Монгол улсын соёлын элч, Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар танаа хаяглав.

Шуудхан яриандаа орьё. Тэртээ 2004 онд өнөө цагийн монголын нэртэй соён гэгээрүүлэгчдийн нэг, зохиолч, орчуулагч Г.Аюурзанын “Уран зохиолын төсөл” нэртэй нийтлэл гарч байлаа. Түүнээс хойш 15 он улирчээ. Энэхүү нийтлэлийн хөндсөн шүүмжлэлт сэдэв хийгээд энэ цагийн манай урлагийн нүүр царай хоёр өөдөлж хөгжих нь бүү хэл, мэргэжлийн уран бүтээлчид нь хүртэл “хутгалдан” улам ч дор орсоор байх нь юутай жигтэй.

“Чиглэл бүр өөрийн сул талтай. Постмодерн ч ялгаагүй...Хичнээн олон хүнд хүргэнэ, амжилт тэр гэж ойлгож болох уу? Энэ бол уран бүтээлийн гэхээсээ илүүтэй бэстсэллэрийн зарчим. Бүтээл туурвилын амжилт биш...Ердөө төсөл. Төсөл бол хийж бүтээчихсэн ажил биш. Хийж бүтээх ажлын тухай нэлээд тодорхой (зарим талаараа бол бас ч тодорхой биш) ойлголтыг уншсан хүнд төрүүлээд, хамгийн гол нь уг төслийг санхүүжүүлэх нь зөв юмаа гэсэн ойлголтыг өдөөхүйц чадварлаг, цэгцтэй бичигдсэн танилцуулга байдаг. Төслийг санхүүжүүлж хэрэгжүүлснээр эцсийн үр дүнг бий болгохын төлөөх үл явц өрнөнө. Харин эцсийн үр дүн төслийн хамрагдах хугацаанд л харагдаж гүйцэх ёстой. Энэ ч мөн эцсийн үр дүнгийн салшгүй чухал хэсэг”[1].

Өдгөө нийгэмд маань энэ мэтийн төсөл бүтээгчид, төслөөр амьдрагчид, төсөлд шимтэн дурлагчид, төслөө төгс уран бүтээл гэж сайрхан хийрхэгчид салбар бүрээр нэг саваа бэлдчихсэн сууж байна. Сайн уран бүтээлийн төлөө гэсэн хүсэл сэтгэл байвал энэхүү саваа дүүрэн мэлтэлзэх “саармаг” олонлогийг сарниаж садан тусгаарлах бодлого барих хэрэгтэй бус уу. Ялангуяа мэргэжлийн уран бүтээлч, мэргэжлийн урлаг, соёлын байгууллагууд. Гэтэл УДЭТ-ын ойрхи жилүүдийн уран сангийн бодлого, уран бүтээлийн чиг хандлага аанай л “нэр олох” төдийхөний зуурдын “төсөл бүтээх” хэмжээнд очиж буйг ерөнхий найруулагч Н.Наранбаатар танаа хэлмээр санагдав.  

