2000-аад он. Монголын соёл урлаг, утга зохиол нийгмийн шилжилтийн дараах ээдрээтэй, “элдэвтэй” хөгжлийнхөө нэгэн арваныг даван туулж шинэ зуун, шинэ мянгантай золгосон он цаг. 1980-аад оны сүүлч 1990-ээд оны эхнээс зохиолч болон судлан шинжлэгчдэд урлан туурвих, нээн таниулах уран бүтээлийн “эрх чөлөө” нээгдсэнээр; шинэ үеийн уран зохиолыг бичлэг хийгээд сэтгэлгээний түвшинд өөрчлөн хөгжүүлэх шаардлага, хэрэгцээ, түүнийг хэрхэн бүтээх, ямар арга найруулгаар хөгжүүлэн чиглүүлэх, үндэсний болоод дэлхий нийтийн уран сайхны сэтгэлгээний түүхэн хөгжил, харьцаа хамаарлын асуудал гээд олон талын чиг баримжаанд хүрэх гэсэн эрчтэй хөдөлгөөн харьцангуй намжсан үе гэж мөн тодорхойлж болох мэт. XX зууны монголын утга зохиолын  судлал, шинжлэлийг дагнан судалж, нэг сэдэвт зохиол бичсэн доктор Ц.Магсар:

“Уран зохиолын сэдэв, чиглэл, төрөл зүйл зэргийг дагнасан судлаачид гарахын зэрэгцээ шүүмжлэлийн ямар нэгэн төрөл зүйлээр бичиж мэргэшсэн шүүмжлэгчид олноор төрөн гарчээ. Энэ нь утга зохиолын онолын сэтгэлгээг ямар нэг байдлаар цэгцлэн, шүүмжлэл, судалгааны арга барилыг боловсронгуй болгож ирснээрээ ач холбогдолтой байв. ХХ зууны шүүмжлэлийн түүхийг ажиглахад бичлэгийн зохиомж, найруулга, шинжилгээний арга зүйн хувьд улам боловсронгуй болж энгийн ажиглалтын хэлбэрээс онолын дүн шинжилгээ хийх нь давамгайлж ирсэн хандлагатай байна”[1] гэж дүгнэсэн бий.

Харин намжсан гэж тодорхойлохдоо бид төлөвшин тогтворжиж ирсэн гэх санааг агуулж буй бөгөөд үүний нэгээхэн баталгааг уран зохиолын суурь судалгааны судлал, шинжлэлийн бүтээлүүд 2000 оны эхнээс шил шилээ даран шинэчлэгдэн бичигдсэнээс мөн харж болно. 2000 оноос өнөөг хүртэлх уран зохиолын судлал, шинжлэлийн хөгжил, чиг хандлагыг доорх байдлаар ангилан зааглаж үзэх шаардлагатай гэж үзэж байна.

  • Суурь судалгааг шинэчилсэн үе (2000-2005)
  • Шинжлэлт сэтгэлгээ, шүүмж бичлэг идэвхижсэн үе (2005-2010)
  • Уран сайхны шинжлэл, судлал-урлагийн бүтээлийн түвшинд хөгжиж буй үе (2010-аас өнөөг хүртэл) 

 

Суурь судалгааг шинэчилсэн үе (2000-2005)

Монголын аман зохиол болон уран зохиолын судалгаа, шинжилгээний буурьтай төлөөлөгч, доктор Х.Сампилдэндэв “Үзэл суртлын хяналтаас уран сайхны шинжилгээнд шилжих нь” өгүүлэлдээ:

