Өнөөдөр ном бидний өдөр тутмын хэрэглээ болж хараахан чадаагүй байна. Ийм үед зохиол бүтээл бичдэг болон ном уншиж, түүнийхээ тухай тэмдэглэл хөтөлдөг залуусын дуу хоолой нийгэмд хамгийн чухал билээ. Тийм ч учраас энэ хүмүүсийг нэгтгэх, тэдний бичвэрээр дамжуулан номыг хэрэглээ болгох, уншсан номоо ярилцдаг соёлыг бий болгох гэсэн гэгээн мөрөөдөлтэйгөөр www.reader.mn сайт маань нээгдээд удаагүй байгаа билээ.
Монголчуудын дунд номын хэрэглээ ямар байна, нэг үеэ бодвол ном уншдаг хүмүүс олширсон гэдэг нь үнэн үү, эсвэл… зэрэг ном тойрсон олон асуултад тодорхой хариулт авах зорилготойгоор бид Монсудар хэвлэлийн газрын захирал Р.Энхбаттай уулзсан юм.
Бидний хувьд Монголын хамгийн том хэвлэлийн газрын захирал хүн монголчуудын номын хэрэглээний тухай ямар бодолтой явдаг хийгээд хэвлэлийн газрынх нь бодлого, үйл ажиллагаа хамгийн сонирхолтой байлаа. Анх сониучирхсан асуултаар эхэлсэн бидний яриа боловсролын систем хийгээд төрийн бодлогын тухай асуудал руу “халтирч” нэлээд удаан үргэлжилсэн юм. Ингээд тус хэвлэлийн газраас зохиодог “Соён гэгээрлийн өдрүүд” арга хэмжээ удахгүй эхлэх гэж байгаа энэ үед бид ярилцлагынхаа эхний хэсгийг хүргэж байна.
Нэг үеэ бодвол хүмүүс ном уншдаг болж, номын зах зээлд эерэг хандлага бий болсон гэх яриа бий. Хэвлэлийн газар толгойлдог хүний хувьд харин та энэ талаар юу гэх бол?
Эергээр харж байна гэх үү дээ.
Үнэхээр номын зах зээлд эерэг хандлага гарч эхэлсэн гэж үү?
Бас яг ч тийм биш. Сайн номын агуулга гаргах, сайн орчуулга хийнэ гэдэг үнэндээ асар их хөдөлмөр. Цаг хугацааны хувьд ганц сайн ном гаргах нь зохиолчдын, бас орчуулгын хувьд ч тэр байшин барилга барих дайны л ажил болдог олон жишээ хэлж болно. Анх байгуулагдаж байхад ном гаргах амархан байж. Харин одоо бол агуулга сайтай, уншууртай, яг л цаг үеийн оюуны хэрэгцээг хангасан ном олон шат дамжлагатайгаар хийгдэж, хянагдаж гарах болсон. Өөрөөр хэлбэл, туршлагагүйгээсээ, бас зохиогч орчуулагчдадаа хэт найдах зэргээс болж алдаж оносон зүйл урьд өмнө нь гарч байсан. Манай хэвлэлийн газрынхан социализмын үед ном, сонинг тун сайн хянаж гаргадаг байсан тэр түвшин рүү одоо л ойртож байх шиг байна. Гэхдээ тэр үед номыг төр хянаж цензурддаг байсан бол одоо харин бид өөрсдөө хийж байгаа нь ялгаатай юм.
Таны асуултад хариулахаас өмнө үүнийг ярьж байгаа нь манайд ном зах зээлийн тэлэлтээр хэмжигдэх бүтээгдэхүүн хараахан болоогүй гэдгийг л тайлбарлах гэсэн санаа юм. Нэг номд зориулагдах цаг хугацаа, хүн хүч манай хэвлэлийн газрын хувьд арван жилийн өмнөхөөс бараг 5 дахин нэмэгдсэн. Одоохондоо манайх ихээхэн зардал, чирэгдэлтэй ажиллаж байгаа ч алсдаа энэ нь дээрдэнэ гэсэн итгэл байгаа. Мэдээж, бид маш шаргуу ажиллах ёстой. Тэгэхдээ ийм яриа надаас хэн сонсохыг хүсэх билээ.
Та миний асуултад бүрэн дүүрэн хариулт өгсөнгүй!
