Жинхэнэ дур булаам хөнгөхөн уншигдаад явчих хэрнээ гоё агууламжтай роман нэрлээч гэвэл би "Норвегийн ой"-г ямар ч бодож санах юмгүй нэрлэх байна. Өөрөөсөө ахмад хүнд дурлаж үзээгүй би бээр ээжээс минь ч ах энэ даруухан зохиолч "хархүү"-д үнэнхүү сэтгэл алдарсан хүн дээ. Олоон зохиолчдод сэтгэл татагддаг ч энэ хүнд онцгой хайртай юм. Одоо зохиолчийг маань анх од болгон гялалзуулсан уг романы талаар жаахан хөөрөлдөхүү?

Магадгүй би багадаа энэ "Норвегийн ой"-г уншсан бол "пүү паа Ватанабэ чинь ямар завхарсан амьтан бэ? Наокод хайртай гэчихээд юун өөр хүүхнүүдтэй ор дэрний асуудалд ороод бас хажуугаар нь яах санаатай нь мэдэгдэхгүй Мидоритой уулзаад байгаа эргүү амьтан бэ?" хэмээн ойлгож ядан хашгирах байсан байх даа хэхэ. Бараг сэтгэл санаагаар унаж, бөөн юм болох байсан биз.

Энэ ном намайг мэндэлсний дараахан зохиогдож, миний гар дээр ирэх гэсээр явтал нь би гэдэг хүн хэдийнэ үерхдэгээ үерхээд, амьдралыг өөрийнхөөрөө таних гээд бэдэрч явна шүү дээ. Учир нь энэ ном маань цэвэр залуусын хайр дурлал хийгээд гол дүрийн залуугийн дурсамж маягаар бичигдсэн зохиол л доо. Зохиолд гардагчлан "амьдралыг шоколадны цуглуулга" гэж үзвэл амттайг нь ч амтлаад үзэж, гашуухныг нь ч хүлхээд орхижээ. Эргээд энэ өндөрлөгөөс харахад гэж ирээд л нээх сүрхий хүн шиг юм бичихгүй ч яагаад ч номоо уншаад чимээгүйхэн хавтсыг нь хаагаад номын сандаа (ээж багад жижиг номын шүүгээг минь номын сан гэж нэрлэдэг байсан болохоор би одоо хүртэл номын сан гэдэг хэвээрээ) өрөөд тавьчихаж чадашгүй нь.

Нэг юм хэлэх гэтэл энүүхэнд байгаад байгаа хэрнээ огтоос эвлэж гарч ирдэггүй тийм нэг хайран мэдрэмж байдаг даа. Яг л тэгээд байна хэхэ. Энэ номыг уншсан хүн бүрт өөр өөр сэтгэгдэл төрнөө. Бүр "Японы нэг муу садар самууныг сурталчилсан номоор яадгийн", "арчаагүй амиа хорлоод л бусдад буруу үлгэр дууриалал өгөөд байна", "сексийн хэт задгай өгүүлэмжтэй" гэх зэргээр шүүмжилдэг.

Мэдээж бага насны хүүхдүүдэд уншуулахгүй байх нь зүйн хэрэг л дээ. Бид өөр өөрийн оюуны цар хүрээгээрээ номыг хүлээж авдаг. Миний бодол, сэрэл мэдрэмж мэдээж бусадтай адил байх албагүй. Харах өнцөг, номноос авах сэдэл маань ч өөр байдаг. Тэр талаар тэмдэглэлдээ тодруулдаг болохоос үйл явдлыг тоочиж бичих дургүй талдаа хүн л дээ би. Тиймдээ ч зарим хүмүүст загнуулдаг юм. Номны үйл явдлыг надаас нэхээд байдаг. Өөрсдөд нь "уншаарай" гээд үлдээж байна шүү дээ. За ингээд ном руугаа орвол ямар вэ?

Секс бол энэ хорвоод өдөр бүр л өрнөж байдаг, амьдралын нэн чухаг салшгүй үзэгдэл, хайрлам нандин зүйл гэж бодном. Амиа хорлохын хувьд бол бас л чөлөөт сонголт гэх үү дээ ...