“Уран зохиолын онол практакийн талаар эргэцүүлэн бясалгал хийсэн даяанчийн байдлаас шүүмжлэгчид ангижран, өнөөгийн уран сайхны ертөнцийн тухай санал бодлоо зоригтой хэлж...уран зохиолын судлал шүүмжлэлд үгүйлэгдэж байсан онолын мэдлэг түгээх, уран сайхны сэтгэлгээг шинэчлэх талаар хийсэн шинэ амжилт мөн”[2] хэмээн 1990-ээд оны сүүлч 2000 оны эхэн үеийг дүгнэсэн байдаг. Энэ тодорхойлолтод буй уран зохиол судлал, шинжлэлийн “бясалгалч, даяанч” байдал, түүнээс ангижрах эрлийн тухай яриа нь бидний энэ хэсэгт өгүүлэх суурь судалгааг шинэчилж, шинэлэг шинжилгээний үе эхэлсэнтэй үнэлгээ эрхгүй давхцаж байгаа юм. Энэ чиг хандлагыг голлох уран бүтээлчдийн онцлох бүтээлүүдээр жишээлэн товч авч үзье.

Монголын утга зохиолын судлал, ялангуяа шинжлэлийн салбарт томоохон өвийг цогцлоосон Ч.Билигсайхан профессор “монгол түүхийн уран зохиол”, “монгол түүхэн зохиол” бүрэлдсэн монгол арга, төрлийг сурвалжилсан “Монгол эрхи товчис”(2000) хэмээх суурь судалгааны бүтээлээ гаргасан. Нэг л зүйлээр жишээлэхэд уран зохиолыг, тэр дундаа дорнын уран зохиолыг үечлэх дэлхийн жишгийг он цагийн хувьд шинээр бичих, өөрчлөх шаардлагтайг эх зохиол болон хэл, бичгийн баримт, дурсгалуудаар нотолж өгсөний хувьд энэ номыг давын өмнө нэрлүүштэй. Улмаар уг туршлагаа баяжуулан шинэ үеийн уран зохиолын онол, чиг хандлагыг танилцуулсан “Ухаарахуй” (2004) номоо хэвлүүлсэн нь суурь судалгаанд үндэслэсэн нэн шинэлэг бүтээл байсан юм.  

Мөн энэ үед мөр зэрэгцэн уран зохиолын суурь судалгааг шинэчилэсэн томоохон бүтээл болбоос Д.Галбаатар профессорын “Монголын уран зохиолын онол, түүхийн зангилаа асуудлууд” (2001) хэмээх монголын уран зохиолын аргын цогц судалгаа билээ. Эл бүтээл XX зууны орчин үеийн уран зохиолыг бүхэлд нь хамруулахаас гадна 1990 оноос хойшхи шинэ үеийн уран зохиолын эрэл хайгуул, төлөв хандлагыг шинжлэн үзэхдээ аанай л аман болоод бичгийн уран зохиолтой нь нягт уялдуулан баримтжуулсанаараа гойд онцлогтой юм. Улмаар аливаа шинжлэх ухааны суурь ухагдахуун, онцлог сэтгэлгээг тээж явдаг нэр томьёоны асуудалд анхааран 1988 оноос бичиж эхэлсэнээ тайлбар толио “Уран зохиолын онолын үндсэн ойлголт, нэр томьёоны товч тайлбар толь” (2002, Токио) нэртэйгээр шинэчлэн хэвлүүлсэн билээ.

С.Дулам профессор 1999-2002 оны хооронд олон жилийн судалгааны хөмрөгөө цомнон “Монгол бэлгэдэл зүй” хэмээх  IV дэвтэр бүтээл хэвлүүлсэн нь монголын утга зохиол, соёл урлагийн судлал, шинжлэлийн хөгжилд цоо шинэ замыг нээсэн суурь судалгаа байлаа. Мөн 2004 онд бичсэн “Дорно дахины уран зохиолын үүд” сурах бичгийг гүйцэх чимбай ном өнөөг хүртэл гараагүй байна.  

 Л.Хүрэлбаатар докторын “Судар шастирын билиг”(2002), “Дуун утгын яруу зохист” (2005), “Огторгуйн цагаан гарди” (1996, 2008) бүтээлүүд мөн энэ үед гарч монголын эртний утга зохиол, соёл түүхийн судлал, шинжлэлийг суурь судалгааг олон талаар шинэтгэн баяжуулж өгсөн. Ялангуяа дорно дахины өнө уламжлалт сэтгэлгээ, ном бичгийн соёлын ай савыг ховор нандин сурвалжаар эдүгээд өртөөлөн танилцуулж, шинэ үеийн урлагийн бүтээлүүдийг мөн түүн лүгээ ул суурьтай шинжлэн судлахын эрдмийг гоц үлгэрлэсэн эрдэмтэн юм.