Тодруулаад хэлбэл, сайн ном муу ном хоёрын хооронд их ялгаа бий шүү гэсэн санаагаар би танд хариуллаа. Гэтэл сайн номыг муу номын үнээр авах гэдэг, тэгж харьцуулаад явдаг хүмүүс бас бий. Тиймээс тааруу номын гүйлгээ илүү байгааг эерэг хандлага гээд шууд хэлчхэж боломгүй байна. Ялангуяа хүүхдийн ном дээр энэ байдал илэрхий ажиглагддаг.
Ихэнх эцэг эхчүүд хүүхдэдээ тухайн номын агуулга болон энэ ном миний хүүхдэд ямар нөлөө үзүүлэх вэ? гэдгийг ер анхаарч харгалзахгүйгээр гоё хавтастай, их зүйлийг багтаасан, хямдхан номыг л авч өгдөг бол номын сангуудын хувьд ч бас хэд гурван төгрөгтөө баригдан агуулгыг үл ойшоон хямд төсөр ном сонгодог.
Тэдэнд таарсан номын хямдрал ч байн байн явагддаг. Гаргасан ном бүрээ 80 хувийн хямдралтай зарж ашгаа олоод байгаа газруудыг би гайхдаг. Ийм маягтай уншигчдын хүрээ тэлэхгүй нь ойлгомжтой, номын зах зээл сайжирч байна ч гэж хэлэхэд ч хэцүүхэн.
Танай хэвлэлийн газар нэр хүндтэй зохиолчдын ном, орчуулагчдын орчуулсан бүтээлийг гаргадаг. Тэдний үнэлэмж тэгэхээр ямар гэсэн үг вэ?
Тун энгийнээр хариулахад тэдний үнэлэмж маш доогуур байгаа. Зохиолч орчуулагчдыг хэвлэлийн газар дангаараа үнэлдэггүй, үнэндээ хэрэглэгч буюу уншигч үнэлдэг юм. Мэдээж цаана нь тэднийг төр засаг ч бас үнэлж, харж үзэх ёстой. Манайд эрэлт хэрэгцээ сайтай ном зохиож, орчуулж түүгээрээ дан амьдралаа болгоод явах боломж тун бага.
Энэ нь зохиолч, орчуулагчдын муугийнх биш тэд бол нийгмийн ядуурлын эрсдэл амсагчдын нэг хэсэг учраас хийж бүтээсэндээ таарсан хөлс мөнгө авч чаддаггүй.
Бидний яриа өөдрөг эхэлснээ гутранги аястай болчихлоо!
Хүндрэл бэрхшээл яриад дуусахгүй нь мэдээж. Өөдрөг юм яръя гэвэл хүмүүс номыг арай илүү нухацтай уншдаг болчихвол боллоо, тэгвэл асуудал эхнээсээ шийдэгдэх замдаа орно гэсэн та хэдийн анх ярьсан шиг хялбархан шийдэл дэвшүүлж болно. Хүмүүс номыг үнэн голоосоо уншаад эхэлбэл сайн муу номын болон ном бүр ном биш байдаг тухай яриа дэгдэнэ, номыг голж шилнэ. Ингэж байж номын хэрэглээ жинхэнээрээ бий болох учиртай. Амархан юм шиг санагдаж байгаа биз!
Манайхан сургууль соёлд суралцаж байхдаа л номын хуудас эргүүлж, түүнээс хойш номоос хөндийрдөг учраас шат шатны сургуулиуд номын хэрэглээний гол орчин болдог.
Тиймээс монголчуудыг номын хэрэглээтэй болгож чадах хамгийн гол хүн нь хэн бэ? гэвэл боловсролын сайд. Номын хэрэглээ бага зах зээлд хувийн хэвшлийнхний нийгэмд үзүүлэх номын нөлөө хязгаартай. Монголчуудын оюуны эрэлт хэрэгцээ өнөөдөр хувийн хэвшлээс бус боловсролын яамнаас, төрөөс хамгийн их хамааралтай байгаа.
Танаас өөр энэ өнцгөөс харж байгаа хүн байна уу?
Яг яриад ирэх юм бол өөр хэн ч үүнийг харж л таараа. Гэхдээ л “номтой номгүй сайхан амьдарч болно” гэсэн ойлголт нийгмийн дийлэнхийг хамарч байгаа нь оюуны хоосрол жирийн үзэгдэл болсныг харуулаад өгч байна.