Гурван сая хүн доторхи амиа хорлолт, зуун хорин сая илүү давсан хүн ам дахь амиа хорлолт, хөгжил дэвшил, нийгмийн ялгаа, сэтгэлзүйн нөхцөл байдал гээд харьцангуй ойлголт юм. Амьдрал гэдэг тэр чигээрээ л бидний сонголтоос шалтгаалан эргэж байдаг хүрд хойно доо. Энэ романы баатар бүр нь сонирхол татахуйц. Амиа хорлосон найз залуугийнхаа араас шаналсаар яваад эцэстээ мөн л амиа хорлосон Наоког хараад ийн бодогдлоо.

Энэ хорвоод чин хайртай хүнээ алдвал түүний хоосорсон орон зайг хэн ч ямар ч цаг үед орлож, нөхөж чадашгүй юм" гэдгийг улам их ухаарах шиг.

Довтлогч гэж их сонирхолтой тун цэвэрч залуугийн дүр байсан. Би ч цэвэрч залууст дуртай шүү хэхэ. Дасгалаа хийгээд л Ватанабэтэй маргалдаж байгаа хэсэг нь их хөөрхөн. Ёстой газрын гаваар орсон юм шиг алга болгочихсон болохоос. Мураками гуайн арга барил иймэрхүү болохоор эргэж гарч ирэх болов уу гэж хий дэмий горьдсончгүй.

Харин миний хувьд Мидори хамтдаа үдшийн нарнаар дээвэр дээр суугаад цагаан вино шимэнгээ үүр цайтал хөөрөлдөн хөхрөлдөж суусан найз шиг минь дотно санагдсан. Үзэл санаа, байр байдал нийлж байна ч гэж жигтэйхэн.

Ватанабэгийн оронд би байсан бол мөн л адил Мидорид хамт байсны дурсгал "тэмдэг" болгож уруул дээр нь халуухнаар үнсэх байлаа. Мидори бол миний нүдээр харсан ч дур булаам охин. Жинхэнэ өөрийнхөөрөө амьдарч яваа ямар ч баг зүүлтгүй нэгэн дээ.

Хааяа яг л Мидори шиг хажуу айлд гал гарч байсан ч дээвэр дээрхи сүлжмэл сандалд хөлөө ачиж суугаад нааш цааш савлангаа номоо уншаад л хэвтэж баймаар санагддаг. Хэн юу хэлэх нь хамаагүй.

Хүн юу ч хэлсэн чихээ бөглөөд огт өөр зүгт хандаж чадах тийм зөрүүд зан бидэнд бас хэрэг болдог л юм. Зөвхөн өөрийнхөөрөө бусдаас огт хамааралгүй амьдрах ... энэ чинь л жинхэнэ амьдрал шүү дээ. Азаар би бусдаас хамааралгүй амьдарч чадаж байгаадаа талархдаг. Бас Мидоригийн хэлдгээр "жимсний бялуу идмээр байна" гэхэд ум хумгүй гүйж очоод аваад ирдэг. Одоо "идэх хүсэлгүй болчихлоо" гээд цонхоор шидчихэд ойлгодог тийм эр хүнтэй бол олон эмэгтэй аз жаргалтай байх байсан даа. Ийм л тэнхээтэй эр хүнийг бүсгүйчүүд хайдаг. Олсон нэг нь хайр халамжиндаа умбуулдаг.

Гучин наймтай идэр эрийн нүдээр залуухан эмэгтэй хүний сэтгэлзүйг яаж ингэж үнэн зөв зурж, бүтээдгийм ёстой чөтгөр бүү мэд. Ингээд харахаар Муракамиг зохиол дээрээ ямар гайхалтай сэтгэлээ шингээж ажилладгийг бишрэх. Зохиолч зохиолч дундаа тал талын өргөн мэдлэгэтэйд нь бахархмаар. Сэтгэлзүйч ч юм шиг, тамирчин ч юм шиг, эмч ч юм шиг, хөгжмийн зохиолч ч юм шиг, философич юм шиг ээ дээ би лав биширдэгээ. Зохиолч гэж ийм л хүнийг хэлнэ биз дээ энэ чинь одоо хэхэ.

