“Эгнэшгүй цэнхэр өдрүүд” хэмээх шинэ түүвэр бүтээлүүдээ толилуулж буй Монголын радиогийн  “Шинэ эрин” станцын сэтгүүлч – редактор,  яруу найрагч  Балсангийн Лхагвасүрэнгийн уран бүтээлийн анхны түүвэр хэвлэлийг  30 жилийн өмнө  бахдан уншиж  суусан нэгэн цаг  миний биед бий.  Шинэ ном - шинэ хэвлэл, хуучин танил – өнийн дурсамж  хоёр сүлэлдсэнээр  бас ч,  наслахгүй зуун насны  нааш харсан хагасыг  нь давсан хүний жам ёсыг даганхан энэтээх өндөрлөгөөс залуу цагийн анд нөхөд, улиран одсон тэртээх он жилүүдийг ая хамтад нь дурсан санагалзах  тийм нэгэн сэтгэлийн бүлээхэн догдлол, ухаарлын бяцхан эргэцүүлэл, уярал хайрлалын бодол дурсамж тэргүүтэн гэнэ гэнэхэн хөндөгдөн байнам.  “Дээлийн шинэ нь нөхрийн хуучин нь”  гэж энэ ч юм болов уу ?

                             хх                                  хх                            хх

1989 он ! Даян дэлхийд социализм нуран унаж, даяар Монголд  хувьсгалын намар айлчилсан донсолгоонт жил ! Харин миний хувьд ажил амьдралын анхны зам жимийн  маань нэг болох эхний  томилолтоо Ховд дахь УБДС-д ажиллахаар авч,  алс баруун хязгаарт очсон залуу насны дурсгалт тэр жил !  Хүний амьдралын 30 жил хэмээх бүхэл бүтэн нэгэн үе нисэн өнгөрсөн байнам.

                            хх                                 хх                              хх

Алдрай насны шаналан, ардчилсан хувьсгалын өлгий, ажил албаны минь гараа,  Алтайн хязгаар алдар түүхт Ховд нутагт дурсан татагдах, дундарч дүүрэх олон олон дурсамж, учрал ерөөл, учиг тавилан тэргүүтэн байх хэдий ч  ажил мэргэжлийн  шаардлага, алба амины холбоо сүлбээ  гэхээсээ илүүтэй ая залуугийн нийцэл, ааш авирын дотносол, үнэт зүйлийн чиг баримжаа, үнэлэмж эрхэмнэл  тэргүүтнээрээ  арай ч жаахан илүүтэйгээр ижилдэн дотносож, илүү дутуугаа нөхөж, ижий ахай болж явцгаасан  нь их утга зохиолд татагддаг хэд маань байсан юм болов уу даа ?  Яруу найргийн билгүүн авьяастан, хүний орчлонгийн нэгэн ховорхон гэгээн хөвгүүн Д.Цогбадрах асан, эдүгээ цагийн энэхүү “Эгнэшгүй цэнхэр өдрүүд” номын зохиогч Б.Лхагвасүрэн хоёр маань миний анхны шавь нар гэхээсээ илүүтэй Ховдын цэнхэр хязгаар дахь миний анхны андууд билээ. МУИС-ийн социологийн тэнхимийн багш, манай нэн содон орчуулагчдын нэг, яруу найрагч Д.Мөнхтөр анд ... амь нэгтэй,  ачлал элбэрэлтэй явцгаажээ, БИД   !

                             хх                                  хх                             хх

     Залуу нас, утга зохиолын ертөнц, хүний мөс сэтгэл гурав нийлж зохирохоороо нэгэн насны  нөхөрлөл, хүндлэл, сэтгэлийн зовиур, гуниг харамсал, ухаарал эгээрлийг үлдээдэг ажээ.

