь монгол хэлнээ орчуулагдан гарсан "Люмпены тууж" билээ.
Боланьогийн богино хэмжээний сод бүтээлүүдийн нэг болох "Люмпений тууж" эцэг эх нь замын ослоор гэнэт нас барсны дараа өнчирч хоцорсон эгч дүү хоёр, томоос том Ром хотод хэрхэн аргаа олж, амьжиргаагаа залгуулж буй тухай өгүүлнэ. Энэ орчин үеийн “төлөвшлийн” романаараа Боланьо, порнограф, биеэ үнэлэлт зэрэг эмзэг сэдвийг зоригтойгоор хөнджээ.
Хэдийгээр Боланьогийн бүтээлүүд сэтгэл догдлуулж, айдас түгшүүр төрүүлсэн триллер зохиолууд байдаг ч тэрбээр уран зохиолыг зүгээр нэг зугаа цэнгэл, мөнгө олох арга, алдар нэрд хүрэх шат гэж хараагүйг уншигч энэ туужийн хуудас бүрээс мэдрээрэй.
Габриель Гарсиа Маркес (1927 - 2014)
100 жилийн ганцаардал (1967)

1982 оны Утга зохиолын салбар дахь Нобелийн шагналтан. Колумбын нэрт зохиолч, сэтгүүлч Габриель Гарсия Маркес 1927 онд Карибын тэнгисийн хөвөөнд орших Аракатака гэдэг жижиг хотод цахилгаан мэдээний газрын албан хаагчийн өнөр өтгөн гэр бүлд төржээ. Гарсия Маркес багадаа эмээ, өвөө дээрээ өссөн байна. Тэдний ярьж өгдөг байсан санаанд багтамгүй түүх, үлгэр, домгууд ирээдүйн зохиолчийн цаашдын уран бүтээлд тодорхойлох нөлөө үзүүлсэн аж. Романыг Гарсия 1936 онд хайртай өвөг эцэг нь нас барсны дараа буюу арван найман настайдаа эхлүүлсэн боловч арай балчир байна гэдгээ ойлгон орхиж, зохиолын зорьсон санаагаа гуч орчим жил боловсорч байгаад сая нэг томоохон бүтээл болох биеллээ олов. Олон шүүмжлэгч энэ романыг "Сервантес"-аас хойш испани хэл дээр бичигдсэн хамгийн аугаа зохиол гэж дүгнэсэн аж. Манай орны уншигчдын сайн мэдэх энэхүү бүтээл нь хэвлэгдэн гарсан цагаасаа хойш шилдэг борлуулалттай номын жагсаалтад багтсаар байна.
Тахлын үеийн дурлал (1985)

Энэхүү романаас бид хайрын хамгийн өндөр дээд, хүндлэм байдлыг ч, адгийн, шившигтэй байдлыг ч аль алийг нь харна; залуусын хайр дурлал, идэр насныхны бас өтөл насныхны хайр дурлалтай бүгдтэй нь таарна. Ихэнх зохиолчид, бүр алдарт зохиолчид ч хүртэл зохиол бүтээлдээ хайрын зөвхөн нэг талыг барьж авах нь элбэг бол Маркес харин Тахлын үеийн дурлал романаараа нэг ёсондоо роман хэлбэрээр хүүрнэсэн, хайрын лавлах толийг бүтээсэн гэж хэлж болох юм.
Энэ роман бол зохиолч Габриель Гарсиа Маркесын бичиж туурвих эгнэшгүй чадвар, уран сэтгэмж, хошигнол, цэцэн цэлмэг үг хэллэг болон уран бүтээлч хүний эрх чөлөө, эр зоригийн илэрхийлэл юм. Зуун жилийн ганцаардал романаа бичсэнээс 18 жилийн дараа, Нобелийн шагналыг хүртсэнээс гурван жилийн хойно уншигч бид түүний ур чадварын охь шимийг дахин амссан нь энэ зохиол билээ. Мэдээж хэрэг, аливаа зохиол бүтээл гэдэг хүмүүний уран сэтгэмжийг өдөөн дэврээж, оюун бодлыг ундруулж төрүүлдгийг ийнхүү зүйрлэн хэлж. Энэ зүйрлэлд үгчилсэн утгаар нь дүйж очих зохиол, зохиолчид байдгийн тоонд Маркес болон түүний "Тахлын үеийн дурлал" эн түрүүнд багтах нь маргаангүй.
Хорхе Луис Борхесь (1899 - 1986)