Сайн зохиолчийн нэрийг “зээлдэж” ээлжит гоодон[2](bestseller) жүжгийн төслөө эхлүүлсэнд тань бухимдаж, үнэхээр тэвчээрийн хаязгаарт хүрлээ. Уран бүтээл бус уран бүтээлийн “зуурд”-ын шинжийг илт үзүүлсэн төсөл гэж болохоор олон жүжгийг УДЭТ-ын ерөнхий найруулагч нэрийн дор “бүтээсээр” мөн л он удлаа. Таны “Парисийн эх дагинын сүм”, “Гамлет”, “Тэнгэрийн хүү”, “Ромьео, Жульетта хоёр”, “Би эндээс явахгүй” гээд сүүлийн жилүүдэд тавигдаж, тухайн бүрдээ хэдэн зуун удаа тоглогдож, ашиг орлогоороо тэргүүлсэн жүжгүүдийг цөмийг нь үзсэн. Арилжааны шинжээр нь уран бүтээлийнхээ мөн чанар, уран сайхны нээлтийг нь хэмждэг цөвүүн цагаар хаа хаанаа хоол хиймээргүй байна шүү дээ. Дээрх уран бүтээлүүдийн тань тухай жил болгон зохиогддог “Тайз, дэлгэцийн урлаг” уран сайхны шүүмж бичлэгийн улсын уралдаанд оролцогчид шүүмжлэлтэй хийгээд шинжлэлтэй санаагаа илгээдгийг уншдаг гэж найдна. Дэлхийд цуутай Бродвей театрын жүжгүүд болбоос "үзүүлж" ч чаддаг, мөнгийг “олж” ч чаддаг. Үзсэний дараа үлээсэн шаарны хий аандаа гардаг ч тэнд үзүүлэх урлагийн, “үнэмшилтэй” уран сайхны шид шим байдаг. Эрдмийн театрынхаа нэр хүндийг харин ингэж шоуны жүжгээр халиамааргүй байна аа, эрхэм найруулагч аа. Ингээд УДЭТ-ын сүүлд үзэгчдийн болгосон таны уран бүтээл болох “Бүсгүйн зурвас” жүжгийн тухай халуун яриа дэлгэе ээ.

  • Эх зохиол, инсценировка, найруулга

Хүүрнэл болоод яруу найргийн төрлөөр бичигдсэн бүтээлийг тайзны хэлбэрт оруулан хувирган бичсэнийг инсценировка (хувиргал) гэдэг. Жүжгийн зохиол бол утга зохиолын үндсэн төрлүүдийн нэг. Онцлог нь тайзнаа тоглоход зориулж театрын хэл, илэрхийллийн бүхий л хэв маягуудтай нөхцөлдүүлэн бичиж чадсан эсэхээрээ үнэ цэн нь ялгардаг. Энэ хэмжүүрт эс хүрсэн тохиолдолд театрын зүгээс зохиолын хувиргалыг зүй ёсоор залшгүй хийх болно. Энэ тухайд театрын нэрт онолч К.С.Станиславский:

“Театрын урлаг нь СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙН УРЛАГ юм. Сэтгэл хөдлөлийн гэдэг үг бол жүжиглэж байгаа жүжигчинд шууд хамааралтайгаас гадна жүжиг үзэж байгаа үзэгчдэд бас холбогдож байна. Сэтгэл хөдлөлийн урлаг нь жүжигчинээс жинхэнэ сэтгэлийн хөдлөлийг шаардах бөгөөд тэрхүү сэтгэл хөдлөлийг жүжгийн бэлтгэлийн үе буюу сургуулилтын үед рольтойгоо ажиллаж байж бий болгон улмаар тайзан дээр олны өмнө жүжиглэхдээ уран бүтээлийн бэлэн үр дүнг үзэгчдэд үзүүлэн таниулж байгаагаараа гар урлалаас ялгаатай юм”[3] гэжээ. Энд өгүүлж буй сэтгэл хөдлөлийн “зарчим” жүжгийн зохиолчид ч мөн хамаатай юм. Л.Өлзийтөгсийн “Ярилцлага” зохиолыг бүрнээ бэлэн, тайзны бүтээлийн хэл, хэлбэрт шууд шилжүүлэн тоглоход хангалттай, дүрүүд, үйл явдал, бүтэц, хийц хэлбэрийг өөрчлөн шинэчлэх шаардлагагүй байсан уу гэдэг ярилцах асуудал мөн. Дөрвөн үзэгдлээс бүрдэх Л.Өлзийтөгс зохиолчийн жүжиг харилцан яриагаар бичсэн “өгүүллэг мэт хэлбэртэй” санагдаж болох юм. Магад тийм ч учраас нэмэн засамжилж,  жүжгийн бүтцэд нийлүүлэн хувирган бичиж “Бүсгүйн зурвас” нэртэйгээр тавьсан гэж бодож байна. (Энэ тохиолдолд зохиогчоос, өв эзэмшигч, хамгаалагчаас зөвшөөрөл авах ёстой). 

