Амьдралаа эмх цэгцэнд оруулъя, стресс багатай амьдаръя, эд хогшилтой зууралдаж цэвэрлэгээнд их цагийг үрдэг байдлаа таягдан хаяя гээд сүүлийн үеийн тренд болоод байгаа энэ номыг өөртөө зориулан авч уншлаа
Эмх цэгцтэй, тайван амьдрахын утга учир нь зөвхөн өөртөө хэрэгтэй, хэрэгцээтэй, дуртай зүйлсээрээ эргэн тойрноо хүрээлүүлэхэд оршдог гэнэ.
Бодох нь ээ бид гэр орондоо онцын ач холбогдолгүй хэрнээ байж байвал зүгээр, хэзээ нэг өдөр хэрэглэх байх гэсээр маш олон зүйлийг хурааж хуримтлуулсаар байдаг. Гэтэл орчин тойронд байгаа юм бүхэн яг өөрт хэрэгтэй юу, өөрийн дуртай хайртай зүйлс мөн үү гээд бодохлоор яав ч тийм биш болж таарна. Тийм учраас хамгийн түрүүнд зоригтой ХАЯХ хэрэгтэй гэж Мари авхай хэлжээ.
Хаясны дараах алхам бол ТӨРӨЛЖҮҮЛЭН эмхэлж цэгцлэх юм. Хувцас, бичиг хэрэг, ном, гоо сайхны бүтээгдэхүүн, хувийн цуглуулга гэх мэтээр төрөл төрлөөр нь цэгцэлж байх нь чухал гэжээ. Ингэвээс ашиглахад ч амархан, эмхэлж хураахад ч хялбар, энд тэндгүй юу нь ч мэдэгдэхгүй хөглөрч байснаас мэдээж хэрэг давуу.
Түүнчлэн энэ номонд дэс дараатайгаар хаялт хийх тухай, хувцасны эдэлгээг урт байлгахын тулд зөв аргаар эвхэх тухай, хаях болон авч үлдэх зүйлээ сонгохдоо “энэ үнэхээр сэтгэлийг минь хөдөлгөж байна уу, миний дуртай зүйл яг мөн үү, надад үнэхээр чухал уу?” гэж өөрөөсөө асууж үзэх тухай, эд хогшилдоо байршил тогтоогоод авсан юмаа яг байранд буцааж тавьж байх тухай, өөрт байгаа эд зүйлсдээ сэтгэл хангалуун байж “байгаа”-д нь талархаж байх тухай гээд эмхэлж цэгцлэх олон аргыг дэлгэн харуулжээ.
Хамгийн чухал нь гэр орон эмх цэгцтэй, тохилог сайхан байгаад эхлэхээр хүний бодол санаа аандаа цэгцэрч, сэтгэл санаа өөдрөг, ажил үйлс бүтэмжтэй сайхан болж эхэлдэг. Цэвэрхэн, тохьтой, цэгцтэй гэрт хэн ч л тайван амар байна шүү дээ тийм үү? Үүнд л эмхэлж цэгцлэхийн гайхамшиг оршдог юм байна
Хэрэгжүүлэх дадлууд:
Эд хогшлоо төрөлжүүлэн тавьж, байршил оноон байрлуулах
Авсан зүйлээ заавал байранд нь эргүүлж тавих
Хувцсаа зөв аргаар эвхэх
Шинэ зүйл худалдан авахдаа үнэхээр надад хэрэгтэй юу, дараа нь дэмий хог болон хөглөрөх биш байгаа, надад эерэг сэтгэгдэж төрүүлэх зүйл мөн үү? гэхчилэн асууж зөвхөн сэтгэлд нийцсэн зүйлээ л худалдаж авах
Өрөөндөө анхилам үнэртэй лаа, хүж асааж байх
Тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийж байх
Өрөөндөө таримал цэцэг байршуулах
Ургамлын гаралтай цай тогтмол ууж байх
Хэрэггүй, шаардлагагүй, сэтгэл хөдөлгөдөггүй зүйлсээ шууд хаяж байх
Өөрт байгаа зүйлсдээ “байгаа”-д нь талархаж байх
Конмари аргачлалаас туршиж үзээрэй :
СЭТГЭГДЭЛ