Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, МХЗЭ-ийн нэрэмжит болон МЗЭ-ийн шагналт

Хилийн манаанд буу барьсан эр цэрэг зогсдог. Тэрэн шиг хэлний манаанд зогсдог цэрэг тун ховор юм. Хэлний манаа бол хилийн манаанаас огт өөр заавал биш алба юм. Сайн дурын ч гэж болно. Ийм манаанд уул нь эцэг эх, багш нар, хэл шинжээчид, зохиолчид насан турш зогсох ёстой юм.

Тийм манаанд зогс гэж хэн ч албаддагүй. Тийм манаанд зогсох хүн бол буу зэвсэг барьдаггүй. Харин үзэг барьдаг, ном барьдаг байж болно. Манай улс хилээ сайн манахын тулд эр цэрэг дайчлан хилчин болгодог. Тэд үүргээн сайн биелүүлдэг. Гэтэл хэлийн манаа гэдэг ойлголт өнөө хэр байхгүй учир монголчуудыг үндэстэн гэж нэрлүүлдэг монгол хэлний манаа гэж байхгүй. Иймээс монгол хэл сүүлийн үед зөрчигдөж зэрэмдэглэгдэх боллоо. Монголын нийслэлд орж ирсэн гадаадын хүн бол “Энэ чинь монгол улс мөн үү?” гэж гайхдаг боллоо. Яагаад гэвэл нийслэлийнх нь бүх үйлчилгээний газар Англи, Орос, Хятад хэлээр бичсэн хаягтай болжээ. Хөдөөний монгол хүн, малчид нийслэлдээ орж ирэхдээ “Энэ чинь манай улсын нийслэл мөн үү” гэж асуухаар болжээ. “Бид органик”, “Масс медиа” гэхээс эхлээд ер нь учрыг нь олох аргагүй мухлаг, дэлгүүр, хэвлэл сонинг хараад тэгж бодож гайхдаг юм. Харин монгол хэлийг ингэж дотроос нь хөнөөх оролдлогын эсрэг манаанд сайн дураараа зогсох хүн даанч ховор. Гэвч эх орончид байна аа. Тэдний нэг нь "Монсудар" хэвлэлийг эрхэлдэг сэхээтэн Р.Энхбат юм. Түүний мэдэлд буй хэвлэлийн газар гэхэд л 2012 онд арваад төрлийн маш ховор, анхдагч гэхээр ботиуд монгол хэлний сэдвээр, монгол хэлийг авч үлдэх зорилгоор хэвлүүлэн гаргалаа. Түүний ботиудыг нэрлэвээс:

  1. Монгол хэлний тайлбар толь

  2. Монгол хэлний этгээд үгийн толь

  3. Монгол хэлний үгийн дуудлагын толь

  4. Монгол кирил бичгийн зөв бичихзүйн толь

  5. Монгол бичгийн зөв бичихзүйн толь

  6. Монгол хэлний өвөрмөц хэлцийн толь

  7. Монгол хэлний хэвшмэл хэлцийн толь

  8. Монгол хэлний товчилсон үгийн толь

  9. Монгол хэлний хоршоо үгийн толь

  10. Монгол хэлний эсрэг үгийн толь

  11. Монгол хэлний хуучин үгийн толь

Энэ бол Монголын ШУА, түүний харьяат Хэл Зохиолын Хүрээлэн дөч, тавин жил хийгээгүй том ажил Я.Цэвэл гуайн "Монгол хэлний товч тайлбар толь" дөнгөж 1966 онд хэвлэгдсэн шүү дээ. Эдгээр чухал номуудыг бүтээхэд залуу эрдэмтэд, судлаачид идэвхтэй оролцсон нь сайшаалтай.

Залуу эрдэмтэн Б.Баярсайхан, О.Самбуу, Г.Сүлд-Эрдэнэ, С.Чулуунпүрэв, Б.Одончимэг болон А.Янжиндулам гэхчилэн хүмүүсийн идэвх зүтгэлээр олон чухал ном гарлаа.

"Монсудар" хэвлэлийн газрыг үүсгэн байгуулж орчин үеийн гол баялаг болох номоор олон түмнийхээ оюуныг тэжээхэд онцгой гавьяа байгуулж буй Р.Энхбатын гавьяат үйлсийг төр засаг үнэлж соёлын гавьяат байтугай хөдөлмөрийн баатар цол хүртээхэд юунд нь харам буугаад байгааг ойлгох аргагүй. Р.Энхбат сүүлийн үед монгол хэлээ хамгаалах, хөгжүүлэх, харийн нөлөө зэрэмдэг хэлтэнгүүдээс хамгаалах талаар хэвлэл мэдээллээр багагүй тэмцэж байгааг ч олон түмэн өндөр үнэлж байна. Саяхан “Монгол нүүдэлчдийн тайлбар толь” олон боть цувралыг санаачилж эхний боть гарлаа. Энэ ч онцгой чухал ололт юм. Алт олзворлохоос ч илүү үнэт эрдэнэ гэдгийг ухаарах нь л үлдлээ.

“Дал” сонины 351/1 дугаарт.

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/