                            хх                                хх                              хх

Ийм л  нэгэн  сэтгэлээр хөглөгдөн байж, өнгөрөн одсон  дурсамждаа хөтлөгдөнхөн Б.Лхагвасүрэнгийн “Алсад гэрэлтэх дулаахан” хийгээд “Эгнэшгүй цэнхэр өдрүүд”  хэмээх өгүүллэг туужийн түүвэр зохиолуудыг уншжээ. Тэрээр 2016 оны шилдэг богино өгүүллэгийн наадамд тэргүүн байр эзэлснийхээ дараахан сонинд өгсөн нэгэн ярилцлагадаа “Найзууд маань намайг их гэрэл гэгээтэй бичлэгтэй гэж хэлдэг” /”Өдрийн сонин” 2016,11,28/  гэсэн нь байх аж.  Би харин түүний ойрмогхон хэвлүүлсэн  болон эдүгээ хэвлүүлж буй хоёр түүвэр зохиолуудаас гэрэл гэгээ хараад байсан гэхээсээ илүүтэй цаг үеэтэйгээ хөлөө олоогүй бүтэл зэхий, тавилан хазгайдуу, орчлонгийн сайн муугийн шалгуурт бүдэрч сөхөрсөн бүгээн залуусын  гунигтай, гутралтай, хөндүүр гэхээр  элдэв түүхийг  уншсан. ”Сэтгэлээ хаанаас олох билээ” туужийн Хангай, “Алсад гэрэлтэх дулаахан” туужийн Дүүрэн болон Сумьяа, “Тэр алсад” туужийн Одгэрэл, “Намрын хөх будан” туужийн Рэгдэн, “Эгнэшгүй цэнхэр өдрүүд” туужийн Цэрмаа болон Дэлгэр ...  Ёстой  л  “Ай хөөрхий дөө, ийм амьдралыг хичнээн ихийг үзэж туулаа бол гэмээр өөгүй хөх тэнгэр гунигтайхан нэлийж хаа нэг тэмээн толгой шоволзож униар будан хөшилдөж зэрэглээ намилзана. Хэтэрхий бүгтхэн уйт хөдөөгийн амьдралаа гэж.” /”Эгнэшгүй цэнхэр өдрүүд”/ Ёс юм шиг тэр хөөрхийс хүний хувьд эвдэрч бүдгэрээгүй, сэтгэл зүрх нь нялхаараа, хатуурч харлаагүй,  эмзэг зөөлөн   авир төрхтэй, эелдэг дөлгөөн харьцаа элбэрэл ачлал үгүйлсэн хийгээд түгээсэн ёстой л “эдүгээ цагийн бус” гэмээр “эртний” хүмүүс байх нь  хайрламаар ч  хачирхмаар ч гээд хэлчихмээр... Яагаад хайрламаар яагаад бас хачирхмаар гэж ?  Чухамдаа энэ л  хүмүүс эсвэл эдгээр дүрүүд гэх үү дээ, яруухан залуу 30 жилийн өмнөх бидний нөхөрлөлийг, өнөөдөр бидний дунд байхгүй байгаа  гэрэлт  Д.Цогбадрах, гэнэн омголон Х.Эрдэнэбаатар, Балбар ах /О.Дашбалбар/ нарын олон олон андуудыг маань санагдуулам хүнлэг сэтгэл, хөдвөр зан, цайлган амьдрал, цагаахан сэтгэл,  гэгээн мөрөөдөл тэргүүтнийг нь санагдуулах тул хайрлан харуусмаар, гэтэл нөгөө талаар өнгө мөнгөнд  сэтгэл зүрх эз дийлэгдсэн, хүйтэн рациональ оюун ухаанд халуун сэтгэл хайруулсан, хатуу реализмд  хайлган сентиментализм бууж өгсөн эдүгээ цаг дор ийм “бурхан” хүмүүс байх уу ? багтах уу ? Хачин юм айн ?  Тийм ч учраас би Б.Лхагвасүрэнгийн тэр дүрүүдийг “эдүгээ цагийн бус”, “эртний” энэ тэр  гэх мэтээр гоочлоод байгаа юм л даа ! Бас хачирхаад ч гэх шиг !

                         хх                                        хх                                      хх

