Энэ номыг барьж авахаасаа өмнө би өөрөө хэр эмх цэгцтэй хүн билээ гэж бодлоо.
- Өрөөнд минь энд тэндгүй хувцас хунар, дэвтэр ном, бичиг цаас хөглөрөөд байдаггүй. Гал тогоонд идэх уух юмны сав, угаагүй аяга таваг ч бөөгнөрөөд байдаггүй. Дор дор нь цэгцлээд явахыг хичээдэг. Цэвэрч, нямбай, цэгцтэй байх нь бидний хүмүүжилтэй л холбоотой гэж боддог. Тоос шороо, бохир зүйлийг үзэж чаддаггүй, үргэлж л угааж арчиж байдаг ээжийн дэргэд өссөөн би.
- Сүүлийн үед амьдралын #минималист хандлагыг эрхэмлэдэг болоод байгаа. Энэ хэв маягийн талаар уншиж судлах тусмаа улам дурлаад байгаа. Өмсөх өмсөхгүй баахан хувцас, хэрэгтэй хэрэггүй эд хогшил цуглуулаад л түүнийгээ хаяж ч чадахгүй яаж ч чадахгүй хорогдоод л.., тэрийгээ цэгцлэх гэж баахан цагаа үрж зовоод л.., ийм зүйлээс өөрийгөө чөлөөлөх сайхан биш гэжүү.
Эргэн тойрон эмх цэгцтэй, новш багатай болохын хэрээр хүн амьдралдаа юуг чухалчилж үздэг болохоо ойлгож, үнэт зүйлээ илүү тодорхой таньж мэддэг болно. Хэрэгтэй, хэрэггүйгээ ялгаж сурах нь энэ зууны хүн бүрт тавигдах зүй ёсны шаардлага мэт. Тэртээ тэргүй материаллаг ертөнцийн дарангуйлалд амьдарч байгаа шүү дээ бид. #Bigsale #Clearance хэмээх үгнүүд одоо дарамт мэт харагдах.
Зөвхөн өөрт таалагдах, сэтгэл догдлуулах зүйлсээр хүрээлүүлж, өөрийн зарчмаар хөгжилтэй амьдрах хичнээн гоё байх вэ.
Уншиж байхдаа шууд босоод л #Конмари зарчмаар бүгдийг цэгцэлмээр, цэвэрлэмээр мэдрэмж өөрийн эрхгүй төрөх. Үүнд л номын хүч оршдог гэлтэй.
Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид номноос түүсэн шүр сувд гээд л сүртэй юм бичихгүйээ зүгээр НЭГ УДАА УНШААД ҮЗЭХЭД ГЭМГҮЙ л гэх гэсэн юм. Эмхэлж, цэгцэлж, хаяж, холдуулж хүн бүр чадах боловч "Цэгцлэж, хаяхад бас их учир байгааг" л дэлгэрэнгүй бичсэн ном гэх юмуу. Нээж үзэж байж л нандин нууцыг нь олж харна шүү дээ.
- Эхний удаад нэг дор БҮГДИЙГ ЦЭГЦЛЭХ гэхдээ зөв аргаар. Нэг дор бүгдийг цэгцэлбэл гарах үр дүн бодитой, нүдэнд харагдана. Бага багаар цэгцэлбэл цэгцэлсний дараах үр дүн багатайгаас цэгцлэх хүсэл тогтворгүйжиж сэтгэл ханамж буурдаг.
- Эмхлэх гэдэг хоёр хэсгээс бүрддэг. Эхнийх нь эд юмсаа ХАЯХ эсэхийг шийдэх нөгөөх нь юмсаа тус тусын БАЙРШИЛ оноож байрлуулах. Аливаа юмс гарт баригдаж, нүдэнд харагддаг тул нэг бүрчлэн өөрийн гараар нягтлан үзэж, хаях эсэхээ шийдэх боломжтой. Юмс тус бүрийг тогтсон байршилтай болгох.
- Хаяж сурах - хэзээ ч зүүхгүй гэдгээ мэддэг тэгсэн хэрнээ хадгалаад л байдаг гоёл чимэглэл хэн хүнд байж л байдаг шүү дээ. Үүнийг шууд хая. Сүүлийн нэг жилд нэг ч хэрэглээгүй бол шууд хаях, нэг зүйл худалдаж авахдаа нөгөө зүйлээ хаяарай г.м зарчмуудыг санах.
- Төрөлжүүлэн хаях - хаяхад бас учир байна. Бүх өрөөнд байгаа хувцсаа нэг дор цуглуулж байгаад цэгцэл. Өрөө тус бүрээр нь цэгцлэх нь учир дутагдалтай юм. Яагаад гэхээр арай гэж шүүгээгээ цэвэрлээд дуусаж байтал өөр газраас хувцас гараад ирнэ!
Мөн түүнчлэн энэ номноос; Дадал зуршлаа өөрчлөх хэцүү ч үзэл бодлоо өөрчлөх гээд үзэх тухай.., Үзэл бодол өөрчлөгдсөн цагт дагаад үйлдэл, дадал зуршил өөрчлөгддөг жамтайн тухай олж уншина.
Номоо уншиж дуусгаад, тэмдэглэлээ бичээд дууссан хүн чинь одоо #Конмари зарчмаар өрөөгөө цэвэрлэхээр явлаа. Амьдрал илүү ихээр гэрэлтэхийг мэдрэхээр..,
#Хамтдаа_уншиж_хамтдаа_түгээцгээе
Тэмдэглэл бичсэн С.Байгал, 2017 он.
СЭТГЭГДЭЛ