Нийгмээрээ нэгдсэн чиг баримжаагүй болж, бараг хөлтэй бүхэн нь худалдаа наймааны араас хошуурах болсон 1990-д онд урьд өмнө нь төрийн бодлогоор зохицуулагдаж байсан оюуны бүтээлч салбар орхигдож, энэ салбарынхан төдийгүй нийгмээрээ сайхан мөрөөдлөөс өөр тодорхой зорилго тэмүүлэлгүй цаг үетэй тулсан билээ. Энэ үед эзэнгүй шахам орхигдсон оюуны салбар, тэр дундаа нийгмийн соён гэгээрэлд хамгийн чухалд тооцогдох ном хэвлэлийн салбарт тууштай зогсож үлдсэн Монсудар хэвлэлийн газар аль хэдийн 20 жилийн түүхийг бүтээж олон мянган номоор монголчуудынхаа амьдралд гэрэл нэмжээ.

Тус хэвлэлийн газраас тасралтгүй 10 шахам жил зохион байгуулж буй “Соён гэгээрлийн өдрүүд” арга хэмжээ үргэлжилж байгаа энэ өдрүүдэд бид зөвхөн номоор зогсохгүй уншигчдынхаа уран зохиолын боловсрол, мэдлэг оюунд хөрөнгө оруулалт хийж, нийгмийн асуудалд хүчтэй дуу хоолой болж байдаг Монсудар хэвлэлийн газрын уран зохиолын редакцынхантай та бүхнийг уулзуулж байна.

Тэдний хувьд дэлхий дахинд бэстселлер болж буй зохиол бүтээлийг монгол уншигчдадаа хүргэхийн зэрэгцээ өнөөгийн нийгэмд амин чухал хэрэгцээ шаардлага бүхий хөндөх ёстой, үр өгөөжтэй сэдвийн номуудыг орчуулж, салбар бүрийн эрдэмтэн судлаачидтай хамтран ажилладаг. Харин нийт хэвлэлийн газрынх нь хувьд аваад үзвэл өдгөө хүүхдийн номоос эхлээд, хэл соёл, түүх, уран зохиол, улс төр, философийн гээд жилдээ өргөн сэдвийг хамарсан 80 орчим шинэ бүтээлийг эрхлэн гаргадаг Монголын хамгийн том хэвлэлийн газар болсон аж.

Анх хэвлэлийн газар гэхээр бичиг цаас сугавчилсан, зузаан нүдний шилтэй юунд ч юм яарч адгасан улс зөрөлдөж, чухал царайтай ахимаг насны эрхмүүд хөмсөг зангидан юуны ч юм тухай шүүн хэлэлцэж, мэтгэлцэж маргасан газар л төсөөлөгддөг байв. Гэтэл үүдээр нь ороход цэлгэр танхимд залуус тус тусын ажлаа урамтай хийж суугааг хараад ирээдүйд итгэх итгэл, тайвшрал төрөх шиг болсныг нуух юун. Уулзаж ярилцсаныхаа дараа ч энэ бодол маань илүү лавширсан юм. Ингээд тус хэвлэлийн газрын уран зохиолын редакцынхантай сүүлийн үед ажиллаж байгаа ном болон уран зохиолын тухай сонирхолтой яриа өрнүүлснээ толилуулж байна.

-Ярилцлагаа мэдээж хамгийн сүүлд ажилласан ном зохиолын чинь тухай яриагаар эхлүүлэх нь зүйтэй байх, бас удахгүй уншигчдад хүрэх шинэ номуудаасаа сонирхуулаач?