Тэгэхдээ Б.Лхагвасүрэнгийн зохиолуудын төгсгөл нь “сайхан”, найзуудынх нь дээр хэлсэнээр гэрэл гэгээтэй !   Би бол харин түүний зарим зохиолуудыг “Сайхан үлгэр” гээд хэлчихмээр санагдсанийг нуугаад яах вэ? Мэдээж үлгэр шиг тийм сайхан цаг үе, сайхан орчин, сайхан туурвил гэж хаа билээ дээ ? Хүн төрөлхтний сонгодог цаг,  үгийн болон сэтгэлгээний урлагийн үүрийн туяа гийж байсан цаг үе !  Тэр ч бүү хэл утга зохиол судлалд “домгийн цаг”, “тэг цаг, “бурхадын цаг” гэж  нэр томьёо хүртэл бий ! /С.Дулам  “Цагийн бэлгэдэл” МУИС.МСС. ЭШБ. Боть14. /151/. х. 105/ УБ. 1999/ Товчхондоо хүн төрөлхтний хүүхэд байсан цаг үе !  Тийм ч учраас оюун ухаандаа биш сэтгэл зүрхэндээ захирагддаг уран бүтээлчид чухамдаа энэ л сонгодог цаг үеийн сүнсэнд насан туршидаа үнэнч байж, уран бүтээл  болоод амьдрал хувь заяаныхаа нэвтрэх шугам, түшиг тулгуур, гол шүн болгодог туршлага маш их анзаарагддаг. Чухам ийм л уран бүтээлчид яг л өөрсөд шигээ гэнэн, цайлган, романтик, хүүхэд нас шигээ бодож “үлгэр” бичих нь  цөөн бус. Энэ бол тэд “өөрсдөө” л болохоос бус, амьдрал дээр тэр болгон нийтлэг, түгээмэл байдаг дүр зураг биш ! Харин тэдний өөрсдийнх нь зүрх сэтгэл доторх гэнэн цайлган, хүүхэд шиг тунгалаг, гэм хоргүй  бодол санаа нь л байдаг. Чухам тийм ч учраас энэ “төрөл”-ийн уран бүтээлчид  /Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн С.Пүрэв асан, Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч, манай энэ цагийн утга зохиолын нэг нэрийн хуудас болсон Д.Цоодол, Б.Догмид, До.Цэнджав нарын томчуудаас эхлээд Н.Гантулгын морь, бөх,  хөдөө нутгийн тухай нийтлэлүүд, Б.Баярсайхан, Б.Золбаяр ... гэх мэт/  халуун сэтгэлтэй, хайлган зантай, хүүхэд шиг гэнэн тунгалаг хүмүүс байдаг. /Яруу найрагчид бол ерөөс хот хөдөө гэх юмгүй бүгд !!!/  Гэтэл харамсалтай нь амьдрал гэдэг чинь тэдний доторх тэр сайхан бодол, сайхан сэтгэл, сайхан мөрөөдөл биш шүү дээ! Монгол Улсын гавьяат багш Д.Галбаатар 10 жилийн өмнө Б.Лхагвасүрэнгийн шинэ уран бүтээлийн түүвэр хэвлэгдэх үед “Б.Лхагвасүрэнгийн зохиолуудад тусгайлсан уран сайхны дүр бүхий зохиолтой адил хурц зөрчил, эерэг, эсрэг байр суурь бүхий дүрийн нэгдсэн систем байхгүй. Гол баатар нь зохиолч өөрөө юм” /Б.Лхагвасүрэн ”Зураач амьдрал” УБ.2009. х. 5/ гэж дүгнэж байсан бол эдүгээ цагт хэвлүүлж буй “Алсад гэрэлтэх дулаахан”, “Эгнэшгүй цэнхэр өдрүүд” хэмээх өгүүллэг, туужийн түүвэрт нь  дээр дурдсан  “тусгайлсан уран сайхны дүр бүхий зохиолтой адил хурц зөрчил, эерэг, эсрэг байр суурь бүхий дүрийн нэгдсэн систем” нь байхгүй биш байна,   гэвч  үнэн хэрэгтээ мөн л  “гол баатар нь зохиолч өөрөө юм” хэмээх 10 жилийн өмнөх тэр дүгнэлт өнөөдөр ч хүчин төгөлдөр хэвээрээ байна !  Жишээ нь Б.Лхагвасүрэнгийн “Алсад гэрэлтэх дулаахан” түүвэрт хэвлэгдсэн “Сэтгэлээ хаанаас олох билээ”  гэх мэт зарим туужууд нь хүнд сайн санаж явдаг, амьдрал ийм байгаасай, хүмүүс ийм  сайхан байгаасай, сайхан сэтгэлтэй байгаасай, сайн хүмүүст сайхан амьдрал, сайхан аз жаргал учраасай гэсэн  зохиогчийн өөрийнх нь сэтгэлийн гүн дэх язгуур бодол хүсэл нь өөрийн эрхгүй түүнийг өөрийг нь хөтлөөд зохиолуудыг нь “үлгэр” шиг худлаа болгоод байна ! Мэдээж уншигчид гэнэн юм чинь энэ нь тэдэнд таалагдана гэж жигтэйхэн ! Гэтэл амьдрал гэдэг чинь чиний доторх тэр сайхан бодол, сайхан сэтгэл, сайхан хүсэл биш шүү дээ Лхагваа минь ! Үнэнийг хэлэхэд “Сэтгэлээ хаанаас олох билээ” туужийн гол баатар Хангай хэмээх, хүний хайлан болсон өрөвдөм бор залуу бол амиа хорлох бүх  “болзол” - оо  хангачихаад нутаг буцаж яваа хүн шүү дээ !!!  Хэзээ вэ гэдэг нь зөвхөн цаг хугацааны л асуудал !!! Гэвч ийм юм болохгүй гэдэгт бараг мөрий тавьсан ч болохоор байна, учир нь зохиогч нь Хангайдаа хайртай ! Тийм ч учраас энэ удаа зохиогч өөрийн үнэт зүйл, үнэлэмжийн хэмжүүр, ёс суртахуун, ёс зүйн эрхэм баримжаа болсон Хангай хэмээх гол дүрээ  их хотын энэрэлгүй хар бачим ертөнцөөс суга татан гаргаж ирээд, бага залуу насны үлгэрийн цэнхэр диваажин болсон хөдөө  нутагруу нь /нутагруугаа/ үдэж санаа амарч байна !!! Ингээд зохиол амжилттай төгсөв. Найзуудынх нь хэлсэнээр гэрэл гэгээтэй  болов. Хүн чанар, ёс суртахууны бурханлиг эхлэл арай ч амь тавьчихааагүй байгаа амгалан цэнхэр хөдөө нутгийн уул ус төдийгүй, хүн зон нь, тулхат өвгөд нь тулаад авах нь дамжиггүй, түшээд босгох нь маргашгүй, түүнийг Хангайг... Тэрээр төрж өссөн нутаг орноосоо, түшиг тулхтай хөх өвгөдийнхөө нөмрөөс “Сэтгэлээ олох” бизээ ! Энэ бол монгол сэтгэлгээ, нүүдэлчин гаргалгаа,  энэ чиглэлийн эдүгээ цагийн нэгэн сүр сүлд нь болж буй  До. Цэнджав зохиолчийн нэрлэснээр  “нүүдэлчдийн реализм” !  

                                    хх                            хх                               хх

Нүүдэлчдийн ахуй соёл, зан заншил, сэтгэлгээний онцлогийг нүдэнд харагдаж, чихэнд сонсогдом дүрслэн бичсэн амьд дүр зураглал, яруу сайхан туурвил тэргүүтнийг  Б.Лхагвасүрэнгийн өгүүллэг туужуудаас олон арвыг иш татаж болно. Жишээ нь “Харин маргааш өглөө нь сайхан цагаан зөөхий хормой дээрээ хагалан байж тос халгисан хайлмагаар дайллаа.” гэн уншихад  танд юу бодогдож байна. Үнэхээр нэг ийм л байдаг даа, амгалан цэнхэр хөдөө нутаг, хүн зон !  Гэвч одоо энэ бүхнийг үл нуршин бидний өрнүүлж буй үндсэн диалог болох гол шүүмжлэлт сэдэвтээ орьё !

