Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг байдаг бол гэдэг шиг ном биднийг хаа холын хэдэн зууны өмнө, эсвэл ирээдүйд, үгүй бол бидний мэдэхгүй, үзэж харж, төсөөлж байгаагүй ертөнцөд аваачих юм.

Тэр ертөнц дуу алдмаар гайхамшигтай, эсвэл үүлтэй тэнгэр шиг бүүрсгэр, заримдаа усан бороонд зогсох мэт эмзэглүүлэм, хаврын үдэш шиг гэгэлзэм байдаг билээ. Ялангуяа олон зохиолоос бүрдсэн ном уншихад нэг ертөнцөөс нөгөө рүү хөнгөн гуниг тээн сэлж ороод баяр жаргалтайгаар инээмсэглэн гарч ирнэ, тэгснээ учиргүй бодлогошролд орсон нэг ертөнцөд хөвж одно. “Япон өгүүллэг, тууж” хэмээх номыг уншихад яг л ийм байлаа.

Юуны өмнө энэхүү номд миний дуртай зохиолч болох Хигүчи Ичиёо, Нацүмэ Соосэки нарын зохиол оржээ. Бас миний огт мэддэггүй зохиолчдын бүтээл ч байна. Аргагүй биз дээ монгол хэлээр зохиол бүтээл нь огт хэвлэгдээгүй болохоор япон хэл мэдэхгүй мань мэт нь мэдэхгүй юм. Гэтэл японы уран зохиолд нэрээ тод мөнхөлсөн хүн байх жишээтэй.

Уран зохиолын бүтээлд гарчиг нь номынхоо агуулгатай таарах албагүй ч Хигүчи Ичиёогийн “Нэг үеийнхэн” зохиолын нэр аргагүй л зохиолынхоо агуулгатай яв цав нийцжээ гэж бодлоо. Учир юу гэвээс уг зохиолд мэйжигийн үеийн япон орны Ёшинавара хэмээх нэг томоохон гудмынханы амьдрал гарна.

Гол дүрүүд нь арын гудмынхан, урд гудмынхан гэж талцаж хуваагдсан хүүхдүүд. Зохиолч их торгон мэдрэмжтэй хэрнээ энгийн өгүүлбэрүүдээр тухайн үеийн нийгмийн байр байдал, хүмүүсийн аж амьдрал, хүүхдүүдийн харилцаа зэргийг хаа нэгтээгээс тольдож байгаа мэтээр бичсэн нь сэтгэлд их ойр байв. Гэхдээ энэхүү уян зөөлөн бичлэг, хүүхдүүдийн гэнэн хонгор харилцааны цаанаас тэр үеийн нэг хэвийн амьдрал, том жижиг, хөгшин залуу гэлтгүй нэг үеийн хүмүүсийн оюун санааны түгжигдмэл байдал, аль эрт хувь заяа нь шийдэгдчихсэн хүүхдүүдийн өрөвдөм дүр зураг харагдана.

Царайлаг бүсгүйчүүд гэйша болдог тэндхийн бичигдээгүй хуулиар царай зүс сайтай, эелдэг хөөрхөн Мидори охиныг үеийн охид хөвгүүд, бүр томчууд хүртэл том болоод гэйша болно гэж бодох. Эцэг эх нь хүртэл охиндоо хөгжим, бүжиг сэлтийг хичээнгүйлэн заахаас бус бусад хичээл номд нь огт анхаардаггүй нь гэйша болно гэж бат итгэснийх мэт.

Эгчийгээ нэр алдартай гэйша болсныг эцэг эхийнхээ ачыг хариулж байна гэж бодох Мидори. Тэдний тэр охин ийм тийм гэж хавь ойрын гудмыг өгсөж уруудан, пээдэлзэх ажилгүй залуус. Түүнийгээ залуу насын ид хав мэт ойлгох. Манай Нацагдоржийн “Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэж” гэдэг шиг л.

