Өнөөдөр та бүхэндээ дэлхийн 108 оронд хэвлэгдэн сая сая уншигчдын хүртээл болж амьдралыг нь өөрчилж чадсан нэгэн гайхалтай номыг төрөлх хэлээрээ унших боломжтой болсныг дуулгахад таатай байна. Номын нэр "Амжилтын зарчмууд". Хувь хүний хөгжлийн чиглэлээр гарч буй бусад номоос ялгарах онцлог нь амжилт хэмээх ойлголтыг огт өөр өнцгөөс харж, амжилтад хүрсэн хүмүүсийн бодит түүхийг жишээ болгон оруулсан нь хэн бүхэнд ойр, сонирхол татахуйц болжээ.

Өнөөгийн нөхцөлөө өөрчлөн мөрөөдөлдөө хүрэхийг хүсэж буй хүн бүрд энэ ном өөрчлөлтийг авчирна гэдэгт би итгэлтэй байна.

Агуулгаасаа эхлээд л энэхүү нэгдүгээр дэвтэрт танилцуулж буй 38 зарчим бүхэлдээ сонирхлыг маань өөрийн эрхгүй татаж байсныг нуух юун. Тэдгээрээс дараах хэдхэн зарчмыг жишээ болгон сийрүүлье.

1.Бүхнийг өөрөө хариуц

Энэ бол номын гарчгийг харангуут л шууд унших хүсэл төрүүлсэн хамгийн эхний хэсэг. Олон зүйл дээр ялангуяа ажил хэрэгт хэн нэгэнд найдсан ажил ихэнхдээ санасан хэмжээнд хүрэхгүй байх заримдаа бүр амжилтгүй болох тохиолдол олон байдаг. Тэр бүхнийг шийдэх хамгийн зөв гарц бол бүхнийг өөрөө хариуцах. Номд үүнтэй холбоотойгоор зөвхөн ажил гэлтгүй гэр бүлийн амьдралтай холбож олон жишээ дурдсанаас гадна бүхнийг өөрөө хариуцдаг болохын тулд хийх ёстой алхмуудыг ойлгомжтой тайлбарлажээ. Амжилтад хүрэх энгийн зарчмуудын эхнийх нь бүхнийг өөрөө хариуцах.

2.Амьдралын зорилгоо тодорхойл

Зорилгоо тодорхойлох гэдэг үгтэй хүмүүс олон зуун удаа таарсаар энэ үг яг юуг хэлээд байгааг тэр бүр ойшоож үзэхгүй хэмжээнд очсон байдаг. Гэвч амжилттай яваа хүмүүсийн хамгийн чухал алхам бол зорилгоо тодорхойлох ажээ. Би энэ дэлхий дээр ямар зорилготой ирсэн бэ? Энэ асуултыг та өөрөөсөө асуугаад үзээрэй. Асуултад хэдий чинээ үндэслэлтэй, итгэл үнэмшилтэй хариулж чадна төдий чинээ зорилго тань тодорхой, таны амьдралыг зугаатай, сэтгэл ханамжтэй болгож чадна.

3.Өөртөө итгэлтэй бай

Өөртөө итгэх итгэл гэдэг цаг хугацааны явцад бий болж буй бидний аливаад хандах хандлага юм. Энэ хандлага таны амжилтад чухал нөлөөтэй. Та дэлхий дээр цорын ганц хувь гэдгээ үргэлж бодож, юунд итгэхээ өөрөө сонгож, би ч чадахгүй байхдаа гэж цаг хугацааг хий дэмий өнгөрөөлгүй, бусад хүн таны тухай юу гэж ярихыг тоолгүй жинхэнэ өөрийгөө бий болгоорой. Энэ бол уншигдаж байгаа шигээ амархан биш ч гэлээ өөртөө итгэлтэй байх зарчмыг эзэмшиж чадвал бүх зүйл таны талд байх болно.

4.Цөхрөлтгүй асуу

Зорилгодоо хүрэх, мөрөөдлөө биелүүлэхэд асуулт асуугч байна гэдэг маш чухал. Яагаад хүмүүс бусдаас юм асуух, хүсэхээс тэгтлээ эмээдэг юм бол? Тэд бусдад тэнэг, ухаан муутай, ядарсан зүдэрсэн харагдах вий гэдгээс гадна татгалзсан хариу хүлээж авахаас айдаг. Өөрөөр хэлбэл тэд үгүй гэдэг хариултаас айдаг. Асуухаасаа ч өмнө өөрөө өөртөө “за бараг үгүй л гэх байхдаа” гэсэн хариултыг өгчихсөн байдаг. Энэ бол амжилтын хамгийн том дайсан. Тиймээс цөхрөлтгүй асуу.

5.Хүлээж төсөөлснөөс нь илүү хий

Амжилттай хүмүүс бусдаас илүү хийх дадал эзэмшсэн байдаг. Бусдаас илүү хийснээрээ өөрөө хөгжөөд зогсохгүй өөртөө итгэлтэй, эргэн тойрныхоо хүмүүст нөлөөтэй болж чаддаг.

6.Ирээдүйг угтахын тулд өнгөрснөө дуусга

“Хэн ч өнгөрснийг өөрчилж чадахгүй харин ирээдүйгээ бүтээж чадна” хэмээн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан нэгэн эрхэм хэлсэн байдаг. Гэтэл зарим хүмүүс өөртөө асар хүнд ачаа үүрч түүндээ дарагдан амьдралыг туулдаг. Та өнгөрсөнтэй хэр удаан зууралдана амжилт танаас мөн тийм хугацаагаар алсарна.

Өнгөрснийг орхихын тулд уг номын зохиогч танд “Сэтгэлээ онгойлгох” аргыг санал болгож байна. Та хэн нэгэнтэй ярилцаж эсвэл цаасан дээр буулган өөрийн сэтгэлээ уудлах нь өнгөрснийг орхин, урагшлахад тус болох нь гарцаагүй.

7.Хязгаарлаж буй итгэл үнэмшлээ давж гар

Ихэнх хүмүүс өөрсдийн амжилтыг үгүйсгэсэн итгэл үнэмшлүүдийг тээж явдаг. Таныг яг ямар итгэл үнэмшил хазаарлаад байгааг тодорхойлж, тэдгээрээс салахын тулд та уг номд өгүүлсэн аргыг ашиглаад үзээрэй.

Зохиогчийн тухай илүү ихийг эндээс.

Танд амжилт хүсье.


СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/