-Б.Шижрээ /Уран зохиолын редакцын эрхлэгч/ - Б.Ш: Оны эхний хагасын буюу хаврын төлөвлөгөөний номууд маань ерөнхийдөө гараад дуусч байна. Манайхан тус тусынхаа ажилласан номуудыг өөрснөө танилцуулах байх. Миний хувьд 2018 оны сүүлийн хагаст гарах номуудаа л танилцуулъя. Олон гайхалтай зохиол уншигчдаа хүлээж байгаа. Жишээлбэл, манай уншигчдад хэдийнээ танил болсон “Утга зохиол” цуврал үргэлжилнэ. Мөн саяхан Нобелийн шагнал гардсан Казүо Ишигүрогийн “Өдрөөс үлдсэн зүйл” (Remains of the Day), “Хөвөгч ертөнцийн уран бүтээлч” (an Artist of the Floating World) болон “Луун шивээст охин” цувралын шинэ дэвтэр, сүүлийн үед кино нь хит болоод буй Этвүүдийн Шивэгчний үлгэр (Handmaid’s tale), Маркесын Тахлын үеийн дурлал гэх мэт гайхалтай зохиолуудыг албан ёсны эрхтэйгээр уншигчдад хүрэхээр төлөвлөөд ажиллаж байна.


Александр Шнорбуш /Төслийн зөвлөх, редактор/: Солженицыны Иван Денисовичийн нэг өдөр роман дээр ажиллалаа. Түүнээс гадна би олон улсын орчуулгын тэтгэлгийн хөтөлбөрүүдэд хандаж өргөдөл өгөх ажлыг хариуцаж байна. Тиймэрхүү хөтөлбөрүүд манай Испани өгүүллэг, туужийн эмхэтгэл гэх мэт томоохон хэмжээний төслүүдэд тус болно гэж найдаж байгаа юм.

Г.Сугиррагчаа /Уран зохиолын редакцын орчуулагч, редактор/: Хамгийн сүүлд Харпер Лийгийн Гургалдайг хөнөөхүй гэдэг номын орчуулга дээр ажиллаж байна. Ямар агуу зохиол вэ гэдгийг манай уншигчид сайн мэдэх байх. Ийм зохиолыг монгол хэлнээ орчуулж байгаадаа сэтгэгдэл маш өндөр байгаа шүү.

Б.Хатантөмөр /Уран зохиолын редакцын редактор/: Миний хувьд “Луун шивээст охин” цувралын 5 дахь дэвтэр дээр ажиллаж байна даа.

Э.Түвшинбаяр /Уран зохиолын редакцын редактор/: Германы сэтгүүлч Хүберт Зайпелийн “Путин: Төрийн хэргийг дэргэдээс нь ажихуй” бүтээлийг уншиж дуусаад байна. Барууны ертөнцөд бол Путин дайсан шахуу хүн шүү дээ, гэтэл уг сэтгүүлч Путинтэй олон жил ойр дотно ажилласан учир огт өөр өнцгөөс харж энэхүү номоо бичиж чадсан байгаа юм. Тийм ч учраас уншихад нэлээд сонирхолтой. Путин төрийн өндөрлөгт хэрхэн хүрсэн, шийдвэрээ хэрхэн гаргадаг, улс төрийн хөшигний цаана юу өрнөдөг гээд маш олон зүйлтэй шинээр танилцлаа. 


Хэвлэлийн газар, тэр дундаа Монсударт ажиллахын давуу тал нь юу вэ? Уншигчдад хүрээгүй номыг хамгийн түрүүнд уншихаас эхлээд олон давуу тал байгаа байх. Яг өөрсдийн чинь хувьд…? 

Б.Ш: Монсудар бол Монголын хамгийн том паблишн компани төдийгүй хэвлэлийн салбарт ажилласан хорин жилийн туршлага энд бий. Хамгийн гол нь паблишн компанийн жишиг болохуйц хэмжээнд, арилжааны гэхээсээ илүүтэй нийгмийн соён гэгээрэлд гол анхаарлаа хандуулдаг бодлого нь миний хувьд хамгийн их таалагддаг. Өөрөөр хэлбэл сайн уншигчдыг бэлдэх, уншигчдын уран зохиолын боловсролд анхаардаг гэсэн үг. Энэ нь эргээд Монголын уран зохиолын хөгжилд ч чухал хувь нэмэр оруулж байгаа явдал юм. Өнөөдөр яах аргагүй арилжааны гэхээсээ илүүтэй нийгмийн соён гэгээрэлд чухал хэрэгтэй номууд бидэнд агаар ус мэт хэрэгтэй байна.

