Гунигтай, ганцаардмал юм бүхэн надад таалагддаг. Зохиолыг эхлүүлээд уншиж дуусах хүртэл сэтгэлд хоосон, хөндүүр мэдрэмж төрөх атлаа бодлогоширонгуй, ганцаардмал, гадаад ертөнцөөс тусгаарлагдаж дотоод сэтгэлдээ амьдардаг залуугийн бүтэлгүй ч гэлээ аз жаргалтай, ямар ч баггүй ямар ч худал хуурмаггүй жинхэнэ хайрын түүхийг сонсож сэтгэлээ цатгаж, дүүргэж суух хором мөчүүд дэндүү амттай байлаа.

Энэ номонд итгэлцлийн тухай, “жинхэнэ” сэтгэлийн тухай, хором мөчөөр хэмжигдэх хэдий ч хэзээ ч бүдгэрч мартагдахгүй дурсамжийн тухай, ганцаардлын тухай, хуурмаг сэтгэлтнүүдийн тухай гээд амьдралын олон өнгийг харуулах болно.

Амьдралд цаг хугацаа бүхний хэмжүүр болдоггүй. Богинохон хугацаа ч амьдралын амтыг мэдрэх боломжийг бидэнд өгдөг ажээ. Хэн нэгэнтэй хэдий удаан хамт байснаар биш, үнэн сэтгэлээ зориулж үнэнээсээ хайрлаж, үнэ цэнтэй мөчүүдийг бий болгож чадсан эсэхээр л амьдралын утга учир, гээж мартагдахгүй дурсамжууд, аз жаргалын хором мөчүүд хэмжигддэг юм байна. Хэсэгхэн төдийн мартагдашгүй дурдатгалаар амьдралын бүхий л хугацааг дүүргэж болдог юм шиг…

Угтаа итгэл гэж юусан билээ. Жинхэнээр хайрлахын үр үндэс нь итгэл юм бол хайрлаж сэтгэлээ өгсөн нэгэндээ яагаад эргэлзэж эхлэдэг юм бэ? Итгэл дээр хайр тогтдог юм бол итгэл ганхаж эхлэхийн төдийд хайр ч бас ганхдаггүй гэж үү? Хэн нэгнийг амьдралынхаа нэг хэсэг болгохоор шийдсэн бол түүндээ бүрэн дүүрэн итгэж чадах зориг чамд бий юу? Зүрхний нандин бүхнийг тань итгэлтэйгээр хуваалцах хүн амьдралд чинь хэд байгаа вэ? Дотны гэж нэрлэдэг хүмүүстэйгээ чин зүрхнээсээ холбогдож, чин сэтгэлээсээ итгэж, чин үнэнээрээ харилцаж чаддаг болов уу? Энэ амьдралд чиний төлөө үнэн сэтгэлээ зориулдаг хүн хэд байдаг бол?

Итгэл. Итгэл үгүй бол бүх зүйл үгүйтэй адил ажээ.

Ийм олон асуултуудтай нүүр тулж ирэхийн цагт эдгээрт хариулт хайж явахдаа бодит амьдралаа эргэж харах нүд нээгддэг юм байна… Тийм ээ, итгэл гэж юусан билээ….

Хэн нэгэнтэй бид “зүгээр л нэг” уулзаад өнгөрдөг гэвэл худлаа. Тэд ямар нэг зүйлийг өгөх гэж бидний амьдралд ирдэг. Тэр нь сэтгэл зүрхний баяр баясал, аз жаргал, уйтгар гуниг, гомдол цөхрөлийн аль ч байж болох… Хэрвээ нүдээ нээн харж чадвал энэ нь амьдралын мөн чанарыг ойлгож таних, дотоод оршихуйгаа ухаарах зам болдог “ерөөлтэй” юм. “Чи надад, орчлонд өөрөөр амьдрах боломжтойг, надад өөрийн гэсэн сэтгэл зүрх бий гэдгийг харуулсан шүү дээ” гэжээ. Хүн яг ингэж бусдын амьдралд орж ирдэг. Яг ингэж өөрийгөө танихад нь тусалдаг, яг ингэж бусдад хичээл болдог… Учрал бүхэн хичнээн утгатай юм бэ…

Амьдралаасаа явуулж болохгүй нэгэн, алдаж болохгүй боломж, мартаж боломгүй хүн, гээгдүүлж болдоггүй дурсамж дурдатгал гэж байдаг…

Нэгэнт алдаж орхивол хэзээ ч эргэн ирэхгүй. Цаг хугацааг буцааж болдоггүй шиг харамсал тээсэн мөчүүдийг юу ч нөхөж гүйцээж чадахгүй билээ. Олон олон өдөр хоногуудыг “Үүнээс өөр байж болох л байсан” гэдэг харууслын үгээр үдэхгүйн тулд бүтэх бүтэхгүй нь хамаагүй хайрынхаа төлөө, нандин гэсэн бүхнийхээ төлөө тэмцэх хэрэгтэйг, итгэсэн л бол эцсээ хүртэл үнэнч байх хэрэгтэйг, зоригтой байх хэрэгтэйг, эцэст нь итгэвэл итгэсэн шиг итгэх хэрэгтэйг ойлгуулжээ...


СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/