Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй "Монсудар-Утга зохиол" цувралын 2017 оны 9 номын сүүлийнх нь болох Трүмэн Капотигийн “Тиффани дахь өглөөний цай номын хэсгээс хүргэж байна.



 

–Тиффани дэлгүүрт ингэтлээ дуртай байдаг минь өөр шалтгаантай. Юу гээч, чи өөдгүй улаан өдрүүдтэй таарч байсан уу?

–Яг л бараан хөх өдрүүд шиг үү?

–Үгүй ээ гэж Холли үгээ сунжруулан хэлснээ: – Тэр бараан хөх өдрүүд гэдэг чинь таргалсан үед эсвэл бороо их удаан орсон үед тохиодог шүү дээ. Хүн ердөө сэтгэл гутарсан байна гэсэн үг, тэгээд л гүйцээ. Харин улаан өдрүүд маш аюултай. Тэр үед хүн маш их айж, учиргүй хөлөрдөг, гэхдээ юунаас айснаа мэддэггүй. Зүгээр л ямар нэг муу юм болох гээд байгаа мэт санагдана, гэхдээ яг юу гэдгийг нь мэдэхгүй. Танд тийм үе тохиолдож байсан уу? гэлээ.

–Нэлээд их шүү. Зарим хүмүүс үүнийг зүгээр л “түгшүүр” гэдэг.

–Тийм л дээ. “Түгшүүр”. Тэр үед та яадаг вэ?

–Хатуухан шиг уух юм л тусална даа.

–Би наадахыг чинь, мөн аспирин хүртэл ууж үзсэн. Расти намайг марихуана тат гэж зөвлөдөг. Би хэсэг татсан, гэхдээ ердөө инээд хүрэхээс хэтрэхгүй гээч. Хамгийн тустай арга бол таксинд суугаад, Тиффани руу очих юм билээ. Чимээгүй, бардам төрхтэй тэр газар очоод л би шууд тайвширдаг. Тэнд байхад хүнд ямар ч муу зүйл тохиолдохгүй. Ганган хослол өмссөн, эелдэг зантай худалдагч эрчүүд ч, гал тогооны мөнгөн эдлэл, матрын арьсан цүнхний анхилуун үнэр ч хүнд огт дараа болохгүй.

 

Хэрвээ би Тиффани дэлгүүр шиг мэдрэмж төрүүлдэг өөр нэг газар олох юм бол тэндээ гэрийн тавилга худалдан авч, мууртаа нэр өгнө.

 

Нэг өдөр үдээс хойш би Тавдугаар өргөн чөлөө хүрэх автобус хүлээж зогсохдоо гудамжны нөгөө талд нэг такси зогсохыг харав. Таксинаас нэг эмэгтэй бууж, Дөчин хоёрдугаар гудамжны нийтийн номын сангийн шатаар өгслөө. Би түүнийг номын сангийн хаалгаар орсных нь дараа л сая нэг танив. Гэхдээ Холли, номын сан хоёр өөр хоорондоо тун алс хол зүйлс учир аргагүй ч юм уу даа. Би сониуч зандаа хөтлөгдөн, үүдний хоёр арслангийн дундуур гарч, номын сан руу орж явахдаа Холлийг мөрдөж яваа гэдгээ үнэнээр нь хэлэх үү эсвэл санамсаргүй таарсан мэт жүжиглэх үү гэж бодож эргэцүүлэв. Эцэстээ би энэ хоёр замын алийг нь ч сонгосонгүй, харин уншлагын танхимд ороод, хэд хэдэн ширээний зайтай нуугдав. Холли хар шилээ зүүсэн хэвээр, овоолоотой номын ард сууна. Тэр нэг номоос нөгөө ном руу шилжин гүйлгэн харангаа, заримдаа хуудсан дээр зогтусаж, үсгүүдийг нь буруу харуулаад биччихсэн аятай мэт гайхан, хөмсөг зангидах аж. Гартаа цаас, харандаа бариад, өөр юунд ч анхаарал хандуулахгүй байгаа бололтой, үе үе цаасан дээрээ юу ч юм хичээнгүйлэн тэмдэглэнэ.

 

Би түүнийг ажиглангаа сургуульд хамт сурч байсан хэт хичээнгүй Милдрэд Гроссман гэдэг охины тухай саналаа. Нойтон үстэй, хир тос болсон зузаан шилтэй, мэлхийний гэдсийг ярж, ажил хаягсдад кофе аваачиж өгдөг хиртэй гартай, химийн найрлагыг нь барагцаалж тооцох гэж л одод руу хардаг амьгүй нүдтэй охин. Милдрэд, Холли хоёр бие биеэсээ газар тэнгэр шиг ялгаатай. Харин миний толгой дотор тэд Сиамын ихэр болцгоожээ. Би санаандаа тэр хоёрыг өөр хооронд нь нийлүүлж оёсны учрыг тайлбарлая: Хүн ер нь үе үе өөрчлөгддөг дөө, бидний бие хэд хэдэн жилийн зайтайгаар их засварт ордог, бид өөрсдөө хүсэх үгүй нь хамаагүй, байгалийн жамаар энэ өөрчлөлт өрнөнө. Гэтэл энэ хоёр хүн хэзээ ч өөрчлөгдөхгүй. Ийм ч учир Милдрэд Гроссман, Холли Гөлайтлитай адилхан. Тэдний зан төрх бүр эрт бүрэн гүйцэд төлөвшөөд тогтчихсон учир хэзээ ч өөрчлөгдөхгүй. Тэдний нэг нь хэт реалист, нөгөө нь хэт романтик. Би энэ хоёрыг ирээдүйд буй нэг ресторанд хамт сууж байна гэж төсөөлөхөд Милдрэд хоолны цэс дээр бичсэн тэжээллэгийн хэмжээг нарийн судалж, харин Холли тэнд буй бүх л хоолыг идэх гэж шунаж буй мэт дүр санаанд буув. Өөрөөр байх боломжгүй.

 

Тэд амьдрал дундуур яг л адилхан шийдэмгий нь аргагүй алхалсаар, өөр хаашаа ч харалгүй амьдралыг орхин явна.

 

Холли намайг таксинд суулгаад:

–Хонгор минь, чи ямаршуу байна? гэлээ.

–Сайн.

–Тэгвэл би үхчихсэн юм байлгүй.

–Үгүй, тэнэгхэн минь. Энэ ноцтой асуудал шүү. Алив, над руу хар.

–Үнэн шүү. Би юу ч мэдрэхгүй байна. Ердөө л ичиж байна.

–За боль доо. Үнэхээр зүгээр гэж үү? Надад үнэнээ хэл. Амиа алдаж ч болохоор байлаа шүү дээ.

–Гэхдээ би амиа алдаагүй байна. Бас амийг минь аварсанд баярлалаа. Чи гайхамшигтай, хосгүй хүн. Би чамд хайртай.

–Тэнэг гэдэг нь.

Тэр бугуйг минь тэмтрэн: – Гэхдээ судас чинь цохилохгүй байна шүү дээ гэв.

Асуудал юу вэ гэхээр би түүнийг харж чадахгүй байлаа. Надад нэг биш, хэд хэдэн Холли харагдана. Хөлөрсөн, цагаан, гурван царайг нь хараад, сэтгэл хөдөлж, ичингүйрлээ:

Холли миний хацар дээр үнсэв. Дараа тэр надад дөрөв болж харагдаад, би ухаан алдан уналаа.


 

 

 

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/