Үүнээс гадна хийдийн хамбын залгамжлагч хүү Шиннё, цэнгээний газар амьдардаг Мидори нарын ухамсартайгаар бус, гагцхүү зөн мэдрэмжээрээ бүдэг бадаг ойлгох, хүүхэд насны гэнэн ариухан дурлалыг зохиолч их зөөлөн, сэтгэл өвтгөмөөр бичжээ. Мидори, Шиннё хоёр эхэндээ тэдний хооронд ямар гээчин зүйл бий болчхоод байгааг ойлгохгүй байснаа сүүлд нь бүүр түүрхэн ухаарах тэр үед, тэдний хувь заяа аль хэдийн салж одсон байв.

Шиннё хувцасныхаа өнгийн сольж хийдийн сургуульд орж, Мидоригийн хөгжилтэй хөөрхөн инээд, гал цогтой цовоо байдал нь ус цацуулсан цог шиг унтран алга болов. Тэр үед хүмүүс түүнийг эмэгтэй хүний намба суужээ гэх аж. Учрыг мэдэхгүй ээж нь “Одоо л нэг байвал зохих зан чанар нь гарч байна. Одоохондоо амарч байг” гэх нь сэтгэл эмзэглүүлэх аж.

Хигүчи Ичиёогийн Мэйжигийн үеийн хамгийн алдартай эмэгтэй зохиолч гэгддэг төдийгүй түүний дүр япон улсын 5000 иений дэвсгэрт дээр мөнхөрсөн байдаг нь аргагүй ч юм даа.

Нацүмэ Соосэкигийн Лондон цамхаг уран сэтгэмж, бодит байдал, түүх гурвыг сүлэлдүүлэн бичсэн бичлэгтэй учир уншихад нэлээд сонирхолтой байлаа. Лондон цамхгийг үзэж яваа ч юм шиг, эсвэл Английн түүхийн эгзэгтэй үеүдэд очсон ч юм шиг. Бас уншихад зүгээр л гулсаад залгигдчихгүй, зажлууртай, утга нь далд өгүүлбэрүүдтэй байсан нь урамтай байв. Зохиолч тухайн үедээ бичлэгийн шинэ эрэл хайгуул хийж бичсэнээ зохиолын төгсгөлд бичсэн байсан.

Соосэки амьдрал, хүний ертөнц, нийгэм, хүмүүсийн талаарх бодол дүгнэлтээ, зохиолын дүрүүддээ их шингээдэг, дүрүүдээрээ хэлүүлдэг, ер нь түүний зохиолд өөрийнх нь тусгал их тусдаг юм шиг санагддаг. Гэхдээ тэр бүгд нь их голчтой үнэн байдаг. Энэхүү зохиолд ч түүний ертөнцийг үзэх үзэл, бодол тод туссан байсан.

Тухайлбал “Энэ хорвоод төрсөн л учраас амьдар, амьдар гэх нь Есүс, Күнзээс өмнөх зам мөр юм бас Есүс, Күнзээс дараах ч зам мөр юм... Энэ хорвоод юу хэцүү вэ? гэвэл ухамсрын агуулга өөрчлөгдөхгүй байх шиг бэрх гэж үгүй. Эрүүл бие, махбод нүдэнд үзэгдэхгүй хүлээсээр хүлэгдэж, хөдөлж чадахгүй болох шиг хэцүү бэрх гэж үгүй. Амьд явна гэдэг амьдарч хөгжиж явахын нэр атал амьд атлаа үйл хөдлөлөө хумиулж боогдуулна гэдэг амьд хэмээх утгаа булаалгуулж байгаатай агаар нэг агаад булаалгуулснаа мэднэ гэдэг үхлээс ч илүү шаналал бүлгээ” гэх мэт.

