"Түүний чимээгүй байдал яг л толь мэт - чиний хэн болохыг чам руу тусган харуулах шиг. Гэхдээ ихэнхдээ чи муухай дүр зургаа л харах болно"

Зохиолын турш Алиша үг дуугарахгүй ч түүний бодол сэтгэгдлийг өдрийн тэмдэглэлээс нь уншиж болно. Гэхдээ тэр нь үнэн эсэхийг хэн, яаж мэдэх вэ?


Алекс Михаэлидесын Хэлгүй өвчтөн бол гэмт хэрэг/үл тайлагдах нууцад дурлагсдын хорхойг гижигдсэн сэтгэл зүйн триллер төрлийн ном юм. Ээдрээтэй үйл явдалтай хэрнээ энгийн шулуухан бичлэгтэй тус ном энэ онд худалдаанд гарсан цагаасаа эхлэн олон улсын янз бүрийн номын жагсаалтыг тэргүүлээд байна. Ялангуяа Америкийн номын зах зээл маш их өрсөлдөөнтэй, триллер номууд тэр дундаас ялгаран гарч, уншигчид, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авах нь цөөн. Харин тус ном хэвлэгдсэнээсээ ердөө хэдхэн долоо хоногийн дотор Нью-Йорк Таймс сонины Бестселлер жагсаалтыг тэргүүлсэн юм. Түүгээр ч зогсохгүй Брэд Питтийн кино продакшн (Plan B) тус зохиолоор кино хийх эрх авснаа өнгөрөгч 4-р сард мэдээлсэн билээ. Өнөөдрийн байдлаар тус ном дэлхийн 45 улсад хэвлэгдэн гарсан байна. 


Зохиолын эхний өгүүлбэр "Алиша Беренсон нөхрөө буудаж хороохдоо гучин настай байв" гэж эхэлдэг нь уншигчдад яг юуны тухай өгүүлэх гэж буйгаа тодорхой хэлэх мэт. Хэлгүй өвчтөн зохиолын гол дүр Алиша зургаан жилийн өмнө нөхрөө хороосноос хойш огт үг дугараагүй юм. Сэтгэцийн эмч (Тео Фейбэр) түүнийг эдгээхийн тулд, мөн яагаад нөхрөө хороох болсныг илрүүлэхийн тулд бүх хүчээрээ ажиллаж эхэлдэг. Сэтгэцийн эмч Алишаг судалж, сэтгэл зүй, оюун бодолд нь нэвтрэхийг хичээдэгтэй ижил, зохиогч мөн адил гол дүрүүдээ задлан шинжилж, маш чадварлагаар тэднийг "судалдаг".

Хэлгүй өвчтөн ном бусад триллер зохиолуудаас ялгарах нэг өвөрмөц онцлогтой. Ихэнх гэмт хэрэгт триллер зохиолууд гэмт хэргийн мөрөөр мөшгиж, гэмт хэргийг илрүүлэх замаар бичигдсэн байдаг бол Хэлгүй өвчтөн ном нь гэмт хэрэгтний сэтгэл зүйг судалж, уншигчдад нээн тайлбарлахыг зорьсонд гол онцлог нь оршино. Энэ ном бүхэлдээ "дүр, араншин судлал мэт" өрнөдөг тул сэтгэл зүйн триллер гэсэн ангилалд хамааруулж байгаа гэж ойлгож болох юм.

Хэлгүй өвчтөнг унших явцад хоёр чухал асуулт яах аргагүй толгойд эргэлдсээр байна. 
1. Алиша нөхрөө буудаж хороосон уу?
2. Сэтгэцийн эмч Тео яагаад Алишаг яриулах гээд улайраад байна вэ? 

Харамсалтай нь уншигч та хичнээн янзаар дотроо таамаглал дэвшүүллээ ч хариултыг нь төгсгөлийг нь унших хүртлээ мэдэх боломжгүй. 


Хэлгүй өвчтөн зохиолын төгсгөл нь дэндүү төгс! 

Энэ бол уншиж эхэлмэгцээ шууд автуулдаг төрлийн ном бөгөөд төгсгөлд нь бүх үйл явдлын зангилааг итгэмээргүй байдлаар тайлбарлаад дуусдаг. Ихэнх гэмт хэрэг, триллер төрлийн номууд оньсого таавар мэт үргэлжилсээр төгсгөлд нь сэртхийх аятай дуусдагаараа онцлогтой байдаг. Энэ ном тэрхүү онцлогийг маш сайн гаргаж өгсөн гэж хэлж болно. Сүлбэлдсэн олон асуудлууд, гэнэтийн эргэлтүүд нь тус номыг яах аргагүй сонирхолтой болгожээ.


