Хүн ер нь үргэлж хууль дүрэмд захирагдаж амьдарлаа гээд бүгд сайн сайхан болчихгүй. Мэдээж хэрэг дүрэм журамд захирагдаад амьдарч бололгүй яах вэ. Энэ нь заримдаа амаргүй, заримдаа бүр ч яггүй; гэхдээ л хүн аргыг нь олно. Татвараа цаг тухайд нь тушааж, байр, цахилгаан, усны төлбөрөө тухай бүрд нь барагдуулж, гадагш гарах болгондоо иргэний, жолооны үнэмлэхээ авч явна (зээлийн картаа ч жижиг түрийвчиндээ хийхээ мартахгүй!).
Гэхдээ л та ямар ч найзгүй хэвээр.
Дүрэм журам гэдэг ярвигтай, олон төрөлтэй.
Ажлын бусад цагаар дэлгүүрээр хэсэж хүнсээ цуглуулна, банк орж бэлэн мөнгө авна (гэхдээ ихэнхдээ дараалалд хүлээх хэрэг гарна). Төрийн болон хувийн үйлчилгээний газрууд бүгд л өөрсдийн гэсэн өөр дүрэм журамтай. Эрүүл мэндийн салбар ч мөн адил. Таны бие муудаж эмнэлэгийн үйлчилгээ авлаа гэхэд их мөнгө төлж, элдэв хүнд сурталтай нүүр тулна. Гэхдээ л хөөрхий минь чөлөөт цаг гарна. Тэгээд юу хийх вэ? хүмүүст туслах уу? гэвч хүмүүс таныг ер тоохгүй шүү дээ. Хөгжим сонсох уу? хөгжим сонсох нь нэг үе таатай байсан ч он цаг өнгөрөх тусам сэтгэл хөдөлгөхөө больжээ.
Хамгийн боломжит гарц нь элдэв жижиг сажиг зүйлсээр оролдох, өөрөө хийх арга бололтой. Гэвч бүхэлдээ ганцаардаж, сэтгэл зүрх хоосон оргиж, амьдрал тань зугтах аргагүй зүдэргээтэй төгсгөл рүүгээ улам бүр ойртож буйг ёрлоод ирэхээр тэсэхүйеэ бэрх шаналанд нэрвэгдэх тэр мөчүүд дахин дахин тохиохыг ер юу ч болиулж чадахгүй.
Тэглээ гээд хүн ер үхье гэж бодохгүй.
Танд өөрийн гэсэн амьдрал бий шүү дээ. Амьдралд тань аз жаргалтай үе байсан л байх. Сайхан дурсамжтай цаг үеэ санахгүй байвал хуучны зурагаа гаргаж ирээд харахад л болно. тэр аз жаргалтай цаг мөч өсвөр насанд тань эсвэл түүний дараахан тохиосон байж таарна. Тэгэхэд та амьдралд ямар хүчтэй тэмүүлдэг байж вэ дээ! Байж боломгүй их боломж бололцоог амьдрал таны өмнө дэлгэсэн юм шиг л санагддаг байсан биз.
Илүү гайхалтай нь, өсвөр насныхны хувьд хүүхэд нас нь цааш үргэлжилнэ гэсэн итгэл үнэмшил хэзээд бий. Зочны өрөөний хивсэн дээр тугалган цэргээр наадаж буй долоон настай хүүхдийг сайтар ажигла. Эцэг эх нь салснаас хойш хөвгүүн аавгүй болжээ. Ээж нь гоо сайхны компанид өндөр албан тушаал хашдаг тул хүүдээ цаг зав гаргахдаа тааруу. Гэхдээ л тэр хүү тугалган цэргээрээ хэнэггүйхэн тоглосоор; хорвоо ертөнц, дайн тулааны илэрхийлэл болсон энэ тоглоомдоо шунамхайрсаар л байна. Хэдийн гэр бүлийн халуун дулаан уур амьсгал дутагдаж байгаа ч хөвгүүн амьдрах хүслээр хичнээн дүүрэн байга гээч! Танд ч гэсэн амьдрах хүслээр дүүрэн явсан үе бий шүү дээ. Олон жилийн өмнө юм даа. Та санахыг хичээ.
Дүрэм журмын талбар танд хангалтгүй санагдаж, тэнд багтаж шингэх аргагүй болж, эцэстээ тулааны талбар луу нэвтрэн орсон шүү дээ.
Та яг тэр цаг мөчид очих гээд үз дээ. Түүнээс хойш олон жил өнгөрсөн байгаа биз? Өнгөрснийг эргээд сана. Ус хүйтэн байсан үеийг. Та одоо эргээс хол байна. Тийм ээ! Эргээс ямар их холдож вэ! Та үүнээс өөр эрэг бий гэдэгт маш удаан итгэсэн. Гэхдээ одоо больсон. Тэгсэн ч үргэлжлүүлэн сэлсээр, хөдлөх тусам л живэх магадлал тань нэмэгдэнэ. Амьсгаа тань боогдож, уушги тань шатаж буй мэт болно. хүйтэн ус улам бүр хайрч, уур цухлыг тань барж байх шиг. Та одоо тийм ч залуухан биш болжээ. Удахгүй та үхнэ. Гэхдээ бүү санаа зов. Би таны хажууд байна. Таныг тийм амар живүүлчихгүй. Цааш нь үргэлжлүүлэн унш.
СЭТГЭГДЭЛ