Мөн эртний утга зохиолын талаарх суурь судалгаа, шинэлэг шинжилгээний бүтээлүүд болох академич Д.Цэрэнсодном “Монгол бурхан шашны уран зохиол-I”(1997), Д.Сумьяа “Бурхадын магтаалын дүийн хувьсал”(1999), Д.Цэдэв “Монголын нууц товчоо’-ны бэлгэдэл зүй”(2002) номуудыг нэрлэх нь зүй.   

Шинэчлэгдэн буй уран зохиолын хөгжилд үлэмж нөлөө үзүүлж, шинэ үеийн уран зохиолын онол, судлал, шинжлэлийн салбарт тэргүүн эгнээнд бүтээлээ хүргэж, ирсэн эрдэмтэн бол С.Энхбаяр профессор юм. Түүний С.Буяннэмэхийн “Утга зохиолын үүд”-ийг утга зохиолын онол, туурвил зүйн цогц сургаал болох үүднээс нь судалсан “Утга зохиолын онол-туурвил зүй”(2000) ном үндэсний утга зохиолын бүтээлээ шинээр эргэн харж шинжлэхийн тод жишээ, суурь судалгаа болсон. Улмаар орчин цагийн утга зохиолын онол хийгээд түүхийг хураангуйлан бичсэн “Утга зохиолын онол” (2005) бүтээл нь өдгөө бидний өмнөө барьдаг голлох тулгуур сурах бичгийн нэг болжээ. Мөн утга зохиолын онол, гоо зүйн сэдвүүдээр бичсэн  шинжлэл, судлалын шилмэл өгүүллүүдээ эмхэтгэн “Утга зохиолын судлал шүүмжлэлийн өгүүллүүд” (2004) ном болгон хэвлүүлсэн нь аанай л энэ салбараа гойд хөгжүүлсэн үлгэр жишээ бүтээл билээ.  

Доктор Г.Галбаярын “XX зууны монголын уран зохиолын хөгжлийн үе шатууд”(2004), “Уран зохиол шинжлэлийн лекц”(2002), “Эртний Грек, Ромын уран зохиол”(2006) номуудаа хэвлүүлж орчин үеийн монголын уран зохиолын судлал, тэр дундаа үечлэлийн асуудалд шинээр эргэн хандсан байдаг.

Мэдээж 2000-аад оны эхэн үед зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын “харууд” буюу “2*2=6 буюу Суут жаран сэтгэгч” (2000), “Орчин цагийн аугаа их сэтгэгчид” (2001), “Утга зохиолын тухай яриа” (2004) тэргүүтэй “Шинэ үеийн номын сан цуврал” 10 боть хэвлэгдсэн он цаг үнэлж баршгүй хувь нэмрээ үзүүлсэн, үзүүлсээр ч буй билээ. Ялангуяа “Утга зохиолын тухай яриа” номд багтсан үндэсний болоод дэлхийн утга зохиолын тухай эрс шинэлэг шүүмж, өгүүллүүдийг онцлууштай.  

Нийгмийн шилжилтийн үе дэх монголын уран зохиолын хэв маяг, сэтгэлгээ, туурвил зүйн шинэчлэлийг дагнан судалж доктор Ш.Баттөр “Монголын модернист уран зохиол” (2003) ном бичсэн нь модерн утга зохиолыг бүтээн буй туршлага, туурвил зүйн талын алдаа, оноонд дүнтэй хариулт өгч эхэлсэнээр онцлууштай.

