Орос өгүүллэг, тууж (2018)

Орон орны утга зохиолын сор болсон өгүүллэг, туужуудыг Монсудар хэвлэлийн газраас монгол уншигчдадаа “Дэлхийн шилмэл өгүүллэгийн түүвэр” цувралаар хүргэж буй билээ. Тэргүүн дэвтэртээ япон өгүүллэг, туужаас дээжлэн хүргэсэн бол энэ удаа утга зохиолын хөгжилд асар үнэтэй хувь нэмэр оруулсан, монгол уншигчдад танил дотно Оросын шилдэг өгүүллэг, туужуудыг түүвэрлэн хүргэж байна. Энэхүү дэвтэртээ А.С.Пушкинээс А.П.Чехов хүртэлх Оросын утга зохиолын алтан үеийн зохиолчдын арван нэгэн өгүүллэг, туужийг эмхэтгэн зохиолчдын төрсөн он цагийн хэлхээсээр эмхэтгэн оруулжээ.
Дэлхийн шилмэл өгүүллэгүүд” цувралын II дэвтэр болох “Орос өгүүллэг, тууж” номд орсон өгүүллэгүүдийн хэвлэн нийтлэгдсэн хугацаа нь даруй зуун жилийг хамарчээ. Энэ зуун жил бол Оросын уран зохиолыг дэлхий дахинаа алдаршуулсан агуу зуун байсан юм. Эдгээр бүтээлүүд хүний амьдралын хувиршгүй, мөнхийн үнэнийг нүдэнд харагдтал, гайхалтай уран яруу дүрсэлж, хүн байхын утга учрыг ухааруулах шиг болдог. Чухам үүнд л орос утга зохиолын агуу сайхан болоод эрхэмсэг оршихуй буй биз ээ.
Тус өгүүллэг, туужийн түүвэрт:
А. С. Пушкин, "Гилийн хатан"
Н.В.Гоголь, "Хамар", "Шинель"
И.С.Тургенев, "Үхэл", "Түчигнээд л"
Ф.М.Достоевский, "Шударга хулгайч"
Л.Н.Толстой, "Эзэн барлаг хоёр"
Н.С.Лесков, "Мценск гацааны Макбет хатагтай ", "Солгой дархан"
А.П.Чехов, "Хав дагуулсан хатагтай", "Хавцалд"
Иван Александрович Гончаров (1812 - 1891)
Обломов (1859)

Романы гол дүр Обломов Оросын язгууртан ангийн төлөөлөл юм. Обломов шинэ зүйл хийхээр санаж сэдэх боловч үүнийгээ ажил хэрэг болгохгүй байнга хойш тавьсаар амьжиргаа нь улам бүр дордож, эдлэн газраа ч алдахад хүрнэ. Ольгад дурлах сэтгэл нь ч түүний ер бусын залхуу занг давж гарахгүй. Хэдий туйлын залхуу ч гэлээ Обломов угтаа үнэнч, цайлган, сайхан сэтгэлтэй хүн билээ.
"Обломов" романыг тухайн үеийн Оросын язгууртан давхаргыг онцгой сайн шүүмжилсэн бүтээл гэж судлаачид дүгнэдэг. Обломовын дүрээс үүдэн хэт залхуурах гэсэн утгатай "Обломовжих" гэсэн үг ч үүссэн байдаг. Энэ роман гарсан даруйдаа асар их амжилт олж, утга зохиолын олон магтаал, шүүмжлэл араасаа дагуулж байсан. Өнөөдөр "Обломов" роман XIX зууны Оросын утга зохиолын сонгодог бүтээл, цэвэр орос уран зохиолын төлөөлөл гэж үнэлэгдэж байна.
Лев Толстой (1828 - 1910)
Анна Каренина (1877)

Оросын алдарт зохиолч Лев Толстойн бүтээл “Анна Каренина” нь анх 1878 онд бүрэн эхээрээ хэвлэгджээ. Үүнээс өмнөх 1875-1877 оны хооронд тухайн үеийн өдөр тутмын сонинд цувралаар хэвлэгдэж байсан түүхтэй. Энэхүү бүтээл нь Толстойн алдарт “Дайн ба энх” романы дараа орох хоёр дахь том бүтээл нь бөгөөд хүн төрөлхтний мөнхийн сэдэв болох хайр дурлалын тухай өгүүлнэ. Дэлхий даяар сая сая хувиар дахин дахин хэвлэгдэж, олон үндэстний хэлээр орчуулагдаж, дэлгэцнээ алдарт Гарбо, Вивиен, Самойлова... гээд үе үеийн кино одууд түүний дүрийг мөнхөлсөн байдаг. Гэхдээ номын хувьд мэдээж ямар ч дэлгэцийн хавь илүү дээр билээ.
