“Жаргалтай айлууд ерөнхийдөө адил төстэй, харин бүхий л зовлонтой гэр бүлүүд өөр өөрийнхөөрөө л зовох юм даа...” Лев Николаевич Толстойг дэлхийд данстай зохиолч болгож чадсан агуу роман болох “Анна Каренина” зохиол ийнхүү эхэлдэг.
Энэ ганцхан өгүүлбэрийн задаргаагаа зохиолч маань энэхүү туужаар дамжуулан тайлбарлан өгсөн юм шиг надад уншиж дууссаны эцэст бодогдсон юм. Жаргалыг хүн бүхэн хүсэмжилдэг атал зовлон яагаад бидэнд илүү ойр байдаг юм болоо?
Авааль эхнэрээ нууц амрагтайг нь хардан амь насыг нь хэрцгийгээр хөнөөсөн залуугийн өнгөрсөн амьдралаа дурсан өгүүлэх яриагаар энэхүү зохиол эхлэнэ. Чинээлэг давхаргын тохьтой томоотой, эхнэрээсээ өөр ямар ч бүсгүйг гэрлэлтийнхээ дараанаас шохоорхож ч үзээгүй эр, зөвхөн гэр бүлдээ бүхий л сэтгэл зүрхээ зориулан амьдарсан эмэгтэй. Гадна талаас нь харахад 5 хүүхдийн эцэг эх, төгс төгөлдөр үлгэр жишээ, болсон энэ сайхан хосуудын амьдрал яагаад ийм аймшигтай түүхээр эцэс болсон юм бол?
Энэ бүх гай зовлонгийн эхлэл цэг нь гэрлэлт. Гэрлэлтийн дараахи гэр бүлийн харилцааны талаархи бүхий л хатуу үнэнийг энэхүү номонд өгүүлэх болно.
Гэрлэлт гэдэг хээнцэр загвартай цасан цагаан даашинз, тансаг хүлээн авалт, романтик бал сар төдийхөн зүйл биш харин 2 хүний хоорондох төгс ойлголцол байх ёстой аж. Өөрийнхөө залуу нас, гоо үзэсгэлэнг барьцаанд тавиад хангалуун, сэтгэл амар амьдралыг хүсэмжлэх эмэгтэйчүүдээр хорвоо дүүрэн байна.Энэ арилжааны эцсийн үр дүнд ихэнхидээ л эмэгтэйчүүд хэрүүл тэмцэл , араар тавилт, худал хуурмаг бүхнээр дүүрэн амьдралын жилүүдийг үдэх хэрэгтэй болдог нь туйлын харамсалтай.
Эмэгтэйчүүд бид эрчүүдийн оюун санаа, амьдралыг үзэх үзэл, аливаад хандах хандлага тэр бүхнийг нь танин мэдэж байж хамтдаа амьдралыг эхлүүлэх нь л хамгийн зөв зүйл юм байна даа гэж би унших явцдаа ухаарсан юм. Эр хүн эхнэртэйгээ оюун санааныхаа хувьд хангалттай сайн ойлголцож чаддаг, тэр л үнэт зүйлийг нь онцлон таашааж, гэргийгээ болгон авсан бол цаг хугацааны уртад гоо үзэсгэлэн бие цогцос нь гундан доройтсон ч гэр бүлийн амьдрал бат бөх хэвээрээ байдаг аж.
Хэт туйлширсан феминист үзлийг би төдийлөн таашаадаггүй хэдий ч энэхүү зохиол дээр тусгагдсан эмэгтэйчүүдийн тухай бүхий л үзэл санааг 2 гараа өргөж байгаад дэмжмээр санагдсан билээ.
Магадгүй 100, 200 жилийн өмнө эмэгтэйчүүд бид эрчүүдтэй ижил албан тушаал хаших боломжгүй, түүнийгээ дагаад санхүүгийн хувьд ч тэднээс 100% хараат, шийдвэр гаргах түвшинд дуу хоолойгоо хүргэх боломж байхгүй, улс орон удирдах тухайд бол бүр бодохын ч хэрэггүй байсан бол одоо бүх зүйл эсрэгээрээ эргэжээ.
Тухайн үед эмэгтэйчүүд аз жаргалтай сайхан амьдрах цорын ганц боломж нь сайн залуутай учран түүнд цаашдынхаа хувь заяаг сохроор даатгах байсан бол орчин үед бид өөрсдийнхөө хувь заяаг өөрсдөө бүтээх боломжтой тийм л боломж бололцгоогоор дүүрэн нийгэмд амьдарч байна.
Тийм байтал яагаад одоог хүртэл эмэгтэйчүүд бид хань ижлээ сонгохдоо алдар нэр, мөнгө төгрөг, хүч чадлыг нэн тэргүүний шаардлага болгоод байгаа юм бэ? Цаг хугацаа урсахыг ч анзааралгүйгээр чамтай ярилцаж суудаг, чамайг хамгийн ихээр ойлгож, чамд өөрөөсөө ч илүү итгэдэг, чиний оршихуйг чинь хүндэлж чаддаг тийм л эр хүнийг хань ижлээрээ сонговол бид амьдралын мөн чанарыг ухаарч, тэгж их эрж хайгаад байдаг аз жаргалтайгаа нүүр туулан учрах биз.
Амьдралынхаа хамгийн чухал шийдвэрийг гаргах гэж буй бүхий л охид бүсгүйчүүдийг энэ номыг ганцхан удаа уншаад үзээсэй хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна.
СЭТГЭГДЭЛ