"Би энэ номын төгсгөлийг унших хүртлээ тийм ч сайн ном биш байна даа гэсэн бодолтойгоор, зарим нэг сонирхолтой үйл явдлуудад хөтлөгдөн уншсаар байв. Тэгтэл эхний хэсгүүдийг урамгүйхэн уншсаны минь хариуд жинхэнэ төгс төгсгөл өгсөн болохор сэтгэл ханасан. Хэлгүй өвчтөнийг хэзээ нэгэн цагт ямар нэгэн зүйл хэлэх байх гэдгийг мэдэж байгаа хэрнээ яг хэзээ дуугарах бол хэмээн хүлээн уншлаа. Хүнд хэллэг, агуулга бүхий харилцан яриа ихтэй тул кино болоход тохиромжтой зохиол юм."  

-Бэнжамин Кассиди, урлаг, уран сайхны сэтгүүлч (The Berkshire Eagle)



Тео гэж хэн бэ? 

Тэр бол 42 настай, шүүх эмнэлгийн сэтгэцийн эмч бөгөөд Алишагийн хэвтэж буй эмнэлэгт ажиллаад удаагүй байгаа нэгэн юм. Тэрээр Алишагийн хэрэг дээр ажиллаж, түүний эмчилгээний багт хүчээр ордог. Учир нь Тео бусад хүмүүсийн хийж чадаагүй зүйлийг хийж, хэлгүй өвчтөнийг яриулж чадна гэдэгтээ бат итгэдэг. 

Гэхдээ өвчтөн түүнд хамаг юмаа дэлгэн хэлэх зорилгын хүрээнд номын гол утга санаа оршихгүй. Номд ерөнхий хоёр дүр зураглал гардаг. Эхнийх нь эмнэлэг доторх соёл буюу аливаа ажлын байранд үргэлж гардаг хүмүүсийн зан төлвийн хоорондын зөрчил, хамтрагч нарын өрсөлдөөн, өвчтөн нарыг хэрхэн асарч буй талаарх дүр зураг юм. Хоёрдох дүр зураг нь Теогийн хувийн амьдрал юм. Түүний амьдралыг уншихад танд таатай санагдахгүй л болов уу. Алиша шиг хүнд өвчтөнтэй ажилладаг түүнд хангалттай дарамт байдгийн дээр хувийн амьдралд нь аз жаргал гэх зүйлгүй.    

Триллер зохиолууд бүхэлдээ төгс байх боломжтой юу?

Мэдээж боломжтой. Гэхдээ ийм төгс зохиол тун цөөхөн. Хэлгүй өвчтөн ном бүхэлдээ төгс үү? гэвэл үгүй. Зарим дүрүүд марзан, хүүхдийн гэмээр зан араншинтай нь тус зохиолын дутагдал гэж үзэж болно. Мөн эхлэл хэсэгтээ "бага зэрэг хуурамч" өнгө аястай олон мөр үргэлжлэх нь хүмүүсийг анхнаас нь төрөгдүүлэх гэж хичээсэн болхидуухан арга юм. Энэ номын амтлаг, шим шүүслэг махыг идэхийн тулд наана нь нэлээд олон зууш идэж гэдсээ дүүргэх хэрэг гарна. Өөрөөр хэлбэл гол үйл явдал, өрнөлийг ойлгохын тулд эхлээд дүрүүдээ болон тэдэнтэй холбоотой ерөнхий мэдээллийг мэдсэн байх хэрэгтэй гэсэн үг. Гэхдээ бичлэгийн иймэрхүү янз бүрийн өнгө аяс ямарваа нэгэн триллер зохиолд их, бага гэлтгүй шингэсэн байдаг.


 “...Би одоо ойлгосон. Би хэзээ ч аюулгүй байхгүй. Хэзээ ч хайрлуулахгүй. Бүх л итгэл найдвар, хүсэл мөрөөдөл минь үгүй болж, юу ч үлдээгүй, юу ч. Аавын минь зөв байжээ. Би амьдрах эрхгүй. Би юу ч биш. Габриель (Алишагийн нөхөр) намайг ингэж орхисон юм. Ийм л зүйл болсон. Би Габриелийг алаагүй. Тэр намайг алсан. Би зөвхөн гох л дарсан...”     


Номын тухай бичлэг

Зохиолчийн тухай товчxон:

  • Алекс Михаэлидес нь 1977 оны 9-р сарын 4-нд Кипр улсад төрсөн.
  • Кэмбриджийн их сургуульд Английн утга зохиолоор бакалаврт суралцаж төгссөн.
  • Америкийн Кино Институтийн Кино зохиолын ангид суралцаж, мастерын зэргээ хамгаалсан.
  • Тэрээр "Devil You Know" киноны зохиолыг бичсэн, мөн "The Con is On" киног хамтран зохиосон хүмүүсийн нэг юм. 
  • Хэлгүй өвчтөн бол түүний анхны зохиол бөгөөд 2019 оны 2-р сард худалдаанд гарсан.


Энэхүү сэтгэл түгшээсэн уран бүтээл Михаэлидесийг триллер зохиолыг гарамгай туурвигч нэгэн гэдгийг олон нийтэд баталж чадсан юм.

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/