Нөхөрт гарсан баян хатагтай Анна Каренинагийн жавхаалаг офицер Вронскийд өгсөн эмгэнэлт, нууц дурлалын түүхийг өөр нэгэн хос болох Константин Левин, Китти Щербацкая нарын аз жаргалтай, цэвэр ариун хайрын өнгөн дээр тод томруунаар ялган харуулна. Өнгөц харахад Аннагийн бүх зүйл бүтэмжтэй мэт, хэргэм язгуур өндөр эр нөхөр, хайрт хүү, эд хөрөнгө хийгээд ихэс дээдсийн хүрээлэлд өөрийн байр сууриа олсон гээд амьдралаас өөр юуг ч хүсэх вэ дээ гэмээр гял цал бууна. Гэвч сэтгэлийнх нь гүнд өчүүхэн гэмээр хоосон зай оршсоор ирсэн нь хайр сэтгэлийн аз жаргалд тэмүүлэх оргилуун хүслэн байлаа.
Иван Ильичийн үхэл (1886)

Иван Ильичийн үхэл туужийг агуу Л.Н.Толстой 1882 оноос 1886 оны хооронд бичжээ. Энэхүү туужид шүүхийн прокурор эрхмийн зовлонт үхлийн тухай хүүрнэдэг. Уг туужийг "ер бусын уян хатан дүрслэл, гүн гүнзгий үнэн, ямар нэг болзмол байдал, нэмэр хачиргүйгээрээ Оросын утга зохиолын түүхэнд гарсан хосгүй үзэгдэл мөн бөгөөд уран яруу бүтээлийн реалист шинж, үнэн зөвийг баримтлагч чанарын ялалт, мандалт гэж тооцвол зохино” хэмээн 1888 онд утга зохиол судлаач А.Лисовский Русское богатство /Оросын баялаг/ сэтгүүлд бичжээ. Энэхүү бүтээл Л.Н.Толстойн бусад бүтээлүүдийн нэгэн адилаар дэлхийд алдартай бөгөөд богино зохиолын төрөлд маш өндрөөр үнэлэгддэг юм.
Туужийн эхэнд Иван Ильичийн үхлийн тухай ажлын хамтрагчид нь дуулах бөгөөд хөөрхий түүний үхэлд гашуудах хүн үл олдоно. Тэрний оронд хүн бүр дор бүрээ албан тушаалын ашиг сонжоо юу билээ хэмээн сэтгэнэ. Бүх зүйл яг л шүүх дээр нь болдгийн адилаар өрнөнө. Шүүх дээр тэрээр шүүгдэгчийн өмнө ямар төрх гаргадаг билээ, яг л тийм байдлыг алдартай эмч түүнд үзүүлээдхэв. Эмч гуай ярьсаар; ийм тийм шинж харагдаж байна л гэнэ, таны дотор тийм болж л гэнэ, тийм тийм шинжилгээний дүнд энэ хэрвээ батлагдахгүй бол таныг тэгсэн тэгсэн байна гэж үзэх хэрэгтэй л гэнэ. Энэ бүгд Иван Ильич өөрөө шүүгдэгч дээр хээнцэр чамин маягаар мянган удаа хийж байсан тэр үйлдэлтэй яг адил аж. “Магадгүй би зохих ёсоор нь амьдраагүй ч юм бил үү? Гэвч бүгдийг зүй ёсоор нь хийсэн байхад яаж тийм байх вэ?” хэмээн Иван Ильич үхлээ хүлээн орь ганцаар өвчиндөө шаналан хэвтэхдээ өөрөөсөө асууна.
Крейцерийн сонат (1889)

Толстойн Иван Ильичийн үхэл туужаас гадна олонд хамгийн их алдаршсан богино хэмжээний бүтээл нь Крейцерийн сонат юм. Энэ тууждаа утга зохиолын мөнхийн сэдэв болох хайр дурлал, гэрлэлт, хардалтын тухай өгүүлжээ. Гэхдээ Толстой байдаг л нэг хайрын түүхийг бичсэнгүй. Тэрээр эдгээр сэдвийг задлан шинжилж нийгмийг сэрээх, өдөөхөд ашигласан байна. Хувь хүний аз жаргал, зовлон гуниг нь нийгмийн нөхцөл байдлаас хамаардаггүй гэж боддог хүн бүр алд дэлэм эндүүрч байгааг энд дурдах нь зүйтэй болов уу.