                                   хх                              хх                                хх

Монголын радиог тойрсон утга зохиолын сайхан уламжлал олон жилийн түүхтэй байхаа, миний мэдэхийн С.Пүрэв ахын  дэг сургууль  саяхныг хүртэл дулаацуулсан билээ. Энэ  өндөр дээд хүнтэй уран бүтээлийн багш шавь болтлоо дотносож, хамтран ажилласан он жилүүддээ сүслэн суралцаж,  бахархан бахдаж, дулаахан яриаг нь сонсож суусан нь Б.Лхагвасүрэнгийн маань хувьд бас л нэг ерөөлтэй хувь заяа. С.Пүрэв ах том зохиолч байсаан, харин одоо 21-р зуун шүү дээ!  Тиймээс өнөөдөр 20-р зуун шиг, 60-аад он шиг, 70-аад он шиг, 80-аад он шиг бичиж туурвиж, бодож сэтгэж болохгүй ! Б.Лхагвасүрэнгийн маань үргэлжилсэн үгийн зохиолууд дахь амьдралын дүр зураг, өрнөл хөдөлгөөн,  баатруудынх нь дотоод ертөнц тэргүүтнийг дүрсэлсэн бичлэгүүдэд нилээд нийтлэг байх сул талыг  чухам энэ л юм болов уу гэж  таамаглаж байна.  Өөрөөр хэлбэл тэр “нүүдэлчдийн реализм” гэдэг юм чинь заримдаа энэ хорвоогийн утга зохиолын сан хөмрөг дэх нэг содон сонин давтагдашгүй эрдэнэс гэхээсээ илүүтэй худал хуурмаг “мөрөөдлийн жагсаалт, хүслэнгийн бичиг” болчихоод байна гэвэл манай уран бүтээлчид мэдээж дургүйцээд сүйд бизээ ? Энэ бол өнөөгийн Монголын үргэлжилсэн үгийн зохиолын нэн ялангуяа тэр “Утгын чимэг” хэмээгч уралдааны ёстой нэг улиг болсон үндсэн сэдэв, гол шалгуур нь гээд хэлчихвэл яах бол? Бас л буруудах байхдаа? Эсвэл хөдөө буйд нутаг болоод хүний   амьдралын нийтлэгээс нилээд зөрүү холуур суудаг мань мэтийн хүний хувьд эх үндэс-удам угсаа болсон анх эхний ахуй сурвалжаа танихаа буюу тоохоо байсны нэг гэрч нотолгоо ч байж болох юмдаа, бас !!!

Гэвч надад бас өөрийгөө зөвтгөх ийм нэг статистик байна! “ЮНЕСКО-ийн шинжээчдийн судалгаагаар Монголчуудын 72,4 % нь суурин амьдралтай” /2018,11,07. “ӨС” №222 /6065/  “Монголчуудын 34% нь буддын шашин, 41% нь христийн, 6% нь лалын, 9% нь бусад шашин шүтдэг, 10% нь шүтлэггүй ” /”ЗГМ” 2018,11,01/, “Монголд эдүгээ Буддын шашны 136 сүм хийд,  бусад шашны 200 гаруй сүм хийд үйл ажиллагаа явуулж байна” /Б.Баабар “Рахиттай данхар төр” http://www.sonin.mn/news/polit...  Итгэхэд хэцүү байгаа биз? Гэвч энэ бол статистик ! Тоо худлаа хэлдэггүй !!!  Чухам үүнтэй адил өнөөгийн залуусын 80%  орчим нь Г.Аюурзаны “Хэвтрийн хүн” романы Х.Х - ийн дүрийг 20% орчим нь Б.Лхагвасүрэнгийн “Сэтгэлээ хаанаас олох билээ” туужийн Хангайн дүрийг таашааж үзнэ гэдэгт эдүгээ мөрий тавьсан ч алдахгүй !  Тиймээс би тийм ч их холуур зөрүүлээгүй болов уу гэдэгтээ итгэлтэй байна.  Энэ  бол бид бүхний хайртай эгэл боргил хэдий ч энгүй их  авьяас билигт С.Пүрэв ахын маань “Азын цэнхэр уул”-ын Авир болоод Ханд, Чулуун болон Эрдэнэ, Цогтбаяр ба Гэрэлмаа нарын цаг үе буюу Б.Лхагвасүрэнгийн  маань “Сэтгэлээ хаанаас олох билээ” туужийн Хангайн  цаг үе улиран одсон гэдгийн л эгэл нэгэн баталгаа юм.

Дээр дурдсан “Харин маргааш өглөө нь сайхан цагаан зөөхий хормой дээрээ хагалан байж тос халгисан хайлмагаар дайллаа.” хэмээх мөрүүдийг уншаад үнэхээр нэг ийм л байдаг даа, амгалан цэнхэр хөдөө нутаг, хүн зон гэхээсээ илүүтэй  арай ч дээ, дээлийнхээ хормой дээр идэх хүнсээ тавиад хувааж сууна гэдэг эрүүл ахуй, ариун цэвэр талаасаа мөн бэрхээ? Тос халгисан тэр идээ нь  цул холестрин байгаадаа, тэгэхээр  элэг цөсөнд  ямар байх нь ойлгомжтой  гэж бодох залуу үе захаас аван замаар дүүрэн болж байгаа нь бас тэдний ч буруу биш  шүү дээ!