Орчуулагч, судлаач Ш.Одонтөр болон Ж.Батбаатар нарын 1990-ээд оны сүүлч 2000-аад оны эхэн үед монгол утга зохиол, хэл шинжлэл, боловсролын асуудлаар бичиж байсан хурц тод өгүүлэл, шинжлэлүүдийг энд зайлшгүй дурьдууштай.  Мөн яруу найрагч

О.Дашбалбарын уран бүтээлч нөхдийнхөө тухай уран сайхны нээлтийн түвшинд бичсэн хөрөг, нийтлэлүүдийн “Хүн ертөнц”(2003) ном энэ үед эмхэтгэгдэн гарсан бөгөөд судлал, шинжлэлийн хөгжилд онцгой нөлөө үзүүлсэнтэй маргахын аргагүй юм.

Улмаар Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбооноос эмхэтгэн гаргасан “Яруу утгын тайлал”(2003) судлал, шинжлэлийн эмхэтгэл, доктор С.Байгалсайхан “Утгын чандмань”(2003) номууд, “Шинэ Шүүмж” нэгдэл гэж байгуулагдан “Шинэчлэл”,(2001, 2002),  “Шинэ зуун”(2004) уран сайхны шүүмжийн цувралууд гаргасан зэргээр судлал, шинжлэлийн хөгжил шинэ тутам амьсгаа задарсаар байв.  

Чухамдаа шинэ үеийн уран зохиолд суурь судалгаа шинэчлэгдсэн энэ үеийг уран зохиолыг бүтээх, түүнд хандах залуу үеийнхний уран сайхны шинжлэлт сэтгэлгээ, үзэл санааны өөрчлөлт, хандлага, ойлголтыг цоо шинэ түвшинд аваачсан гэж товчхон агаад дарууханаар дүгнэж болно.

Шинжлэлт сэтгэлгээ, шүүмж бичлэг идэвхжисэн үе (2005-2010)

Энэ үед шинэ үеийн монголын уран зохиолын судлал, ялангуяа шинжлэлийн салбарт хамгийн олон ном, бүтээл хэвлэгдсэн буюу хөгжлийн машид өрнүүн он цаг юм. Уран сайхны шинжлэлт сэтгэлгээ, үзэл санааны өөрчлөлт, хандлага, ойлголт өөр түвшинд очсоны тод гэрч болж ахмад, дунд үеийнхэн шинэлэгээр мэдэрсэн голч бүтээлүүдээ хэвлүүлсээр байв. Түүнчлэн шинжлэлийн чиглэлээр дагнан бүтээл туурвидаг залуу үеийнхэн бодитойгоор өсөн өндийж, шүүмж бичлэгийг мэдэгдэхүйц идэвхжүүлсэнийг цөөн тооны бүтээлээр товч жишээлэн авч үзвэл:

П.Батхуяг “Монголын уран зохиолын үнэт зүйлсийн социологи”(2004),  С.Амартүвшин “Уран зохиол шинжлэлийн орчин үеийн арга, үзэл баримтлалууд” (2005), С.Байгальсайхан “Уран зохиол шинжлэлийн удиртгал”(2005), А.Мөнх-Оргил “Шинэчлэгдийн тухай тэмдэглэл” (2005), Д.Цэвээндорж “Тодорхой утгын зул”(2005), Л.Хүрэлбаатар “Аварга могойн зулайн чандмань”(2006), Ч.Дагвадорж “Уран утгын яруу тайлал” (2006), Ч.Жачин "Д.Нацагдоржийн гар бичмэлийн эхийн судалгаа"(2006), Д.Галбаатар “Урлахуйн галыг бадраагч, эндүүрлийн гэмийг ариусгагч зул”(2006), Г.Билгүүдэй “Өрнө дахины уран сайхны шүүмжлэлт сэтгэлгээний тойм”(2007), Д.Цэрэнсодном “Монголын бурхан шашны уран зохиол”(2007), “Монголын нууц товчооны утга зүй, уран сайхны шинжилгээ”(2008), А.Мөнх-Оргил “Шилжилтийн үеийн яруу найргийн шинэ төлөв хандлага” (2008), “Шүүмжлэлт сэтгэлгээний эрэл”(2009), Ц.Магсар “XX зууны монголын утга зохиолын шүүмжлэл” (2009), П.Батхуяг “Яруу найргаар ярилцахуй”(2006), “Шинэ сэрэхүй”(2008), “Стандарт бус шалтгаан”(2009), “Монголын уран зохиолын стандарт бус сэтгэлгээнд зориулав”(2010), “Хэлбэргүй бодлогошрол”(2011), С.Амартүвшин “Баримтат уран зохиол” (2009), Ш.Баттөр “Уран зохиол ба өнөөдөр”(2008), Д.Цэвээндорж “Эрин цагийн шүүмж”(2009), “Яруу утгын тайлал-II” эмхэтгэл(2009), Г.Галбаяр “Дундад зууны өрнө дахины уран зохиол”(2010), С.Байгалсайхан “XX зууны монгол өгүүллэгийн туурвил зүй”(2010), Я.Ганбаатар “Утга зохиолын тухай яриа”(2010) тэргүүтэй судлал, шинжлэлийн шинэлэг бүтээлүүд олноор багтах ажээ.   

