Монсудар хэвлэлийн газраас жил бүр зохион байгуулдаг "Соён гэгээрлийн өдрүүд" арга хэмжээ 2018 оны 06 сарын 11 - 06 сарын 18-ны хооронд зохион байгуулагдаж байгаа билээ. Энэ арга хэмжээний хүрээнд утга зохиолын шүүмжийн ач холбогдолыг олон нийтэд таниулах, мэргэжлийн судлаачид, уншигчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэх зорилгоор шүүмж хэрхэн бичих талаар хялбаршуулсан нийтлэл хүргэснээс гадна утга зохиол судлал, шүүмжийн чиглэлээр идвэхитэй ажиллаж байгаа судлаачдаас бид 10 ижил асуултанд хариулт аван цувралаар хүргэж байна. Энэхүү цуврал нийтлэл маань уншигчдад уран зохиолын судалгааны бүтээлүүдтэй танилцах, аливаа ном бүтээлийг зөв шүүн тунгаахад туслана гэдэгт найдаж байна.
Утга зохиолын шүүмж #1:ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлалын салбарын ЭША Доктор (Ph.D),дэд проф Д.Цэвээндорж

Таны хувьд уран зохиолын шүүмж гэж юуг хэлэх вэ? Шүүмж уран бүтээлчийн хувьд, уншигчийн хувьд хэр чухал, ямар ач холбогдолтой зүйл гэж та боддог вэ?
Уран сайхны шүүмж гэдэг нь тухайн урлаг, утга зохиолын бүтээлийн цаг үеийн мөн чанар, үзэл санааны ач холбогдол зэргийг яруу сайхны нээлт, сэтгэлгээний өндөр түвшинд авч үзсэн утга зохиол судлалын нэгэн салбар юм. Урлаг, утга зохиол судлагч бүхэн мэргэжлийн түвшинд шүүмж бичиж чаддаггүй. Үүгээрээ уран сайхны шүүмж нь судал шинжлэлийн өвөрмөц, дээд хэмжүүрийн хувьд уншигч хэрэглэгчдийн оюуны мэдлэг боловсрол, зохиолчдын цаашдын эрэл хайгуул, туурвил зүйн ололт төдийгүй тухайн үндэстний соён гэгээрүүлэх үйлс, уран сайхны туршлагад тодорхой хувь нэмэр оруулж ахиц, нөлөө үзүүлж байдаг.
Таны бодлоор уран зохиолын шүүмж, судлал, задлан шинжлэл ер нь ямар сувгаар дамжин уншигчдад хүрч байх ёстой юм бэ, одоо ямар байдлаар хүрч байна вэ? Шүүмжлэгч судлаачид өөрийн бүтээлээ уншигчдад хүргэх нөхцөл бололцоо, арга зам, уялдаа холбоо хэр нээлттэй байгаа талаарх таны бодол?
Уран сайхны шүүмж нь хэвлэл, мэдээллийн бүхий л төрөл зүйлүүдээр цаг алдалгүй уншигч олон, мэргэжлийн хүрээнийхэнд хүрч байх ёстой юм. Орчин үеийн өртөг бага, шуурхай, хүртээмжтэй сувгуудыг ашиглан чөлөөт ярилцлага, асуулт, хариулт хэлбэрээр тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулж болмоор санагддаг. Өнөөдрийг хүртэл цөөн тооны шүүмжлэгчид нь төвийн зарим нэг сонинд өгөөд гуйдаг, хэвлэл нүүрийн зай багтаамжийг харж сар орчим хүлээдэг, сониныхон хасаж танадаг, шүүмжийн нэр, зарим хэл найруулгыг засаж өөрчилдөг ийм л байдалтай байна. Өөрөөр хэлэхэд уншигчид, мэргэжлийн хүрээнийхэнд хүргэх боломж, арга зам муу хэвээр байгаа тул шүүмж бичихээ болих, багшлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлаар дагнах эрмэлзэлтэй болсон нь нууц биш.
Тодорхой бүтээлд зориулсан шүүмжийг хүлээн авахдаа бичээчийг шүүмжилсэн мэт сөргөөр ойлгож, тухайн шүүмжийг бичсэн судлаач шүүмжлэгч рүү дайрах, үл ойшоох, нэр төрд нь халдах тохиолдлууд танд хэр элбэг ажиглагддаг вэ? Зохиолчид төдийгүй уншигчид, олон нийтийн шүүмж судлалын бүтээлд хандах хандлагыг хэрхэн зөв тийш нь эргүүлж болох бол?
Зарим зохиолчдод уран сайхны шүүмжийн талаарх мэдлэг, ойлголт одоог хүртэл байхгүй хэвээр байна. Оны шилдэг яруу найргийн бүтээлээр шалгарч “Алтан өд” хүртсэн эмэгтэй хүн хүртэл гэр бүлээрээ ээлжилж утасдан ална, тална гэж хэл амаар доромжилж дайрч давшлан зурвас (Message, messenger)бичсээр байгааг өөрийн биеэр амсаж явна. Тухайн зохиолчид бус уран сайхны бүтээлд хандсан мэргэжлийн шүүмжийн талаарх ойлголтыг төлөвшүүлэхэд зохиолчдын мэргэжлийн байгууллагын үүрэг, шүүмж судлалын үндэсний зөвлөл байгуулах гэх мэт сурталчлах, өргөжүүлэх, зохион байгуулалтын олон ажлыг жигдрүүлэх шаардлагатай санагддаг.