Товчхондоо юу гэх гээд байна вэ гэхээр Монголчууд аугаа их уран зохиолын түүхтэй, тэрхүү их утга зохиолын сэтгэлгээний амин сүнс нь нүүдэлчдийн ахуй соёлд байжээ гэдэг нь эргэлзээгүй, түүнийг зарим зохиолчид “нүүдэлчдийн реализм” хэмээх нэр томьёонд хураангуйлан томьёолж болох юм гэсэн санал дэвшүүлж байна. Сайхан л санаа ! Тэгэхдээ нүүдэлчин монголчуудын ахуй амьдрал, сэтгэлгээ, зан заншил, ертөнцийг үзэх үзэл, шашин мөргөл, ёс зүй, ёс суртахууны хэм хэмжээ, үнэт зүйлсийн чиг баримжаа, итгэл үнэмшил гэх мэт нүүдэлчдийн аугаа их соёл оршин тогтнож ирсэн тэрхүү зуун зуун жил, тэрхүү мянга мянган жил өнөөдөр байхгүй шүү дээ !  Улиран одсон. Үүнийг түүх гэдэг, жам ёс ч гэдэг байх.  Холоос бус ойроос жишээ авахад л бид бүхний гадарлах ойрхи цагийн 20-р зууны Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Ц.Дамдинсүрэн гуай нараас эхлээд  ... С.Пүрэв ах хүртэлх энэ утга зохиол бол жинхэнэ нүүдэлчдийн их утга зохиол, энэ бол жинхэнэ “нүүдэлчдийн реализм” мөн ! Харин өнөөдөр 21-р зуунд бүгдээрээ сая хүнтэй мега полиси  их хотод суурьшин суучихаад бага насны дурдатгал төдийхөндөө суурилан эдүгээ цагт байхгүй болчихсон  нүүдэлчин соёлынхоо  ёс зүй, ёс суртахуун, хүмүүжил, итгэл үнэмшил, бодол сэтгэлгээ, зан заншил, ахуй амьдрал мэт язгуур эх сурвалжуудыг  уран зохиол болгож бичээд байх нь мэдээж бололгүй яах вэ, тэгэхдээ энэ лав л реализм биш, тэр тусмаа “нүүдэлчдийн реализм” бүр ч биш !

                        хх                                  хх                              хх

Эдүгээгээс  арваад  жилийн өмнө 2009 онд Б.Лхагвасүрэн “Зураач амьдрал” хэмээх номоо хэвлүүлсэн байдаг.  Үргэлжилсэн үгийн хэлбэр, яруу найргийн хэлбэр хоёрыг хосмолжуулан /бифуркаци/ бичсэн энэхүү ер бусын өвөрмөц туршилт манай орчин цагийн утга зохиолын түүхэнд нэн сонин содон туурвилын нэг болсон, энэ тухай МУИС-ийн профессор, шүүмжлэгч Д.Галбаатар сайхан өмнөтгөл үг бичсэн.  Энэ түүвэр дэх бичлэгийн  өвөрмөц туршилт урьд өмнө эрт дээр цагт  ч мэр сэр байсан л хэв маяг гэхдээ л  10 жилийн өмнө Б.Лхагвасүрэнгийн “Зураач амьдрал” түүвэрт үнэхээрийн шинэ сэргэг, утга сэдвийн болоод урлан туурвилын хувьд үнэн яруу төгс, төгөлдөр зохирол /harmony/ болсон нь  эдүгээ 10 жилийн хойно  манай зарим  залуу уран бүтээлчдийн эрхэмлэн дээдэлдэг арга маяг,  хэл найруулгын нэгэн эрмэлзэн тэмүүлэх туршлага болон дэлгэрч байгаа бололтой. 

Энэ тухай дэлгэрүүлэлгүй товчилоход Б.Лхагвасүрэнгийн 2009 оны “Зураач амьдрал” –аас 2018 оны “Алсад гэрэлтэх дулаахан”, “Эгнэшгүй цэнхэр өдрүүд” хүртэлх энэ он жилүүдэд түүний сэдэв, түүний баатрууд, түүний үнэт зүйлс  хичнээн их өөрчлөгдөн хөрвөж,  бас ч urban соёл, их хотын амьдрал, хот хөдөөгийн зөрчил, нүүдэлчин соёл  суурин иргэншил хоёрын үл зохирол /disharmony/  өгүүллэг, туужуудынх нь нэг үндсэн сэдэв - өгүүлэмж, зохиогчийн өөрийнх нь үзэл бодол, итгэл үнэмшлийнх нь нэг гол чиг шугам болон хувирч, баяжсаныг харж болох аж. “Тэр алсад” тууж энэ сэдвийн буюу энэхүү өөрчлөлтийн  нэг тод жишээ. Үлэмж  болоод Мөрөнгийн амьдрал, тэрчлэн Зураач залуугийн үзэл бодол, аж төрөх хэмнэл тэргүүтэн чухамдаа их хотын л өгүүлэмж, urban  соёлын л тусгал юм.  Ерөөс “Зураач амьдрал” түүвэр жинхэнэ яруу найргийн, жинхэнэ романтик сэтгэлийн үлэмжийн цэнхэр дүр зураглал, үлгэр шиг яруухан хүүрнэл, ая эгшиг, айзам хэмнэл, дотоод ертөнцийн илэрхийлэл, сэтгэл зүрхний нандин анир аялгуу  болсон туурвил байсан бол  “Намрын хөх будан” “Эгнэшгүй цэнхэр өдрүүд” тууж дахь сэдэв – өгүүлэмж нь сэтгэл дарсан, гуниг хуруулсан, өр зурсан хүйтэн өрнөл байх аж. Мега полиси их хотын нүргээнт амьдрал өрнөх “Тэр алсад” туужийн нэг гол дүр Үлэмж хэмээх “даварсан” хүүхэнд амиа хорлох бодол хүртэл орж ирж байгаа нь аргагүй л  аугаа реализмын нэг илрэл, аливааг үнэн бичиж сурах чадварын нэг илрэл,  дүрийн болон цаг хугацааны, орчин ахуйн, соёлын гэх мэт зохиолынхоо тухайн үеийн логикт захирагдаж сурахын нэг илрэл билээ. /”Тэр шөнө Үлэмж өөрийгөө Мөрөнг байхгүй бол үхэж ч мэднэ ганц хором ч амьсгалж чадахгүй юм байна гэж итгэжээ.”  /”Тэр алсад”/