Крейцерийн сонат анх 1980 онд хэвлэгдсэн даруйдаа Оросын ном хэвлэлийг хянах газрын цензурт өртөж байжээ. Крейцерийн сонат-ын хувьд галт тэргэнд суусан гурван зорчигч хайр дурлал, гэрлэлт, салалтын тухай эрчтэй яриа өрнүүлж, өөрт тохиолдсон явдлаа хүүрнэж байгаагаар үйл явдал эхэлнэ. Тэдний яриаг сонсох зорчигчид энэхүү туужийн хүүрнэгчээс гадна түгшсэн төрхтэй, царайлаг залуу эр Позднышев байх аж. Позднышев эхнэрээ бусадтай хардаж, амийг нь хөнөөгөөд ер удаагүй байгааг уншигч удалгүй олж мэднэ. Эхнэртээ араар тавиулсан эр нөхөр Позднышев нэр төрөө хамгаалж энэ хэргийг үйлдсэн гэж шүүгч үзсэн учир тэр энэ хэрэгтээ ямар нэг ял хүртээгүй байна. Шөнө болж зорчигчид галт тэрэгнээс буусны дараа Позднышев, эсрэг талын суудал дээр суусан энэ зохиолын нэргүй хүүрнэгч хоёр л үлдэж, Позднышев энэхүү хүүрнэгчид өөрийн түүхээ өгүүлнэ. Тэр гэрлэлтээс өмнөх замбараагүй амьдралаа, хуримаа хийсэн өдрөө, эхнэртэйгээ өнгөрүүлсэн хэрүүл уруул дүүрэн амьдралаа, эцэст нь түүнийг хэрхэн хөнөөснөө ярина.Галт тэргэнд болж буй үйл явдлын өгүүлэмжид багтаж, жаазалсан хүүрнэлийн нэг хэсэг болсон Позднышевын энэхүү яриа уг зохиолын гол агуулгыг бүрдүүлнэ. Хартай эрийн төөрөгдөл, шаналлыг Крейцерийн сонат шиг ийм өр өвдөм үнэмшилтэйгээр дүрсэлсэн зохиол ховор. Сэтгэлийн ийм мэдрэмжийг мэдэх аливаа уншигч Толстойн хүмүүний сэтгэл зүйг ямар нарийн, оновчтой дүрсэлснийг анзаарах төдийгүй энэ зохиол ч сэтгэлээс нь тийм амар гарахгүй буй за.
Михаил Александрович Шолохов (1905 - 1984)

Дөлгөөн Дон (1928)

Мелеховынх гацааны хамгийн захад байв. Малын хашааны хаалга нь хойд зүг Дон руу харжээ. Хаг хөвд бүрхсэн цэрдэрхэг цайвар эргийг сэтлэн уруудсан найман алдын эгц зөргөөр буухад голын хөвөө болж, хясааны танан цагаан үйрмэг цайрч, давалгаанд долоолгосоор байгаад элж мөлийсөн үрлэн бор хайрга усыг тахирлан эмжиж, цаана нь Донын харгиа салхины аясаар харлан бидэртэнэ. Зүүн тийш харвал үтрэмийн бургасан хашаанаас цааш Гетманы зам, орог саарал агь, морьдын хөлд гишгэлэгдсэн бударгана, замын уулзвар дахь бяцхан суварга үзэгдэж, түүнээс цаашилбал өргөн тал зэрэглээтэн униартана. Өмнө талд нь уулын цэрдэн хяр дүнхийж, баруун тийш харахад талбай дундуур гарч голын тохой руу орсон нэг гудамж байна.
Туркийн хойноосоо хоёр дахь кампанийн үеэр Прокофий Мелехов казак2 гацаандаа буцаж ирэхдээ, турк нутгаас том алчуураар толгойгоо ороосон жаахан хүүхнийг эхнэр болгон авчирчээ. Тэр хүүхэн нүүрээ үзүүлэхгүй, уйтгарлаж зэрлэгшсэн нүдээ хааяа нэг цухуйлгана. Торгон алчуураас нь харь газрын содон үнэр ханхалж, нүд баясгам угалз хээнд нь авгай хүүхнүүд атаархана. Олзлогдсон турк бүсгүйг Прокофийн төрөл садныхнаас хүнийрхээд байхлаар Мелехов өвгөн хүүгээ даруйхан тусад нь гаргаж, гомдсондоо болоод үхэн үхтлээ тэдний босгыг алхсангүй.