Гэв чиг хувиргал хийхдээ зохиолчийн уг санааны амин сүнсийг үргээн сүйтгэж болохгүй. “Бүсгүйн зурвас” жүжиг эх зохиолыг бүрэн өөрчилсөн гэхэд ч буруудахгүйгээр ихэн талыг нь шинээр нэмж хийсэн байв. “Ярилцлага” жүжгийн зохиол бол гол дүрүүдийн идэвхтэй харилцан яриагаар өрнөдөг ч эцэсдээ асуултаар “дүүрэн” үлдээж үгийн хийсвэр утгыг онцгой мэдрүүлдэг өвөрмөц хийц, нарийн зохиомжтой зохиол. Өгүүлэхийг зорьсон санаа, өгүүлэмжийн гүн дэх далд утгыг зохиолчийн диалогын механизмаас (монолог, нууцлаг диалог, ремарк, подтекст, контекст г.м ) л анзаарч гэмээнэ сая бүтээл чинад учгийг тайлдаг. Жишээ нь:

“Та надтай эхнээс нь дуустал, ганцхан удаа, чин сэтгэлээсээ ярилцчих, тэгэх үү? Юу г ч бүү худал хэлээрэй. Хэрэв миний энэ ярилцлага л худал болчихвол өмнөх бүх ажил маань хов хоосон болж таарах гээд байх шиг байна. Миний л хувьд шүү дээ. Би өөрийгөө л яриад байна л даа. Надад магадгүй цаашид энэ ажлыг хийх утгагүй санагдах гээд ч байгаа юм шиг... Та намайг ойлгож байгаа биз дээ? Би таныг ойлгож байгаа байх аа л гэж итгэж байна? Өөрийнхөө тухай ярьж болох бүхнийг нь үнэнээр нь яриач ээ гэж би гуйж байна”[4] гэж зохиол дээрх гол дүр сэтгүүлч Уянга туйлдан хэлдэг. Энэ ярианы цаана үнэнийг нь цэгнэсэн ярилцлага ганцыг ч болтугай буулгаад түгээчих юмсан гэсэн Уянгын хүсэл, сэтгэл зүйн зөрчил, мөн яагаад чухам худлаа яриад, түүнээ өөрийн чинхүү сэтгэлийн нандин үнэнтэйгээ хутгаж “бариад байгаа” Архай сайдын яриа, сэтгэл зүйн гүн зөрчил ч мэдрэгдэж байна. Цаашилбал зохиолчийн нийгэм рүү хандсан итгэл үнэмшлийн тухай давхар санаа ч харагдана. Зохиолын амин сүнс үүнд оршиж байсан болов уу! Гэтэл Архай сайдыг муугийн муу болгож, хайрлах сэтгэлийн өчүүхэн үнэнтэй үлдсэн сэтгэлийг нь нандин чанар юу ч үгүйгээр хоосруулан басхүү хоёрдуулан үзүүлсэнээрээ, сэтгүүлч бүсгүйг нугарашгүй тэмцэгчийн төрхөөр харуулсанаараа мөнөөх л амин сүнсийг үргээнэ гэгч боллоо. Угтаа “юун тухай бичсэн нь зохиолын үр, юуны тулд жүжиг тавих нь жүжгийн үр, хэн байх нь дүрийн үр байдаг. Үрийг зөв онож тодорхойлох нь бүтээл амжилттай болох үндэс”[5] учиртай аж.

