Анхны цаснаар жавар хургахтай хамт сэтгэлд шургасан аниргүйд үргэлжлэх өвлийн үүрд мэт урт өдрүүд дөнгөж л эхэлж байна. Хавар, зун, намрын зөөлөн салхинд сэрчигнэх олон өнгийн навчист моддын чимээг санагалзах хөнгөхөн гунигтай өвлийн үдшээр сэтгэл дулаацуулж, гэрэл нэмэх номуудыг уншигч танд санал болгож байна.
Номын "баатар" хэн нэгний амьдрал, баяр жаргал, гуниг ганцаардлыг хуваалцаж тэдэнтэй хамт өвлийн нам гүмд адал явдал дүүрэн үргэлжлэх зуур нэг л мэдэхэд хаврын яргуй дэлбээлэх цаг ирнэ биз ээ. Тэр цагт өвлийн уртад уншиж мэдсэн бүхэн минь дэлхий ертөнцтэй хамт цэцэг болон ургаж бидний сэтгэлийг ч мөн тайтгаруулна гэдэгт итгэлтэй байна.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------
1. Элис Манро - Сайн бүсгүйн хайр
Нобелийн шагналт Канадын зохиолч Элис Манрогийн "Сайн бүсгүйн хайр" зохиол нь анх 1996 онд “Нью Йоркер” сэтгүүлд "Хайр, нууц, алуурчин" нэртэйгээр хэвлэгдэж байсан ч хоёр жилийн дараа "Сайн бүсгүйн хайр" нэрээр уншигчдад хүрсэн билээ. Манрогийн эхэн үеийн зохиолууд ихэнхдээ сэтгэлзүйн реализмын хэв маягаар бичигдсэн байдаг бол хожим нас ахихын хирээр тодорхой насныханд бус, аль ч насныханд хамааралтай илүү нээлттэй хэв маягтай олон талын дүрслэлтэй зохиол бичих болжээ." Сайн бүсгүйн хайр" бол олон янзын хэв маягийг агуулсан онцгой бүтээл мөн юм.
Зохиолын ихэнх үйл явдал 1951 онд баруун өмнөд Онтариод өрнөнө. Нүдний эмч Д.М.Виллений учир битүүлэг үхэл хийгээд Энидийн хайр сэтгэл энэ туужийн үйл явдлын цөмийг бүрдүүлнэ. Амьдралд ховор тохиох этгээд хачин асуудалд шийдвэр гаргах тухай өгүүлсэн энэ туужийн унших явцад үнэн хэрэгтээ тэрхүү шийдвэр гэгч зүйл нь уншигч бидний шийдэх асуудал болон хувирах ажээ.
2. Харпер Лий - Гургалдайг хөнөөхүй
Нелл Харпер Лийг дэлхий дахинаа алдаршуулсан "Гургалдайг хөнөөхүй" роман нь анх 1960 онд олны хүртээл болсон бөгөөд тэр даруйдаа шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, шилдэг борлуулалттай номоор шалгарсан билээ. Тус роман одоогийн байдлаар дэлхий дахинаа 40 сая гаруй хувь борлогдоод байна. "Гургалдайг хөнөөхүй" роман Америкийн орчин үеийн уран зохиолын сонгодог бүтээлүүдийн нэгд эргэлзээгүй тооцогддог бөгөөд дунд сургуулийн сурагчдын заавал унших ёстой номын нэгээр нэрлэгддэг.
“Их Хямралын” (1933–1935) үеийн Америкийн Нэгдсэн Улс, өмнөд хэсгийн Алабама муж улсын Мейком хэмээх жижиг хотод өрнөх романд ээж нь өөд болж, хуульч мэргэжилтэй эцэг Аттикус Финч хоёр хүүхдээ ганцаар өсгөнө.“Скаут” хэмээх хочит Жин Луиз Финч охин өөрийн амьдрал болоод эргэн тойрны хүмүүсийн мөн нийгмийн амьдралыг хүүрнэх болно.
3. Нацүмэ Соосэки - Боччан
1906 онд бичигдсэн Боччан хошин роман, өнөөдөр ч гэсэн Японы сургуулийн уран зохиолын хичээлийн хөтөлбөрт багтдаг ажээ. Энэ романд, том хотод багшийн мэргэжлээр суралцсаныхаа дараа хөдөө тосгонд хуваарилагдсан залуу багшийн тухай өгүүлнэ. Тэрээр багшийн ажилдаа төвлөрөхийг хүссэн ч тосгоны сургуулийн багш нарын эрх мэдлийн өрсөлдөөн, эргэн тойрны жигшил зэвүүцлийг няцаан тэмцэхэд хамаг эрч хүчээ зарцуулахаас өөр аргагүйд хүрнэ. Боловсрол гэдэг ердөө мэдлэг түгээхээр хязгаарлагддаггүйг, багш хүн өөрөө ёсзүйн хэм хэмжээнд захирагдахгүй бол түүний заасан мэдлэг ямар ч үнэ цэнгүй болохыг энэ романд харуулжээ.
