Том дэвтэрНадад Агота Кристофийн бичгийн хэлбэр Франц Кафкаг санагдууллаа. Гэхдээ Франц Кафкагийн ѳгүүлбэр урт. Тэр нэг агшинг гол цэгээ болгож аваад гурван зуун жаран градуст болж буй үйл хѳдлѳл, зураглалыг гярхай ажиглаж нарийвчлан тоочсон байдаг. Түүний Мацагчин, Хувирал нэрт хоёр бүтээл бол миний хувьд оргил нь. 

Харин Агота Кристофын “Том Дэвтэр” маш богино ѳгүүлбэрүүдээс бүтсэн байх агаад ном ѳѳрѳѳ жижиг бүлгүүдийн хэлхээс аж. Миний анзаарсанаар Кафкагийн ѳгүүллэгүүдтэй харьцуулбал харилцан яриа ѳнѳр, ѳрнѳл арвинтай юм.

Ингээд харахад дээрх хоёрт ижил тѳстэй зүйл үгүй мэт боловч хамгийн чухаг бѳгѳѳд бүх зохиолчдод харамсалтай нь цогцолж харагддагүй “ѳѳрийн сэтгэл хѳдлѳлийг авдартаа дарж бичих” чадвар ижилсэж байна. Болж буйг бахь байдгаар нь бидэнд дамжуулахын зэрэгцээ энэ оюун тархинд ямар нэг “дотор маажим” захиасыг илгээж буйгаараа ихээхэн тѳстэй санагдлаа. 

Жишээ нь, хоёр ихэр хүүхдийн ээж нярай дүүг нь тэврээд бѳмбѳгдүүлэн үрэгдэж байхад түүнийг харж зогссон эх болоод хоёр хѳвгүүдийн нүднээс нэг дусал нулимс, нэг харууслын үг унаагүй нь хув хуурай хатсан зүрхийг тэр чигээр нь буулгажээ. Харин энэ мѳчид уншигчид боддог. Тийм ээ, бидний ээлж. Ямар учир тэд эхийгээ ѳѳд болж байхад ийм хатуу байж чадаж байна гэж? Тэд юу мэдэрсэн байх вэ?

Том дэвтэрээс,
Дайнд мордсон баатарлаг цэрэг эрсийн тухай бус тэдний ар гэрт үлдсэн хүүхэд хѳгшид, эмс хүүхдүүдийн талаарх сэтгэл эмзэглэм дүр зургийг олж үзэх болно. Тэднийг хоёр ихэр хүү тѳлѳѳлж, ѳѳрсдийн “Том дэвтэр” нэртэй тэмдэглэлийн дэвтэр дээрээ амьдрал ахуй хэрхэн үргэлжилж буйг ёстой ний нуугүй бичиж тэмдэглэх замаар энэ номын шаргал хуудас эргэнэ. 

Тэд мацаг барих дасгал, хэрцгийллийн дасгал, гуйлга гуйх дасгал, сэтгэлийн хат суулгах дасгал нэртэй сэдвүүдийг ѳѳрсдѳдѳѳ ѳгѳѳд түүнээ ѳдѳр бүр давтан хоёр биенээ хатуужуулж тамиржуулна. 

Ямар сайндаа л нэг нэгнээ ээлжлэн цохиж суух билээ. Харин ажиглаад байх нь ээ, тэр хэдэн дасгалууд дандаа ѳѳр бусдаас ирсэн сѳрѳг хандлагуудыг тусгаж авч хүчирхэгжүүлэхэд чиглэгдсэн шиг. Тэд хэзээ ч хоёр биенээсээ салдаггүй. Үргэлж хамт явах тул тэдэнд нэр үгүй. Энэ номд Сэтэрхий уруулт охины дүр хамгаас ѳрѳвдѳлтэй. Охин хүүхдийг хайраар энхрийлж ѳсгѳхгүй байхын хор уршиг эцсийн эцэст цэцэг мэт охидын ариун биетэй холбогддогийг үзээд сэтгэл нэн эмзэглэж байна. Бүр хамаг доторхийг минь зураад хаях шиг л боллоо. Хайран охин ...

Ер нь энэ ном зузаангүй хэрнээ дүр болгон онцлогтой, ѳнгѳтэй. 

Шинэ хуудас сѳхѳгдѳх бүрийд “пүнпан” агуулгатай тул тавихын аргагүй байсаар байгаад бѳѳн асуултуудтай, уншигчийг гайхсан шоовон нүүртэй болгож орхиод дуусчих жишээтэй. Юу гэвэл зохиолчийн нэг ч үг энд тайлбараар оролцоогүй. Яаж сэтгэх нь, ойлгох нь бидний дур болж байна.

За одоо, хамгийн их миний сэтгэлийг татсан дүрийг танилцуулья. Тэр хүн бол эмээ. Түүнээс болж би энэ номыг уншихыг хүссэн юм чинь, арга ч байж уу (инээв). Тэр зүгээр сууж чаддаггүй ажилсаг, жаал бүдүүлэг тосгоны эмээ. Охиноосоо холбоо тасраад удсан бѳгѳѳд түүнээс захиа занаа хүлээж суудаг асан нь охиндоо хэлсэн эхний хэдэн үгнээс л харахад ойлгомжтой. Охин аавыг нь хороосон ээжтэйгээ холбоо таслахаар шийдсэн байж ээ.

Эмээ хѳвгүүдийг ямагт хараан зүхэж аашилдаг авч номын сүүл хэсэгт, ѳѳд болохоосоо ѳмнѳ хѳвгүүдэд ѳѳрийн эрднэс нуусан байршлаа зааж ѳгч тэднийг аваасай гэж хүсдэг. Ингээд бодохоор энэ дүр дээр хэд хэдэн асуулттай үлдэж байгаа юм.

Ямартай ч ном сайхан байлаа. Дуун хѳрвүүлэг франц хэлний уугуул чанарыг эвдэлгүй монгол хэлэнд хѳрвүүлэгдсэн тул ихэд олзуурхан уншлаа би. Ѳѳрийн авьяас, цаг нар, сэтгэл зүрхийг номдоо шингээсэн тань бүхий л үг үсэгнээс мэдрэгдэж байна аа. Орчуулагчдаа улам их амжилтыг ерѳѳе!

Тэмдэглэлийг: Ээнээгийн тэмдэглэл

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/