Прокофий удахгүй тохижиж мужаанаар дүнзэн байшин бариулж, өөрөө малын хашаа босгож, намар нь шинэ гэртээ харь нутгийн гунигт автсан эхнэрээ аваачжээ.
Александр Исаевич Солженицын (1918 - 2008)
Иван Денисовичийн нэг өдөр (1962)

Амьд ахуй цагтаа зохиол бүтээлээрээ улс төрийн дээд түвшинд шууд нөлөөлсөн зохиолч цөөхөн. Александр Исаевич Солженицын бол гарцаагүй тэдний нэг билээ. Иван Денисовичийн нэг өдөр зохиол 1962 онд Новый мир сэтгүүлд анх хэвлэгдэхдээ Никита Сергеевич Хрущёв (1894–1971)-ын тусгай зөвшөөрлөөр гарч байв.
Энэхүү тууж Солженицыныг дэлхий дахинд алдаршуулаад зогсохгүй, судлаач шүүмжлэгчид болон түүхчдийн үзэж буйгаар зөвлөлт засаглалыг нуран унахад хамгийн ихээр нөлөөлсөн бүтээл ажээ.
Уран бүтээлчийн санаа, Иван Денисовичийн нэг өдөр хэмээх номын нэрээс л шууд харагдана. Энд зөвхөн нэг өдрийн үйл явдал өрнөх хэдий ч Солженицын ганцхан өдрийн дүрслэлээр ГУЛАГ системийн хар бараан, гашуун үнэнийг тод харуулна. И.Д.Шухов хэмээх гол баатрын бодлоор ГУЛАГ дахь харьцангуй боломжийн, бараг л сайхан гэмээр өдрийг дүрслэхээр шийдсэн нь зохиолыг бүр ч амжилттай болгожээ. Ингэснээрээ зохиолч маань “жирийн” мэдээг уран зохиол болгох зохистой хэмжээг өөртөө тогтоож өгсөн юм. Ердөө л ганцхан өдрийг дүрслэх ч энэ ганц өдөр нь хорих лагериудын бүхэл бүтэн харгис тогтолцооны жишээ болно. Түүнчлэн ухаалаг, эрс тэс дүрүүдийг сонгосон нь Солженицыны бичлэгийн нэг онцлог юм. Хорих ангид шинээр ирсэн, нэр төр, шударга ёсны үнэр нь хараахан арилаагүй шумбагч онгоцны ахмад асан Буйновскийг тэндхийн хатуу ширүүн амьдрал дунд хамаг хүний мөс, эрээ цээрээ гээсэн Фетюковтой эсрэгцүүлэн тавьжээ. Харин бригадын ахлагч, нийцэрхүү зантай Татариныг эрх мэдлээ ичгүүргүй ашиглан хоригдлуудыг учир шалтгаангүй тарчлаан зовоодог, хорихын командлагч хүртэл эмээдэг, садист зантай дэслэгч Волковойн дүр мөн л тодотгох аж.
Иван Сергеевич Тургенев (1818 - 1883)
Эцэг, хүүхэд (1862)
Иван Сергеевич Тургеневийн "Эцэг хүү" хэмээх энэхүү роман түүний шилдэг бүтээлүүдийн нэгэнд зүй ёсоор тооцогддог.
Уг роман шинэ ба хуучин үеийн үзэл санааны тэмцэл, зөрчлийг гүнзгий тусган харуулсан нь эдүгээ ч үнэ цэнээ алдаагүй хэвээр байна. Зохиолын үйл явдал хоёр үеийн үзэл санааны зөрчил тод илэрсэн XIX зууны 60-аад онд өрнөнө. Гол дүрүүдийн нэг болох Евгений Базаров нь тайж бус гаралтай сэхээтний төлөөлөл юм. Тэрээр бүхнийг үгүйсгэх үзэлтэй, дэмий хоосон бодолд автаж үүлэн дунд хөвөх дургүй нэгэн. Харин түүний эсрэг дүр болох хуучны офицер Павел Петрович Кирсанов бол язгууртан гаралтай, бардам зантай эр бөгөөд нэг бүсгүйгээс болж сэтгэл нь бүрмөсөн хоосорсон хүн юм. Өөрчлөлтийг хүссэн залуу үе, хуучинсаг үзэлтэй дунд насныхны хоорондын зөрчил тэмцэл тэдний дунд өрнөнө.