А.Ш: Би Монсударын эерэг, бүтээлч орчинд тун ч их дуртай. Тусгай төслүүдээс гэвэл, хэвлэлийн газрынхаа “Монсудар Утга зохиол”, “Монсудар Нухацтай сэдэв” хоёр цуврал дээр ажиллах боломж олдсон нь надад сайхан санагддаг. Эдгээр цувралд багтсан номуудын ихэнх нь  монгол хэлнээ анх удаа орчуулагдан гарч байгаа юм. Орчин цагийн Европын уран зохиолын гол төлөөлөл Роберто Боланьо, Мишель Уэльбек зэрэг олон улсад алдартай зохиолчдын бүтээл монгол хэлнээ анх удаа энэ цувралаар л орчуулагдсан.


Г.С: Хэвлэлийн газрын хувьд гэвэл Монголд төдий л сайн танигдаагүй болон дэлхийд алдартай зохиолчдын сайн сайн зохиолуудыг шилж сонгон, албан ёсны эрхтэйгээр гаргадгаас гадна орчин цагт хамгийн их уншигдаж буй зохиолуудыг цаг алдалгүй уншигчдад хүргэдэг нь таалагддаг. Харин хувийн зүгээс бол орчуулган дээр хамгийн их анхаарал хандуулж, орчуулгаас эхлээд редакторлах, дизайн буюу харагдах байдал дээр нь ч олон хүн баг болон ажиллаж “уншигчдад сайн бүтээл л хүргэнэ” гэсэн ганцхан зорилготой ажилладаг болохоор эргээд энэ номыг би орчуулсан, бид бүтээсэн гэж хэлэхэд, бодоход л нүүр бардам байж чаддаг даа.

Б.Х: Нэгдүгээрт, мөрөөдлөөрөө ажиллаж байгаа маань. Оюутан байхдаа найз нартаа “ном уншаад л цалин авдаг тийм л ажил хийх юмсан” гэж их ярьдаг байлаа. Гэтэл одоо үнэхээр л ном уншаад цалин аваад сууж байна даа. (инээв.) Хоёрдугаарт, яалт ч үгүй хэвлэлийн газрын бодлого. Ихэнх хүмүүс Монсударыг сонгодог тавин ботиор нь сайн мэддэг. Бас сүүлийн жилүүдэд гарч байгаа Утга зохиол цуврал ч олон нийтэд их хүрч байна. Чухам эдгээрийн ачаар л уншигчид дэлхийн сор болсон бүтээлүүдтэй эх хэлээрээ танилцаж, түүнчлэн хуучны олдохоо байсан номуудыг дахин гар дээрээ барьж суух боломжтой болж байна шүү дээ.



Гуравдугаарт, зөвхөн утга зохиол ч гэлгүй, бусад олон салбарын ном гаргадаг нь баярлууштай зүйл. Ялангуяа нийгмийн салбарт голчлон анхаарлаа хандуулж, та биднийг нийгмээ ойлгоосой, юу нь болж байна, юу нь болохгүй байна гэдгийг тунгаан бодоход нөлөөлсөн ном зохиолуудыг эрхлэн гаргадагт нь баярладаг.

Э.Т: Эрхэлж буй ажлынхаа нийгэмд үзүүлдэг үр нөлөө, ач тусыг нь мэддэг, ойлгодог болохоор Монсударт ажиллаж байгаагаараа маш их бахархдаг.  Мэдээж хэрэг хүн төрөлхтний утга зохиолын сор болсон бүтээлүүд,  шинжлэх ухаан, мэдлэгийн номуудтай хамгийн түрүүнд танилцдаг, хамт олны уур амьсгал гээд өөр шалтгаануудыг дурдахгүй өнгөрч болохгүй.  

