“ДААШИНЗТАЙ ХӨЛ БӨМБӨГЧИД” НОМЫГ  АНГЛИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТУУД ЗАВГҮЙ ГЭР БҮЛИЙН ЗААВАЛ УНШИХ 10 НОМЫН НЭГЭЭР СОНГОЖ БАЙНА.

Яагаад зөвхөн хүүхэд биш гэр бүлээрээ унших хэрэгтэй гэж үзсэн юм бол оо? Учир нь Дэвид Воллиамсын ихэнх зохиол дан ганц хүүхдэд биш мөн томчуудад зориулсан байдгаараа тун онцгой байдаг. Томчуудын өөрсдөө ч анзаардаггүй алдааг номдоо тун хөгжилтэй жишээгээр оруулж өгсөн байдаг билээ. Воллиамсын “Гангста эмээ” ном ч мөн адил гэр бүлээ хайрлах хийгээд, үр хүүхдэдээ анхаарал хандуулах нь чухал гэсэн гол санааг агуулдаг. Тэгвэл “Даашинзтай хөл бөмбөгчид” номоос ээж аавуудын суралцаж болох 5 чухал зүйлийг хүргэж байна. Мөн тухайн номыг уншсан эцэг эхчүүдийн сэтгэгдлийг уншиж сонирхоорой.


1. Хүүхдийнхээ юунд дуртай талаар ярилцах

-Би үүнийг воог сэтгүүл гэдгийг харж байна. Харин яагаад миний хүү энэ загварын сэтгүүлийг үздэгийг мэдмээр байх юм.

...- Надад зүгээр л таалагдсан юм. Энэ зүгээр л даашинзны зураг, нийтлэлтэй сэтгүүл шүү дээ....

...Хүү минь, үүнийг хогийн сав руу хаях хэрэгтэй гэлээ

-Гэхдээ аав аа гэж Дэннис эсэргүүцэв.

-Намайг уучлаарай, гэхдээ чиний насны хүү Воог сэтгүүл уншина гэдэг зохимжгүй зүйл.

Яагаад эмэгтэй хүүхдүүд хөл бөмбөг тоглож, техник технологоор оролдож, харин эрэгтэй хүүхдүүд урлаг, хувцас загварын талаар сонирхож болохгүй гэж. Заавал эмэгтэй хүүхэд тэгэх ёстой, эрэгтэй хүүхэд ингэх хэрэгтэй гэсэн зүйл байхгүй шүү дээ. Тиймээс хүүхдийнхээ юу хүсдэг, юу хийх дуртай талаар ярилцаж байх хэрэгтэй юм. Хэрэв таны санаанд нийцэхгүй зүйл хийвэл зэмлэхийг урьтал болгохгүйгээр ярилцаж үзэх хэрэгтэй юм шүү.


2. Тэднийг дэмжих

...Тэр ирж байгаа нь сайн хэрэг шүү. Манай аав намайг тэмцээнд орж байхыг хэзээ ч харж байгаагүй гэж Дэннис хариу хэлэв...

...Би аавыг чинь эхний хагасын завсарлагаанаар дуудчихсан юм гэж Дарвиш хэлээд цааш нь Аав чинь хэзээ ч чиний тоглолтыг үзэж байгаагүй гэж хэлж байсан болохоор чинь энэ тоглолтыг заавал үзэх байх гэж бодсон юм.

-Баярлалаа анд минь гэж Дэннис хэлэв...

Та хүүхдээ юунд дур сонирхолтойг нь мэдсэн бол цаашид түүнийг нь дэмжих хэрэгтэй. Хүүхдээ сонирхлынх нь дагуу дугуйланд явуулж, ном авч өгөх гэх мэт бие бялдар, оюун ухааныг нь хөгжүүлэх зүйлсээр дэмжихийн хажуугаар этгэл зүйн дэмжлэг үзүүлэх нь хамгийн чухал юм шүү. Чадахгүй зүйл байвал шантрах хэрэггүйг ойлгуулж, урмын үгээр тэтгэн, тэмцээн уралдаанд оролцох үед нь заавал очоорой.


3. Сэтгэл санаагаар унавал уйлж болно гэдгийг хэлэх

...Тэр хэзээ ч эргэж ирэхгүй, Дэннис. Одоо уйлахаа боль, охид л уйлдаг юм.

