Францын Соён гэгээрлийн хөдөлгөөн 1715 оноос 1789 он хүртэл үргэлжилсэн гэдэг бөгөөд бурхан, хүн гэх уламжлалт сэдвүүдээс гадна урлаг, философи, уран зохиол, логик, морал, шинжлэх ухаан зэрэг ухаануудад хувьсгалт агуулга бүхий тайлбар хийдэг байв. Өөрөөр хэлбэл, мухар сүсэг, дарангуйлал зэрэг зүй бус тогтлыг логик, зөв сэтгэлгээ, танин мэдэхүйн ухаанаар үл тэвчин, өөрчлөх хөдөлгөөн байсан юм. Монтескьегийн “Хуулийн амин сүнс”, Вольтерийн “Кандид”, Дидро, Д’Аламберийн хамтран бүтээсэн “Нэвтэрхий толь”, Жан Жак Руссогийн “Нийгмийн гэрээ” зэрэг агуу бүтээлүүд тухайн үеийн хүн төрөлхтний мэлмийг нээж байлаа.
Соён гэгээрлийн хөдөлгөөний гол төлөөлөгч, философич Жан Жак Руссогийн “Нийгмийн гэрээ буюу улс төрийн эрхийн зарчмууд” ном анх 1762 онд хэвлэгджээ. Энэхүү номын гол санааг дараах байдлаар тодорхойлох нь зүйтэй: Хууль тогтоох амин үндэс нь зөвхөн бүх нийтийн хүсэл зориг байх учиртай. Өөрөөр хэлбэл, бүрэн эрхт засаглалын бүрэлдэхүүний хувиар иргэн бүрийн зүгээс бүх нийтийн хүсэл зоригийг харгалзан, бүгд санаа нийлэх тийм л хуулийг хэрэгжүүлэх учиртай гэсэн үг.
Энэхүү агуу бүтээл Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй “Нийгмийн ухаан” цувралын тэргүүн дэвтэр болж олны хүртээл болсон билээ.
Францын хувьсгалын болон ардчилсан үндсэн хуулиудын гол гарын авлага болж, нийгмийг үндсээр нь өөрчлөхөд томоохон хувь нэмэр оруулсан “Нийгмийн гэрээ буюу улс төрийн эрхийн зарчмууд” номын онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
Гэр бүл бол бүх нийгэм дотроос хамгийн эртний бөгөөд байгалиас заяасан цорын ганц жам ёсны нийгэм юм.
Ийнхүү гэр бүл улс төрийн нийгмийн анхны загвар болсон гэж хэлж болох юм. Удирдагч жолоодогчийн дүр төрхийг эцэг нь, ард түмний дүр төрхийг хүүхдүүд нь бүрдүүлж байна. Бүгдээрээ эрх тэгш, эрх чөлөөтэй төрсөн тэд эрх чөлөөгөө хязгаарлахад хүрвэл зөвхөн өөрсдийн ашиг тусын тулд л шийдвэр гаргадаг. Гэр бүл дотор эцэг нь хүүхдүүдээ хайрлаж, тэдэнд анхаарал халамж тавьсан хэмжээгээрээ урамшил авч байдаг бол Төр улсын дотор төрийн эрх баригч ард түмнээ ингэж хайрладаггүй мөртлөө эрх мэдлийн таашаал авч байдагт хамаг ялгаа нь оршино.
Эрх мэдэлтэнд дуулгавартай захирагд! Хэрэв энэ нь “хүчний өмнө буулт хийх”-ийг хэлж байгаа бол зөв ч гэлээ илүүц юм. Бүх эрх мэдэл бурхнаас л заяатай гэдгийг хүлээн зөвшөөрч болох л доо. Тэгвэл аливаа өвчин зовлон ч бас түүнээс л үүдэлтэй: тэгэхээр энэ нь хүн өвчилвөл эмч дуудах хориотой гэсэн үг мөн үү? Ойд дээрэмчин над руу гэнэт халдлаа гэж бодьё: би хүчинд автаж түрийвчээ өгөх хэрэгтэй болно оо доо. Гэтэл би нууж чадах байсан ч гэсэн түүнийгээ гаргаад өгч байгаа нь сайн дурын ухамсрын үр дүн ерөөсөө биш. Яагаад гэвэл дээрэмчний над руу онилж байгаа гар буу ч бас намайг дарангуйлсан эрх мэдэл юм.
Дарангуйлагч өөрийн албатууддаа иргэний амгалан тайван байдлыг хангаж өгдөг гэж хэлэх байх л даа. Тийм болог. Гэтэл нэр алдар олохын төлөө дарангуйлагчийн тулган хүлээлгэсэн дайн байлдаан, ханаж цаддаггүй шунал, дарлал мөлжлөг нь ард иргэдийн өөр хоорондын хэрүүл толхилцлоос илүүтэй аргыг нь барагдуулж байхад тэд иргэний энэ амгалан тайван байдлаас юу хожих юм бэ?
Хүн бүр өөрийн амь бие, бүх хүчээ нийтийн хүртээл болгож, нийтийн санаа зоригийн дээд удирдлагад захируулдаг. Үүний үр дүнд нийгмийн гишүүн болгон нэгэн цул нэгдлийн салшгүй хэсгүүд болж хувирч байгаа юм.
