- "Энэ бол Улаанбаатар" номын зураач Л.Нямдоржтой товчxон ярилцав. Энэхүү ном яагаад хүүхдүүдийн, мөн эцэг эхчүүдийн дуртай ном болов?
1. "Энэ бол Улаанбаатар" номын хамгийн гол онцлог, үнэ цэн нь юу вэ?
Хотыг хүнтэй зүйрлэвэл тэрхүү хүнийг бүтээж буй эд эс бүхэн нь хотын иргэд өөрсдөө юм. Гудамжинд хогоо, шүлсээ хаяхгүй байх зэрэг энгийн үйлдлүүдээс л хайр эхэлдэг. Бид өөрсдөө л хотоо хайрлах хэрэгтэй. Үнэ цэн нь үүндээ бий. Энэхүү ном нь нуршсан их тексттэй түүхийн ном биш ч тодорхой хэмжээнд хотынхоо түүхэн дурсгалт газруудыг мөн хотод өнгө зүс нэмж буй шинэ зүйлсийг зураг дүрслэлээр дамжуулан, товч тодорхой тайлбарын хамт уялдуулж оруулснаараа онцлогтой.
2. Чиний зурсан зургуудыг хараад хүүхэд /хүмүүс/ юу мэдрээсэй гэж хүсэж, бодож зурсан бэ?
Номын зохиолч Даваасүрэн агуулгаа бэлдэж, зохиолоо бичсэн тул тэр талаар сүртэй их бодоогүй. Зохиолчийнхоо санааг яаж дүрсэлбэл оновчтой вэ гэдэг талаас нь түлхүү анхаарсан. Зохиолчийн хувьд Улаанбаатар хотын гэгээлэг өнгөлөг зүйлсийг ч, бараан сүүдэртэй талыг ч дурдсан байсан. Хүүхдийн зурагт ном ямар нэгэн зүйлийн сайн, муу аль аль талыг харуулж, ойлгуулж байх үүрэгтэй гэж боддог.
3. Энэ номоос ямар нэгэн зүйл сурах нь чухал уу? эсвэл зүгээр л харж, ямар нэгэн зүйл мэдрээсэй гэж хүсэж байна уу?
Сурах гэхээсээ илүү таньж мэдэх гэвэл илүү ойр байна байх. Бусад хөгжингүй улсад хот суурин хөгжөөд олон зуун жил болсон түүх бий. Үүнтэй харьцуулбал манай хот харьцангуй шинэхэн, залуу хот шүү дээ. Гэхдээ бид өөрсдийн гэсэн түүхтэй бөгөөд бид өөрсдөө бичилцсээр байна. Улаанбаатар хот маань нялх амьтан байхгүй юу. Тордох хүмүүс нь бид өөрсдөө юм.
4. Манай улсад ер нь хүүхдэд зориулсан иймэрхүү зурагт ном хэр их байдаг вэ? Ийм төрлийн ном хүүхдэд ямар хэрэгтэй вэ?
Монголд чимэг зурагтай ном маш их бий. Үүнээс ихэнх нь үлгэрийн номууд эзэлж байх шиг байна. Харин зурагт ном бол монголын хувьд шинэхэн ойлголт, тиймдээ ч тун цөөхөн. Мэдээж эрхийг нь худалдаж аваад хэвлүүлсэн номууд нэлээд байх болсон. Хэн нэгний луу юм уу мангастай тулалдсан баатарлаг үйл хэргийг сонсох тийм ч үр өгөөжтэй биш болжээ. Харин аливаа нэгэн дүр бусадтай адил сэтгэл хөдлөлтэй, алдаа дутагдалтай, өөрийгөө олж нээх гэсэн хүсэл эрмэлзэлтэй байдаг тухай хүүхдийн нас насны онцлогт тохируулан дүрслэх нь үр дүнтэй юм.
5. Ямар шийдлээр дүрүүд болон хотын гудмаа дүрсэлье гэж бодсон бэ?
Хэлбэр дүрс, өнгөний шийдлээ бодит байдал дээрх шиг дүрслэхийг хичээгээгүй, хэт гоёчилж дүрслэхийг ч зориогүй.
6. Эдгээр "хөөрхөн" зургийг зурахын тулд тухайн газар, жишээлбэл музейн гадаа ч юм уу очиж, ажиглалт хийсэн үү?
Бидний мэддэг ч анзаардаггүй зүйлс их бий, хажуугаар нь олон өнгөрсөн ч тогтож ажиглах нь цөөн. Судалгааны зориулалтаар "бүрэн ажиглалт" хийхийн тулд маршрут гаргаад дурдагдсан газруудаар явсан.
7. Энэхүү номыг бүтээхэд хэр их хугацаа, хөдөлмөр орсон бэ? Бэрхшээл болон аз жаргал нь юунд байв?
Нэг бүтэн номын зураг гаргахад ажлын 7 хоног, хэдэн ширхэг цаас, харандаа л хэрэг болдогсон бол номын санаа нь байгаад зохиол нь бэлэн бол жилд хэчнээн ч хүүхдийн зурагт ном гаргаж болохыг таахын аргагүй. Нэг зурагт ном бэлэн болох хугацаа багадаа жилээр яригддаг юм байна гэдгийг ойлгосон. Эцсийн чанартай бүтээлийг бий болгохын тулд бүтэн баг шат дамжлагатайгаар тодорхой хугацаанд төлөвлөгөөний дагуу ажилладаг юм.
8. Нуршуу хэрнээ гүнзгий агуулгатай ном болон бага тексттэй, гоё зургуудтай номын ялгаа нь юу вэ? Зураач хүний өнцгөөс хэлэхэд үгнээс илүү зураг хүчтэй сэтгэгдэл үлдээж чадах уу?
Үг, зураг аль аль нь хүчтэй сэтгэгдэл төрүүлэх чадвартай. Гэхдээ хэдэн насны хүнд ямар дүрслэлээр илэрхийлэх вэ гэдэг чухал. Номын агуулга, өгүүлэмж зорилтот бүлэгтэй байх ёстой гэдэг зайлшгүй дүрэм байдаг гэж хэлэхгүй ч нас насны онцлогт нь тохируулсан байх нь анхаарах хэрэгтэй л зүйл. Хүүхдийн зурагт ном цуглуулдаг насанд хүрсэн хүмүүс байдаг ч орой унтахдаа уншдаг эсвэл өөрийн нэгэнт олж мэдсэн зүйлээ дахин дахин уншаад байдаг нь цөөхөн шүү дээ. Тиймээс хүүхдэд зориулсан ном зураг, дүрслэл сайтай, үг цөөтэй байх нь чухал.
СЭТГЭГДЭЛ