Пиноккиогийн тухай ойлголтыг ном гэхээсээ илүү Диснейн гаргасан хүүхэлдэйн киногоор нь хүмүүс андахгүй сайн мэднэ. Түүнийг худал хэлэх тоолонд хамар нь сунадаг талаар мэдэхгүй хүн бараг байхгүй биз. Мөн зарим нь Буратинотой ч андуурах тохиолдол ч цөөнгүй.

Тэгвэл зохиолын үйл явдлаас товчхон дурдъя: Хэрчим модноос хүүхэлдэйн жаалыг бүтээсэн сийлбэрч Жеппетто хүүгээ хайрлаж халамжлах гэж, илүү ухаантай, шударга байлгах гэж хамаг чадлаараа хичээнэ. Гэвч Пиноккиогийн дуулгаваргүй, сониуч  зангаас болж тэр нэг бус удаа санаанд ч оромгүй аюулд орох бөгөөд түүнээс гарах гэж томоохон саад бэрхшээлтэй тулгарна. Эдгээр адал явдлуудын зарим нь хөгжилтэй, зарим нь аюултай, харин зарим нь бага зэргийн эрсдэлтэй.

Ном дээрх Пиноккио хүүхэлдэйн кинон дээрх дүрээс илүү сахилгагүй, илүү муу үйлийн эзэн болж гарах нь ажиглагддаг билээ. Тэрээр сайн хүү байхыг үнэхээр их хүсэж, өөрт учирч буй зүйлээ буруу, муу гэдгийг нь ухамсарлаж байсан ч нэг л болж өгөхгүй байдаг. Гэхдээ тэрээр яг үнэндээ өөрийнхөө хүслээр сахилгагүйтэж, аливаа буруу зүйл үйлдэн, аюулд ороод байгаа нь тийм ч их биш. Харин бусдын уруу татлага, мэхлэлээс болж гай зовлонд унах нь элбэг тохиолдоно.Сургууль дээрээ хүртэл хэн нэгэнтэй харьцуулагдаж, муу хүүхэлдэй гэсэн цол хэргэмийн эзэн болно. Бас хэтэрхий гэнэн гэмээр сонголт хийх нь ч харагдаж байлаа. Аргагүй шүү дээ тэр чинь дөнгөж хорвоо дэлхийтэй танилцаж байгаа модон хүүхэлдэй.

Хамгийн гол нь тэрээр энэхүү олон сахилгагүй үйл, бүтэлгүйтэл, муу хүүхэлдэй гэсэн нэрийн дараа олон зүйлийг суралцаж жинхэнэ хүүхэд болж чаддаг билээ. Ингээд харахаар хүүхэд ч гэсэн дүрсгүйтэлийнхээ дараа өөр нэг зүйлийг сурсан байдаг шүү дээ. Томчууд хүртэл нэг нэгэндээ алдаж унаж байж суралцдаг гэж хэлдэг мөртлөө хүүхдээ алдахад нь яагаад муу хүүхэд гэсэн нэрээр “шагнадаг” юм бол? Чухамдаа муу хүүхэд гэж байдаггүй, муу үйлдэл л гэж байдаг ажээ.

Харин одоо зохиолын эхлэл хэсэг рүү эргээд жаахан нэг харъя. Жиппетто ямар хүн байв? Тэрээр зохиолын эхлэлд найзаасаа хэрчим мод авахаар гэрт нь очдог билээ. Харин тэрхүү зүйл нь зодоон зохион болдог талаар ном дээр өгүүлэх болно. Тэр хоёр бие биенээ элдэв янзын хочоор дуудаж, хүүхдүүд шиг гэмээр хачин инээдтэй үйлдлүүд гаргадаг. Харин үүнээс үзвэл тэд биеэрээ том болсон хэдий ч зарим нэг зүйлээрээ хүүхдээрээ буюу насанд хүрээгүй байгаа талыг харуулжээ. Мөн тэрээр Пиноккиод цагаан толгой авч өгөхийн төлөө хүрмээ зарчихаад “Аав аа, яагаад таны хүрэм байхгүй байгаа юм бэ?” хэмээн асуухад нь “Намайг халууцуулаад байсан учраас зарчихсан” хэмээн худал хэлэх болно. Мэдээж тэр түүнийг санаа зовох вий хэмээн үнэнийг нуусан байж болох ч санамсаргүйгээр түүнд худал хэлэх талаар заагаад өгчихсөн юм биш байгаа. Гэхдээ тэрхэн үед Пиноккио бүх үнэнийг аль хэдийн ухамсарласан байдаг билээ.  Тэгэхээр томчууд бид хүүхдээ сайн нэгэн болгохын төлөө зарим нэг зүйлийг түүнийг ойлгохгүй хэмээн нууж, худал хэлж байгаад эргээд ямар нэгэн үр дагавар дагуулдаг гэдгийг ойлгодоггүй бололтой. Бас эхлээд нэг өөрсдийгөө сэтгэл санааны хувьд насанд хүрсэн үү гэдгээ өөрөөсөө нэг асуугаад үзэцгээе.

 

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/