Бүх нийтийн хүсэл ямагт нэгэн зорилго өөд тэмүүлж, нийгмийн тусыг эрхэмлэдэг. Гэхдээ үүгээр ард түмний шийдвэр цаг үргэлж үнэн зөв чиглэлтэй байдаг гэж ойлгож болохгүй. Хүмүүс ямагт өөртөө сайн сайхныг хүсдэг авч тэр нь чухам юунд байгааг тэр болгон олж хардаггүй.
Ард түмнийг хахуульдаж худалдан авч болдоггүй, харин тэднийг хуурч, тэгэхдээ бүр саар зүйлд санаархаж байгаа мэт үед нь байнга мэхэлж болдог байна.
"Оюун ухаанаас үүдэлтэй бүх нийтийн шударга ёс байдаг нь эргэлзээгүй, гэхдээ энэхүү шударга ёсыг бид хүлээн зөвшөөрөхийн тулд тэр нь харилцан шударга байх ёстой."
Хууль гэдэг бол үнэндээ иргэний нийгэм оршин тогтнох нөхцөл нь юм. Хуульд захирагдаж байгаа ард түмэн түүнийг бүтээгч нь байх ёстой.
Идэр залуу нас бол хүүхэд ахуй нас биш. Улс үндэстнүүдэд хүмүүсийн нэг адил идэр залуу нас гэж байдаг. Тэднийг хууль дүрэмд захируулахаасаа өмнө нас бие нь тэгширч төлөвшихийг хүлээх хэрэгтэй: гэхдээ энэ нь чухам хэзээ болохыг мэдэхэд амаргүй.
"Зарим ард түмэн төрөлхийн дуулгавартай, дэг журамтай байдаг бол зарим нь арван зуун өнгөрсөн ч дэг журамд ордоггүй."
Оросууд хэзээ ч жинхэнээр соёлжсон иргэд болж чадаагүй. Яагаад гэвэл тэд хэтэрхий эрт соёл иргэншилтэд өртсөн юм. Петрт оргүй зүйлээс бүхнийг бүтээж босгох жинхэнэ билэг авьяас байгаагүй, зөвхөн дагаж дуурайх л чадвар байжээ. Петр ард түмнээ хатуужил бэрхшээлд эхлээд сургахын оронд соён гэгээрүүлэхийг зорьсон байдаг. Тэрээр оросуудыг орос хүнээр нь бүтээж эхлэх учиртай байтал эхлээд герман, англичууд болгохоор ажлаа эхлүүлсэн.
Бүх хүнд зүг чиг заагч адилхан хэрэгтэй байдаг. Хүмүүсийг хүсэл зоригоо оюун ухаантайгаа нийцүүлэхэд сургах, ард түмнийг юу хүсч байгаагаа мэдэрдэг болгох хэрэгтэй. Тэр үед, ард түмнийг соён гэгээрүүлсний үр дүнд нийгэмд оюун ухаан, хүсэл зоригийн холбоо бий болно. Эндээс хэсгүүдийн дунд зүй ёсны харилцан үйлчлэл үүсч эцсийн дүнд хамгийн хүчирхэг нэгдмэл эрч хүч бий болно. Чухам энэ л хууль тогтоогчтой болох шаардлагыг бий болгож байгаа юм.
Эгэл ард түмэнтэй өөрийнх нь хэлээр биш, өөрсдийнхөө хэлээр ярихыг хүсдэг ухаант мэргэдийг ард түмэн ойлгодоггүй.
Гэхдээ ард түмний хэл ярианд буулгах аргагүй олон тооны ойлголт байдаг. Хэтэрхий ерөнхий үзэл санаа, алс холын зорилтууд ард түмэнд мөн л хүртээлгүй: хувь хүн болгонд зөвхөн өөрийнх нь хувийн эрх ашигт нийцэх зорилго л таалагдана.
"Өндөр байшин барихаас өмнө уран барилгач газрын хөрсийг шинжлэн судалж, даацыг нь мэдэж авдгийн нэгэн адил ухаалаг хууль тогтоогч хамгийн сайн хуулиудыг зохиохдоо тэдгээрийг нь ард түмэн хүлээж авах чадвартай эсэхийг урьдчилан сорьж шалгаж үздэг."
Сайн засаглалтай улс оронд ял шийтгэл цөөхөн байдаг нь өршөөл олон үзүүлдэгтээ бус, гэмт этгээд цөөхөн байдагтай холбоотой.
Уналтад орж байгаа улс оронд гэмт хэрэг олширч, гэсгээл цээрлэлгүй болж хувирдаг.
Ой мод, бэлчээр зэрэг байгалийн эдэлбэр газарт нь хүч хөдөлмөр бага зарцуулдаг уулархаг оронд хүмүүс цөөнөөр оршин суух, мөн тал газрынхантай харьцуулахад эмэгтэйчүүд нь нөхөн үржих чадвар илүү байх хандлагатай байдаг ажээ.
Ямар ард түмэн хуулийг хүлээж авах чадвартай байдаг вэ? Гарал үүсэл, эрх ашиг буюу гэрээгээр ямар нэг байдлаар нэгдэж нийлсэн, хууль цаазын жинхэнэ дөнгийг өөрийн бие дээр мэдэрч үзээгүй ард түмэн. Аль эсвэл зан заншил, сүсэг бишрэлд гүн гүнзгий автаагүй ард түмэн.
СЭТГЭГДЭЛ