 Дашрамд тэмдэглэхэд амиа хорлох гэснээс хөдөөний хүмүүс амиа хорлох нь их бага байдаг бололтой. Лхагвасүрэнгийн  дээрх хоёр туужийн  /”Намрын хөх будан”, “Эгнэшгүй цэнхэр өдрүүд”/ баатрууд гэхэд л би л байсан бол аль хэдийн очоод нэг тийшээ болчихмоор байтал байдаггүй шүү ! Энэ юундаа байна?  Тэнэгтээ байна уу  эсвэл нөгөө “нүүдэлчин реализм”-ынханы  магтаад байдаг тэнүүн уужимдаа байна уу?

                           хх                              хх                             хх

Ер нь орчин цагийн 21-р зууны Монголын уран зохиолд 1. Нүүдэлчдийн уран зохиол /“Nomadic literature” - “Mongolian literature”/ 2. Хотын уран зохиол /“City literature” – “Urban fiction”/  гэсэн хоёр хэв шинж ялгарч байх бололтой.

                          хх                              хх                              хх

Ер нь хараад байхад манай дунд үеийн болон дээд үеийн зохиолчид /эдүгээгийн 40-өөс дээш насныхан гэсэн үг юмуудаа/ тэрчлэн хөдөө нутагт төрж өссөн уран бүтээлчид нэг ёсны нэг тийм “насан туршийн соёлын шок” –д яваад байдаг нь  чухамдаа нүүдэлчин ахуйн аугаа их амар амгалан, цаг хугацаа – орон зайн  үзүүр хязгааргүй уудам огторгуй / N + T континуум /цаг хугацаа- орон зайн огторгуй/, ёс зүй ёс суртахууны эрхэм нандин язгуур уламжлал, үнэт зүйл – үзэл бодлын  тэнгэрлэг анхдагч дээд эрхэмнэл тэргүүтнээ дурсан санагалзах,  дээдлэн эрхэмлэх байр суурь буюу  сэтгэлийн дотоод ертөнц нь орчин цагийн их хурд, иргэншил, хотжилт  тэргүүтний үр дагавартай зөрчилдөн харгалдаж, уусан шингэж, ширгэн алга болж буй  зайлшгүй бодит /реал абсурд/ байдлын өмнө хүчин мөхөсдөж, сэтгэлээр унаж – оршихуйгаа алдаж буй нийтлэг дүр зураг 90-ээд оноос хойшхи Монголын уран зохиолд маш тод илрэх болсон билээ.   Энэ бол товчхондоо  орчин цагийн угсаатан судлал, соёлын антропологийн  салбар  ухаанд “соёлын уусалт”, “соёл хайлах”, “соёлын залгилт”  /”acculturation”/  хэмээх нэр томьёогоор  оноон тэмдэглэдэг болсон  орчин цагийн дэлхий дахины соёл иргэншилд тулгарсан тэр л нийтлэг үзэгдэл буюу хүн төрөлхтний нийтлэг эмгэнэл билээ.  Энэ бол манай орчин цагийн уран бүтээлчдийн тэр тусмаа   үгийн урлаг болох уран зохиол туурвигчид болох зохиолч, яруу найрагчдын оюун санааны амьдрал дахь  эдүгээ цагийн хамгийн том язгуур зөрчил, тэдний амжилт  бүтээл, алдаа онооны  үндсэн эх сурвалж, голлох шалтаг шалтгааны нэг мөн.

Ерөөс байгалаас арай илүү эрчим хүч /либидо/ өвлөж авсан уран бүтээлч /Дионис тип/ хүмүүс нийгмийн олонхи буюу хүй хамтлагийн дэг журамд захирагдаж амьдрах  прагматик чадвар  нэн бага,  субьектив хүсэл мөрөөдөл, дурсамж /носталгия/, төсөөлөл, онгод авьяас /ид –ухамсар/, аминч үзэл /эго – ухамсар/ зэрэгтээ захирагдсан индивидуаль оршихуй буюу  хийсвэр оюун санааны амьдралтай хүмүүс байдаг.