Уг номд орсон зохиолуудаас яруу найрагч Мүроү Сайсэйгийн өөрт тохиолдсон явдлаас сэдэвлэсэн “Нэгэн охины үхэл хүртэл” зохиолоос яруу найрагч Мүроү Сайсэйгийн дотоод сэтгэл нэвт харагддаг бөгөөд “хүний сэтгэл гэдэг хэрхэн амархан бохирдож, сэвтдэг хэрнээ эргээд эдгэж, хүүхэд үеийнх шигээ цагаан цайлган болдоггүй. Хүний сэтгэлийн хир нэмэгдэх тусам, харцных нь ариун тунгалаг байдал буртагддаг” гэх мэт хүний сэтгэл, амьдрал, дотоод сэтгэлийн талаарх зохиолчийн гаргалгаануудаар баялаг.

Зохиолд нэгэн яруу найрагчийн (Мүроү Сайсэйгийн өөрийнх нь) амьдралын хэсэгхэн үе гарна. Ядруухан амьдралтай яруу найрагч өөртэй нь адил зураач, зохиолч хоёр найзтайгаа нэгэн орой архины мухлагт, янхны газрын зэнтэй санамсаргүй зодоон хийж, улмаар цагдаад дуудагдан очиж байгаагаар зохиол эхэлдэг. Цагдаагийн газар дуудагдсан, үгүй ээ бүр зодоонд орооцолдсон тэр үед л яруу найрагчийн сэтгэл хиртэж, дотроос нь байнга нэг зүйл зовоох болов. Тиймээс тэр энэ мэдрэмжээс салахыг хичээж өөр газар нүүж очно. Түүний хажуу өрөөнд Фүжико хэмээх өхөөрдөм хөөрхөн, ямар ч хир буртаггүй тунгалаг нүдтэй жаахан охин, ээжтэйгээ хамт амьдардаг байв.

Яруу найрагч тэр охины тунгалаг харцнаас л хүний өчүүхэн ч хиртэйгүй цагаан цайлган сэтгэлийг олж харж, сэтгэлээ ариусгадаг байлаа. Тиймээс ч охины оюун ухаан, тунгалаг харцыг хиртээчих вий гэхээс ихэд эмээнэ. Гэвч нэг л өдөр түүнд Фүжико өөд болсон гэдэг захиа ирснээр зохиол төгсдөг. Захианд “Фүжико сайхан сэтгэлтэй, урт үстэй ахын (Мүроү Сайсэй) тухай дандаа ярьдаг байсан” гэж бичжээ. Яруу найрагч охины үхэлд харамсан бичсэн харууслын шүлэг зохиолын төгсгөлд байсан нь сэтгэл дэнслүүллээ. Энэ зохиолд гарч байгаа үйл явдал, хүмүүс бүгд бодит тул Фүжико хэмээх тэрхүү охиныг өөд болсноос хойш яруу найрагчийн амьдрал, дотоод сэтгэл ямар байсан нь надад их сонирхолтой байлаа. Гэвч энэ талаар мэдээлэл олдсонгүй ээ.

Харин Накажима Ацүшигийн “Уулын сарны дууль” зохиолд байх ганц мөр сэтгэлд минь тод хадагдан үлдсэн юм. “Хүн гэдэг хэн ч бай араатан сургагч агаад тэрхүү араатан нь тус хүний мөн чанар юм.” Тиймээ бүх хүний дотор байгалиас өгөгдсөн янз бүрийн араатан бий. Тэрхүү араатнаа хэрхэн сургахаас та хэн байх нь, хэн болох нь шалтгаалах билээ. Доторх араатнаа улам тэтгэж, тэжээн томруулж явдаг нэгэн байхад, ор сураггүй болтол нь номхруулсан нэгэн бас байх.

Энэ мэтээр зохиол тус бүр надад маш гүн сэтгэгдэл төрүүллээ. Гунигтай, гэгэлзэм, харуусмаар, эмзэглэм гээд л олон янзаар сүлэлдэх мэдрэмж сэтгэлд солонго татуулж, энэ хорвоо дэлхий хүний оршихуй, дотоод сэтгэл, амьдралын талаар эргэцүүлэх бодолд ээрэгдсээр л...

А.Даваасүрэн

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/