Гэвч Дэннис уйлахаа больсонгүй. Больё гэж хичээсэн ч чадсангүй. Түүний сэтгэлийн шаналал далайн давлагаа мэт цалгилан  түүнийг сөхрүүлж, нулимсанд нь живүүлэх шахаж байв...

Ихэнх томчууд эрэгтэй хүүхэд уйлахад нь “эр хүн уйлдаггүй юм, өөрөө унасан хүүхэд уйлдаггүй, тэр хар даа! эрэгтэй хүүхэд байж уйлаад байгаа юм уу?, шоолоорой” гэх мэтчилэн багаас нь сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд нь “болохгүй” гэдэг үгээр хориглож байдаг. Үүгээр “эр хүн уйлж болдоггүй юм байна ,ингэвэл бусдад сул дорой харагдана, сэтгэл хөдлөлөө илэрхийлж болохгүй юм байна” гэсэн ойлголттой болж өсдөг байх нь.  Ингээд насанд хүрээд хүнд хэцүү зүйл тохиолдвол тэрхүү зүйлээ дотроо тээсээр хэн нэгэнд илэрхийлж чадахгүйн улмаас сэтгэл санааны гүн хямралд орно. Улмаар багаасаа сэтгэл хөдлөлөө илэрхийлж сураагүй хүүхэд сэтгэлийн тэнхээгүй, тэвчээргүй, шантрамтгай хүн болж төлөвших хандлагатай. Тиймээс таны хүүхэд уйлж байвал хориглох хэрэггүй. Харин багаас нь сэтгэл санаагаа нээлттэй илэрхийлж чаддаг болоход нь аав ээжүүд туслах хэрэгтэй юм шүү.


4. Хүүхдийнхээ саналыг асууж байх

...Угаалгын өрөө яг л авакода жимстэй адил хар ногоон өнгөтэй аж. Аав ээж хоёр нь угаалгын өрөөндөө яагаад ийм жигшүүртэй өнгө сонгосныг Дэннис ойлгосонгүй. Хэрвээ түүний саналыг асуусан бол тэр угаалгын өрөөг зааны ясан шаргал өнгөөр будаж , хар цагаан өнгийн шаазан хавтанцартай хослуулах байсан юм. Гэвч хүүхэд болохоор түүний саналыг хэзээ ч асуудаггүй билээ...

Жижиг том гэлтгүй ямар нэгэн зүйлийг сонгох ч юм уу, аливаа асуудлыг шийдвэрлэхдээ хүүхдээсээ саналыг нь асууж байгаарай. Тэд заримдаа томчуудаас ч илүү сайн сонголт хийдэг юм шүү. Тэгвэл хүүхэд аав ээж нь ч гэсэн өөрийг нь чухалд тооцон хүндэлж байгааг ойлгох болно. Жишээлбэл, хэрэв та хүүхдэдээ ном авч өгөх гэж байгаа бол аль болох өөрөөр нь сонгуулж, ярилцаж байж авч өгвөл тэд өөрсдийн сонирхлын дагуу сонгосон номоо хүчлэхгүй унших болно шүү. 


5. Үргэлж хайртай гэдгээ илэрхийлж тэвэрч байх

...Энэ гэрт баримтлах дүрмийг танилцуулбал

Ээжийн талаар ярихгүй

Уйлахгүй

Энэ бүгдээс хамгийн муухай нь тэврэлдэхгүй...

...Дэннисийн аав түүнийг бараг тэвэрдэггүй нь харамсалтай. Том биетэй хүнд тэврүүлэх их сайхан байдаг шүү дээ, яг л зөөлөн тухтай буйдан мэт таатай...

...Намайг тэврээч гэж Дэннис хэллээ

-Үгүй шүү

-Яагаад үгүй гэж?

-Яагаад гэвэл би чиний ах. Би чамайг тэврэхгүй, энэ чинь гажиг зүйл...

Тэврэлт нь аз жаргалын дааврыг ихэсгэж, өвдөлт болон сэтгэл гутралыг намдаадаг гэдгийг эрдэмтэд тогтоосон байдаг билээ. Тиймээс та зөвхөн хүүхдээ ч гэлтгүй хайртай дотнын хүмүүсээ тэвэрч байгаарай. Мөн заримдаа урам зориг өгөн мөрөн дээр нь зөөлхөн зохих, толгойг нь илэх, үнсэх гэх мэт биеийн хэлээр тэдэнд урам зориг өгч байх хэрэгтэй шүү. Ийнхүү аав ээжээрээ тэврүүлж урмыг үгс сонссон хүүхэд бусдыг ч хайрлаж энэрэх сэтгэлтэй болж өсдөг билээ.