Үнэндээ яг эндээс л аливаа уран бүтээлчид болон бодит амьдрал хоёрын хоорондын зөрчил эхэлдэг бөгөөд аль ч цаг үеийн уран бүтээлчид нийгэм цаг үетэйгээ зохицон амьдрах чадвар  харьцангуй үлэмж сул байдаг.  Чухам энэ л тухай за бараг энэ л тухай философийн эцэг  Платон дараах  хэцүүхэн үгсийг хэлсэн байдаг.

                            хх                                хх                            хх

“Урлаг бол хүмүүсийг бодит байдал руу ойртуулахын оронд  түүнээс холтгож, сэтгэлийн зохицлыг маань харин ч эвддэг”. /Ц.Гомбосүрэн “Философи” УБ. 2008. х. 433/  Ерөөс “Платон  урлагт дайсагнасан байдалтай хандаж, уран зохиолыг ихэд хянамгай авч үздэг байжээ. Тэрээр урлаг нь бодит байдлыг уран зөгнөл, сэтгэлийн хөдөлгөөнөөр сольдог, сүйрүүлэгч зүйл гэж үзэж байсан.” /Мэл Томпсон “Философи” УБ. 2012. Х.207/  бөгөөд  “Уран зохиол хүмүүсийг бодит амьдралаас холдуулдаг, сэтгэл татам боловч хуурмаг ертөнцөд гацаадаг. Тэр ч утгаараа  илүү аюултай. Платонтой санал нийлэх аваас, аугаа бүтээлээс төрсөн сэтгэл хөдлөл хүний эрүүлээр сэтгэх сэтгэлгээг  булингартуулдаг.” /Жон Сатерлэнд “Уран зохиолын товч түүх” УБ. 2016. х. 6/  Эртний мэргэн Сократаас эхлээд эдүгээ саяхны экцестенциалист М.Фуко хүртэл,  алс өнийн А.Данте, В.Шекспир, В.Вийон нараас эхлээд л С.Есенин, В.Маяковский, А.Фадеев, Ли Бо, Анна Ахматова, Марина Цветаева, Шарль Бодлер, Эмили Дикинсон, Эзра Паунд, Эдгар Аллан По, Э.Хемингуэй, Мишима, Акутагава Рюноскэү, Кавабата Ясунари  ... манай билигт найрагч З.Т гуай  гээд ... амиа хорлож нарт хорвоог орхисон суу билэгт уран бүтээлчдийг тоочоод баршгүй. Бараг л амиа хорлоогүй бол ямар найрагч байдаг юм бэ гэмээр шахуу !!!  Зохиолчид, яруу найрагчид ер нь урлагийн хүмүүс архинд их ордог нь ч бас л нэг баримт.

Ерөөс бид л урлаг уран зохиол, тэр дундаа үгийн урлагийн нэг нэн өвөрмөц баримт болох яруу найргийн ертөнцийг үгээ олохгүй магтан дуулж,  үлгэр домог зохиохдоо гарамгай болохоос бус яруу найрагч хэмээх энэ хувь заяа ямар үнэтэй, ямар төлбөртэй болохыг тэр бүр ухаардаггүй буюу ухаарахыг ч хүсдэггүй байх нь  элбэг.  Нэг их эрт урьдын үүх түүх гэлтгүй зүгээр л  энэхэн насны минь хараа бараанд уулзаж учирч, уран бүтээлийг нь хүндэтгэж, андалж нөхөрлөж явсан анги хамт олны минь найз нараас эхлээд л өнөөдөр хаана байна вэ ? О.Дашбалбар ах, Д.Нямсүрэн гуай, Ж.Болд –Эрдэнэ, Ш.Уянга, Т.Содномнамжил, Ц.Олзвой, Д.Цогбадрах, Д.Бөхбат, Ц.Дашдамба, Х.Эрдэнэбаатар, А.Эрдэнэ – Очир нарыгаа дурснам.  Тэд маань хүний хайлан, газрын бурхад байсан гэж хэлэх амархан !  Гэвч  тэд маань хаана байна ?  

                    хх                                       хх                                     хх

 Дурсамж маань нилээд холдоод бас нилээд хүнд сэдэв рүү  орчихлоо.  Ганц тайтгаруулах юм бол тэдний маань уран бүтээл нь үлджээ. Их утга зохиол !  Зуу зуун жил магадгүй мянга мянган жил уншигдана ! Яагаад ?

                    хх                                        хх                                      хх

 “Хүмүүс яагаад зохиол уншдаг вэ гэж үү? Бидний амьдралыг  өөр юутай ч зүйрлэшгүйгээр баяжуулдаг учраас л тэр. Биднийг илүү хүмүүнлэг болгодог. Уншиж танихын хэрээр, илүү хүмүүнлэг болгоно л гэсэн үг.”