Ер нь аливаа ноцтой асуудал нэгэнт жирийн үзэгдлийн хэмжээнд очсон л бол түүнээс гарах арга замыг олоход тун бэрх. Ганцхан ном тойрсон асуудал ч биш, нийгмийн сэтгэл зовоосон өөр олон асуудал жирийн зүйл, энгийн үзэгдэл болчхоод байхад амар амгалан царайлаад сууцгаагаад байх ёсгүй л байх. Ёстой л Монголын их амар амгалан гээч болж байна гэмээр, ямар ч тулсан асуудалгүй юм шиг!
Ийм нөхцөлд та нар тэгээд юу хийж байна вэ?
Ирэх долоо хоногоос 10 дахь жилдээ “Соён гэгээрлийн өдрүүд”, бас “Зуныг номтой өнгөрүүлцгээе” арга хэмжээгээ хийх гэж байна. Энэ өдрүүдэд нийгэм рүү хандсан сэдвүүд яригддаг.
Түүгээр ямар асуудал өөрчлөгдөнө, өөрөөр хэлбэл ямар үр дүн авчирна гэж төсөөлж байна?
Хүсэл байвал юуг ч хийж болно. Сүүлийн 3 жилд гэхэд бид 160 орчуулагч, 100 гаруй эрдэмтэн судлаачидтай хамтарч ажиллалаа. Бидний хоорондын харилцаанд ч өөрчлөлт дэвшил гарсан. Нэг нэгэндээ итгэж ойртсон гэж боддог. Энэ нь хүмүүсийн өөр өөрийнхөөрөө гэсэн хувиа хичээсэн ойлголтоосоо салж байгааг харуулж байгаа болов уу гэж бас найдаж байна. Хэвлэлийн газар бол хамтын ажил дээр суурилсан гэгээн зорилгын төлөө хүмүүсийн ажиллах орчин. Энэ хэмжээнд ном соёлын хүмүүстэй хамтран ажиллах, өөрсдийгөө сорих нь бидэнд ховор сайхан мэдрэмж өгдөг. Нийгмээ өөрчилье гэвэл хамгийн гол нь алгуурлахгүй дайчин, шаргуу байх ёстой.
Тэр дайчин шаргуу байдал яаж шуу явагддаг гэж?
Амьдрал дээр бэрхшээл учруулах зүйл хангалттай их. Харин тэдгээрт түүртэхгүй амар хялбар болгоод л явж сурмаар юм. Ном унших бэрхшээл бол тэдгээрийн дэргэд өчүүхэн. Хүмүүс ойлгомжгүй, бас муу орчуулгатай номоос залхаад ном уншихаа байсан учраас ойлгомжтой, сайн орчуулгатай ном гаргах нь юу юунаас чухал болоод байна. Манайд номыг дээдэлж хүндэтгэж байгаа нь энэ гээд хий хоосон шүтдэг.
Номын тухай хамаг гоё, чухал үгийг урсгадаг хэрнээ ном уншдаггүй, уншсан номоо ч ойлгохгүй.
90 оноос хойш бүх зүйл энэ мэт хийрхэл, хоосон шүтлэг, мухар сүсгийн хэлбэрт автсан явдалд манай төр засгийнхан их нөлөө үзүүлсэн. Тиймээс одоо тэд үүнийгээ өөрсдөө засаж залруулах, хүмүүсийг эрүүл саруул ухаанаар аливаад ханддаг болоход туслах ёстой. БСШУСЯ-ны сайдад олон нийт рүү хандаж явуулах энэ мэт ажил зөндөө, яг тэдгээрт л анхаарч бодит ажил хийвэл, түүнд ямар ч өөр сонгуулийн сурталчилгаа шаардлагагүйгээр эргээд их хуралдаа суух бололцоо нь ч тэртэй тэргүй олдоно. Сайд болохоороо л бүхний дээр гарчихсан юм шиг дураараа авирлахаа зогсоож, тэр цаг өнгөрч байгааг мэдмээр юм. Хэвлэл мэдээлэл хаалттай хэвээр байгаа ч интернет орчны гоё гоё боломж нөхцөл гараад ирчихсэн байхад бүтээлчээр, үр дүнтэй ажиллахгүй байгаа сайдыг удаахгүй байж болно.
