52 долоо хоног 52 ном challenge

🔶30-р долоо хоног: “Обломов” И.А. Гончаров

Саяханы нэг өдөр Д.Энхбат гуайн твиттер хаягнаас “Аз жаргалтай амьдралын үндэс бол соёл дээр нь нэмээд хөдөлмөр юм” гэх өгүүлбэрийг олж уншсан юм. Тун энгийн,хэнд ч ойлгомжтой юм шиг боловч урьд өмнө уншиж дуулж байсан өч төчнөөн аз жаргалтай амьдралын талаархи сургааль, номлолуудаас илүүтэйгээр надад гүн нөлөөлж чадсан. 

Хожмын нэг өдөр дансандаа тэрбум төгрөгтэй болчихоод бодох санах зүйлгүй дээшээ харж хэвтэх тэр нэг жаргалтай өдрийн төлөө морь мал шиг хөдөлмөрлөх бус өдөр тутамдаа хийж байгаа үйлдэл бүрээсээ, хөдөлмөрлөн бүтээж байгаа баялаг бүхнээсээ сэтгэлийн таашаал аван тэр хэрээрээ өөрийгөө хөдөлмөрлөх соёлд сурган тэр соёлоо өөрийн амьдралын салшгүй нэгэн хэвшил болгон тогтоовол тэгж их хүсэж мөрөөсөөд байдаг аз жаргалтай амьдралаараа хүн өдөр бүр амьдрах боломжтой биш гэж үү?  

Зохиолын гол баатар Обломов бол хар багаасаа дутагдах гачигдахын зовлонг үзэж өсөөгүй, ээж ааваасаа өвлөн авсан эдлэн газрынхаа ачаар ажил хөдөлмөр ч эрхлэх шаардлагүйгээр аж төрөн суудаг нэгэн юм. 

Алив зүйлийг сонирхон судлаж, учир утгыг нь тайлах, олон түмэнтэйгээ нэгдэн нийлж хэн нэгэнд ач тустай үйл бүтээх нь түүнд түмэн яршигтай залхуутай ажил шиг санагдан өдөр хоногийг унтлагын цаг, хоолны цаг, дараагийн унтлагын цаг хоолны цаг гэсэн хэмнэлтэйгээр л өнгөрүүлэх болно. 

Гэхдээ Обломов тийм ч дүүрчихсэн этгээд ердөөсөө ч биш, угтаа цайлган цагаан зантай , анд нөхөддөө тусархуу, чин үнэнч сэтгэлтэй нэгэн. Жаахаан л хичээл зүтгэл гаргавал тэрээр хэнээс ч дутахааргүй мэдлэг боловсролтой, хэр баргийн ажил албыг дөнгүүр эрхлэн явууулж чадах нэгэн гэдгээ олон олон жишээн дээр батлан харуулах болно. 

Эрх мэдэл мөнгөний төлөө өөд уруугүй хөдөлмөрлөн, түүний төлөө юу ч хийхээс буцахгүй байгаа бусдыг жигшэн зэвүүцэж, хүний амьдралын туйлын мөн чанар, утга учир арай өөр зүйлд л орших ёстойдоо гэж үе үе эргэцүүлэн бодож буй нь түүнийг муугүй философич, гүн ухаантайн болохыг ч илтгэнэ.  

Гэвч нөгөө л хар багаас нь араас нь сүүдэр шиг дагасан залхуу залхаг зан нь түүнийг хайрлан дурласан бүсгүйтэйгээ амьдрал эхлүүлэхэд ч, эцэг эхээсээ өвлөн авсан өдий төдий баялагийг зүй зохистойгоор ашиглахад ч , ер нь өөрийнх нь насан туршдаа төсөөлөлдөө бий болгосон амьдралын хэв маягаар амьдрахад нь ч чөдөр тушаа болсоор мань хүнийг үхэл рүү нь түлхэнэ.  

Хүн гэдэг амьтан анхнаасаа л тав тухтай байдалд туйлын дуртай амьтад. Тав тухтай байдлаасаа ухамсартайгаар татгалзаж чадсан нэгэн л амжилтанд хүрч чаддаг гэж би боддог. Бодож санах зүйл байхгүй, идэх хоол өмсөх хувцас бэлэн, унтаж идэхээс өөр олигтой үйлдэл хийхгүйгээр хамаг насаа өнгөрөөх нь угтаа их жаргалтай амьдрал шиг сонсогдож байвч амьд явсны утга учир нь хаана оршиж байна? 

Хүн байнгын асуудалтай нүүр тулж, түүнийг даван гарах арга ухааныг боловсруулж, тасралтгүйгээр хөдөлмөрлөсөөр тэр дундаасаа аз жаргалыг мэдрэх учиртай амьтан юм болов уу? гэдэг бодол зохиолыг уншиж дууссаны дараа бодогдсон юм. 

Бидэнд байнгын л том жижиг асуудлууд тулгарч байдаг учраас бид угаасаа ямар нэгэн байдлаар зовж байх ёстой амьтад болж таарах нь. Хэрвээ чи өглөө болгон эрт босож гүйж өөрийгөө зовоохгүй бол хэзээ нэг өдөр өвчин тусаж эмнэлэгт хэвтэн өөрийгөө зовооно, өдөр бүр уйтгартай хичээлээ давтан өөрийгөө зовоохгүй бол хожмын нэг өдөр санаж сэдсэн ажлаа хийхэд чинь чадвар мэдлэг чинь дутан чи зовно. Ямар ч сонголтыг нь сонгосон зовох нь гарцаагүй тул зөв зовлонгоо л сонгож сурах нь хамгийн чухал. 

Обломов

Обломовынх шиг ямар ч зовлон байхгүй, ямар ч асуудал байхгүй амьдрал ч хүнийг аз жаргалтай болгож чадахгүйгээр барахгүй хүнийг аажим аажмаар амьд оршихуйгаас нь холдуулан хөндлөнгийн нэгэн харахад амьтай голтой нэгэн хэдий ч аль эрт оюун санааныхаа хувьд үхчихсэн нэгэн болгож хаях ид шидтэйг энэхүү зохиол батлан харуулж байгаа юм.  

Тэгэхээр нэгэнт л бид амьдралынхаа туршид зовж, шил шилээ даран гарч ирсэн асуудал бүрийг шийдэж зогсолтгүйгээр хөдөлмөрлөж амьдрах учиртай юм бол зовлонгүй, асуудалгүй амьдралыг мөрөөсөн тэр л амьдрал яг жинхэнэ аз жаргал мөн гэж төөрөгдөлгүйгээр зовлон бүрээ асуудал бүрээ миний аз жаргалтай амьдралын хэсэг юм шүү хэмээн сэтгэвэл амьдрал илүү утга учиртай, илүү баяр хөөртэй мөчүүдээр дүүрэн болох юм шиг.

Номын тоймыг: Уншигч


СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/