Дүгнэлт

Томчууд бид ихэнхдээ хүүхдэдээ тохиолдсон аливаа асуудлыг зөвхөн том хүний үүднээс харж шийдвэрлэх гээд байдаг. Харин үүнийг урьтал болголгүйгээр юун түрүүнд тэдний оронд өөрсдийгөө тавьж үзвэл тухайн асуудлыг арай нааштай арга замаар шийдвэрлэж болохыг анзаарах болно. Мөн хүүхдийнхээ дуртай зүйлсийн талаар ярилцаж, түүнийг нь дэмжин үргэлж урмыг үг хэлж урамшуулж байгаарай. Хэрэв тэд сэтгэл санаагаар унавал сайн найз шиг нь ярилцаж, сэтгэл хөдлөлөө нээлттэй илэрхийлэхэд нь туслах хэрэгтэй байх нь. Ямар нэгэн шийдвэр гаргах болбол хүүхдийнхээ саналыг сонсох нь бас их чухал шүү. Хүүхдүүдээ өдөр бүр тэврээд ямар их хайртайгаа илэрхийлэхээ мартав аа. Мөн хамтдаа энэхүү номыг уншин илүү их зүйлст суралцаарай. 

“Даашинзтай хөл бөмбөгчид” номыг хүүхдэдээ уншуулсан, өөрсдөө уншиж сонирхсон томчуудын сэтгэгдлээс...

  • Би энэхүү номыг хуучин номын худалдаанаас 12 настай охиндоо худалдаж авсан юм. Харин ном нэг их уншаад байдаггүй охин минь үүнийг маш хурдан уншиж дуусгахыг хараад би их гайхаж бас маш их баярласан. Marthese Formosa /Их Британи/
  • Энэ ном бол Дэвид Воллиамсын бас нэгэн сонирхолтой бүтээл. Үүнийг 6 болон 8 настай хөвгүүддээ авч өгсөн бөгөөд одоо тэдний хамгийн хайртай номуудын нэг болсон билээ.    Ялангуяа бид түүний бүх ном дээр гардаг дэлгүүрийн худалдагч Ражад үнэхээр их дуртай. Диана /Их британи/
  • Дэвид Воллиамс бол хошин шогийн чадамгай жүжигчин болохоор ч тэр үү, түүний зохиосон номууд маш хөгжилтэй, сонирхолтой байж чаддаг. Хүүхдүүд ч түүний зохиолд дуртай байхын хажуугаар эцэг эхчүүд үүнээс маш их зүйлийг суралцах болно. Тиймээс томчуудад санал болгох ном гэвэл би түүний номуудыг нэрлэнэ. Tara Calaby /Их Британи/
  • Дэвид Воллиамсын бичлэгийн хэв маяг бусдаас үнэхээр өөр байж чаддаг шүү. Түүний бүтээлүүдэд үлгэрт л гардаг дүрийг биш жинхэнэ амьдрал дээрх дүрийг тусгаж өгдөг болохоор үнэхээр сонирхолтой санагддаг. 13 настай охинд минь түүний зохиолууд үнэхээр таалагддаг ба ялангуяа тэр хөгжилтэй дүр дүрслэлд их дуртай байдаг. Мэдээж бид ч гэсэн Ражад маш их дуртай шүү. Nicky /АНУ/
  •  “Даашинзтай хөл бөмбөгчид” ном бол үнэхээр хөгжилтэй бас их сонирхолтой зохиол. Манай гэр бүлийхэн бүр кинонд ч мөн адил дуртай болсон шүү. Мөн энэхүү бүтээлийг зөвхөн хүүхдүүдэд ч уншаад зогсолтгүй томчууд ч гэсэн  унших хэрэгтэй санагдсан. Тэд үүнээс маш их зүйлийг сурах болно. Tessa /Их Британи/
  • Энэхүү зохиол нь хөгжилтэй бас гунигтай сэдвийг аль алийг нь тусгаж өгсөн бүтээл юм. Томчуудын гаргадаг алдаа,гэр бүлээ хайрлахын чухлыг болон хамгийн сонирхотлой нь жендэрийн асуудлыг тусгаж өгснөөрөө тун онцлог юм. Тиймээс ч би хувьдаа бүх насны хүмүүс уншаасай гэж хүсэж байна. Lorese/ Их Британи/




Эх сурвалж: "Жангар" хүүхдийн номын редакц




 


СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/