Эрдэмтэн судлаачидтай хийж буй цуврал ярилцлагын ээлжит зочноор Түүхийн ухааны дэд профессор, О.Оюунжаргалыг урьж ярилцлаа. Түүний хувьд Япон улсын Тохокү их сургуульд магистр, докторын зэргээ хамгаалсан бөгөөд Манж Чин улсын үеийн Монголын түүхийн чиглэлээр 20 гаруй жил амжилттай ажиллаж буй тэргүүлэх зэргийн эрдэмтэн юм. Тэрбээр өнөөдөр Монгол улсын их сургуулийн Түүхийн тэнхимийн багшаар ажиллаж байна. Ингээд түүний судалгааны арга барилтай танилцахаас гадна олон нийтийн түүхийн боловсролын тухай ярилцсанаа хүргэе.
1. Та ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?
Би Манжийн үеийн Монголын түүхийн судалгаа хийхээс гадна их сургуулийн багш учраас ихэвчлэн бүтэн жилээр нь ерөнхий төлөвлөгөө гаргадаг. Ажлын онцлогоос шалтгаалж долоо хоног, сар сараар нь нарийвчилсан төлөвлөгөө гаргадаггүй. Хичээлийн хувьд, сургуулиас тавьсан хуваарийн дагуу орно, харин аль болох илүү цаг заахгүй, хичээл заахаас бусад цагийг судалгаа хийхэд зарцуулахыг хичээдэг. Судлаачийн хувьд жилдээ олон улсын хуралд 1-2 илтгэл тавих, мөн эрдэм шинжилгээний нэг өгүүлэл бичихийг эрмэлздэг. Олон улсын түвшинд тухайн судлаач жилд нэг өгүүлэл бичихийг боломжийн үр дүн гэж үздэг, хамгийн гол нь өгүүлэл чанартай байх явдал.
2. Таны судалгааны онцлог тал болон бэрхшээлтэй тал юу байдаг вэ?
Манжийн үеийн Монголын түүхийн судалгаа хийхэд, энд Монгол улсад Үндэсний Төв Архивт гол сурвалж хэрэглэгдэхүүн маань байгаа явдал, мөн тэрхүү сурвалжийн ихэнх нь монгол хэлээр байдаг нь түүнээс өмнөх үетэй харьцуулахад онцлог бөгөөд давуу тал болно. Өөрөөр хэлбэл, бид дуртай цагтаа архивт сууж, холбогдох бичиг дансыг уншиж танилцах, судалгаа хийх бүрэн боломжтой гэсэн үг. Бэрхшээлтэй тал гэвэл, сүүлийн үед олон улсад Манж Чин улсын судалгаа маш хурдацтай, олон чиглэлээр хөгжиж буй тул шинэ гарсан судалгаа буюу өгүүлэлүүд, хэвлэгдсэн сурвалж хэрэглэгдэхүүнийг тэр болгон олж авч чадахгүй байна. Юу гэвэл, Улаанбаатарт сууж байгаад хүссэн гадаадын мэргэжлийн сэтгүүл хийгээд хэвлэгдсэн сурвалжийн эмхэтгэлийг олж унших, худалдан авахад орон зай, эдийн засгийн хувьд бэрхшээлтэй тал бий.
3. Залуу судлаачдад хандан ямар зөвлөгөө өгөх вэ?
Өмнөх судалгааг сайн уншиж, шүүмжлэлтэй хандаж сурах хэрэгтэй. Өмнөх судалгааны ач холбогдлыг тодорхойлж, алдаа дутагдлыг нь засаж сайжруулаад, дутуу хэсгийг нөхөөд, нэмээд явах нь өнөөгийн судлаачдын гол үүрэг юм.
