Нобелийн шагналт зохиолч Казүо Ишигүрогийн "Өдрөөс үлдсэн зүйл" романаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна. Их Британийн япон зохиолч Казүо Ишигүрогийн энэхүү нягт бичлэгтэй, сонирхолтой роман нь хүүрнэгчийн дурсамжин дахь үйл явдал хийгээд харилцан яриагаар дамжуулан уншигчийн сэтгэлийг хөндөхийн зэрэгцээ тайвшрал, ухаарлыг бэлэглэх болно.
🕮 Энэ газар нутгийг бид Их (агуу) Британи гэж нэрлэдэг нь зарим хүнд арай л дэндүү бардамнасан хэрэг мэт санагдаж магадгүй л юм. Гэхдээ энэ “агуу” хэмээх үгийг нэрийнхээ өмнө зүүсэн явдлыг зөвтгөхөд манай орны үзэсгэлэнт байгалийн дүр төрх дангаараа хангалттай гэж би хэлэх байна.
🕮 Гэхдээ энэ “агуу” нь чухам яг юу юм бэ? Энэ агуу чанар яг хаана, юунд оршиж байна? Ийм асуултад надаас илүү ухаалаг хүн хариулах учиртай нь мэдээж. Гэхдээ надад ямар нэг хариулт тааж хэлэх боломж гарах аваас, “анхаарал татаж, нүдэнд тусах зүйл үгүй байдалд энэ агуу чанар оршиж буй болов уу” гэж би хариулна. Тэрхүү гоо сайхны эгэл даруу, хэмжээ хязгаартай байдал нь хамгаас эрхэм. Энэ газар нутаг өөрийн гоо үзэсгэлэнтэй, агуу гэдгээ мэддэг учраас үүнийг зарлан тунхаглаад байх шаардлагагүй ч юм шиг.
🕮 “Ноён нуруу” гэдэг бол бүсгүй хүний гоо үзэсгэлэн шиг зүйл, тиймээс судалж шинжлэх гэж оролдох нь угаасаа утгагүй.
🕮 “Ноён нуруу” гэдэг бол хүнд төрөлхөөс нэг бол заяана, эс бол үгүй аж. Нэгэнт төрөхдөө тэр “ноён нуруу” гэгч зүйлийг өвлөөгүй л бол хожим нь олж авах гэх нь царай муутай эмэгтэй хүн хөөрхөн харагдах гэж хичээхтэй адил дэмий, үр дүнгүй.
🕮 Доогуурхан түвшний даамлуудыг өчүүхэн төдий өдөөн хатгахад мэргэжлийн ёс зүйгээ мартаж, хувийн тоглолтод шилждэг. Ийм хүмүүсийн хувьд ордны даамлын ажил эрхэлнэ гэдэг үггүй жүжиг үзүүлэхтэй адил; өөрөөр хэлбэл үл ялиг түлхүүлээд бүдрэхэд л баг нь унаж цаадах жүжигчний үнэн дүр нь ил гарч ирнэ.
Хүнд агуу чанар байгаа үгүй нь шууд л харагддаг. Энд толгой гашилгах ямар ч шаардлагагүй.
🕮 Өөрийн ажилдаа сэтгэлээ огт зориулдаггүй, хайр дурлалын адал явдал хайж ажилд ордог хүмүүст, ялангуяа ахлах үйлчлэгч нарт миний дургүй тун ч их хүрдэг юм. Ийм хүмүүс бидний мэргэжлийн нэр хүндэд нэн халтай.
🕮 Бурхан тэнгэр биднийг ямар нэгэн өөр... жишээлбэл, ургамал ч юм уу болгож бүтээсэн бол бүх зүйл хавьгүй дээр байх байсан биш гэж үү? Тэгвэл бид газар дэлхийтэй бат бэх холбогдоно. Энэ бүх дайн, хил хязгаарын маргаан зөрчил гэх мэт олиггүй юмс огт гарч ирэхгүй.
🕮 Хүн өнгөрснөө эргэн дурсаад чухам аль үйл явдал амьдралынх нь “эргэлтийн цэг” болсныг эрж хайх аваас ийм цэг хаа сайгүй байгаа мэт санагддаг юм билээ.
🕮 Ямар нэг зүйлийг улирч баларсан гэдгийг энэ улсад маш оройтож ойлгодог. Шинэ цаг үеийн шаардлагыг хангахын тулд хуучны, зарим тохиолдолд хүмүүсийн сэтгэл зүрхэнд ойрхон арга барилыг ч хөсөр хаях хэрэгтэй гэдгийг бусад агуу гүрэн маш сайн мэднэ. Гэтэл Британид тийм биш.
🕮 Хүн зугтах аргагүй бодит үнэнийг хүлээн зөвшөөрөх л хэрэгтэй. Та бидэн шиг эгэл жирийн хүмүүс өнөөдрийн дэлхий ертөнцийн агуу их үйл хэргийн нарийн ширийнийг хэзээ ч ойлгохгүй, тийм шаардлага ч байхгүй.
Байнга өнгөрснөө эргэцүүлэх нь сэтгэлээр унагахаас өөр ямар ч сайн зүйлд хүргэхгүй.
🕮 Цаг хугацааг буцааж болох биш дээ. Хүн тэгвэл, ингэвэл яах байсан бол гэж бодсоор хорвоог барж болохгүй. Бусдын адил, хэний ч дор бус, магадгүй заримаас нь илүү ч амьдарч байгаа байх, үүндээ талархах хэрэгтэй.
🕮 Бид бүгд л нэг цэгт хүрээд бууж өгөхөөс өөр аргагүйд хүрдэг шүү дээ. Намайг хар! Тэтгэвэрт гарсан өдрөөсөө хойш үргэлжийн санаа зовох юмгүй, аз жаргалтай амьдарч байна. Тийм ээ, та бидний залуу нас улиран одсон, гэхдээ л бид урагш харж амьдрахаас өөр яах юм бэ?
🕮 Амьдралд баярлах хэрэгтэй. Үдэш гэдэг чинь өдрийн хамгийн сайхан үе юм шүү дээ. Ажлын урт өдөр дууссан байна. Одоо хөлөө жийж суугаад сайхан амарч болно. Би ингэж л боддог. Хэнээс ч асуусан үүнтэй санал нийлнэ. Үдэш гэдэг бол өдрийн хамгийн сайхан цаг.
СЭТГЭГДЭЛ