“Монсудар” хэвлэлийн газар энэ жилийн “Зуныг номтой өнгөрүүлье” арга хэмжээгээ VI сарын 12-18 өдрүүдэд “Интерном” номын дэлгүүрт зохион байгуулсан билээ.
Эхний өдөр “Ном хэрэглээ болж эхэллээ” сэдвийн дор хэвлэгдээд удаагүй байгаа ч олон мянган хувиар борлогдсон “Сингапурын хөгжлийн нууц”, “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” номын орчуулагчдыг урин нээлттэй ярилцлага өрнүүлсэн юм.
Мөн энэ үеэр Монсудар хэвлэлийн газрын ерөнхий захирал Р.Энхбат "1990 оноос хойш ийм олон тоогоор зарагдсан ном гараагүй, ном хүмүүсийн хэрэглээ болж эхэлж байгааг эдгээр номноос харж болох юм" гэв.
Эндээс "Дээрээ суудлаа олохгүй л бол доороо гүйдлээ олохгүй" гэдэгчлэн төр засгийн эмх цэгцгүй байдал жирийн иргэдийн амьдралд ч тусч байгааг, эмх цэгцгүй амьдрал хүмүүст тун төвөгтэй бөгөөд өдөр тутмын амьдралд байнга саад учруулж байдаг нь энэ номын эрэлт хэрэгцээгээр тайлбарлагдах болов уу гэж ойлгогдож байлаа.
Ярилцлагын үеэр орчуулагч Л.Саруултөгс, Н.Монголмаа нар ном хэрэглээ болж байгаа тухай сэдвийг үргэлжлүүлсэнээс гадна уншигчдын зүгээс өөрсдөд нь ирдэг асуултуудаас жишээ аван дурдаж номын агуулгын талаар товч мэдээлэл өгсөн юм.
Ярилцлагад оролцогсод:
-Эмх цэгц номыг эмэгтэйчүүдийн ном гэж ойлгоод байна. Эрэгтэйчүүд уншиж болох уу?
-Хэрэггүй зүйлсээ уутлаад хаях гэхээр ээж ер хаяулахгүй юм аа, яах вэ?
-Сингапурын хөгжлийн гол нууц нь юу байсан юм бэ?
-60 жилийн өмнөх Сингапурын юу нь манайхтай төстэй, юу нь өөр байна вэ?
зэрэг сонирхсон асуултуудаа тавьж, өөрсдийн үзэл бодол, сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
Зургийн тайлбар:
Баруун гар талаас: "Сингапурын хөгжлийн нууц" номын орчуулагч Н.Монголмаа, "Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид" номын орчуулагч Л.Саруултөгс
Энэ хоёр бүсгүйн Монсудар хэвлэлийн газартай хамтран гаргасан номууд бол хувь хүний болон улс орны хэмжээнд эмх цэгц ямар их эрэлт хэрэгцээтэй болоод байгааг, түүнээс хэрхэн гарахыг хүмүүст хүргэсэн чухал бүтээлүүд юм.Тэд зүгээр нэг ном орчуулаад зогссонгүй эмх цэгцийн тухай ойлголтыг хувь хүнээс эхлээд улс орны хэмжээнд ярьж олон нийтэд хандсан лекц ярилцлагуудыг ч зохион байгуулсаар байгаа нь энэ цаг үед үнэхээр нүдээ олсон арга хэмжээнүүд болж буйг энд хэлэхийг хүсч байна.
Нээлтийг ikon.mn сайт шууд дамжуулсан бөгөөд энд дарж үзэх боломжтой.
Д.Энхцэцэг
СЭТГЭГДЭЛ