Монсудар хэвлэлийн газраас жил бүр зохион байгуулдаг "Соён гэгээрлийн өдрүүд" арга хэмжээ 2018 оны 06 сарын 11 - 06 сарын 18-ны хооронд зохион байгуулагдаж байгаа билээ. Энэ арга хэмжээний хүрээнд утга зохиолын шүүмжийн ач холбогдолыг олон нийтэд таниулах, мэргэжлийн судлаачид, уншигчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэх зорилгоор шүүмж хэрхэн бичих талаар хялбаршуулсан нийтлэл хүргэснээс гадна утга зохиол судлал, шүүмжийн чиглэлээр идвэхитэй ажиллаж байгаа судлаачдаас бид 10 ижил асуултанд хариулт аван цувралаар хүргэж байна. Энэхүү цуврал нийтлэл маань уншигчдад уран зохиолын судалгааны бүтээлүүдтэй танилцах, аливаа ном бүтээлийг зөв шүүн тунгаахад тусална гэдэгт найдаж байна.
СУИС-ийн Урлаг судлал утга зохиолын тэнхимийн эрхлэгч, зохиолч, шүүмжлэгч, доктор (Ph.D.) дэд профессор П.Батхуяг
Таны хувьд уран зохиолын шүүмж гэж юуг хэлэх вэ? Шүүмж уран бүтээлчийн хувьд, уншигчийн хувьд хэр чухал, ямар ач холбогдолтой зүйл гэж та боддог вэ?
Шүүмж шүлэг бичихтэй л адилхан. Бясалгал эсвэл эгдүүцэл, үгүй бол тайвшрал юм. Түүнээс биш хөл гар, хүзүү толгой нь ондоо уран зохиолоос огт өөр зүйл мэт ойлгуулахыг оролдож байсан үе өнгөрсөн. Нийтийн жишгээр харах юм бол шүүмж уран бүтээлч, уншигчдад хэрэгтэй зүйл байх. Харин эцсийн шовгор дээрээс харах юм бол бид бүх зүйлийг л ашигтай хэрэгтэй гэж үздэг ч харамсалтай нь цагаа тулахаар тийм байдаггүй. Олон хүний хувьд шүүмж гэдэг чинь цагийн зугаа.
Таны бодлоор уран зохиолын шүүмж, судлал, задлан шинжлэл ер нь ямар сувгаар дамжин уншигчдад хүрч байх ёстой юм бэ, одоо ямар байдлаар хүрч байна вэ? Шүүмжлэгч судлаачид өөрийн бүтээлээ уншигчдад хүргэх нөхцөл бололцоо, арга зам, уялдаа холбоо хэр нээлттэй байгаа талаарх таны бодол?
Шүүмж бичигчдэд индэр хэрэгтэй гэдэг үзэл ч бий. Тайзан дээр бэлэн индэр тавиад түүн дээр нь шүлсээ үсчүүлж зогсох юун сайхан байгаа юм. Мэдээж шүүмж бичээд ном хэвлэнэ үү, өөрийн цахим орон зайг бий болгоно уу, энэ бүхэн харин харьцангуй нээлттэй цаг үе. Тиймээс эрх чөлөө, нөхцөл бололцоо боломж нь байвал хэн ч эдлэх ёстой эрх. Ажиглаад байхад шүүмж бичихийг алба ажил мэт ойлгодог нь олон. Миний хувьд энэ чинь сэтгэл зүрхний үйл хэрэг.
Тодорхой бүтээлд зориулсан шүүмжийг хүлээн авахдаа бичээчийг шүүмжилсэн мэт сөргөөр ойлгож, тухайн шүүмжийг бичсэн судлаач шүүмжлэгч рүү дайрах, үл ойшоох, нэр төрд нь халдах тохиолдлууд танд хэр элбэг ажиглагддаг вэ? Зохиолчид төдийгүй уншигчид, олон нийтийн шүүмж судлалын бүтээлд хандах хандлагыг хэрхэн зөв тийш нь эргүүлж болох бол?
Зохиолч уншигчдын хандах хандлагыг зөв тийш нь эргүүлэх гэхээр тодорхой арга зам, бодлого хэрэгтэй гэсэн үг болж таарна. Тийм юм хаана ч байхгүй. Энэ асуулт чинь хайрцаглагдсан сэтгэлгээ. Хэн яаж хүлээж авна түүгээрээ л болно. Бид хэзээ ч нийгэм, хүмүүсийн олонлогийн харилцааг тийм шугаман замаар зохицуулах шаардлагагүй. Харин шүүмж бичснийхээ төлөө сайн муу хэлүүлэхийг тоохоо больсон насандаа торойж яваа учраас өмнө нь ямар дайрлага ирж байсныг санахааргүй мартжээ. Олон л юм болсон ш дээ.
Монголын уран зохиолд судлал болон шүүмжийн ялгаа зааг хэр тодорхой байна? Судалгааг шүүмж байдлаар, шүүмжийг судалгаа байдлаар хүлээж авах хандлага бий юу?
