✨52 долоо хоног 52 ном challenge

🔶17- р долоо хоног: “Миний сайн мэдэх зүйлс” by Oprah Winfrey

Чиний хамгийн сайн мэддэг зүйл чинь юу вэ? Энэ асуултыг өөрөөсөө асуудаг хүн хэр олон байдаг бол? Бид үргэлж л чадахгүй, мэдэхгүй зүйлээ танин мэдэж чаддаг мэддэг болохын төлөө мэрийн амьдардаг хэдий ч аль хэдийнээ өөртөө бий болгосон тэр үнэт зүйлсийнхээ талаар ер нь бодож эргэцүүлдэг юм уу?

Энэ энгийн хэрнээ хүний амьдралын туулж өнгөрөөсөн бүхий л цаг мөчийг тэр чигт нь хамархуйц гүн гүнзгий утгатай асуултанд хариулсан Опрагийн хариултыг энэхүү номноос уншаарай. Түүний хариултыг уншиж байх үедээ та ч гэсэн өөрийн мэдэлгүй өөр өөрөөсөө энэхүү асуултыг асууна гэж би мөрийцсөн ч бэлэн байна.

Олон олон алдартай, эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүсийн амьдралын намтар түүхүүд тэдний уналт доройтол, сэргэн мандалт, эрх мэдэл мөнгөний төлөө ухаангүй шахам ажилласан он жилүүдийнх нь талаар л өгүүлсэн байх нь олонтаа. Харин Опрагийн дурсамж ном бол түүний амьдралынхаа турш цуглуулсан бүх л гайхалтай мэдрэмжүүдийнх нь нийлбэр цогц байсан юм.

Сүүлийн 20 жилийн турш дэлхийн хүчирхэг эмэгтэйчүүдийн жагсаалтанд тасралтгүй бичигдсэн, 3 тэрбум долларын хөрөнгөтэй, гайхалтай карерын эзэн бүсгүйн амьдралаас ойлгон авсан хамгийн том сургамж, олж авсан аз жаргал нь юу юм бол?

Хамгийн дотны найзтайгаа элгээ хөшиж, толгойгоо өвдтөл утсаар ярих, аяга өтгөн кофе уугаад өдрийнхөө ажлыг тайван гэгч нь төлөвлөх, нохойгоо салхилуулангаа өглөөнийхөө дасгалыг хийх, дотны хүмүүстээ гараа гаргаж амттай хоол хийж өгөх, сайхан ном уншин хорвоо ертөнцөөс тасрах энэ бүхэн бол Опраг аз жаргалтай болгодог зүйлс. Иймэрхүү сэтгэл ханамж, аз жаргалыг мэдрэхийн тулд заавал таны дансанд 3 тэрбум доллар байх шаардлагагүй. Хийж байгаа бүхэндээ сэтгэлээ шингээн, үнэн сэтгэлээсээ дурладаг тэр л ажлаа хийн, тэндээсээ сэтгэлийн таашаал эдлэж байвал тэгээд л болох нь тэр.

Аз жаргал гэдэг хэзээ нэгэн цагт хүрэх нэг оргил биш, аз жаргалтай мөчүүдийн хэлхээ холбоос юм гэдгийг ойлгон таньсан нь түүний энэ амьдралаас олж авсан хамгийн том сургамж хичээл байж. Ийм энгийн хялбархан амьдралыг бид л өөрсдөө хэтэрхий төвөгтэй яршигтай болгоод байдаг байх нь шүү дээ.

Амьдралд саад бэрхшээл тохиолдон, сэтгэл санаа хямрах үедээ эмэгтэйчүүд бид ихэвчлэн хамгийн сайн найз дээрээ очин хамаг сэтгэлээ уудлан дэлгэж, тэднийхээ чин сэтгэлийн зөвлөгөөг сонссоны дараа байдал хамаагүй дээрдсэн юм шиг санагддаг шүү дээ. Яг тэрэн шиг энэ ном бол ээжийн маань, эгчийн маань, сайн найзын маань чин сэтгэлийн үгс шиг сэтгэлд тийм ойрхон, дулаахан ном. Ганцхан удаа уншаад өнгөрөх төдий бус ширээнийхээ нэг буланд үргэлж нүдэнд үзэгдэх газраа ил тавиад, хаа нэг аль ч хамаагүй хуудсыг нь эргүүлэн уншиж сэтгэлийн амар амгаланг олж болохоор тийм нандин ном.

Номныхоо хамгийн сүүлийг бүлгийг би зуслангынхаа байшингийнхаа довжоон дээр, өглөөний нарны туяанд тухтай нь аргагүй уншиж дуусгасан юм. Яг тэрхэн мөчид ийм гайхалтай цаг агаартай газар амьдарч байгаадаа, сайхан амттай өглөөний кофег ууж байгаадаа, охин маань намайг тухтай номоо уншаад дуусгагдээ гэж бодон сайн гэгч нь бат бөх нойрсож байгаад гээд намайг хүрээлж байгаа бүхий л зүйлд хэмжээлшгүй ихээр талархмаар санагдан яг тэр мөчийг би 100% бүр 1000% мэдэрч чадсан юм. Гарт минь арай өөр ном байсансан бол би тэр хоромыг мэдэрч чадах байсан нь тун ч эргэлзээтэй. Энэ ном тэр чигтээ аз жаргалын гармоныг чинь нэмэгдүүлж, чамайг эерэг хандлагад хөтлөж чадах тийм л ид шидтэй увидастай ном.

Чамд урам зориг өгөхүйц, чиний хандлагыг эерэг тал руу нь өөрчлөхүйц тийм л ном хайж байгаа бол энэхүү номыг заавал уншаарай

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/