Навчис хаялаад л, сүүлчийн бороо, анхны цас сэтгэл хөндсөн өдрүүдэд тухлаг таатай орчинд, халуун кофе дэргэдээ тавиад ном уншиж суухыг хүсдэггүй хэн байх билээ. Амьдралыг сонирхолтой, гүнзгий, баялаг болгодог шидтэй ном гээч гайхамшиг бидэнд байдаг нь юутай зол завшаан. Зарим ном адал, жигтэй байдаг бол зарим ном хөгжим шиг таатай, зарим нь ээдрээтэй, нүсэр байх бол зарим нь найз шиг дотно, зарим ном хэнээс ч илүүтэй ухаалаг зөвлөгч байж болох бол зарим нь харин таныг өөрчлөх увдистай. Reader.mn сайтын зүгээс уншигч таны энэ намар унших номын сонголтод нэмэр болуужин хэмээн дараах 5 номыг нэрлэж байна. 

 1. Казүо Ишигүро “Өдрөөс үлдсэн зүйл”

Намар цаг магадгүй эргэн дурсахуйтай хамгийн гүн холбогддог улирал байж мэднэ. Өнгөрснөө дурсахад дандаа сайхан байдаггүй ч хүнд ирээдүйгээ харж урагшлахаас өөр зам үлддэггүй гэж үү?

“Романы тайван амгалан гэмээр өнгөлөн далдлалт дор хүчит давалгаа, шуурга аажим аажмаар хүчээ нэмнэ.” Салман Рушди

2. Кэтрин Мэнсфилд “Гадаа үдэшлэг ба бусад өгүүллэгүүд”

ХХ зууны сонирхолтой, модернист зохиолч эмэгтэй Кэтрин Мэнсфилд хүний оршихуйн эмзэг талыг хөндөж бичихдээ нэн гаргууд. Түүний “Гадаа үдэшлэг”-т саатаж гэмээнэ та амьдралын ээдрээт өнгө төрх болоод хүний сэтгэлзүйн олон янз байдлуудад нэвтрэх болно. 

 “Би түүний бичих авьяасад атаархдаг. Бусдын бичих авьяасад цор ганц удаа атаархаж үзсэн минь энэ” Виржиниа Вүүлф

3. Женнифер Л.Скотт “Шик хатагтайн зөвлөгөө”

Сайхан амьдрахыг хүсдэггүй хэн байх билээ. Өөрийн гэсэн тав тух, хэв маягийг бүрдүүлэн, сонирхолтой, баялаг атлаа минимал амьдрах жорыг уншигчдад санал болгодгоороо энэ ном онцгой.

“Зөвхөн францчуудын бус Европын нийтлэг төрх ‘таван мэдрэхүйгээ бүрэн дүүрэн ашиглаж’ амьдралыг таашааж, амтлах урлагийн тухай энд өгүүлнэ.” Уншигчийн сэтгэгдэл: Chansys Desk

4. Ричард Давид Прехт “ХАЙР: Цэгцрээгүй сэтгэл”

Энэхүү номд эрчүүд болон эмэгтэйчүүдийн тухай, тэдний хооронд өрнөдөг хачин жигтэй үзэгдэл болох хайрын тухай өгүүлнэ. Хайр юунаас ч илүү бидний амьдралыг орвонгоор нь эргүүлж, бүх эмх цэгцийг алдагдуулдаг. Харин уг номын зохиолч  энэхүү цэгцрээгүй сэтгэлийг цэгцэлж, хайр хамгаас чухал болохыг, яавал түүнийг хэзээ ч алдахгүй байх тухай зугаатайгаар тайлбарлана.

“Уг номыг уншаад хүн бүр мэддэг, энгийн зүйл юм шиг атлаа хэний ч мэддэггүй зүйл бол хайр юм байна гэдэгт бат итгэв. Басхүү өөрийнхөө нийгэмд бүтээж буй дүр, гаргаж буй авир, хариу үйлдэл, хэвийн зүйл мэт үзэж дассан олон зүйлсийг дахин нэг эргэж харахад хүргэх болно.”  Уншигчийн сэтгэгдэл: Түвшинбаяр Эрдэнэбат

5. Харүки Мүраками “Эрэг дээрх Кафка”

Хүн нэг талаар  хувь заяаныхаа боол нь байж болох ч, нөгөө талаар хувь заяагаа бүтээгч нь болж яагаад болохгүй гэж? Өсвөр насны хүү Кафка Тамүрагийн ээдрээт хувь заяа түүнийг хэрхэн, хааш хөтөлснийг уншихад сонирхолтой, бас жигтэй.

“Харь гарагийн жагсаал, эцгээ хөнөөсөн явдал, хий үзэгдлийн ертөнцөөрөө Мүраками Харүкигийн “Эрэг дээрх Кафка” зохиол уншигчдыг шүтэн бишрэгчид болон үзэн ядагч нар гэсэн хоёр бүлэгт хуваасан юм.” Дэвид Митчел






СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/