Мэдээж энэ үед зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын “улаанууд” буюу “Монголын сонгомол яруу найраг” (2005), “Монголын сонгомол өгүүллэг” (2005), “Монголын сонгомол тууж” (2006), “Дэлхийн сонгомол яруу найраг”(2008), “Дэлхийн сонгомол өгүүллэг”(2010) тэргүүтэй антологиуд, орчуулгын бүтээлүүд хэвлэгдсэн нь үндэсний болоод дэлхийн утга зохиолыг үнэлэн харах, нээн судлах уншигдын уран сайхны сэтгэлгээнд онцгой нөлөөлсөн билээ.  

Уран сайхны шинжлэл, судлал-урлагийн бүтээлийн түвшинд хөгжиж буй үе (2010-аас өнөөг хүртэл)

2010-аад оноос уран сайхны шинжлэл, судлал хөгжлийн дахин шинэ шатанд гарсан нь мэдрэгддэг. Урлагийн бүтээлийн давтагдашгүй үнэт зүйл, яруу туурвилын нууц руу гүнзгийрсэн дотоод шинжлэл, уран сайхны шүүмж-тайлал зүйн шинжлэх ухааны голлох салбар болохын хувьд урлагийн бүтээлийн бие даасан нэгэн хэлбэр болон цэврээр бүтээгдэж, үүрэг хийгээд зорилгодоо үнэнчээр үйлчилж эрчимтэй хөдөлгөөнд орсон гээд олон зүйл ололтыг тэмдэглэж болохоор байна. Урьд жилүүдийн судалгаа, шинжлэлийн бүтээлүүд зөвхөн уран зохиолынхоо хүрээнд бяцхан “эргэлдэж” байсан ахул олон салбар шинжлэх ухаан болоод урлагийн төрөл зүйлүүд хоорондын хавсарсан нийлмэл задлан шинжлэлийн хосолмол ажлууд давамгай хийгдэх болсон билээ. Энэ үед:

Ч.Билигсайхан “Бичгийн мэргэдийн билгүүн товчоон”(2011), “Цагийн салхи-Асгарсан авьяас”(2012), Д.Галбаатар “Уран зохиол: Онол, түүх, шүүмжлэл” нэвтэрхий толь(2012), “XX зууны Өрнө дорнын уран зохиол”(2013), Ч.Дагвадорж “XX зууны монголын уран зохиолын онол-түүхийн судалгаа”(2011), Д.Цэвээндорж “Хориг шүүмжийн бичиг”(2011), А.Мөнх-Оргил “Монгол туужийн туурвил зүй” (2011), С.Байгалсайхан “Уран дүрийн онолын лекцүүд”(2013), “XX зуун, тууж судлал”(2014), Д.Цэдэв “Их Нацагдоржийн хэлхээгүй сувдын учиг”(2016), Ч.Жачин "Уран чадварын увидас"(2016), Ц.Буянзаяа "Монголын уран зохиолын түүхэн товч"(2013), Х.Чойдогжамц “Тайлахуйн чинад”(2013), “Гүн хэлмэр”(2015), Г.Бямбажав “Сэтгэлгээний эрх чөлөө ба ухамсрын урсгал”(2015), Д.Галбаатар, С.Энхбаяр, Г.Батсуурь “Уран зохиолын тухай яриа”(2013), Д.Галбаатар, С.Энхбаяр, Г.Батсуурь, Х.Чойдогжамц “Уран зохиолын тухай яриа-II(2017), С.Энхбаяр, Г.Батсуурь “Уран зохиолын тухай яриа-III(2018), “Театр шинжлэл”(2017, хамтын), "Монголын орчин үеийн уран зохиолын түүх-IV"(хамтын, 2017),  У.Бямбаням “Цаг хугацаа хэлнэ”(2018) зэрэг бүтээлүүд давын өмнө нэрлэгдэх агаад зохиолч, уран бүтээлчид урлан судлал, судлан шинжлэлийн агуулгатай нэн сонирхолтой ном бичиж эхэлсэн нь Г.Аюурзана “Тэнгэрийн судар”(2016), Д.Батбаяр “Бүтээхүйн зүй тогтол ба сайхныг бүтээх нууц”(2011), “Сайханыг бүтээх нууц”(2016) зэрэг болно.

Мөн энэ үед доктор Д.Болормаагийн “Монголын утга зохиолын судлал шүүмжлэлийн ном зүй (1970-2000)”(2010), “Монголын утга зохиолын судлал шүүмжлэлийн ном зүй (2001-2010)”(2017) номууд гарсан нь энэхүү салбарын хөгжил дэвшлийн бүрэн тайлан гэлтэй суурь мэдээллийн сан, сурвалжийн эхийг бүрдүүлсэн нөр их хөдөлмөр шингэсэн үнэ цэнэтэй ажил билээ.

Бид энэ үеийн судлал, шинжлэлд эрчимтэй, тогтвортой бичиж, улмаар хөгжлийн чиг хандлагыг бүрнээ тодорхойлох хоёр уран бүтээлчийг товч танилцуулахыг зорив.

Утга зохиол судлаач, шинжлэгч П.Батхуяг уран зохиол, урлагийн судлал, шинжлэл, нийтлэлийн чиглэлээр 2005 оноос өдгөө хүртэл “Монголын уран зохиолын үнэт зүйлсийн социологи”(2005), “Сүхбаатарын Батмөнх”(2005), “Яруу найргаар ярилцахуй”(2006), “Шинэ сэрэхүй”(2008), “Стандарт бус шалтгаан”(2009), “Монголын уран зохиолын стандарт бус сэтгэлгээнд зориулав”(2010), “Хэлбэргүй бодлогошрол”(2011), “Эсрэг цаг-I(2014), “Эсрэг цаг-II(2015), “Эсрэг цаг-III(2016), “Очирбатын Дашбалбар”(2018) зэрэг номууд хэвлүүлсэн уран бүтээлч юм. Тэрээр шинэ тутам хэвлэгдэн буй ном бүтээлийг соргогоор харж, тогтмол үнэлгээ саналаа хэлж, эсээ, нийтлэл, нийтлэл шүүмж хэлбэрээр илэрхийлэхийн сацуу театр, киноны шүүмж бичлэгт жигд ажиллаж буйгаараа онцлогтой юм. Түүний уран бүтээлийн онцлогийн тухайд профессор С.Энхбаяр:

“П.Батхуяг уран бүтээлийн олон салбарт зэрэг ажилладаг ёстой л “пишущий человек” /homo scriptopis/  билээ. Учир нь тэрээр яруу найрагч, өгүүллэг, тууж, роман гээд үргэлжилсэн үгийн бүх төрлөөр бичдэг, бас хэд хэдэн жүжигтэй өөрөөр хэлбэл үгийн урлагийн бүх төрөл жанраар туурвидаг, дээр нь утга зохиол-уран сайхны шүүмжийн чиглэлээр үнэхээрийн идэвхтэй ажиллаж байгаа /бараг өнөөдөр “амьд” байгаа цорын ганц шүүмжлэгч гээд хэлчихмээр/ харьцангуй залуу хүн билээ”[3] хэмээн бахархан үнэлсэн бий.