Монголын уран зохиолд судлал болон шүүмжийн ялгаа зааг хэр тодорхой байна? Судалгааг шүүмж байдлаар, шүүмжийг судалгаа байдлаар хүлээж авах хандлага бий юу?
Уран сайхны шүүмж, утга зохиол судлалын бүтээл хоёр нь бие даасан төрөл зүйлүүд юм. Гэхдээ энэ зааг бас л төдийлөн тодорхой ялгагдаагүй хэвээр байна. Хэдийгээр судалгаан дээр суурилж шүүмж бичигдэх ёстой, судалгааны өгүүлэл, бүтээл нь шүүмжлэлт аястай байдгаараа хоорондоо нягт холбоотой боловч тухайн бичигчийн байр суурь, бичлэгийн өнгө аяс өөр өөр байж болдог. Миний бодлоор бүх төрлийн уран сайхны шүүмж судалгаанд түшиглэж бичигдэх ёстой болохоос судалгааны бүтээл бүр шүүмжлэлт аястай байх шаардлагагүй гэсэн зарчимыг баримталдаг.
Өнөөдөр уран зохиолын шүүмж бичигчид энэ мэргэжлээрээ хоолоо олж идэж чадаж байна уу? Ихэнх тохиолдолд өөр чиглэлээр ажиллаж шүүмж судлалын ажлыг дагавар хобби маягаар авч яваа юм шиг анзаарагддаг. Таны бодлоор шүүмж судлалын зах зээл ямар түвшинд байна вэ? Асуудал нь юунд, шийдэл нь хаана байж болох вэ?
Уран сайхны шүүмжээр амьдарна гэж байдаггүй. Хоолоо олж идээд, амьдраад болоод байдаг бол захиалгын, муу шүүмж төрөх магадлалтай, тийм сөрөг тал үүсгэж болзошгүй. Тийм болохоор уламжлалт хэлбэрээр, бас голдиролоороо л өнөөдрийг хүртэл явж байна. Гэхдээ энэ “уламжлалт голдирол” нь зөв зүйтэй, хол явах зүйл биш. Өөрчлөлт, зохион байгуулалт хэрэгтэй байна. Бичлэгээрээ цалинжиж дагнаж ажиллан ном уншаад л шүүмж бичээд сууж байдаг мэргэжлийн шүүмжлэгчтэй болчихвол монголын урлаг, утга зохиолын ертөнц, оюун санааны амьдралд маш хэрэгтэй. Тиймээс захиалгат буюу хараат бус, зүрх сэтгэлийн дуудлагаар бүтээл туурвих эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгөх нь зүйтэй болов уу. Ингэхийн тулд зохиолчдын хороод БСШУЯ-ны Соёл, урлагийн газар зэрэг байгууллагуудтай хамтарсан төсөл хэрэгжүүлж болдог бол уран зохиолын төрөл бүрээр, боломжгүй бол улсын захиалгатай мэргэжлийн, орон тооны нэг ч атугай шүүмжлэгчтэй болж эхлэх ажлыг зохион байгуулах саналтай явдаг. Магадгүй хоцрогдсон, хуучны хүний үг мэт санагдаж болно л доо. Яг одоо шүүмжийг хөгжүүлэх, удаан, тууштай бичих мэргэжилтэнг бэлтгэх өөр мэргэн санаа орж ирэхгүй байна. Туршлагаас харахад овоо шүүмж бичээд гаршаад, дагнаад ирэхээрээ олон бэрхшээлтэй тулгарч туршлагатай сайн шүүмжлэгч өөр чиглэл рүү орох, бичихээ болих, эсхүл ертөнцийн мөнх бусыг үзүүлчихдэг нь амьдралын үнэн шүү дээ.
Манайд шүүмж судлал сайн хөгжихгүй байна гэсэн яриа байдаг, ер нь монголын уран зохиол дахь шүүмж судлал хөгжлийнхөө ямар шатанд явж байна гэж та үздэг вэ?