Уг бүтээлийн гол санаа нь бүх нийтээрээ харилцан дайсагналцах нь утга учиргүй бөгөөд бүгдэд тохирох шинэ үзэл санааг бий болгох хэрэгтэй, эс тэгвэл мөхөлд хүрнэ гэдгийг харуулсанд оршино.
Владимир Набоков (1899 - 1977)

Профессор Пнин (1957)

1957 онд В. Набаковын бичсэн "Профессор Пнин" зохиол оюун санааны баялаг ертөнцтэй ч ганцаардсан дундаж сэхээтэн хүн худал хуурмаг, зохиомол амьдрал ноёрхсон заваан ертөнц, бэртэгчин соёл иргэншилтэй хэрхэн тулгарч байгааг харуулсан бүтээл юм. Зохиолч Набаков гэхдээ хэт явцуу ертөнцийг дүрслээгүй, харин бодит ертөнцөөс зохиолчийн төсөөллийн ертөнц рүү, Белин хотоос дурсамжид нь байгаа Орос орон руу, энгийн хүмүүсийн ертөнцөөс шатрын хөлгөн дээрх ертөнц рүү гэх мэтчилэн чөлөөтэй шилждэг. Энэ бүтээлээрээ Набоков зохиол урлалын хэл, хэв маягаа улам төгөлдөржүүлсэн хэмээн шүүмжлэгч нар дүгнэдэг ажгуу.
Лолита (1955)

Уг номын зохиогч Набоков уран зохиолын нарийн төвөгтэй арга барилаар бичдэг, дүрийнхээ сэтгэл хөдлөлийг гүнзгий задалж гаргадаг, урьдаас таашгүй сэдвийг хөндөж байдгаараа олны анхаарлыг татсан зохиолч юм. Тэрээр “Лолита” романаа бичих санааг анх 1940-өөд онд олсон бөгөөд бүтэн 14 жилийн хугацаанд бичсэн байдаг. Мөн энэ зохиолоос сэдэвлэсэн хоёр ч кино дэлгэцнээ гарсан билээ.
Лолита романыг маш олон хэвлэлийн газрууд ёс зүйн цензурийн улмаас хэвлэхээс татгалзаж байсан ч 1955 онд "Олимпия пресс" хэвлэлийн газар олны хүртээл болгожээ. Энэхүү хэвлэлийн газар нь их, бага хэмжээгээр дандаа эротик агуулгатай ном хэвлэн гаргадаг байсан учир хожим номуудыг нь зарахыг хориглох үед Лолита ч мөн худалдаалахыг хориглосон бүтээлүүдийн тоонд орж байжээ. Зохиолын гол дүр Гумберт Гумберт бол бусдын нүдэнд гарал угсаа сайтай, мэдлэг боловсролтой, гоо зүйн мэдрэмжтэй романтик нэгэн. Харин үнэн хэрэгтээ түүний дотор хүүхэд ахуй насандаа учирсан эмгэнэлт явдлын үрээр сэтгэцийн асуудалтай болсон, бага насны охидыг шохоорхогч нуугдана. Тэрээр арван хоёрхон настай. хэнэггүйхэн, торгон арьст Лолита Гейзд ухаангүй дурлана. Зөвхөн түүнтэй ойр байх гэж түүний ээж болох хатагтай Гейзтэй гэрлэсэн нь хожим түүнд хүссэн зүйлийг нь өгнө гэж тэр яахин мэдэх билээ. Энэхүү ном нь өнгөц харахад цагаан арьст гаж донтон эрийн ой гутам өчил мэт боловч хүсэл тачаал, хайр дурлал хоёрын ялгааг санаанд оромгүй хурцаар илэрхийлсэн, дотоод сэтгэлийн хөдлөлийг байгалийн өнгө аястай уусган гайхалтай дүрсэлсэн хэзээ ч хуучиршгүй уран зохиолын сод бүтээл яах аргагүй мөн билээ.
Лолита, амьдралын минь гэрэл гэгээ, алдхан биеийн минь халуун илч.
Нүгэл минь, сүнс минь.
Ло-ли-та гэхэд хэл тагнайг гурвантаа шүргэхдээ гурав дахь дээр нь шүдэнд тулдаг.
