Та аялахаар төлөвлөж байна уу?. Тэгвэл аялалынхаа цүнхэнд дараах 5 номыг хийгээд гараарай. Танд шинэ бодол санаа, эрч хүч өгөхөөс гадна тархинд тань хамгийн сайн амралт болж чадна гэдэгт итгэлтэй байна.
1. Сайн бүсгүйн хайр
Хэвлэгдэн гараад удаагүй байгаа шинэ номыг хамгийн эхлээд санал болгоё. Уг номын зохиолч Элис Манро, “орчин үеийн өгүүллэг туурвилд оруулсан хувь нэмрийнхээ ачаар” 2013 онд Утга зохиолын Нобелийн шагнал хүртсэн ажээ. Танд санал болгож байгаа “Сайн бүсгүйн хайр” зохиолд Канадын жижигхэн тосгонд өрнөх хайр сэтгэл, араар тавилт, шийдэгдээгүй аллагын тухай өгүүлнэ. Хэмжээний хувьд харьцангуй жижиг ч уг ном танд асуулт, эргэлзээ, бодрол гээд уран зохиолоос л авч чадах гайхалтай мэдрэмжүүдийг өгч чадна.
2. Иван Ильичийн үхэл
Яагаад энэ номыг амралтаараа унших ёстой вэ? гэж үү. Хариулт нь амарч байгаа учраас. Та одоогийн байгаа нөхцөл байдлынхаа тухай дахин нэг эргэцүүлэн бодож өөрийнхөө хүссэнээр, дуртай ажлаа хийж, өөрийнхөө итгэл үнэмшилээр амьдарч чадаж байна уу, эсвэл ...? гэдэгтээ хариулт өгөхөд тань энэ ном тусална.
“Иван Ильичийн амьдралын түүх намтар ХАМГИЙН ЭГЭЛ ЖИРИЙН, бас хамгийн аймшигтай байсан билээ”.
3. The Fourth Industrial Revolution (Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал)
Англи хэлтэй уншигчдадаа 3 дахь санал болгох номоо зориулж байна. Дэлхийн эдийн засгийн чуулганы үүсгэн байгуулагч, Клаус Швабын бичсэн уг номноос бид цоо шинэ эрин үед хөл тавьж байгаагаа олж мэдэх боломжтой. Уурын хөдөлгүүрээр эхэлсэн аж үйлдвэрийн хувьсгал дөрөвдүгээр буюу шинэ хувьсгалаар түүчээлэн энэ цаг үед ирэхдээ бидний мэддэг тоглоомын дүрмүүдийг орвонгоор нь өөрчилж байна. Энэ бүхэн асар хурдацтай явагдаж байгаа тул бид мэдээлэлтэй, ийм эринд амьдарч чадахуйц чадвартай байх ёстой. Уг номыг Интерномын салбаруудаас англи хэл дээрх хувилбараар нь худалдан авах боломжтой.
4. Хандлага: Амжилтанд хөтлөх шинэ сэтгэлзүй
Хүн амжилтад хүрэх эсэх нь дан ганц авьяас чадвараас хамаардаггүй гэдгийг энэхүү номд онолын үндэстэй, олон жишээ баримттайгаар тайлбарласан. Өсөх сэтгэлгээ буюу үргэлж суралцах, асуудлыг боломж гэж харах сэтгэлгээ их олон зүйл дээр хэрэг болдог, өөртөө заавал хэвшүүлэх хэрэгтэй тул энэ номыг санал болгож байна. Номын зохиогч Кэрол Дүэк нь Стэнфордын их сургуулийн багш бөгөөд дотоод сэтгэлийн хандлагын тухай цоо шинэ санаагаараа олон улсад танигдсан алдартай сэтгэлзүйч юм.
5. English for Everyone
Зун бол өөртөө цаг гаргахад хамгийн тохиромжтой улирал. Иймээс энэ цаг хугацааг ашиглан англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхийг хүсч буй хүмүүстээ дараагийн санал болгох номоо зориулж байна.Англи хэлийг бие даан хурдан хугацаанд сурахад зориулагдсан “English for Everyone” цуврал нь түвшин бүртээ тохирсон дадлага болон дүрмийн номуудтай, үнэгүй аудио бичлэгтэй. Нэг л удаа интернэтэд холбогдоод дасгалаа татаад авчихвал апп-аар нь дамжуулан дасгалаа ажиллаад явах боломжтой гээд олон давуу талтай. Та өөрийнхөө түвшинд таарсан хувилбарыг нь цүнхэндээ багтаагаарай.
СЭТГЭГДЭЛ