Та бүхэн өөрсдийнхөө ажлын онцлогуудыг товчхон танилцуулж болох уу? Миний адил ихэнх хүмүүс редакторууд гэхээр номын алдаа шалгадаг хүмүүс л гэсэн ерөнхий төсөөлөлтэй байдаг. Илүү тодорхой танилцуулвал?

Б.Ш: Эрхлэгчийн хувьд номын сонголтоос эхлээд уншигчдын гарт очтол бүхий л үе шатанд оролцдог. Ерөөсөө л энгийнээр бол орчуулагч - хэвлэлийн газар - уншигчид гэсэн гурван субъектыг хооронд нь холбодог гээд хэлчихвэл болох ч юм уу. 

Э.Түвшинбаяр: Хэдийгээр олон гайхалтай ном уншсан ч “Өвгөн тэнгис хоёр”-ын үлдээсэн сэтгэгдлийг давж гарахгүй л байна.

А.Ш: Би Монсударт хоёр гол ажил гүйцэтгэдэг. Юун түрүүнд олон улсын баримтат болон уран зохиолын бүтээлүүдийн талаар зөвлөгөө өгөх, хоёрдугаарт Гёте Институт, Альянс Франсез, Солонгосын Утга  зохиолын орчуулгын институт гэх мэт олон улсын түншүүдтэй холбоо харилцааг зохицуулдаг. Түүнээс гадна утга зохиол, философийн төрөл бүрийн сэдвээр тогтмол лекц уншиж, философийн нэр томьёо, утга зохиолын нарийн түвэгтэй зүйрлэл зэргийн тухайд редакторууддаа зөвлөж тусална.

Г.С: Орчуулагч, редакторын хувьд орчуулагчаас ирсэн материалыг эхтэй тулгаж, хянан тохиолдуулдаг. Ерөнхийдөө орчуулагчтай хамгийн ойр ажилладаг гэж хэлж болно. Санамсаргүй гаргасан алдааг нь засахаас эхлээд зохиолчийн гол санааг уншигчдад тэр хэвээр хүргэхийн төлөө л сайтар нягталж ажилладаг даа.

Б.Х: Хэрэв уран зохиолыг, уншигчид хүрч буй номыг барилгатай зүйрлэвэл барилгын суурь нь эх зохиол байж таарна. Харин өнгөлгөө, цонх хаалга зэрэг нь редакторын бүтээл. Барилгын суурь муу бол олон жилийг давахгүй нуран унана. Эх бие муу бол мянга гоёж гоодоод ч муруйж сарийсан хэвээрээ үлдэх болно. Харин өнгөлгөө, дотор засал муутай барилга хүний нүд сэтгэлийг баясгах нь юу л бол. Ямар ч ном гарсан маш олон хүний хамтын хөдөлмөр байдаг. Тэгэхээр би тэдгээр хүмүүсийн хийж бүтээснийг улам л сайжруулах гэж чармайж ажилладаг.

Э.Т: Редактор хүнийг уншигчдын эрх ашгийг хамгаалах төлөөлөгч гэж ойлгоход болно. Өөрөөр хэлбэл бидний ажил мэргэжлийн зорилго бол уншигч тухайн бүтээлийн утга санааг бүрэн дүүрэн, үнэн зөв ойлгож, утга зохиолынх нь үнэ цэнийг мэдэрч, гоо зүйн таашаал авахад нь редактор хүн туслах ёстой юм. Ийм нарийн зорилгыг биелүүлэхэд бид багаар ажиллах шаардлагатай тулгардаг. Нэгдүгээрт, орчуулгын редактор тухайн бүтээлийг орчуулагч үнэн зөв орчуулсан эсэх, мөн хэв маягийг нь зөв зүйтэй гаргаж чадсан эсэх дээр хяналт тавьж, засаж сайжруулна. Энэ бол хамгийн чухал дамжлага.