Ло - Ли - Та.
Николай Гоголь (1809 - 1852)
Амьгүй албатууд (1842)

Н.Гоголийн “Амьгүй албатууд” номын эхний боть 1842 онд хэвлэгдэн гарснаар тухайн үеийнхний дунд ширүүн мэтгэлцээн дэгдэж, нийгэм тэр чигээрээ уг найраглалыг дэмжигчид хийгээд эсэргүүцэгчид болон хуваагдсан билээ. Оросын яруу найрагч, утга зохиолын шүүмжлэгч, түүхч, төрийн зүтгэлтэн П.Вяземский “Амьгүй албатууд”-ын талаар ярина гэдэг Орос орны тухай ханатал ярина гэсэн үг” гэж дүгнэсэн байдаг нь уг маргааны гол шалтгааныг тайлбарлаж, Оросын уран зохиолын түүхэн дэх уг номын онцгой байр суурийг тодорхойлжээ. “Амьгүй албатууд” нь Оросын сонгодог зохиолын алтан санд зүй ёсоор орсон агуу бүтээл гэдэгт өнөөдөр эргэлзэх хүн үгүй билээ.
Хулгай хийж, ашиглаж шамшигдуулсан хэргээр албанаасаа хөөгдсөн нэгэн түшмэл хөрөнгө чинээгээ арвижуулахыг хүсэж, сүүлийн тооллогоос хойш нас барсан албатуудыг нь газрын эзэд, хамжлагат ноёдоос худалдан авч зөвхөн цаасан дээр л оршин буй тэдгээр албатуудыг зээлийн барьцаанд тавих санаа өвөрлөнө. Тэр энэ зорилгодоо хөтлөгдөн мужийн нэгэн хотод очоод түшмэд, газрын эзэдтэй нь танилцаж, хайсан бараагаа ахиухан худалдаж авсан хэдий ч уулзаж ярилцсан хүмүүстэйгээ санамсар болгоомжгүй харьцсанаас заль мэх нь илэрснийг удалгүй олж хараад, эхлээд өөрийнх нь хөрөнгө баялаг хуурамч болох тухай, дараа нь аюултай, байж боломгүй санаархлынх нь талаар яриа тархсаныг сонсож уг хотоос түргэхэн зугтахыг хүснэ.
Фёдор Достоевский (1821 - 1881)
Газар дороос бичсэн тэмдэглэл (1864)

Ф.М. Достоевский 1821 оны 10 сарын 30-нд Москва хотын ядууст үйлчилдэг Мариины эмнэлгийн баруун жигүүрийн өрөөнд тус эмнэлгийн эмч Михаил Андреевич Достоевский-н хоёрдугаар хүү болон мэндэлжээ. Дэлхийн хамгийн шилдэг уран зохиолчдын нэгэнд зүй ёсоор тооцогддог тэрээр философич, нийтлэлч, Петербургын Шинжлэх Ухааны Академийн гишүүн хүн байсан юм. Ихэнх уншигч түүнийг “агуу” зургаан романаар нь мэддэг бидээ. Эдгээр нь Гэмт хэрэг ба ял шийтгэл (1866), Мөрийтэй тоглоомч (1867), Маанаг (1869), Чөтгөрүүд (1872), Хөвгүүн (1875), Карамазовын хөвүүд (1880) юм. Тэрээр эдгээр “агуу” зургаан романаас гадна маш олон өгүүллэг, тууж, эсээ, шүлгүүд бичсэн аж. Түүний бүтээлүүдэд ихэвчлэн шашин, философи, сэтгэлзүйн асуудлууд хөндөгдөнө. Ядуурал, амиа хорлолт, ёс зүй, хүний төрөлх мөн чанар зэрэг нь түүний мөнхийн сэдэв билээ.
