1. ИВАН ИЛЬИЧИЙН ҮХЭЛ (Л.Н.Толстой)
Энэхүү туужид нэгэн прокурор эрхмийн зовлонт үхлийн тухай хүүрнэдэг. Уг туужийг "ер бусын уян хатан дүрслэл, гашуун үнэн, элдэв хачиргүйгээрээ Оросын утга зохиолын түүхэнд гарсан хосгүй үзэгдэл мөн гэж тооцвол зохино” хэмээн утга зохиол судлаач А.Лисовский нэгэн сэтгүүлд бичжээ.
Туужийн эхэнд Иван Ильичийн үхлийн тухай ажлын хамтрагчид нь дуулах бөгөөд хөөрхий түүний үхэлд гашуудах хүн үл олдоно. Тэрний оронд хүн бүр дор бүрээ албан тушаалын ашиг сонжоо юу билээ хэмээн сэтгэнэ.
/Хуудасны тоо: 112/
2. ЖАМИЛЬ (Чингиз Айтматов)
Чингиз Айтматов 1958 онд буюу ердөө гучин настайдаа өөрийн хамгийн их уншигдсан бүтээл Жамиль туужаа бичжээ. Үүнийг “дэлхийн хамгийн сайхан хайрын түүх” хэмээн дүгнэсэн нь бий.
Зохиолын үйл явдал Дэлхийн II дайны гурав дахь жилд (1943 он) Киргизстаны тал нутгийн нэгэн тосгонд өрнөж, шударга, хөдөлмөрч, үзэсгэлэнт залуу бүсгүй Жамильд төвлөрнө. Түүний нөхөр Садык нацист Германы эсрэг дайнд явсан бөгөөд тэр цагт киргиз эрчүүдийн ихэнх нь фронтод тулалдаж байсан учир хүүхдүүд, хүүхнүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд тосгоны тариан талбайд ажиллаж, амьжиргаагаа залгуулдаг байлаа.
/Хуудасны тоо: 100/
3. ХАЙРЛАХ УРЛАГ (Эрих Фромм)
Эрих Фромм хайрыг зүгээр нэг гэнэт учирдаг тэгээд л өөрөө цааш яваад өгдөг мэдээжийн үйл явдал биш гэдгийг анхааруулж, бусдыг хайрдахын тулд хайрлах урлагт суралцах хэрэгтэй хэмээн зөвлөжээ.
“Хайрыг хайрла” ном нь гурван хэсэгтэй. Замбараагүй байдал хэмээх нэгдүгээр хэсэгт хүмүүсийн харилцаанд ямар ямар алдаа гардгийг авч үзнэ. Хариуцлага хүлээх гэсэн хоёрдугаар хэсэгт тухайн харилцааг орхиод явах уу эсвэл үлдэх үү гэдгийг авч хэлэлцэнэ. Ажил хэрэг болгох гэсэн гуравдугаар хэсэгт та өөрөө ямар хань ижил болохыг хүсэж байгаа, танд юу саад болж байна вэ гэдгийг үзнэ.
/Хуудасны тоо: 158/
4. ШАТРЫН ТУУЖ (Стефан Цвейг)
Стефан Цвейг уг туужаа Бразиль улсад цагаачлан амьдарч байхдаа бичсэн бөгөөд 1942 онд амиа хорлон нас нөгчихөөсөө ердөө хэдхэн хоногийн өмнө Америкийн хэвлэлийн газартаа илгээж байжээ. Шатрын тууж зохиол Цвейгийн нацизмын тухай бичсэн цорын ганц бүтээл билээ.
Зохиолын үйл явдал Дэлхийн II дайны эхний жилд Нью Йоркоос Буэнос Айрес руу явж буй зорчигч тээврийн хөлөг онгоцны тавцан дээр өрнөнө. Туужийн би хүүрнэгч шатрын дэлхийн аварга алдарт Мирко Чентовичтой нэг онгоцоор аялах болсноо олны яриа хөөрөөнөөс олж мэднэ. Чентовичийг шатраас өөр зүйл мэддэггүй, таван үг ч холбоод биччихэж чаддаггүй, шуналтай, онгироо зантай хэмээн ард олон түүнийг дүгнэдэг юм санж.
Чинээлэг, зөрүүд бизнесмен Мак Коннор өрөг бүрт хоёр зуун тавин долларын төлбөртэйгөөр дэлхийн аварга Чентовичтой шатар тоглохоор тохирно. Гэхдээ хөлөг дээр цугласан хүн олон Мак Коннорт тусалж болох болзолтой аж.
/Хуудасны тоо: 100/
5. ЗӨВШИЛЦӨЛД ХҮРЭХ УРЛАГ (Рожер Фишер)
Тус номд бүхий л төрлийн маргаантай нөхцөл байдалд буулт хийлгүйгээр, уурлаж бухимдалгүйгээр харилцан зөвшилцөлд хүрч болох стратегийг алхам алхмаар тайлбарласан.
Харилцан ашигтай, зарчимч хэлэлцээр гэж юу болох; бодлогогүй эсвэл танаас өөр бодол, хэлэлцээрийн хэв маягтай хүнтэй хэрхэн хэлэлцээр хийх; хаана уулзах, хэн түрүүлж санал тавих; хэлэлцээрт хэрхэн давуу талтай байх зэрэг асуултад энэ ном хариулт өгнө.
Орчин үеийн бизнесийн үндсэн сурах бичгүүдийн нэг болсон энэ ном бүх шатны хэлэлцээр болон зөрчил маргаан шийдвэрлэх талаарх "Харвардын Хэлэлцээр Төсөл"-ийн судалгаан дээр үндэслэсэн юм.
/Хуудасны тоо: 218/
6. ГЭДЭС (Эндэрс Жулиа)
Энэ ном анагаах ухааны нарийн асуудлуудыг мэргэжлийн бус уншигч ч тун хялбар ойлгохоор энгийн, хөгжилтэй хүүрнэснийг Сэлф Магазин “Ийм төрлийн номыг ингэж амархан уншиж болох юм гэж ер бодсонгүй ...хосгүй өвөрмөц, ил шулуун бичсэн хөгжилтэй, ойлгомжтой ном...” гэж батлан өгүүлсэн юм.
Гэдэс маань бидэнд тархи, зүрхнээс дутахгүй чухал атал бид гэдэснийхээ тухай маш багыг мэддэг. Эгдүүтэй хөөрхөн гэдэс бүтээлээрээ Жулиа Эндэрс зүгээр л нэг байдаг, тэгээд үнэнээ хэлэхэд бүр санаа зовмоор гэж бидний зарим нь боддог эрхтэн маань харин ч хамгийн нарийн, чухал, бүр бидний анатомийн хамгийн гайхалтай нэгэн хэсэг байсныг харуулжээ.
/Хуудасны тоо: 276/
СЭТГЭГДЭЛ