Уран сайхны шүүмж судлалын тоо, чанар бага байгаа нь нууц биш. Энэ нь олон хүчин зүйлтэй холбоотой санагддаг. Дуртай номоо худалдаж авах уншигчдын тоо, театрт очих үзэгчдийн тоог нэмэгдүүлэхэд уран сайхны шүүмжийн үүрэг, нөлөөнөөс гадна ард иргэдийн орлого, амьдралаасаа илүүчлэх “чин зориг” шийдвэрлэх үүрэгтэй болчихсон гэдгийг харгалзан үзэхээс өөр аргагүй цаг үед бид амьдарч байна. Нөгөө талаар цөөн тооны шүүмжлэгчид болон зохиолчид үндсэн ажлынхаа завсар зайгаар нь жаахан шүүмж бичиж байгаад амьдралын шаардлагаар (сурах, ажиллах), ажил үүргийн хүрээгээр (сурган хүмүүжүүлэх, орчуулга, судалгааны ажил) орхичихдог тул орон тооны шүүмжлэгчтэй болох, эсхүл шүүмж өдрийн од шиг хааяа нэг олдвол уншаад өнгөрөхөөс, бас шүүмж, шүүмжлэгчид дэндүү цөөхөн хэмээн шүүмжлээд яваад байхаас өөр зам үлдэхгүй болох нь. Нөгөө талаар манайд уран сайхны шүүмжийг хүлээж авах нийгэм, эдийн засгийн, оюун санааны түвшин бүрэлдэж, төлөвшиж эхлээ ч үгүй байна. Энэ янзаараа байвал хэзээ ч бүтэхгүй зүйл биз. Өнөөдөр мэргэжлийн, уран бүтээлд хандсан, ирээдүйг харсан шүүмжлэгчийн бүтээлийг эерэгээр тусгаж авахаасаа өө эрдэг хэвээр байгаа нь нууц биш. Бүхэл бүтэн шүүмж бичлэг атугай энгийн хэлсэн ганц хоёр үг даахгүй, “юм санаж” явдаг нялзрай иргэд аль ч салбарт олноороо бий болчихлоо. Энэ бол оюун санааны хоосролын маш том ухралт, түүний илрэл мөн юм. Нийгмийн оюун санааны амьдралын түвшин ийм дорой байхад шүүмжийг хөгжүүлнэ гэхээсээ таниулах, сурталчлах ажлыг бас орхигдуулж боломгүй санагддаг.
Таны бодлоор шүүмж судлалыг хөгжүүлэх ямар гарц шийдэл байна? Үүнийг ямар түвшинд, чухам хэн хийх ёстой юм бол?
Зохиолчдын байгууллагын үүрэг, хамтын ажиллагаа чухал оролцоотой хэвээр болов уу? Зохиолчдын эвлэл, холбоогоороо ялгарч бус хамтарч ажилладаг, хамтарч зохион байгуулдаг, хамтдаа үр дүнд хүрэх нь хөгжил дэвшилд л хөтөлнө. Ингэж чадвал зохиолчдод (зохиол бүтээл), судлал шүүмжлэлийн хөгжилд хувь нэмэр оруулах зохион байгуулалтын нэг хэсэг болох юм. Өнөөдөр МЗЭ-д хамгийн олон нэртэй сайн зохиолчид, МЧЗХ-д хамгийн нэртэй эрдэмтэд (ШУ-ы болон болорвсролын доктор цолтой), мэргэжлийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн гадаад хэлтэй профессор багш, судлагчид илүүтэй байгаа нь нууц биш билээ. Энэ туршлага, боломжоо хамтраад үр дүнд хүргэх, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн болон улсын цөөн тооны ИС-дын зохион байгуулдаг улирал тутмын эрдэм шинжилгээний хурлыг уран сайхны шүүмж, хэлэлцүүлгийн сэдвээр зохион байгуулж ч болно. Шүүмж судлалыг хөгжүүлье гэсэн утга зохиолын хүрээнийхэн, уран зохиолд элэгтэй хүн бүрийн сэтгэлд дөлөлзөх галыг унтраачихалгүй өдөөж байх нь ч чухал. Энэ ажлыг зохион байгуулалтанд оруулахад мэргэжлийн гэлтгүй ахмад, залуу үе бүгд оролцон дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.
Монгол хэл дээрх уран зохиол аль төрөл жанраар илүү хөгжих боломжтой гэж та боддог вэ?
Монголдоо бол яруу найраг, дэлхийн түвшинд хүүрнэл зохиолын төрөл зүйл, сайн орчуулж чадвал цөөн тооны зарим нэг зохиолчийн (Д.Урианхай гэх мэт) жүжиг хол давхих боломж бий. Гэхдээ орчуулгын болон шүүмжлэгчдийн мэргэжлийн баг ажиллуулж эхлэсэн тохиолдолд байх. Өөрсдөө орчуулахгүй, дагнасан уран зохиолын орчуулагчгүйгээр гадаад хэл дээр хичнээн ном (гадаад хүнээр орчуулуулж) гаргаад монголын уран зохиол дэлхийд хүрч чадахгүй хэвээр л байна шүү дээ.
Сүүлийн хорин жилд монгол хэл дээр бичигдсэн хамгийн шилдэг роман, хамгийн сайн яруу найргийн түүврийгнэрлээч гэвэл та ямар бүтээлийг нэрлэх вэ?
Г.Аюурзана “Сахиуст хангайн нууц” 2017
Д.Пүрэвдорж “Хөх үндэсний гал” 2003
Хамгийн сүүлд (2017-2018онд) монгол хэл дээр бичигдсэн шилдэг роман, шилдэг яруу найргийн түүвэр таны хувьд хэний ямар ном байсан бэ?
До.Цэнджав Цэвдэг жаран (роман)2018
О.Дашбалбар Оюун санааны яруу найраг 2017
СЭТГЭГДЭЛ