4. Кнут Хамсон - Өлсгөлөн
Норвегийн зохиолч Кнут Хамсуны Өлсгөлөн роман Данийн Шинэ дэлхий сэтгүүлд 1888 оноос хэсэгчлэн нийтлэгдээд 1890 онд хэвлэгдэн гарсан бөгөөд уран зохиолын илэрхийлж болох хил хязгаарыг тэлж, залуу зохиолчдын бүхэл бүтэн үеийг бий болоход нөлөөлсөн цөөхөн бүтээлүүдийн нэг билээ. Энэхүү зохиол нь дотоод сэтгэлийн монолог, бодлын урсгал хэлбэрээр бичигдсэн модернист уран зохиолын төрлийн хамгийн сонгодог жишээ юм.
5. А. И. Солженицын - Иван Денисовичийн нэг өдөр
Амьд ахуй цагтаа зохиол бүтээлээрээ улс төрийн дээд түвшинд шууд нөлөөлсөн зохиолч цөөхөн. Александр Исаевич Солженицын бол гарцаагүй тэдний нэг билээ. Иван Денисовичийн нэг өдөр зохиол 1962 онд Новый мир сэтгүүлд анх хэвлэгдэхдээ Никита Сергеевич Хрущёв (1894–1971)-ын тусгай зөвшөөрлөөр гарч байв. Энэхүү тууж Солженицыныг дэлхий дахинд алдаршуулаад зогсохгүй, судлаач шүүмжлэгчид болон түүхчдийн үзэж буйгаар зөвлөлт засаглалыг нуран унахад хамгийн ихээр нөлөөлсөн бүтээл ажээ.
6. Лев Толстой - Анна Каренина
Оросын алдарт зохиолч Лев Толстойн бүтээл “Анна Каренина” нь анх 1878 онд бүрэн эхээрээ хэвлэгджээ. Үүнээс өмнөх 1875-1877 оны хооронд тухайн үеийн өдөр тутмын сонинд цувралаар хэвлэгдэж байсан түүхтэй. Энэхүү бүтээл нь Толстойн алдарт “Дайн ба энх” романы дараа орох хоёр дахь том бүтээл нь бөгөөд хүн төрөлхтний мөнхийн сэдэв болох хайр дурлалын тухай өгүүлнэ. Дэлхий даяар сая сая хувиар дахин дахин хэвлэгдэж, олон үндэстний хэлээр орчуулагдаж, дэлгэцнээ алдарт Гарбо, Вивиен, Самойлова... гээд үе үеийн кино одууд түүний дүрийг мөнхөлжээ.
7. Сабахаттин Али - Арьсан хүрэмтэй Мадонна
Амьдрал нь зөрчилдөөн, улс төрийн хавчлага дунд өнгөрч, үүний нөлөө бусад уран бүтээл ялангуяа өгүүллэгүүдэд нь тод туссан Сабахаттин Алигийн энэхүү “Арьсан хүрэмтэй Мадонна” романд харин улс төрийн утга агуулга төдий ажиглагдахгүй. Энэ зохиолыг хамгийн товчхондоо “бүтэлгүй хайрын түүх” гэж тодорхойлж болох биз. Энэ романы үйл явдал Истанбул, Берлинд өрнөж, “Арьсан хүрэмтэй Мадонна” буюу Мариа Пүдер, Раиф Эфэнди хоёрын гачлант хайр дурлалын тухай өгүүлэх болно.
8. Харуки Мүраками - Эрэг дээрх Кафка
Эрэг дээрх Кафка бол Харүки Мүракамигийн ес дэх роман бөгөөд Японд 2002 онд анх худалдаанд гарчээ. Тус ном 2005 онд Нью Йорк Таймс сонины шилдэг арван номын жагсаалтад багтсан төдийгүй фантастик зохиолд олгодог дээд шагналыг хүртсэн билээ. Энэхүү романы үйл явдал зохиолын гурван гол баатар болох Саэки-сан, Тамүра Кафка, Наката нарын амьдралыг даган гурван зэрэгцсэн шугамаар орон зайн хувьд харилцан адилгүй, өөр өөр орчин нөхцөлд өрнөдөг. Гэвч хувь заяаны эрхээр эсвэл тэдний эртнээс хүсэж байсан хүслээр, дур гутам зөгнөлийн биеллээс зугтаахаар сураг тасарсан ээж эгчийгээ хайхаар замд гарах өсвөр насны хүү Кафка Тамүра, бодит ертөнцтэй зэрэгцээ орших өөр нэг ертөнц рүү нэвтрэх хаалгыг хааж, энэ ертөнцийн хүмүүст тохиолдож буй сонин хачин явдлуудыг зогсоож, бүхнийг хуучин хэвд нь оруулахаар зөнгөөрөө зүтгэх муурын хэл ойлгодог, учир битүүлэг хөгшин Наката, өөрийнх нь ер бусын амьдралд цэг тавих хэн нэгнийг хүлээн өдөр хоногийг аргацаан өнгөрүүлэх, нууцлаг эмэгтэй Саэки нарын зам хүссэн хүсээгүй нэг цэгт огтлолцдог.
СЭТГЭГДЭЛ