✨52 долоо хоног 52 ном challenge

🔶16-р долоо хоног: "Тэгээс нэг рүү" by Peter Thiel

Дунд ангийн сурагч болох үеэс эхлээд надад математикийн маань хичээл тун сонирхолтой санагдаж эхэлсэн юм. 10 хайрцаг алимны үнийг бодох бодит байдлаас хальж, хасах тоо, хязгааргүйн тухай яригдаж ирэхэд тоог сонирхох хүсэл, тэдгээрийг төсөөлөх төсөөлөл минь намайг эзэмдсэн гэхэд болно.

“0” оргүй хоосон бөгөөд түүнийг хэдэн ч удаа хооронд нэмсэн оргүй хоосон хэвээрээ. Харин “1” бол бүгдийн эхлэл.

Түүнийг хязгааргүй нэмбэл хязгааргүй болно. Харин энэ номны нэр нь 0-с 1 рүү. Хэрхэн оргүй хоосноос ямар нэгэн зүйлийг бүтээх вэ? Энэ номыг уншихаар төлөвлөхөөсөө өмнө ч би энэ асуултыг өөртөө тавьдаг байсан учраас надад үнэхээр сонирхолтой ном шиг санагдсан.

Хуудас бүрээс нь шинэ санаа, цоо шинэ үзэл санааг авах учраас бүх бүлгийн санааг тоймлоно гэвэл номноосоо урт болж ч магадгүй тийм гайхалтай ном. Хүмүүс энэ номыг санал болгохдоо PayPal-ыг үүсгэн байгуулсан Старт Апын “мэргэжилтэний” бичсэн ном гэдэг утгаар нь шинээр бизнес эхлүүлэх гэж байгаа хүнд санал болгодог юм шиг анзаарагдсан.

Тайлбарлаж буй жишээ, зохиогчийн өөрийн туршлага нь СтартАп-тай холбоотой боловч нөгөө талаараа философийн бүтээл гэж харж болно.Номыг уншиж байхад маш олон удаа толгой дээр “чийдэн” ассан ч хамгийн чухал санагдсан цөөн санаагаа хуваалцъя.

💡Олонх нь санал нийлдэггүй, хуруу дарам цөөн хүн л санал нийлдэг хэрнээ чин үнэн зүйлийг нэрлэ гэвэл юуг нэрлэх вэ? Энэ асуултад хариулт олвол магадгүй 1-ийг бүтээх санаа байж болох юм. Гэтэл хариултууд нэг бол олон хүн санал нийлдэг, эсвэл чин үнэн эсэх нь батлагдаагүй зөвхөн нэг хүний итгэл төдий байдаг байна. Харин бид хүмүүсийн хуучин хийдэг байсан зүйлсийн алдааг нь зассан төдийхөн зүйл бодож олчихоод түүнийгээ “1”-ийг бодож оллоо гэж андуурдаг.

💡Тэгвэл “1”-ийг хаанаас олох вэ?
Ямар ч байсан туршлагаас лав биш."Туршлага бол хамгийн муу мэдлэг” гэж дэлхийн суут сэтгэгч Алберт Энштэйн хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл хэдэн ч “0”-ийг нэмээд “1” болохгүй л гэсэн санаа. “1” гэдэг бол “0”-с “нэгхээн” тооны зөрүүтэй зүйл ердөөсөө биш бөгөөд туршлага дээр суурилсан цоо шинэ зүйл гэж байхгүй. Тиймээс ямар нэгэн хямралын үеийн эрсдэлээс сэргийлсэн онолуудыг таг март. Тэд хуучин гарсан алдааны тухай болохоос биш цоо шинэ зүйлийн тухай биш юм. Мэдээж туршлага байхгүй бол маш их эрсдэл гарах хэдий ч эрсдэл байхгүй бол “1” гэж байхгүй.

💡Жинхэнэ “1”-ийг олсон гэдгээ яаж мэдэх вэ? Түүнд ямар шинж чанар байдаг вэ?
“1” бол Монополь. Монополь байна гэдэг ямар ч хамаагүй аргаар өрсөлдөгчдийгөө дарж, эсвэл өөрийнх нь зах зээлрүү хэн ч орж ирэхээргүй болтол томроно гэж бид нийтээрээ ойлгодог. Тиймээс ч Монополийн эсрэг эрх зүйн зохицуулалт хийгддэг байх. Харин “жинхэнэ” монополь байна гэдэг хэн ч өөрийг чинь дуурайж хуулбарлах боломжгүй онцгой өөр байх тухай юм. Харамсалтай нь зөвхөн бизнесүүд ч биш, хүмүүс ч гэсэн өнгөцхөн байдлаар өөр өөр харагддаг ч угтаа нэг нэгнийхээ сайжруулсан, дордуулсан хуулбар байх нь олон. Тийм бизнесүүд болон хүмүүс хоорондоо нөгөө өнгөцхөн зүйлээрээ өрсөлдөж тэдгээр зүйлсээрээ биенээ эрэмбэлэж байна. Харин давтагдашгүй онцгой байх нь өрсөлдөгчгүй монополь байдалд аваачдаг. Өөрөөр хэлбэл биднийг мэдээ орох цагаас эхлээд л сонсож өссөн зах зээлийн өрсөлдөөн ашигтай гэсэн санааг буруутгаж байгаа юм.

Бид математик дээр “1”-ийг хязгааргүйд хуваавал “0” рүү тэмүүлдэг хэмээн үздэг шүү дээ. Нэг зүйлийг бүгд хуулбарлаж өрсөлдөөн нэрээр зах зээлээ хуваасаар байвал эцэстээ бүгд “0” рүү тэмүүлэх болно.

Хүмүүс ч мөн адил өөрөө хэн болохоо таньж мэдэж өөрийгөө бүтээхгүйгээр хэн нэгэн шиг амьдрах гэж насыг барвал улсын санд бүртгэлтэй хий хоосон нэр, регистерийн дугаар л болж хоцорно.

Өөр олон гайхалтай “Чийдэн” асаасан энэ номыг зөвхөн шинэ бизнес санаа хайж байгаа хүн ч биш өөрийгөө хайж байгаа залуу хүн бүр уншаасай гэж хүсэж байна.🤗

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/