Манайд удирдагч багш, эсвэл нэр хүнд албан тушаалтай, олонд танигдсан хүнийг сохроор тахин шүтдэг хандлага түгээмэл байдаг учраас өмнөх судлаачдын бүтээлийг ямар ч эргэлзээгүйгээр шууд хуулаад биччихдэг. Иймд эргэлзэж сурах хэрэгтэй. Тэр судлаач чиний багш байж болно, хүндэлдэг хүн ч байж болно гэхдээ тухайн цаг үед тэр хүнд олдсон сурвалжид үндэслэн судалгаа хийсэн учраас хойч үеийн бидэнд тэр сурвалжийг шинээр уншиж тайлбарлах, эсвэл шинэ сурвалж олох, улмаар өөрийн байр суурь, үзэл бодлыг илэрхийлэх гээд олон боломж байгаа шүү дээ.
Өөрөөр хэлбэл өмнөх судалгаанд эргэлзэж сурах, тэрхүү эргэлзээгээ баримт нотолгоо болох сурвалжаар тайлбарлаж чадварыг эзэмших хэрэгтэй. Зөвхөн судалгаа бус ямарваа нэгэн ажил хийж буй бол чи өөрөө хийж үзэж, алдаж онож туршлага цуглуулсны эцэст чи өөрийн байр суурь, үзэл бодолтой болох нь чухал. Заавал мундаг гэгдэх хэн нэгний үгийг дагах албагүй, чиний харах өнцөг, сонирхол өөр байж болно гэдгийг л ойлговол судалгаа хийх нь сонирхолтой, үр дүнтэй болно.
Мэргэжлийн судлаачид судалгааг чинь тоож, хүлээн зөвшөөрч байвал чи судлаач, харин олон нийтэд танигдах, мэргэжлийн бус хүний магтаалаар судлаач болохгүй.
4. Монголд өнөөдөр эрдэм шинжилгээний шүүмж хэр зэрэг хөгжиж байна?
Танай ярилцлагын өмнөх дугаарт орсон Цэрэндоржийн ярьсантай санал нэг байна. Ер нь манайд шүүмж хөгжөөгүй үндсэн шалтгаан нь бидний өнгөрсөнд байна. Юу гэвэл, социалист дэглэмийн үед ялангуяа түүхийг үзэж ойлгох хандлагын хувьд, гагц марксист үзлийг хүлээн зөвшөөрч, бодлогоор сурталчлан дэлгэрүүлж байсан учраас түүхийн судалгааны ерөнхий хандлага, арга зүй, бүр санал дүгнэлт нь хүртэл тодорхой байсан. Тийм болохоор асуудлыг өөрөөр харах, өөр үзэл бодол илэрхийлэх шаардлага байхгүй, шаардлага байхгүй учраас эргэлзэх, шүүмжлэх сэтгэлгээ хөгжөөгүй. Жишээ нь, социализмын үед тогтсон сурах бичиг, гарын авлагын агуулгыг багш нар оюутандаа хэрхэн дамжуулах вэ, оюутан тэрийг хэрхэн цээжлэх вэ гэдэгт анхаарч байв. Харамсалтай нь тэр хандлага, арга зүй одоо ч амь бөхтэй оршиж байна. Мэдээж хэдэн арван жил дамнасан арга барил, хандлагыг богино хугацаанд өөрчлөх боломжгүй боловч судлаачид бид өөрсдийн алдаа дутагдлыг олж харах, түүнийг засаж сайжруулахад бусдад үлгэр дуурайлал үзүүлэх ёстой болов уу. Ялангуяа залуу судлаачид өмнөх үеэс сургамж авч, бусдын шүүмжийг зөвөөр хүлээн авдаг, бас бусдыг зөвөөр шүүмжилж сурахгүй бол манай судалгаа дэлхийн түвшинд очиж чадахгүй. Миний хувьд, 2012 оноос тэнхимийнхээ магистрант, докторантуудын семинар хэмээх судалгааны ажлаа танилцуулах, санал бодлоо илэрхийлж сурах, бусдын санал бодлыг сонсож сурах буюу тогтмол судалгааны ажлаа ярилцдаг, хэлэлцдэг