Найруулагч, жүжигчид зохиолчийн санааг бүтээлчээр баяжуулж, зохиолдоо задаргаа хийж ярилцсаны эцэст жүжгийн хэлэх санаа тайзны уран бүтээлээр амилдаг. Зохиолыг хувирган бичсэн зохиолч Д.Мэндсайханыг “Ээжээ”, “Мануухай”, “Худалч эгч” зэрэг жүжгийн зохиол бичсэнээр нь бид сайн мэднэ. Манай цөөвтөр сайн жүжгийн зохиолчдын нэг билээ. Өөрийнх нь нэр “тавигдахгүй” гэж бодоод хуумгай ажиллав уу? Цаг хугацаанд шахагдав уу? Яагаад тэгж үзэгдэл, үйл явдлыг нэмэхдээ нуршуу, илтэд тайлагнасан байдлаар хандсаныг сайн ойлгосонгүй. Ер нь үндсэн зохиогч, хувиргал хийсэн зохиогч нарын нэрийг аль ч түвшиндөө учрыг нь гаргаж зөвөөр бичиж занших хэрэгтэй мэт. Зөвхөн арилжаагаа бодон “зүтгээд” байвал энэ жүжиг дээрх шиг сайныг муужруулсан, мууг сайжруулсаны ялгал үл мэдэгдэн тэнцвэргүй маргаан үргэлжилсээр байх болов уу.

  • Жүжгийн нурууг үүрсэн жүжигчиний “нуруу”

Жүжгийн зорилго, жүжигчиний зорилго хоёр авцалдан нийлэгжиж байж сая тайзны уран бүтээл цогцлох ёстой атал “Бүсгүйн зурвас”-т Б.Жаргалсайхан жүжигчин л ганцаар уран чадвараараа гоцлон дүрийн сэтгэл зүйн өөрчлөлт, оюун санааны эргэлтийг үзүүлэхээр зүтгэж байлаа. Ойрмогхон томоохон жүжгийн гол дүр бүтээгээгүй байсан жүжигчин маань энэ удаад жүжгийн зохиол, ялангуяа Архайн дүрийн далд утгыг сайтарч мэдэрч өөрийнхөө ролийн далд суурь болгон ажилласан ганц уран бүтээлч нь байсан гэхэд хилсдэхээргүй. “Тайзны үйлдэл гэдэг нь сэтгэлийн, биеийн, үгийн үйлдлийн нэгдэл бөгөөд энэ гурван үйлдэл нэг дор, нэгэн зэрэг оршиж, бие биенээ харилцан өдөөж өгдөг байна. Сэтгэлийн болон биеийн үйлдлийн нэгдэл дундаас үгийн үйлдэл гарна”[6]. Жүжигчин Б.Жаргалсайхан “Бүсгүйн зурвас” жүжигт амжилттай яваа өөгүй сайхан хүн, аз жаргалтай гэрийн эцэг, эрх мэдэлд шунагч идэвхтэн, увайгүй архичин, бохир улс төрч, цөхөрсөн гоонь эр, хүн чанар, өрөвдөх сэтгэлгүй “хүнийссэн” эцэг, арьсаа хамгаалагч бэртэгчин, амь амьдралаа алдсан хий “сүг” гээд лавтай арваад удаа хувьссан дүрийн гадаад болон дотоод хувирлыг сэтгэл зүйн тун чадмаг хувирлаар хавтай үүрч дүүрч гарсан. Тэр дундаа гэртээ согтууран байхдаа сэтгүүлчид үнэн мөнөө уудалж буй тоглолтын үнэний харьцаа, эмнэлэгт байхдаа сэтгүүлчийн үг бүрээс айн мэгдэхийн хажуугаар арьсаа хамгаалан бултах нарийн шалтгааны хил заагийг өгөгдсөн нөхцөлд дүрийнхээ мөн чанарыг (ил өгүүлэгдэх болоод далд хүүрнэгдэх зөрчлийн аль алинаар) тултал нь харуулж, ролийн туйлын зорилгыг хэрхэн тайзны үйлдлээр амилуулдаг жүжигчиний уран чадварын бахдам илрэл болсоныг тэмдэглэх нь зүйтэй юм аа. Найруулагчийн багана ганхсан ч жүжигчний нуруугаар тэтгэн тулав даа.