Утга зохиол судлаач, шинжлэгч Г.Батсуурь уран зохиолын судлал, шүүмжлэлийн чиглэлээр 2010 оноос өдгөө хүртэл “Удиртгал”, “Ц.Дамдинсүрэнгийн яруу найргийн аман зохиолын уламжлал”(2012), “Дөрвөн цаг’-аасЦаг хугацаа амсхийх зуур хүртэл”(2012), “Уран зохиолын дэд асуудлууд”(2014), “Мета утга”(2014), “Уран зохиолын тухай яриа-I (2013, хамтын),, “Уран зохиолын тухай яриа-II (2017, хамтын),, “Уран зохиолын тухай яриа-III(2018, хамтын), “Ц.Дамдинсүрэн: Уламжлал, шинэчлэл”(2016), “Ерөөлчид ба шизофреникууд(2018) зэрэг номууд хэвлүүлсэн уран бүтээлч юм. Тэрээр уран сайхны шүүмжийн нэгэн жигдхэн урсгалыг цочмог ирмүүн бүтээлүүдээрээ хөдөлгөөнд оруулж, ямарваа зохиол бүтээлийн тухай үргэлж шинэ өнцгөөс, гайхам содон тайлал, тайлбарыг дэвшүүлдэг шинжлэлт бичлэгээрээ эрс ялгардаг билээ. Түүний уран бүтээлийн тухай Ц.Магсар “Монголын уран зохиолын шүүмжлэл дэх шинэ үзэгдэл” өгүүлэлдээ:

“Шинэ үзэгдлийн төлөөлөл болгож бид энд утга зохиолын судлал шүүмжлэлээр ихээхэн идэвхтэй бичиж туурвиж байгаа Г.Батсуурь, Х.Чойдогжамц нарын зарим шүүмжийн талаар өгүүлэхийг зорив. Тэдний бичиж байгаа зоригтой, дайчин шүүмжүүдэд аливаа үзэгдэлд тайлбар, тайлал хийх шинэлэг арга зүй, мөн шинэлэг гэмээр онол номын “цэнэг”, сэтгэлгээний цараа, уран зохиолын өргөн мэдлэг мэдрэгдэж байгаа нь шүүмжлэлт сэтгэлгээний хөгжлийн шинэ хандлагыг тодорхойлно гэж үзэх үндэслэл байна”[4] гэж үнэлжээ.

Шинэ үеийн уран зохиолын судлал, шинжлэл хөгжихөд нөлөөлсөн хүчин зүйлсийн түрүүнд орчуулгын шилмэл бүтээлүүдийн оруулсан хувь нэмрийг зайлшгүй өгүүлэх ёстой боловч өдий төдий хуудас болох тул энэ удаад түр азная.

Хэтийн төлөв

Шинэ үеийн уран зохиолын судлал, шинжлэлийн хэтийн төлвийг ажиглан дүгнэхэд эртхэн байж магадгүй ч судалгаа, шинжилгээний бүтээлийг илтэд ойшоон үздэггүй, уншдаггүй, магад худалдан авч сонирхдоггүй тэр үе нэгэнт ард хоцорчээ. Уран зохиолын бүтээлтэй эгээ л ижил түвшинд үнэлэгдэн яригдах урлаг, утга зохиол судлалын гол салбар болж уран сайхны хэлбэр, илэрхийллийн талдаа шинэ тутам хөгжсөөр байна. Сүүлийн жилүүдэд урлаг, утга зохиолын шинжлэлийг сонирхон, тууштай, итгэлтэйгээр бичиж буй Я.Баяраа, Х.Чойдогжамц, Д.Нямдорж, Б.Гэрэлмаа, БАлтанхуяг зэрэг залуус олширч буйд олзуурхууштай. Судлал, шинжлэлийн бүтээл дагнан эрхлэн гаргадаг, тэр чиглэлд онцгой анхаарал “халамж” хандуулдаг редакци, хэвлэлийн газрууд ч олширсон билээ.