тогтолцоо буй болгохыг хичээж ажилласан. Хэрэв энэ семинар маань тогтмол, үр дүнтэй явагдаад байвал удахгүй тодорхой үр дүн харагдах болов уу. Мөн Түүхийн тэнхимээс эрхлэн гаргадаг "Historia Mongolarum" сэтгүүлийг, 2011-2014 онд 4 дугаарыг хариуцан гаргахдаа pre-review буюу хэвлэхийн өмнө бусдаар уншуулж, санал авдаг зарчмыг хэрэгжүүлсэн. Манай ихэнх мэргэжлийн сэтгүүлд, ирсэн өгүүллийг шууд хэвлэчихдэг. Харин ирсэн өгүүллүүдийг бусад мэргэжлийн хүмүүст өгч уншуулаад, санал шүүмжлэл аваад, тэрийг нь зохиогчид өгч, өгүүллээ засаж сайжруулах шаардлага тавьж эхэлсэн. Ингэхэд эхний 2 жил хэцүү байсан, өөрийнх нь өгүүллийг хэн нэг нь шүүмжилж, ийм тийм гэхийг хүлээж авч чадахгүй, “миний өгүүллийг засдаг чи хэн бэ” гэх мэтээр ил далдаар эсэргүүцэх тохиолдол гарч байсан. Гэхдээ монголчуудын нэг сайн тал нь аливаа зүйлийг хурдан хүлээж авах чадвартай байдаг болохоор 3-4 дэх дугаараас харин миний өгүүллийг сайн шүүмжлээд, засаад өгөөрэй гэх болсон. Харин энэ тогтолцоо үргэлжилж чадалгүй, сэтгүүлийн сүүлийн дугаарууд чанаргүй болсонд харамсдаг.
5. Олон нийтийн түүхийн боловсрол өнөөдөр хэр хэмжээнд байна вэ?
Би Япон улсад найман жил амьдарч, Тохокү их сургуульд магистр, докторын зэрэг хамгаалсан. Судалгааны ажлаа хийх явцад япон болон манайхны сэтгэлгээний гол ялгаа маш сайн харагддаг. Япончуудын хувьд “чи сурвалжаа өөрөө унш, тэгээд бусад сурвалж, судалгаатай харьцуул, тэгээд чи юу гэж бодож байна, ямар асуудлыг хэрхэн тайлбарлах вэ, ямар боломж байна? гэх мэт судалгаа хийж сурах процесс чухал. Харин манайд түрүүн хэлсэнчлэн, нэг үзэл суртал ноёрхож байсны улмаас шууд бэлэн хариу нэхэх, эсвэл ийм тийм байх ёстой гэх мэтээр тулгадаг, тиймээс судалгааны явц, арга зүйг бус шууд үр дүнд илүү анхаарал тавих байдал нэлээд байдаг. Яг энэ шалтгааны улмаас олон нийтийн дунд өрнөж буй түүхийн маргаан нь ямар ч учир утгагүй, үр дүнгүй болдог. Тухайлбал, нэг нь энэ асуудал ингэсэн, ер нь ийм тийм байх ёстой гэж хүчээр тулгана, нөгөө тал нь ч мөн үгүй ээ, ийм тийм биш, би тэгж бодож байна гээд өөрийн бодлыг хүчээр тулгаад байдаг. Ямар эх сурвалж, судалгаа бүтээлд үндэслээд чи тэгж бодож байгаа, яагаад энэ асуудал дээр тэгж хандсан нь огт хамаагүй байдаг. Нэг итгэсэн, анх уншсан зүйлээ энэ бол туйлын зөв, эцсийн дүгнэлт гээд итгэчихдэг. Эдгээр дутагдлыг анхаарвал харин ч манайхны олон нийтийн түүхийн боловсрол харьцангуй сайн, олон нийт түүхээ маш сайн сонирхдог, таних мэдэх эрмэлзэлтэй байдаг нь анзаарагддаг. Зарим тохиолдолд бүр судлаачдаас илүү мэдлэг, мэдээлэлтэй сонирхогчид байна. Тиймээс зөв чиглүүлж чадвал, олон нийтийн сүлжээг түүхийг танин мэдүүлэх, сурталчлах томоохон хүч гэж хардаг.