Орчин үед бол шүүмж, судлал хоёр нийлэгжиж байгаа. Одоо тус тусад нь салгаж ойлгодог явдал үнэндээ хоцрогдчихсон. Гэтэл мэргэжлийн нэр хүндтэй, боловсролтой зохиолчид хүртэл салгаж, ялгахыг хүсэхээр гүйлгээний зохиолчид хөөрхий аргагүй л дээ. Үнэндээ бол тийм хандлага нь буруу биш. Паркер шүүмжийн тухай номондоо “судлах сэтгэлгээ гэдэггүй, шүүмжлэлт сэтгэлгээ гэдэг. Тиймээс судална гэдэг шүүмжлэхийн нэр” гэсэн байдаг. Бид л судлах бол магтах, шүүмжлэх бол муулах гэж ойлгодогоороо үлдэж байна. Гэхдээ энэ байдал өөрчлөгдөж эхлээд байна.
Өнөөдөр уран зохиолын шүүмж бичигчид энэ мэргэжлээрээ хоолоо олж идэж чадаж байна уу? Ихэнх тохиолдолд өөр чиглэлээр ажиллаж шүүмж судлалын ажлыг дагавар хобби маягаар авч яваа юм шиг анзаарагддаг. Таны бодлоор шүүмж судлалын зах зээл ямар түвшинд байна вэ? Асуудал нь юунд, шийдэл нь хаана байж болох вэ?
Би хоол олж идэх гэж шүүмж бичиж байгаагүй, бичих ч үгүй. Тийм болохоор шүүмж хоол хоёрыг хамтад нь ойлгож явсангүй. Ер нь хоол олох гэж уран зохиолд дуртай бологчидтой хорин жил тэмцэж явна. Уран зохиолд өөр сэтгэлээр, өөр зорилгоор хайртай байх эхний хэрэг, ходоодны асуудал бол дараа нь, олдоно. Магадгүй миний шүүмжүүд ганцхан энэ зүйлийн тухай л бичээд байдаг байж болох юм. Би зах зээл судлаач биш учраас шүүмжийн зах зээлийн судалгаа хийж байсангүй. Цаг гаргаж сонирхож байгаагүй болохоор хэлэх зүйл алга. Би шүүмж бичдэг болохоос асуудал шийдэл хаана байдгийг хайж явсангүй, уучлаарай.
Манайд шүүмж судлал сайн хөгжихгүй байна гэсэн яриа байдаг, ер нь монголын уран зохиол дахь шүүмж судлал хөгжлийнхөө ямар шатанд явж байна гэж та үздэг вэ?
Хэрэв өөрийн цахим орон зайд сэтгэгдэл бичигчдийг хамруулж ойлговол харин ч шүүмж хөгжөөд байгаа юм бишүү. Шатны хувьд гишгүүр ахиж л байна. Д.Нямдорж, У.Бямбаням, Я.Баяраа, Х.Чойдогжамц, Б.Алтанхуяг гээд сайхан залуус байна. Тэд л ямар шатанд хүрсэн, хэн хүргэсэн, одоо ямар шатанд гишгэж явааг тодорхойлох байх. Би хувьдаа тэр хөгжлийн шатаар авираад алга болсон гадаадын нөхдөөс нэг их хоцорсон хойшилсон гэж үздэггүй. Барааг нь хараад л яваа юм ш дээ.
Таны бодлоор шүүмж судлалыг хөгжүүлэх ямар гарц шийдэл байна? Үүнийг ямар түвшинд, чухам хэн хийх ёстой юм бол?
Энэ салбарт дурласан залуусын сурах боловсрохыг нь дэмжих. Хэнд ямар боломж байна, тэр хэр чадлаараа туслах гэсэн ганцхан шийдэл байна. Бусдыг нь бурхан, заяа хоёр нь мэднэ. Ямар түвшинд гэхээр бүхий л түвшинд, хэн хийх ёстой гэхээр эхлээд уран зохиолд учраа олсон хэсгийнхэн, дараа нь дарга сайд даамалууд болов уу?
Монгол хэл дээрх уран зохиол аль төрөл жанраар илүү хөгжих боломжтой гэж та боддог вэ
Нэгдүгээрт, монгол хэл дээрх биш монгол хэлт уран зохиол, хоёрдугаарт бүх л төрөл ижил түвшинд хөгжих боломжтой. Сүүлийн үед уншигчдын хошуураад байгаа зарим шилдэг гэх тодотголтой гадаадын уран зохиолын бүтээлүүдийг харж суухад бид хэдийнээ хөгжөөд, зарим талаараа хэтрээд явчихсан санагддаг. Одоо тэгэхээр хөгжих боломжийн тухай бус хөгжсөнөө харуулах боломжийн тухай ярих нь илүү бодитой.
Сүүлийн хорин жилд монгол хэл дээр бичигдсэн хамгийн шилдэг роман, хамгийн сайн яруу найргийн түүврийг нэрлээч гэвэл та ямар бүтээлийг нэрлэх вэ?