Газар доороос бичсэн тэмдэглэл зохиолоо Достоевский Европын улсуудаар хоёр дахь удаагаа аялсныхаа дараагаар бичиж, ахынхаа эрхлэн гаргадаг “Эпоха” хэмээх сэтгүүлд анх хэвлүүлжээ. Достоевскийг энэ туужаа бичих үед нь анхны эхнэр Мария Иссаева нь нас барсны дээр өөрөө ч санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй нүүр тулсны улмаас сэтгэл санааны хүнд байдалд ороод байсан гэдэг. 1887 онд Францын Ницца хотын номын нэгэн дэлгүүрт энэ туужийг анх хараад худалдаж авч уншсан Фридрих Ницше, Газар доороос бичсэн тэмдэглэл-ийг “жинхэнэ сод ухааны бүтээл” гэж магтсан төдийгүй, өмнө нь огт таньдаггүй байсан Достоевскийн тухайд “надад шинэ зүйл зааж чадах цор ганц сэтгэл судлаач” хэмээн шагшин магтжээ. Хоёрдугаар хэсэг “би” хүүрнэгчийн ажлынхантайгаа; хэдийгээр оюуны чадамжаараа хүүрнэгчээс маань илүү гарахгүй ч ажил мэргэжилдээ түүнээс хавьгүй илүү дэвшсэн сургуулийн андтайгаа; хэдий үзэн яддаг ч ажлаас хөөчих зориг хүрдэггүй зарц Аполлонтойгоо; түүнчлэн хорин настай биеэ үнэлэгч Лизатай үүсгэсэн харилцааных нь тухай өгүүлнэ. Ердөө хэдхэн өдрийн дотор болоод өнгөрөх энэ хэсгийн үйл явдлууд гол дүр буюу нэгдүгээр биеийн хүүрнэгчийн зан байдлыг уншигчид таниулна. Энэ хэсгийн өрнөл хийгээд сэтгэл түгшим төгсгөлөөс уншигч авгай бээр, “би” баатар маань хэрхэн романы эхэнд өгүүлсэн “эмгэг хуучтай, бас тэгээд муухай ааштай, царай зүс муутай амьтан” болж орхисныг ойлгож авна.
Маанаг (1869)
Ф.М Достоевский-н Маанаг роман нь хамгийн анх “Русский вестник” сэтгүүлд 1868 онд хэвлэгдэн гарсан бөгөөд 2002 оны алдарт Норвегийн номын клубийн 100 шилдэг номд багтсан зохиол билээ. Энэхүү зохиол нь зохиолчийн агуу зургаан романы нэг бөгөөд 1860-аад оны Достоевский-н философи, ертөнцийг үзэх үзлийг хамгийн гүн илэрхийлсэн бүтээл юм. Маанаг романыг бичих санаа зохиолчид анх Европоор аялах үед нь төрсөн гэдэг. Эхний хэсгийг Женев хотод, дунд хэсгийг Италид, төгсгөлийг Флоренцид байхдаа 1867 оны 9 сарын 14-нд бичиж дуусгажээ. Ф.М.Достоевскийн гурван оргил бүтээлийн нэг гэж үнэлэгддэг, зохиолчийнхоо нэрийг дэлхий даяар дуурсгасан уг зохиол тэртээ 1868 онд хэвлэгдсэн боловч өдгөө хүртэл хүн төрөлхтөн шимтэн уншсаар буй бөгөөд бидний хойч үе ч унших нь гарцаагүй. Тийм ч учраас Достоевскийн уг зохиолыг мөнхийн бүтээл гэж болно. Тэгвэл үүний нууц юунд оршиж байна вэ? Үе үеийн уран бүтээлчдийн сэтгэлийг татсаар ирсэн мөнхийн сэдвүүд гэж бий, түүний нэг нь яах аргагүй хүний мөн чанар, хүний сэтгэл, мэдээж хайр. Достоевский чухам энэ л сэдвүүдэд өөрийн олон бүтээлээ зориулсан учраас түүний зохиолууд хэзээ ч улирч оддоггүй биз ээ. Зохиолч энэхүү романаараа төгс /идеальный/ хүний дүр бүтээх зорилго тавьсан гэдгээ өөрийн захидалдаа дурдсан нь бий. Харин хаанаас тийм хүнийг “төрүүлэх” билээ? Гажиж эвдэрсэн нийгэмд тийм хүн төлөвшин бий болж чадах уу? Үгүй. Тиймээс зохиолч энэхүү дүрээ хүүхэд ахуйгаасаа өвчилсөн өвчнөө байгалийн гоо үзэсгэлэнт Швейцарийн ууланд, цөөхөн хүнтэй нэгэн тосгоны сэтгэл мэдрэлийн эмнэлэгт эмчлүүлж, хүүхдүүдийн хайр, итгэлийн дунд хэдэн жил амьдарснаар эдгэрсэн нэгэн орос залуугаар төлөөлүүлжээ. Тэрхүү өөдрөг үзэлтэй, хүнлэг нинжин, бусдыг чин сэтгэлээсээ ойлгодог, бүр Христээс дутахгүй энэрэнгүй сайхан сэтгэлт залуу Орос руу, Петербург хотыг зорин явж буйгаар зохиол эхэлнэ. Харамсалтай нь эх орон нь хүний ийм сайхан талыг эргүү тэнэг, маанаг мангар гэж харах болтлоо нийгмийн оюун санааны гажуудалд автсан байх ажээ...