  • Төрөл, хэм хэмнэл, арга барилаа ялгая; бас нийтгэе

“Бүсгүйн зурвас” жүжигт Архайн амьдралаа эргэн дурсах, өнгөрсөнөө эргэцүүлэх бодролын хэсгүүдийг нилээдгүй нэмэн шигтгэж өгсөн байв. Үйл явдлын уран сайхныг зохироон тэгшитгэхээр найруулан ашигласан эдгээр үзэгдлүүд харин ч эсрэгээрээ жүжгийн өрнөлийн хэмнэл, уран сайхны хэм хэмжээг алдаглуулсан. Үйл явдлын ухралт биш, утга санаагаа дахин тайлбарласан, давтсан, тасдсан “ухралтууд” гэж мэдрэгдэхээр... Хэм хэмнэл, өнгө төрх, уран сайхны зохицол гэдэг өөрөө дүрслэлийн хэл шүү дээ. Гэтэл энэхүү жүжгээс театрын урлагийн төрлүүдийг нийтгэн хольж тоглохдоо үзэгчдийг хөгжөөн цэнгээх зорилгод ханддаг варьете театрын хэлбэр л цухалзаад байх. Уянгын драмын жүжиг шүү дээ. Энэ хэлбэрийг нь эсвэл интермеди гэж цагаатгаж үзэж нэг болох юм шиг. Интермедийн тухайд профессор Н.Ганхуяг “Жүжгийн бүлэг, үзэгдлүүдийн хооронд гарах бэсрэг жүжиг, жижиг үзэгдэл юм. Д.Данзанравжаагийн “Саран хөхөө” жүжгийн дундуур нийгмийг хурцаар шүүмжилсэн бие даасан бэсрэг үзэгдлүүд гардаг байсан нь үүний сонгодог жишээ юм”[7] гэжээ. Ялангуяа жүжгийн дөрөвдүгээр үзэгдэл дэх улс төрчдийн тоглоом наргиааны хэсэг (Жүжигчин Пүрэвдорж Христ болон жүжиглэх, эрээ цээргүй яг л “гудамжны мэт” аашилцгаах г.м). Хэт үнэмшилгүй, хийсвэрийн дээр нийгмийн өнгө төрхийг илэрхий шүүмжлэн доромж байдлаар харуулах зорилгыг тээсэн нь жүжгийн үйл явдалд “харь” гэмээр хэсэг болон цавчиж орж ирэх жишээтэй. Дахиад л өнөөх хэм хэмнэлээсээ гажин одсоны тэмдэг.

Төрөл зүйлээ барин тодорхойлохгүйгээр бүтээл хийнэ гэж баймааргүй сэн, эрхэм найруулагч аа. Төрөл зүйл тодорхойгүй, барьсан өнцөггүй бол тэр бүтээлийн тухай ч ямар ч задлан шинжлэл, үнэлэл дүгнэлт үнэн голтой гарна гэж үгүй нь ойлгомжтой. Жүжигчдийн тоглолт, бусад тайзны илэрхийлэл, хэрэглүүрүүд ч мөн адил. Үзэгдэл бүр бие даасан утгат хэсгүүдтэй байж улмаар уялдаж болно. Гэхдээ өнөөх л хэм хэмнэлээ барих нь чухал юм.

  • Тайз гэмээнэ тавилга буюу нохойг “нохой” болгосон нь

Л.Өлзийтөгсийн “Ярилцлага” зохиол:

“...1-р хүүхэн: -Хүүе ээ, Уянга аа, чи хаачих гэж байгаа юм бэ?

Уянга: -(явуут дундаа) Есенин. Есенин рүү явсан гээд чи цаад эрхлэгчдээ хэлчихээрэй. Есенин гэж чи мэдэх бил үү?(хүйтнээр инээнэ)

1-р хүүхэн: -Яруу найрагч уу?