Нэг шүүмжлэгч "амархаан ном байна. Баргийн Монгол зохиолчид биччихнээ энэ номыг" гэсэн утгатай юм бичсэнийг уншсанаа саналаа. Муракамигийн номыг уншсаны дараа дандаа нэг тийм "их амархан, энгийн юм" гэсэн бодол хааяа хааяа ороод байдаг. Мань хүний чадвар нь энэ шүү дээ. Их энгийн өгүүлбэрээр гүн утга санааг илэрхийлэх чадвар. Уянгын халилтай, хэцүү сунжралдсан өгүүлбрээр ядмагхан санаа өгүүлснээс энэ бичлэгийн хэлбэр нь сая сая хүний сэтгэл зүрхэнд хүрдэг. Ийм нарийн мэдлэгэтэй, илэрхийлэлтэй Монгол зохиолч Дэлхийд гарах болтугай л гэж залбирья даа.

Хоёр жилийн өмнө би солонгосоор уншаад тэмдэглэл бичнэ гэсээр хойшлуулаад сүүлд нь бүр мартсан байна хэхэ. Сая харин Монголоос зээлж уншаад байж байтал бэлгэнд бас "Норвейгийн ой" давхар хүрээд ирлээ. Тэгээд бөөн баяр болоод хоёр дахин ч уншчихлаа. Ингээд нэг номыг гурав унших шив. Бэсрэгхэн роман болохоор өдөртөө л явуулчихна.

Одоо зохиолын хамгийн хөөрхөн дур булаам хэсгийг та нартайгаа хуваалцья. Нөхөр минь хайр хүргэсэн үед би энэ хэсгийг цээжээр хэлж эрхлүүлдэг юм. Одоо номд хайртай та нарыгаа бас эрхлүүлье!

Мидориг нойрстол тэвэрч хонодог тэр оройн яриаг би бүр зүүдэлж хоносон удаатай. Ватанабэ ёстой хөөрхөөн. Мураками өөрөө гэж бодохоор бүүр ...

-Чам шиг ийм сайхан зүйл ярьдаг хүн ховор шүү. Дахиад нэг сайхан зүйл хэлээч.
-Чамдаа маш их хайртай шүү, Мидори минь.
-Маш их гэж хэр зэрэг вэ?
-Хавар ичээнээсээ гарсан бамбарууш ямар өхөөрдөм байдаг билээ дээ. Яг л түүн шиг хайрладаг даа.
-Ичээнээсээ гарсан бамбарууш гэнээ?
-Урин хавар тал хээрээр зугаалж явахад чинь ойн захаас дүрлэгэр нүдтэй, нялх ногоо шиг зөөлөн арьстай, дөнгөж төрсөн бамбарууш дөхөж ирээд "чамтай тоглоё" гээд зүлгэн дээгүүр бөмбөрч эхэлвэл эгдүүтэй биз дээ. Энэ бамбаруушийг хайрладаг шиг л чамдаа хайртай.

Хайртай залуугаасаа ийм үг сонссон бүсгүй насан туршдаа тэр нандин үгийг мартахгүй бизээ. Одоо ч миний нүдэнд тэр хөөрхөн баацгархан бамбарууш харагддаг юм. Өхөөрдөм нойт оргисон хошуугаараа нүүр гижигдэж, өглөө бүр сэрээдэг дээ намайг.

Сөүлд замбага дэлбээгээ нээж, алтан навчсаар солонго татахад би хайрладаг. Тэр дундаас том том олон талст цасан ширхэгүүд сэтгэл нэвт зүсэн дотогш тэмүүлэхэд би дуртай. Зүрх сэтгэлд гэгээ нэмэгч цасхан минь би чамайг цуглуулья. Цас бударсаар номоо тэвэрсээр өвлийн ойд ...

Тэнгис Нандин 2017.01.01


СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/