Хоёрдугаарт, хариуцлагатай редактор тухайн бүтээлийг монгол хэлний найруулга зүйн тал дээр ажилладаг. Тодруулбал дүр, дүрслэлийг тод томруун болгож, үгийн сонголтыг оновчтой хийснээр уг бүтээл уншигчдад орчуулгын бүтээл бус эх хэл дээрээ зохиол уншиж буй мэт сэтгэгдэл төрүүлэх ёстой. Эцэст нь техник буюу хяналтын редактор тухайн бүтээлийг уншиж, нягталж өмнөх шатуудад анзаараагүй өнгөрсөн бүхнийг засаж сайжруулдаг. Мөн манай нэг давуу тал бол мэргэжлийн номууд дээр тухайн салбарын хүнээр зайлшгүй редактор хийлгэдэг юм.

Уран зохиолын орчуулга хийх, редакторлаж уншигчдад хүргэхэд дан ганц хэлний мэдлэгээс илүү олон зүйл шаардлагатай байх. Яг энэ чиглэлээр ажиллах юмсан гэсэн сонирхолтой залуучуудад зөвлөгөө өгөөч гэвэл?

А.Ш: Редактор хүн юу юунаас илүүтэй утга зохиолд дурлаж, маш их уншиж (чөлөөт цагаараа ч мөн адил), хэлд чин сэтгэлээсээ шимтдэг, хэлний авьяастай байх учиртай. Дүр эсгэсэн, хиймэл, урьдаас басаж дүгнэсэн гэх мэт муухай үг хэллэгтэй таарахаараа тавгүй цаг агаар, амтгүй хоолонд дургүйцдэг шигээ дургүйцэж байвал энэ сайны дохио! Түүнчлэн сайн редактор хүн нямбай няхуур, шударга байх учиртай.

Бүр хэт няхуур байсан ч гэмгүй. Ямар ч алдаа, хэчнээн өчүүхэн ч бай хамаагүй, ямар ч алдааг уучлан хэвлэлийн газрын хаалгаар давуулах ёсгүй. Уншигчид тийм алдааг огт уучилдаггүй. Энэ бүхнээс үүдээд, редактор хүн их тэвчээртэй, хатуужилтай байх хэрэгтэй болно. Гэхдээ эцсийн эцэст хамгийн чухал нь ном зохиолд чин сэтгэлээсээ дуртай байх нь чухал юм шүү. Хэвлэсэн ном болон номоор илэрхийлэгдэж буй санаа хоёрын аль алинд гэсэн үг.

Г.С: Хэлний мэдлэг сайтай байх ёстой. Эх зохиолын хэв маяг, утга, агуулга, хэмнэл зэргийг сайн ойлгож, монгол хэлэнд аль болох хэвээр хадгалж үлдээхийг хичээнэ. Мэдээж хэрэг, утга зохиолын өндөр мэдлэгтэй байх хэрэгтэй.


Б.Х: Юун түрүүнд монгол хэлээ сайн эзэмшсэн байх хэрэгтэй. Бас монгол хүн, монгол ахуйгаа ойлгодог, түүнчлэн төрөл бүрийн салбарын мэдээлэл, мэдлэгтэй байх хэрэгтэй юм болов уу. Бас орчуулгын редактор хийж байгаа тохиолдолд орчуулж буй хэлээ сайтар ойлгодог, хэлц үг, хошигнолыг нь гаргаахгүй мэддэг, түүнчлэн өөрийнхөө ахуйтай дүйцүүлж чаддаг байх ёстой. Эдгээрээс гадна ажиллаж байгаа бүтээлээ ойлгох нь, мэдрэх нь хамгийн чухал.