Гэмт хэрэг ба ял шийтгэл (1866)
Ф.М. Достоевскийн "Гэмт хэрэг ба ял шийтгэл" роман нь дэлхийн уран зохиолын оргил бүтээлүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог. Уг роман нь Тургенев, Толстой зэрэг агуу зохиолчдын бүтээлээ хэвлүүлж байсан, тэр үеийн Оросын утга зохиолын нэр хүндтэй хэвлэл болох "Русский Известник" сэтгүүлийн 1866 оны I-XII сарын дугааруудад цувралаар хуваагдан гарч, дараа нь ном болон хэвлэгджээ. Зохиол 1866 онд анх хэвлэгдэн гарсан даруйдаа утга зохиолын ертөнцийг шуугиулж шүүмжлэгчид, онолчдыг гайхшируулсан юм. Хүний сэтгэлийг татах тайлагдашгүй нууцлаг чанараа өдий хүртэл хадгалсаар байгаа энэхүү бүтээл XIX зуундаа төдийгүй XX зуунд ч тэр, зөвхөн Оросоор хязгаарлагдахгүй бүх дэлхийн үргэлжилсэн үгийн зохиолуудын дунд ээдрээтэй, сэтгэл догдлуулсан, нэг үгээр хэлбэл хамгийн шилдэг нь гэж үнэлэгдсээр хоёр зууныг нэгэнтээ элээжээ.
Харьцангуй авьяаслаг, ухаантай, боловсролтой ч гэж хэлж болохуйц залуу эр тартагтаа тулсан ядуурал, гуйланчлалын улмаас өөрийн омог бардам мөрөөдлөө өдий хүртэл хэрэгжүүлэх боломжгүй байлаа. Ядуурал түүний бүхий л амьдралыг аалзны тор мэт хэрэн баглажээ. Хайртай охин дүү Дуня нь ядуугийн улмаас өөдгүй муу хүний эхнэр болохоо шахна. Ядуурал Сонягийн эцэг, хэргэмт зөвлөх асан Мармеладовыг архинд живүүлж, адаг сүүлд нь амь насыг нь авч одно. Үгүйрэл хоосрол мөн л Соняг хүний хүүхдүүдийн төлөө алд биеэ золиослоход хүргэнэ. Ингээд эцэст нь, эв нь таарсан азтай тохиолоор Раскольников цуст хэргээ гүйцэлдүүлдэг. Гэвч урьд өмнө нь бодож, тооцоогүй нэгэн асуудал Раскольниковын сэтгэлийг тэсвэрлэхийн аргагүйгээр шаналгах болов. Хүн чанар, дотоод ухамсар нь түүнийг бие, сэтгэлийн гүн дарамтад автуулж, би буруутай гэсэн бодол, өөрийгөө яллах сэдэл нь өдөр ирэх бүр улам гүн гүнзгийрсээр түүнийг галзууруулах шахна. Тэрээр урьд өмнөхөөсөө ч илүү ганцаардаж, гадаад орчноос тусгаарлагдан, бодит амьдралдаа ч тэр, зүүд нойрондоо ч ялгаагүй гэмт хэрэг үйлдсэн газраа эргээд оччихсон мэт санагдах ажээ. "Гэмт хэрэг ба ял шийтгэл" роман дэлхийн бараг бүх хэл дээр орчуулагдсан төдийгүй англи хэл рүү зөвхөн 2017 онд л гэхэд 2, нийтдээ 13 удаа, герман хэлнээ бүр 15 удаа шинэчлэгдэн орчуулагдсан байна. Нэг зохиол ийнхүү олон удаа орчуулагдах нь тухайн бүтээлийн мөнхийн чанар чансааг илтгэдэг төдийгүй, утга санааг нь олон талаас улам бүр нарийвчлан буулгаж, уран яруу, нягт нямбай гаргаж ирснээрээ уншигчдад орчуулгын шилдэг бүтээлтэй илүү сайн танилцах боломжийг олгодог.
СЭТГЭГДЭЛ