Уянга: -Нохой, Сагсайсан нохой...”[8] гэж төгсөх буюу нэгэн нохойн дүрийг тайллын үзэгдэл, эпилог маягаар оруулсан байдаг. Зохиолын дунд ч мөн чухаг оролцоотой шигтгэгдэн дүрслэгддэг дүр билээ. Чухамдаа Архайн амьдралдаа ганцхан удаа дурлаж, мөн хайрлуулж үзсэн хайрт эхнэрээс нь үлдсэн сэтгэлийн шаналан. Ганцхан шүлэг эхнэр нь зааж өгсөнийг насаараа мартахгүй яваа; тэр найрагчийнх нь нэрээр нохойгоо нэрлэсэн тийм сэтгэлийн гүн ертөнцийн энэлэн. Энэ бол Есенин буюу сагсаахай юм. Даанч үүнийг тайзнаа дэндүү болхиор махчилж нохойны чихмэл гаргаж ирэн ядруухан үзүүлсэн. Энэ нохой бол заавал бодитой дүр байх шаардлагагүй, тийм ч нөхцөлгүй нэхэхгүй, өөрөөр хэрхэн ч шийдэж болох эрх чөлөө бий сэн.

Ерөөс “Бүсгүйн зурвас” жүжгийн тайз гэмээнэ “социализмын үеийн уран зураг” гэдэг шиг амьгүй нүсэр тавилга бүхий шийдэл. Нэг бүрчлэн ач холбогдол өгч урласан тэрхүү тайзныхаа урд жүжгийн үйл явдал, жүжигчиний тоглолтууд зааглагдан(эгээ л тайз авенсцена, улаан шугам хоёроор зааглагддаг шиг) өрнөнө. Байн байн утас дуугарч, ямар учиртай нь үл тайлагдах тэрхүү дуудлагыг(үхсэн хойно ч дуугарч, дуудлага ирсээр байдаг) Архай жүжгийн турш авахаас эмээдэг шийдлүүдэд л тайз дүр болон оролцож, тоглолтонд жинхэнэ утгаараа ашиглагдаж байлаа. Ерөнхий зураач Т.Ганхуяг жүжгийнхээ тухай өгсөн ярилцлагууддаа жүжгийн тайз гэдэг тайз чимэглэлийн урлагаас тайзны уран зургийн урлаг(сценограф) руу шилжсэн, бие даасан дүр байх ёстой гэж зөв зүйтэй зүйлсийг олон ярьсан нь яагаад биеллээ олоогүйг гайхмаар...

Ингээд төгсгөлийн оронд эрхэм найруулагч таныг гоодон жүжгийн төслүүдээ зогсоо гэж шулуухан бөгөөд хатуухан хэлснээр л зогсчихгүй гэдэгт итгэхийн хувьд, зогсошгүй бүтээн туурвиж байгаа идэрмэг уран бүтээлчийн хувьд, бяцхан зогсоц хийж эргэцүүлээч гэсэн чин сэтгэлийн үзүүрээс үүнийг бичлээ. Танд амжилт хүсье.

[1] Г.Аюурзана “Утга зохиолын тухай яриа”, УБ., 2004,

[2] Доктор Ц.Магсарын орчуулгаар авав

[3] С.Дашдондог “Жүжиглэхүйн ухаан”, УБ., 1986, 9 т.х

[4] Л.Өлзийтөгс “Нүдний шилэнд үлдсэн зургууд”, УБ., 2004, 218-219 т.х

[5] Н.Ганхуяг “Монголын театрын нэвтэрхий толь”, УБ., 2007, 480 т.х

[6] Н.Ганхуяг “Монголын театрын нэвтэрхий толь”, УБ., 2007, 437 т.х

[7] Н.Ганхуяг “Монголын театрын нэвтэрхий толь”, УБ., 2007, 253 т.х

[8] Л.Өлзийтөгс “Нүдний шилэнд үлдсэн зургууд”, УБ., 2004, 236 т.х

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/