Э.Т: Редакторын ажил хүнээс цогц мэдлэг шаарддаг. Уншиж ойлгохоос гадна өөрийгөө оновчтой илэрхийлэх чадвар, бүтээлч болон логик сэтгэлгээ, утга зохиолын мэдлэг, үгийн баялаг, хэлний мэдлэг гээд тоочоод баршгүй. Мөн эдгээрээс гадна мэдрэмж, сэтгэл, үргэлж суралцаж, хөгжиж байх зэрэг дан ганц чадварын бус хүний зан чанартай холбоотой онцлогийг ч дурдах нь зүйтэй болов уу.  Бас аль болох сайн бүтээлүүдийг түүж унших нь зүйтэй. Эцэст нь уншиж буй номоо маш сайн ойлгодог болох хэрэгтэй, энэ маш чухал.

Уран зохиолтой ойр тэр дундаа хэвлэлийн газрын гал тогоонд байдаг хүмүүсээс дуртай зохиолч, зохиолийг нь асуухгүй өнгөрч болох байх?
Б.Ш: Яг оноож хэлнэ гэдэг олон хүүхдүүдийнхээ хэнд нь илүү хайртай вэ гэсэнтэй л ижил сонсогдож байна. Сүүлийн үед Испаний уран зохиолд автаад байна. Маркесын зохиолуудаас уншаад л, өдрөөр зүүдлээд л явж байх шив дээ. (Инээв.)

А.Ш: Надад дуртай зохиолч олон бий. Энд Роберто Боланьо, Мишель Уэльбек хоёрыг юун түрүүнд дурдъя. Маркес, Борхес хоёр ч надад их таалагддаг. Монсудар Утга зохиол цувралаар гарахыг нь тэсэн ядан хүлээж буй номуудын минь нэг нь Кнут Хамсуны “Өлсгөлөн”. 1890 онд хэвлэгдсэн энэ зохиолыг орчин үеийн анхны роман гэж үзэх нь түгээмэл. Би энэ номыг анх нэг суултаар л уншаад дуусгачихсан. Тэднээс гадна Кафка ч миний дуртай зохиолчдын нэг. Кафкагийн нэгэн бүтээлийг бид анх бичигдсэн герман хэлнээс нь шууд орчуулахаар төлөвлөж байгаа.

Г.С: Миний хамгийн дуртай ном бол Орхан Памукийн “Хар ном” (Kara Kitap). “Шинэ амьдрал” нь (Yeni Hayat) ч бас их гоё. Энэ ном миний орчуулснаар 2018 юм уу 2019 онд гарах байх. Үүнээс гадна би америк зохиолд, ялангуяа америк өгүүллэгүүдэд тун дуртай.

Б.Х: Хүүхэд байхаасаа Жек Лондонд хайртай байлаа. Одоо ч гэсэн, хааяа нэг сөхөж харахад багын найзтайгаа уулзсан шиг л дотно санагддаг. Хамгийн дуртай зохиолч гэвэл Борхесыг нэрлэнэ дээ. Ойрд Достоевскийг нэлээн уншиж байгаа. Бидний нийгэмд хамгаас илүү дутагдаад байгаа хайр, хүн хүнээ энэрэх үзлийг хамгийн чухал зүйл гэдгийг зуу илүү жилийн өмнө олж хараад бичиж үлдээсэн нь гайхалтай хэрэг шүү.

Э.Т: Хүн амьдралынхаа цаг үе бүрт өөр өөр номд дуртай байдаг шиг санагддаг.  Нэг ном чамд таалагдсан байлаа гэхэд хэсэг хугацааны дараа өөр ном чамд таалагдана. Сүүлийн нэг жилд Эрнест Хэмингуэйн “Өвгөн тэнгис хоёр” туужид дурлаад байна. Энэ хугацаанд дөрвөн удаа уншсан, унших бүрт л амьдралын эрч хүчээ сэлбэх шиг болдог. Хэдийгээр энэ хооронд олон гайхалтай ном уншсан ч “Өвгөн тэнгис хоёр”-ын үлдээсэн сэтгэгдлийг давж гарахгүй л байна.

Завгүй их ажлынхаа дундуур хүлээн авч, ярилцсан Та бүхэнд баярлалаа.

Эх сурвалж: gogo.mn

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/