1.       Багаас нь ном уншиж өгөх 

Хүүхдэд ном уншиж өгөхөд оройтно гэхээс хэзээ ч эртдэхгүй. Судлаачдын үзсэнээр хүүхдэд гурван сартайгаас эхлэн ном уншиж өгөх хэрэгтэй хэмээн үзжээ. Тиймээс хүүхдээ бага балчир гэж бодолгүй ном уншиж өгөх нь үр өгөөжтэй билээ. Ингэхдээ дүр бүрийн дуу хоолойг дуурайн, жүжиглэнгээ унших нь хүүхдийнхээ анхаарлыг илүү их татах болно. Мөн текстгүй, дан зурагтай ном харуулангаа ярилцвал бага насны хүүхдийн хэл яриа, мэдрэхүй, сэтгэн бодох чадварт тустай юм.


2.       Тоглоомоор дамжуулах унших сэдлийг төрүүлэх

Хүүхдэдээ тоглоомоор дамжуулан үлгэр ярьж өгөх хэрэгтэй. Жишээ нь туулайн тухай үлгэр ярьж байвал туулайн чихмэл хэрэглэж, түүгээрээ үлгэрт гарч буй хөдөлгөөн, үйл явдлыг  дуурайн үзүүлэх нь  илүү сонирхолтой хөгжилтэй байх юм. Мөн гар болон хуруун тоглоом ашиглаж болно.


3.      Эхлээд хүүхдэдээ текст багатай зураг ихтэй ном авч өгөөрэй.

Аливаа зүйлийг дадал зуршил болгохын тулд бага багаар ахиулах хэрэгтэй шүү дээ. Тухайн номын үйл явдлыг харуулсан зургууд хүүхдийн анхаарлыг татаж, цааш үргэлжлүүлэн унших хүсэл эрмэлзэлтэй болгох төдийгүй зургийн тусламжтайгаар төсөөлөн бодох чадвар хөгжих юм. Ихэнх эцэг эхчүүд зурагт номыг текст багатай гэж бодон хүүхдэдээ авч өгөхөөс зайлсхийдэг. Харин дөнгөж ном уншиж эхэлж байгаа хүүхэд хэт их тексттэй ном уншвал залхаж болзошгүй.


4.       Хэт төгс дүрээс зайлсхийх

Хүмүүс хүүхдэдээ аль болох төгс буюу бүх зүйлийг чаддаг, ухаантай, дуулгавартай, даруу төлөв зан чанартай, ажилсаг дүр гардаг ном авч өгөхийг эрмэлздэг шүү дээ. Сонин санагдаж магадгүй ч хүүхэд хэт төгс дүртэй ном уншсанаар өөрийгөө голох, бусадтай харьцуулах бодол төрдөг байх нь. Бүх хүүхэд л заримдаа дүрсгүйтдэг учир өөрсөдтэй нь адил дүр гарах ном сонгоорой. Хүүхэд тэднээс суралцаж алдаж онож байсан ч эргээд түүнээсээ суралцаж болох талаар ойлгох юм.


5.       Дуртай зүйлстэй нь холбох

Хэрэв таны хүүхэд ямар нэгэн хүүхэлдэйн кино үзэх дуртай бол түүнийх нь талаарх үлгэрийн ном авч өгч болох юм. Мөн бүжиглэх сонирхолтой бол бүжгийн тухай, хөгжим тоглох дуртай бол түүнийх нь талаар, компьютер тоглоом тоглох дуртай бол программын талаар гэх мэт тухайн хүүхдүүдийнхээ сонирхолд нийцүүлэн номоо сонгоорой.

6.      Уншиж буй номынх нь талаар ярилцах

Номынх нь дүрүүдийн талаар болон юу ойлгож, сурсан талаар нь асуугаарай. Хэрэв таны хүүхэд хараахан ямар нэгэн зүйл ойлгоогүй бол загнаж, зэмлэж хэзээ ч болохгүй шүү. Харин түүний оронд "Чамд ийм зүйл тохиолдсон бол яах байсан бэ? Би лав ингэх байсан” гэх мэт өөрийнхөө сэтгэгдлийг ч бас хуваалцаж, ярилцах нь зүйтэй хэрэг юм.


7.       Өөрөөр нь сонголт хийлгэх

Номын дэлгүүр ороод өөрөөр нь сонголт хийлгэж, яагаад энэ номыг уншихаар сонгосон талаар нь ярилцаарай. Мөн эцэг эх өөрсдийн сонгосон номоо харуулаад хүүхдийнхээ авах үгүйг, таалагдаж байгаа эсэхийг асуух нь зүйтэй юм.


 Эх сурвалж: Жангар хүүхдийн номын редакц

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/