Даян дэлхийн жигшүүрт түүх (1935)

1899 онд Аргентины Буэнос-Айрес хотноо төрж, 1986 онд Швейцарын Женев хотноо таалал төгссөн Хорхе Луис Борхес бол өгүүллэг, эсээ төрлөөрөө XX зууны хамгийн нэр нөлөөтэй зохиолчдын нэг. Борхесыг Латин-Америкийн шидэт реализмын үндэс суурийг тавьсан хүн ч гэж үзэх нь бий. Тэрээр постструктуралист философичдод хүчтэй нөлөө үзүүлжээ. Түүнчлэн өөрсдийгөө шидэт реализм урсгалын төлөөлөгч гэж үзэх нь бүү хэл, энэ урсгалаас аль болох зайгаа барихыг хичээдэг Роберто Боланьо гэх мэт Латин-Америкийн хожуу үеийн зохиолчид ч Борхесоос олонтоо эшлэхээс гадна түүнээс санаа авсан гэдгээ нуудаггүй билээ.
XX зууны хамгийн нэр нөлөөтэй зохиолчдын нэг болох Хорхе Луис Борхес 1935 онд уран зохиолын анхны ном болох Даян дэлхийн жигшүүрт түүх-ээ бичжээ. Энэ түүвэрт багтсан өгүүллэгүүдээ Борхес өмнө нь “Шүүмж” (Critica) хэмээх сэтгүүлийн уран зохиолын тусгай дугааруудад нийтлүүлсэн байв. Борхес эдгээр өгүүллэгээ “хүүрнэл дасгалууд” (los ejercicios de prosa narrativa) гэж тун даруухнаар нэрийдсэн нь энэ түүврийн нэлээд егөөтэй, бардам нэрээс эрс ялгарна. Борхес ертөнцийн бүхий л жигшүүрт хэргийн тухай өгүүлэх гэж буй мэтээр тун эрдсэн гарчгаар түүврээ нэрлэсэн ажээ. АНУ, Хятад, Япон, Туркестан, Аргентин, Андалус, Египет, Судан: түүвэрт багтсан 14 өгүүллэг дэлхий ертөнцийн эдгээр газар нутгуудад өрнөнө. “Et cetera” өгүүллэгийн хоёр дэд хэсэгт яавч жигшүүрт явдал өрнөж таарахгүй гэж бодохуйц газар буюу христийн шашны диваажинд өрнөдөг нь тун гайхмаар хэрэг.
Цаг хугацааны хувьд өгүүллэгүүдийн үйл явдал дундад зууны эхэн үеэс Борхесын өөрийн амьдарч байсан цаг үеийг хамарна. Түүнчлэн жигшүүрт хэргүүдийн төрөл зүйлийн тухайд Борхес аль болох өргөн хүрээг хамрахыг, аль болох олон төрлийн жигшүүрт хэргийн тухай хүүрнэхийг хичээсэн нь ажиглагддаг: заль мэх, урвалт, худал, дүр эсгэлт, далайн дээрэм, аллага гэх мэт –– Борхесын хүүрнэлгүй өнгөрүүлсэн жигшүүрт хэргийг бодож олох тийм ч амар бус. Түүвэрт багтсан “Ягаан булангийн хүн”, “Et cetera” хэмээх өгүүллэгүүдээс бусдыг нь Борхес өөрөө зохиож бичээгүй, харин төрөл бүрийн эх сурвалжаас авч өөрийнхөөрөө дахин найруулж, шинээр хүүрнэсэн юм. Гэхдээ Борхесыг нэр алдарт хүргэсэн уран бүтээлийн онцгой хэв маяг нь эхэн үеийн энэхүү бүтээлд нь ч маш тод туссан байна.
СЭТГЭГДЭЛ