Сэдвээ жаахан өөрчлөөд дижитал хэлбэрийн номын тухай асуумаар байна. Хэвлэмэл ном үйлдвэрлэгчдэд дижитал ном саад болж байна уу? гэж асуувал та юу гэх бол…
Тэгж байна. Гэхдээ интернет нэгэнт амьдралын чухал хүчин зүйл болж, бидэнд цаг хэмнэх, илүү их мөрөөдөл авчрах боломж бүрдүүлсэн нь үнэн. Гэвч бас ухаалаг гэхээс илүү ухаан алдуулдаг гар утсаар хүмүүс хайран цагаа үрэн таран хийж байна. Ийм хүмүүс цаасан ном барьж аваад уншихгүй. Бас дээр нь зай завсаргүй санал болгох төрөл бүрийн гоё чамин бараа, үйлчилгээнд автахгүй, татагдахгүй байхын аргагүй болсон. Телевизийн нэвтрүүлгийн агуулга ч гэсэн үндсэндээ бараа үйлчилгээний зар сурталчилгаа болчихлоо. Ийм амьдралд ном л утга учир өгч, шийдвэрлэх үүрэг нь гарч ирэх ёстой. Үүнд цаасан ном, дижитал номыг ялгах хэрэггүй, агуулга чухал.
Ном унших нь өнөө цагийн туйлшралаас гарах арга гэж ойлгож болох уу?
Яг тийм, утаснаас илүү уншиж байгаа ном дотроо орно гэсэн үг. Гайхамшигтай гоё зохиолууд хүнийг бодуулж бас сэтгэлийг нь хөнддөг, бас хүнд дотоод хүч өгдөг. Бүхнийг техник технологид даатгаж, хэн нэгний хийсэн багаж төхөөрөмжид захирагдаж дарлагдаж, түүнд автаад өөрийн мэдэлгүй болж болохгүй л байх .
Та бүхэн үүнийг яаж сөрж байна.
Дассан сурснаараа яваад байлгүй, цаг үедээ хэт авталгүй, өнөөдөр яг юу хийхээ яриад эхэлбэл өөрчлөлт эхэлнэ гэж би итгэдэг. Тэгэхээр нийгэмд тулгамдаж буй асуудлыг хүмүүсийн анхааралд хүргэх зорилготой ажилладаг зохиолч, орчуулагчдын үзэл бодол, тэдгээрийн бүтээлийг уншигчдад танилцуулах нь л бидний гол ажил, үүгээрээ энэ бүхний эсрэг сөрж байгаа гэж хэлж болох юм.
“Соён гэгээрлийн өдрүүд”-ээр зохиолч орчуулагч нартай хийдэг уулзалтууд урьд өмнөхөөс илүү хүмүүсийн сонирхлыг татах болсон. Гагцхүү монголчуудын хуваагдмал, эргэлзсэн, нэг нэгнээсээ эмээсэн байдал л тэднийг чөлөөтэй бодол санаагаа илэрхийлэх боломжийг хаасаар байна. Сайн ном зохиол нийгмийг сөрж, өөрчилж ирсэн түүх зөндөө бий.
Бусад улсын номын зах зээл өнөөдөр ямар байна вэ? Та энд тэндхийн хүмүүстэй уулздаг байлгүй, тэд энэ талаар ямар бодолтой байдаг бол?
Энэ салбарынхан сэтгэлээр унаад удаж байгаа. Тиймээс тэр тухайд төдийлөн яриад байдаггүй. Өвчтэй хүнийг эргэж очсон хүн өвчнийг нь асууж лавлахаас илүү инээлдэж хөхрөлдөх дуртай.
Ер нь бол цаг үеийн эрээн барааныг ялахад тэмцлээс өөр бэлэн жор гэж үгүй. Оюуны чадамж дээгүүр хүмүүсээс, номоос бид хэчнээн их хүч авч, юуг ч хамтраад хийж болохыг гаднынхан мэдэхийн дээдээр мэддэг. Гол нь хамтач үзэл, хамтаараа урагшлах нь чухал гэдгийг янз бүрийн сувгаар тэд ярьцгаах болсон.
Хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна гэсэн үг үү?
Таныхаар бол их л гутранги ярилцлага болж байж магадгүй. Гэхдээ энэ цаг үед ном хийж, алхам алхмаар ч гэсэн санасан бодсоноо гүйцэлдүүлээд явна гэдэг бидний хувьд лав гайхамшиг биз дээ?
СЭТГЭГДЭЛ