6. Өнөөдөр ерөнхий боловсролын түүхийн сурах бичиг, сургалтын хөтөлбөр ихээр шүүмжлэгдэх боллоо. Энэ тал дээр таны бодол?
Түүхээ сайн дураар судалдаг, сонирхдог хүмүүс яг үнэндээ манай дунд сургуулийн түүхийн багш нар болон сурах бичгээс ч илүү мэдлэгтэй байгаа мэт санагддаг. Миний бодлоор ерөнхий боловсролын сургуулийн түүхийн сурах бичиг шүүмжлэлд өртөж байгаа гол шалтгаан нь, холбогдох байгууллага, зохиогчид нь сурах бичгээ сайжруулъя гэх сэтгэл, зүтгэл дутсаных болов уу. Шинэ агуулга, арга зүйгээр бичье гэх шинэ соргог, бүтээлч сэтгэлгээг шаардах тогтолцоо байхгүй учраас амраар нь өмнөхийг хуулаад, агуулгын бус хэлбэрийг бага сага өөрчлөөд хэвлэдэг бололтой байдаг. Хөндлөнгөөс харахад, мэдээж ийм байдлаар удаан явбал манай сургалтын чанар муудах, түүхийг сонирхож судлах хойч үе цөөрөх л байх даа..
7. Олон нийтийг түүхийн талаар нэгдсэн ойлголттой болгох боломж, шаардлага бий юу?Учир нь түүхийг хүн бүр дураараа тайлбарладаг шүү дээ.
Хүн бүр түүхийг заавал нарийн тодорхой мэдэх шаардлагагүй. Түүхийн үндсэн ойлголтууд, ерөнхий үе шат, түүхэн цаг үеийн баримжаатай байхад л болно. Гэхдээ хүн өөрийгөө таньж мэдэх зорилгоор өвөг дээдэс, гарал угсаа гэх мэтийг олж мэдэх гэсэн хувь хүний сонирхол байлаа гэхэд, түүнийхээ хариуг хаанаас ямар мэдээлэл буюу ном бүтээлийг олж унших вэ, ямар мэдээлэлд итгэх эсэхээ шийдэж чадах мэдлэг, чадвартай байхад хангалттай гэж бодож байна.
8. Гэхдээ өнөөдөр олон нийтийн дунд түүхэн хүнийг баатар,дайсан гэх мэтээр ялгаатай байдлаар ханддаг. Энэ нь сурах бичигт ч ялгаатай байдлаар тусгагддаг. Энэ тал дээр таны бодол?