“Утга зохиол гэдэг бол хүрээлэн буй ертөнцөө ойлгож, илэрхийлэх чадварын оргилд хүрсэн билигт хүмүүсийн оюун санаа юм. Утга зохиолын талааарх хамгийн оновчтой хариулт энэ л байхаа. Зохиолд гарсан зүйлтэйгээ тэр болгон санал нийлдэггүй ч гэсэн уншсаар байдаг үе хүнд бий. Иймэрхүү үе буюу аливаад шүүмжлэлтэй хандах чадвар суух хүртэл бидний оюуныг тэлж, мэдрэхүйг хурцалдаг зүйл бол утга зохиол.  Хүмүүс яагаад зохиол уншдаг вэ гэж үү? Бидний амьдралыг өөр юутай ч зүйрлэшгүйгээр баяжуулдаг учраас л тэр. Биднийг илүү хүмүүнлэг болгодог. Уншиж танихын хэрээр илүү хүмүүнлэг болгоно л гэсэн үг.”  /Жон Сатерлэнд “Уран зохиолын товч түүх” УБ. 2016. х. 6/   Манай нэрт яруу найрагч Д.Урианхай абугайн дараах үгс ч   Лондоны их сургуулийн англи хэлний колледжийн профессор Джон Сатерлэнд  гуайн  дээрх үзэл санаатай агаар нэг болохыг  бид харж болно. Үүнд : “Хүн төрөлхтний оюун санаа хийж чадсан олон агуу үйл бүтээлүүд дотроос хамгийн хэцүү зовлонтой нь хүний сэтгэл санааг нарийн, гоо сайхан, бурханлиг чанартай болгох шүлэг, зохиол бичих л гэж би боддог... Нийгмийн сэтгэлгээний гол зорилго бол эцсийн дүндээ хүнийг “Жинхэнэ хүн”  болгох туйлын зорилго ! дэлхийн хүн амыг бүрдүүлж буй долоон тэрбум гаруй хүнийг “Жинхэнэ хүн” болгох энэ үнэмлэхүй зорилгыг Засгийн газрууд ч биелүүлж чадахгүй, “Супер нэгдлийн онол” ч чадахгүй, Билл Гейтс ч чадахгүй ! Гагцхүү Бурханы оюун санааны энэрэнгүй, нигүүлсэнгүй халуун эрчмийг хав халуунаар нь тээж яваа яруу найрагчдын нинжин сэтгэлийн үгс л биелүүлж чадах магадгүй гэсэн горьдлого надад байдаг.   Дэлхийгээ дандаа баярлуулах, амгалан, өгөөмөр сайхан налайлгах, хүн төрөлхтнөө ухаалаг үйл ажиллагаатай байлгаж нөр удаан жаргуулах үүрэг хүний “сэтгэлийн улаач” болох яруу найрагчдад л /уран бүтээлчдэд буюу уран зохиолд – С.Э/ бусдаас хавьгүй илүү их хэмжээтэйгээр Бурханаас ноогдсон. Бурханы энэ хэцүү үүрэг, итгэл найдварыг хамгийн сайнаар, хамгийн төгс хариуцлагатайгаар биелүүлэх үйлсэд Монголын яруу найрагчид, тэдний дотор миний бие амьдралынхаа хугацааг зориулан амьдарч байнаа !” /Д.Урианхай : БНСУ-ын Сөүл хотод төвтэй Азийн соёлын сангаас санаачилсан “Эдүгээ цагийн Азийн тэргүүн найрагч” шагналын анхны эзнээр тодрож, шагнал гардан авахдаа хэлсэн үг/

“Энэ сайхан домгийг  би өөрөө зохиож, өөрөө дуулж, өндөр дээд ээждээ өөрөө ярьж өгье. Өгөөмөр сайхан эх нутагтаа дуулж өргөе... Алслан одсон гэрэлт хөх өдрүүд надад юу үлдээсэн юм бэ? Та ингэж боддог уу?” /Б.Лхагвасүрэн “Зураач амьдрал” УБ. 2010. х.11-13, х.101/

                         хх                                         хх                                      хх

Тэгэхээр одоо надад хэлэх үг үлдсэнгүй ! Үлдсэн нь юу вэ гэвэл чухам ийм учраас л бид Б.Лхагвасүрэн тэргүүтнээ уншиж, чухам ийм л учраас бид дараах мөрүүдээс сэтгэлийн тайтгарал авч,  ухаарлын учиг хөвөрддөг юм шиг байна.

                        хх                                         хх                                       хх

“Болжмор жиргэж, үүлс нүүж, нар мандаж, амьдрал тэр аяараа шинэ өдрийн аянд гардаг өглөө бүрийг хамгийн содноор зурж үлддэг сэтгэлийнхээ хаалгыг нээх бүрдээ өчигдрийн амьдрал дурсамж болон үлдэж байгааг санах тийм ч амархан биш шүү. Эргүүлж дуудаад, засмаар, залмаар юм хичнээн их байдаг гэж бодно. Тал засаж байгаад талархаж баярласнаа хэлж, өчигдрийг өөрийнхөө өмнө залж болдог байсансан бол гэх өмчсөг өчүүхэн бодол төрнөө. Хүн гэдэг ийм. Цаг хугацаанд захирагддаггүйсэн бол хүн гэдэг амьтан энэ орчлонг, өдий дайтай авч явах уу үгүй юу.” /Б.Лхагвасүрэн ”Зураач амьдрал” УБ. 2009. х.62/

                                 хх                                     хх                                         хх

Тэртээ 30 жилийн өмнө бид хүн болгоны тойроод бус дайраад өнгөрдөг залуу насандаа урлаг утга зохиолын тухай  амьхандаа л дотночлон ярилцдаг байжээ. Тэр цагийг дурсаж энэхүү бяцхан диалогийг тэмдэглэв.

 С.Энхбаяр /МУБИС/                                                                                                                                

 2018,11,09

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/