Зохиолч Г.Аюурзана бол манай үеийн баатар. Түүний романуудаас жинхэнэ язгуурын сэтгэлгээ, язгууртан зохиолчийн мөн чанарыг таньж болно. Хорин жилийн хувьд бол Баатарын Галсансүх, харин ойрын үед онцгой догдлуулсан яруу найрагчдаар Ороолонгийн Элбэгтөгс, Батхүүгийн Батзаяа, Хандхүүгийн Нямхишиг, Цагаанчулууны Дэлгэрмаа гээд олон нэр, олон ном нэрлэж болно. Бусад нь гомдох вий дээ.
Хамгийн сүүлд (2017-2018 онд) монгол хэл дээр бичигдсэн шилдэг роман, шилдэг яруу найргийн түүвэр таны хувьд хэний ямар ном байсан бэ?
Нэгдүгээрт, монгол хэл дээр биш монгол хэлээр, хоёрдугаарт, жилийн доторх таашаал жинхэнэ байж чаддаггүй. Шилдэг байх ч боломжгүй. Тиймээс хэн нэгний номыг нэрлэх нь шүүмжлэгчийн хувьд шүүрхий байгаагаа харуулчихна.
#НЭМЭЛТ АСУУЛТ
Манайд утга зохиолын шүүмж судлалаар дагнаж ажиллах боломж бий юу? Хэрэв тийм боломж нөхцөл хомс байдаг бол үүнээс гарахад хамгийн түрүүнд хийх алхамыг та юу гэх вэ?
Бидний үлгэр болгодог газруудад ч ийм боломж тийм ч их байдаггүй болов уу даа. Миний мэдэхийн олон нэртэй зүстэй гадаадын шүүмжлэгч аль нэг их сургуулийн багш, хэвлэлийн газрын ажилтан л байдаг юм. Гарольд Блум, Силван Барнет, одоогийн Давид Дэнби хүртэл бүгд л дагнавал дагнахаар газрын улсууд. Тэгээд ч шүүмжлэгч хүн уран бүтээлч мөн. Уран бүтээлч хүнд аль ч цагт ганцхан зүйл л хэрэгтэй байсан. Хаана хэнд харьяалагдах нь амьдралын хэрэг, харин оюун санааны хувьд эрх чөлөөтэй байхад л суралцах явдал. Оюун санааны эрх чөлөөтэй байх л хамгийн түрүүнд хийх алхам болов уу.
Орчуулгын сайн зохиолуудыг уншигчдад хүргэхэд судлаач шүүмжлэгчдийн оролцоо юугаар илэрч харагддаг вэ?
Хэн ямар зорилгоор, юуг орчуулж байна гэдгээс л шалтгаална. Нийтийн соён гэгээрэх хэрэг тусын хувьд ч юм уу, орчуулгын хэл найруулгын чанар чансааны талаар шүүмжлэгдийн оролцоо мэдээж чухал. Илэрч харагддагийн тухайд гадны юм бүхэн гайхамшигтай байдаггүйг л ойлгуулах, гарцаагүй сайныг нь батлан харуулахад чиглээд байх шиг санагддаг. Муухай хүүхнийг торгонд, муу махыг гуриланд боож далдруулдаг гэдэг шиг гадны муу зохиолыг сайн зараар, муухан зохиолчийг буруу замаар тодруулахыг л хүлээн зөвшөөрөх ёсгүй.
Хүүхдийн зохиолын шүүмж хэрэгтэй болдог. Харамсалтай нь үүнийг хийдэг хүн олддоггүй. Энэ юунаас болдогийг тайлбарлахгүй юу?
Хүүхдийн уран зохиол гэхээр манай зохиолчид өнгөрсөн рүүгээ буцах гэж ойлгоод баахан дурсамж хөвүүлээд байгаа юм. Гэтэл тийм биш харин ч ирээдүй рүү өнгийх сэтгэлгээ юм. Бас хүүхдийн ертөнц, сэтгэхүйг таних хэрэгтэй болно. Хүүхдэд зориулж байна гээд хүүхэд ч итгэхгүй юм бичдэг, эсвэл угжнаасаа салахдаа л ухаарсан зүйлүүдийг нь тооцдог нь нууц биш. Хүүхдийн зохиолын хэл найруулга гайгүй, сэтгэлгээ л хоцрогдоод байгаа юм. Ийм байхад хэн хүүхдийн зохиолд шүүмж бичих вэ? Тайлбар нь энэ.
Манайд англи дээр чөлөөтэй уншдаг утга зохиолын шүүмжлэгч бий юу?
Байгаа байлгүй дээ. Үнэнийг хэлэхэд би л лав биш. Хэл гэдэг гангараа биш хэрэглээ гэдэг талаасаа бол ойр зуур толь бичиг эргүүлээд олж мэдэх зүйлээ хэр чадлаараа англи хэлээс аваад л байдаг юм.
СУИС ийн Урлаг судлал утга зохиолын тэнхимийн эрхлэгч, зохиолч, шүүмжлэгч, доктор (Ph.D.) дэд профессор П.Батхуяг
СЭТГЭГДЭЛ