Утга зохиол судлал, уран сайхны шинжлэлийн хэтийн төлвийг гэрэлтэйгээр илтгэж буй хүчин зүйлсээс товч дурьдан яриагаа өндөрлөе.

“Утга зохиолын судлал шинжлэл” редакцийн цуврал

2016 оноос гарч эхэлсэн “Утга зохиолын судлал шинжлэл”  цувралыг онцлон нэрлэе. Урлаг, утга зохиол, философи, кино, театр, орчуулга гээд олон салбарыг хамарсан бүтээлүүдийг сорчлон орчуулж, эмхэтгэн хэвлүүлэхдээ зөвхөн шүүмж, судлалыг нь дагнан гаргадгаараа онцлогтой байна. Өдгөө 20-иод боть гарчээ.  Энэхүү цувралын талаар “Утга зохиолын судлал шинжлэл”(санаачлагч Д.Ганболд, ерөнхий редактор О.Содномпил) цувралаар В.Набоковын утга зохиолын задлан шинжлэлийн лекц, А.Шопенгауэр, Р.Барт, М.Бахтин нарын сэтгэлгээний бүтээлүүд, Д.Галбаатар, С.Энхбаяр, Г.Батсуурь нарын судлал, орчуулга, шүүмжийн бүтээлүүд түмэн олон уншигчдад хүрээд байна. Ингэснээрээ монголын уран зохиолын шүүмжлэлт сэтгэлгээнд үзэл санааны чиг баримжаагүй “дэвэн дүүлж” асан нэгэн үед цэг тавих боломж бололцоо бүрдэж байгаа билээ”[5] гэж онцолжээ.

“Найруулах урлаг XX зуунд” цуврал

Орчуулагч Н.Пүрэвдагвын санаачлан эхлүүлсэн энэхүү цуврал XX зууны тайз, дэлгэцийн шилдэг найруулагчдын шилмэл бүтээлийг сонгосоноороо нэгэн чухаг орон зайг нөхөж байна. Өдгөө 10-аад цуврал гарсан.  

 “Профессорын эрдмийн өв” цуврал

“Монгол судлалын хүрээлэн”-ээс эрхлэн үгүйлэгдээд буй судлал, шинжлэлийн ном, бүтээлийн орон зайг нөхөж салбар бүрийн эрдэмтдийн эрдэм шинжилгээ, шүүмжлэлийн бүтээлүүдийг олон ботиор эрхлэн гаргаж байна. Өдгөө 20-иод боть ном болжээ.  

 “Софило”цуврал

Философич Ж.Отгонбаярын эхлүүлсэн энэхүү орчуулгын цуврал урлаг, утга зохиолын судлал, шинжлэлд гойд ач холбогдолтой бөгөөд П.Аренский “Миклухо-Маклайн аялал”, “Хүний тухай философи” “М.Мосс “Бэлэг солилцоо”, А.Камю “Абсурдын тухай эсээнүүд” гэсэн номууд гараад байна.

 

2018.12.28

Х.Чойдогжамц

(СУИС)


[1] Ц.Магсар “XX зууны монголын утга зохиолын шүүмжлэл”, УБ., 2009, 87 т.х

[2] Х.Сампилдэндэв “Нийгмийн шилжилтийн үеийн уран зохиолын зарим асуудал”, УБ.,1998, 38 т.х

[3] П.Батхуяг “Эсрэг цаг”, УБ., 2014, 10 т.х

[4] МУБИС, НХУС, “Эрдэм шинжилгээний бичиг” №3, УБ., 2015, 27 т.х

[5] С.Байгалсайхан, Д.Цэдэв, А.Мөнх-Оргил, Ш.Баттөр  нар “Монголын шинэ үеийн уран зохиолын судлал шүүмжлэлийн түүхэн найруулал”, УБ., 2018, 296 т.х

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/