Ханс Kристиан Андерсен үлгэрүүдээрээ дэлхий дахинд алдаршиж чадсан зохиолч юм. Андерсен нэгэн ядуу гуталчины гэр бүлд төрж өссөн бөгөөд түүнд боловсрол эзэмших боломж нь муу байжээ. Гэхдээ тэрээр арван дөрвөн настайдаа Копенхагенд очиж, хааны угсааны театрт орох азтай боломж түүнд тохиож, дөрөвдүгээр Фрийдрих Андерсены авьяасыг таньж, арван жилийн болон их дээд сургуульд сурахад нь санхүүгийн тусламж үзүүлж, тэрээр 1829 онд гүн ухааны сургууль төгсжээ.
Андерсен Герман, Франц, Итали улсаар олон удаа аялж, энэ нь түүнд богино өгүүллэг бичих санаа авах эх сурвалж болж, энэхүү аялалаас төрсөн сэтгэгдэлээ бичдэг байсан байна. Эхлээд тэрээр уран бүтээлүүдээрээ боловсролын түвшинд үнэлэгдэж, романууд нь Денмаркд реализмыг үндэслэн байгуулсан байна.
Тэрээр “Нэгэн итали зохиолчийн залуу насны амьдрал ба мөрөөдөл” зохиол бичих хугацаандаа улсаас зохиолчийн цалин авдаг болсон байна. Андерсен уран бүтээлийнхээ сүүлийн жилүүдэд уншигч олондоо танигдаж, нэр хүнд олжээ.
168 үлгэр нь дэлхийн 80 гаруй хэлээр орчуулагдсан бөгөөд эдгээр үлгэрүүдийн эх сурвалжийг тэрээр Дани, Герман, Грек ардын домогоос авсан байна. Ингэхдээ тэрээр заримыг нь уламжлалт үлгэрийн хэв маягаар бичиж, тэднийгээ бусад төрөлтэй холбож, мөн шинэ үлгэрүүд зохиожээ. Түүний уян романтик үлгэр үнэн шудрага явдалыг үргэлж харуулдаг бөгөөд энэ шинж чанараа хэзээ ч алддаггүй юм. Эхлээд хүүхдүүдэд зориулж бичсэн үлгэрүүд нь өөрийн гэсэн содон гүнзгий егөөдсөн утгатай байсан болхоор хүүхдүүдэд ойлгомжгүй байсан бөгөөд харин энэ чанараараа томчуудын сэтгэлийг татаж чаджээ.
Андерсен өөрийнхөө ертөнцийг үзэх үзлээ батжуулж, харуулах гэсэн оролдлого нь “Цасан гүнж” хэмээх үлгэрт тод харагддаг юм. Энэ үлгэрт гардагаар шулам нэгэн толь бүтээж, энэ толь нь зөвхөн инээдтэй бөгөөд алдаа дутагдалтай зүйлийг л харуулдаг, харин сайн сайхан зүйлийг бүүр багасгаж харуулдаг буюу, бүр харуулдаггүй байжээ. Энэ үлгэртээ мөн Андерсен олон төрлийн учир шалтгааныг өөр хооронд нь холбож, адилтган зүйрлэхийн зэрэгцээ хийсвэр сэтгэлгээ нь “цасан гүнж”, тус хүргэдэг амьтад, ид шид болон сайн муу санаат чөтгөрийн хэлбэрээр илэрийлэгджээ. Гүн ухааны учир утгатай үлгэрүүдээс гадна Андерсен эд зүйлс амилдаг үлгэр зохиож байжээ. Үүнд тухайлбал “Standhafte Zinnsoldat” зэрэг романтик хайрын үхэл зэрэг сэдэл санаатай үлгэр багтана. Дараагийнх нь Die Stofnadel зэрэг үлгэрүүд харин юуны өмнө дүрүүдийг оновчтой дүрсэлсэнээрээ уншигчидын сэтгэлийг татаж чадсан юм. Өөрөөр хэлбэл дүрүүдийн онцлог шинж чанаруудыг тухайн үеийн нөхцөл байдалтай маш сайн уялдуулан холбож чадсан байна. Энэхүү үлгэрт нэгэн бүсгүйн мятрашгүй тэсвэр хатуужил болон гал цогийг найрсаг егөөдсөн байдлаар дүрсэлжээ. Энэ бүсгүй ямар ч хүнд хэцүү зүйл тохиолдсон ч шантралгүй зүтгэж, өөрөө өөрийгөө хайрлаж, бусад хүмүүсээс илүү гэдэгээ мэдэрнэ. Мөн намтар түүхийн холбоотой хэсгүүд ч энэ үлгэрт харагддаг. Түүний сүүлийн үеийнх нь үлгэрүүдэд сургахуйн ухааны болон гүн ухааны сэдэвүүд нилээн их орсон байдаг. Түүний Historier үлгэр нь 1858-66 оны хооронд “Шинэ үлгэрүүд болон түүхүүд” нэрээр гарсан бөгөөд үүнд бодит ба бодит бус зүйлийг хооронд нь холбож өгсөн байдаг. Андерсен бас сүүлийнхээ үлгэрүүддээ түүхэн домогийг үлгэр болгон хувиргаж, түүндээ өдөр тутмын хувь заяаны тухай, техникийн шинэ ололтын тухай өгүүлдэг байсан бөгөөд энэхүү бодит зүйлийг үлгэрийн маягт оруулан бичиж чаджээ. Түүний анхны үлгэрүүд нь их хялбар бүтэцтэй байсан бол сүүлийн үлгэрүүд нь илүү сэтгэл хөвсөлзүүлсэн үргэлжилсэн үгийн зохиол шиг бүтэцтэй байсан байна.
Андерсений нарийн хошигнол, егөөдөл болон олон давхаргатай үлгэрүүд өнөөдрийг хүртэл дэлхийн утга зохиолын мартагдашгүй үнэт эрдэнэд тооцогддог юм.
Мэдээ бэлтгэсэн Э.Мөнхзагар
СЭТГЭГДЭЛ