Социализмын үед нэг үзэл сурталд тааруулж түүхийг бичиж, тэр нь олон шатны сурах бичигт тусах замаар залуу хойч үеийг хүмүүжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Марксизмын ёсоор бол түүх бол ангийн тэмцэл буюу дарлагч болон дарлагдагч ангийн тэмцлийг хэлнэ гээд тодорхойлчихсон, улмаар ангийн тэмцлийн үр дүнд дарлагдагч анги буюу ядуу тал ялна гэсэн үзлээр түүхийг бичиж, ойлгуулж ирсэн билээ. Тухайлбал, Манжийн үеийн түүх буюу их төлөв 1921 оны ардын хувьсгал ялах хүртэлх монголчуудын түүх нь тэмцлийн түүх байх ёстой учраас дарлагч болох Манжийн төрийг эсэргүүцсэн Чингүнжав, Амарсанаа нар хэдий язгууртан боловч дарлагдагч монголчуудын төлөөлөл болох тул тэднийг хэт өндрөөр үнэлж, зохиомол баатар эсвэл дайсан бүтээсэн явдал бий. Нэгэн жишээ дурдахад, Чингүнжавын тэмцэл тусгаар тогтнолын төлөөх зорилготой байгаагүй гэдгийг гадаадын судлаачид бүр 1960-д онд хэлчихсэн, мэргэжлийн судлаачид үүнийг аль хэдийн хүлээн зөвшөөрчихсөн буй. Бас Чингүнжав “Төр үр хоёр минь мөнх оршиг” гэж хэлсэн ямар ч баримт нотолгоо байхгүй, бүр саяхны нэгэн шүлгийн мөр атал түүнд хөшөө босгоод, тэгж хэлсэн мэтээр сийлчихсэн, улмаар тэр нь сурах бичигт орж байна шүү дээ. Ардчилсан, эрх чөлөөтэй энэ цаг үед хэсэг бүлэг этгээдийн ашиг сонирхлоор ингэж түүхийг гуйвуулж, тэрийг нь сурах бичиг зохиогчид ямар ч эргэлзээгүйгээр итгэж дагаж байгаа нь маш харамсалтай. Тиймээс түүхэн үнэнийг олон нийтэд хүргэхэд сурах бичиг, хялбаршуулсан номоор дамжуулж хүргэх зайлшгүй шаардлагатай. Түүний тулд судлаачдын үр дүнг олон нийтэд хүргэх холбогч хэрэгтэй байна.

9. Ийм ч учраас мэргэжлийн судлаачид өөрсдийн үр дүнгээ олон нийтэд хүргэх тал дээр хойрго байна уу? Эсвэл энэ талын бодлого дутагдаж байна уу?
Мэргэжлийн судлаачид өөрсдийн судалгааны үр дүнгээ илтгэл тавих, өгүүлэл хэвлүүлэх хэлбэрээр их төлөв мэргэжлийн хүрээнд танилцуулдаг. Харин заавал олон нийтэд хүргэх үүрэг байхгүй. Харин сурах бичиг, хялбаршуулсан ном байна уу ямар ч хэлбэрээр олон нийтэд хүргэх үүргийг, Японд бол хэвлэлийн газрууд гүйцэтгэдэг. Учир нь мэргэжлийн судлаачдын эрдэм шинжилгээний бүтээлийг жирийн уншигчид гүйцэд ойлгоход хэцүү учраас хэвлэлийн газраас нэр томьёо, бичлэгийн хэв маяг, агуулгыг олон нийтэд зориулан хялбаршуулсан байдлаар хүргэдэг. Манайд энэ үүргийг сүүлийн үед Монсудар компани гүйцэтгэж байна. Олон нийтийн сонирхлыг хангасан, судалгааны үр дүнг олон нийтэд таниулсан, түүхийн мэдээллийг сонирхолтой байдлаар хүргэсэн бүтээл гэвэл Монсудар хэвлэлийн газрын “Монголчууд” цувралыг хэлж болно. Үүнд, сүүлийн үеийн судалгааны хандлага, шинэ үр дүн юу байна, түүнийг олон нийтэд яаж сонирхолтой байдлаар хүргэх вэ, ямар гэрэл зураг, графикаар илэрхийлж болох вэ гэдэгт анхаарал тавьж ажиллаж байгаа нь анзаарагддаг.
10. Дараагийн зочноор хэнийг оролцоосой гэж хүсэж байна.
Сүүлийн үед манай салбарт идэвхтэй судалгаа хийж буй залуу судлаач гэвэл, ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн судлаач Б.Нацагдоржийг нэрлэнэ. Орос, манж, монгол сурвалжийг ашиглаж, манайд XVII зууны Монголын түүхийн олон асуудлыг тодорхой болгож буй залуу судлаачдын төлөөлөл болгож, та бүхэн ярилцлага хийвэл сонирхолтой байх болов уу.
СЭТГЭГДЭЛ