✨52 долоо хоног 52 ном challenge
✨
🔶27-р долоо хоног “Сайн бүсгүйн хайр” Элис Манро
Энэ долоо хоногт Канадын Чехов хэмээн нэрлэгддэг богино өгүүллэгийн мастер зохиолч Элис Манро-ийн монгол хэлээр анх удаагаа хэвлэгдэн гарсан “Сайн бүсгүйн хайр” хэмээх зохиолын тэмдэглэлийг хүргэж байна.
Энэхүү зохиол үндсэн 4 хэсгээс бүрдэх бөгөөд тус бүртээ өөр өөрийн өнгө аястай, өөр түүхүүдийг өгүүлэх болно. Зохиолын үйл явдал нүдний эмч ноён Вилленсийн цогцсыг өсвөр насны 4 жаал цөөрмөөс олж буйгаар эхлэх бөгөөд 1-р бүлэг тэр чигтээ эдгээр 4 хүүгийн ар гэрийн амьдралаар дамжуулан тосгоны аж байдал, тэр үеийн хүмүүсийн амьдралд хандах хандлагын тухай байх болно.
Гэвч энэ 4 жаал цааш огт зохиолд дурдагдахгүй нь энэ зохиолын уншигчдын өмнө бэлдэж тавьсан олон олон оньсогуудын зөвхөн нэг нь.
Энэ зохиолыг уншиж байх үед Холливиудын мистери төрлийн кино үзэж байгаа юм шиг л мэдрэмж төрөн тасралтгүй тархиа ажилуулах шаардлага гарч байсан. Гэхдээ киноноос ялгаатай нь гэвэл үйл явдлын огцом өрнөлт үгүй ээ ер нь үйл явдал гэж нэрлэх зүйл ихэд ховорхон тааралдах хэдий ч гэсэн уншигчийг уйдаах нь бүү хэл харин ч яаж дуусах бол гэж улам хорхойсгох зохиолчийн бичгийн их ур чадвар юм .
Зохиолын гол баатар Энид-ийн Рупертийг хайрлаж байгаа хайрыг их чамин нандин байдлаар яг л эмэгтэй зохиолчийн л олж харж чадах өнцгөөс нь дүрслэн бичсэн нь энэ номноос хамгийн таалагдсан хэсэг байлаа.
Зохиол тэр чигтээ нэгээс нөгөөд шилжсэн олон олон оньсогуудаас бүрдэх бөгөөд уншигчид тэр бүх оньсогыг өөрийнхөөрөө тайлах эрх чөлөөг нь зохиолч олгожээ. Нүдний эмч Вилленс гаж донтой хүчирхийлэгч байсан уу, аль эсвэл хэлмэгдсэн нэгэн байв уу? Хатагтай Күйн үхэхийнхээ өмнө санваартны өмнө нүгэлээ наминчлахтай адилаар Энидэд аллагын талаар нэг бүрчлэн ярьж өгөв үү, аль эсвэл үхлийнх нь дараа Энидийг нөхөртэй нь нийлчихвий хэмээн айхдаа бүх зүйлийг зохиов уу? Руперт Энидийг анхнаасаа таньсангүй юу, эсвэл сэтгэлдээ олон жил тээж явсан хүнтэйгээ таагүй нөхцөл байдлын дунд уулзалдах үедээ балмагдсандаа танихгүй дүр эсгэсэн үү?
Энид зохиолын төгсгөлд Рупертээс аллагын тухай юу ч асуухгүй хэмээх шийдвэр гаргасны дараа тэр хоёрын харилцаа цаашид хэрхэн өрнөх бол? гээд уншигчдын толгойг хангалттай сайн эргүүлж, гашилгахаар олон олон тааврын зангилааг та тайлах шаардлагатай болно.
Зохиол 120-хон хуудастай ч гэсэн уншигчид бүтэн роман уншаад дуусчихсан мэт мэдрэмж төрүүлэхүйцээр дүрүүдийн онцлог, дотоод сэтгэлийн зөрчлийг хангалттай сайн дүрслэн гаргасан нь Манро авхайн бичгийн ур чадварыг ямар гайхалтайг илтгэсэн хэрэг байлаа.
Эмэгтэй зохиолчдын бүтээлүүд ихэнхидээ хэт детайл хэсэгт анхаарлаа хандуулан, зарим үед тэдгээр хэсгүүд нь зохиолын үндсэн шугамтайгаа нийлэхгүй хажуугаар нь тойрч өнгөрөөд уншигчдад нуршуу уйтгартай ч юм шиг санагдах тохиолдол байдаг бол Манро-ийн зохиол тэр дундах тэнцвэрийг маш сайн баримталсан мэт надад бодогдсон.
Эцэст нь “Хүн ямар нэг зүйлийг цэвэр хорон санаагаар нэг бүрчлэн зохиож чадах уу?
Асуултын хариуг та номноосоо олоорой.
Номын тоймыг: Уншигч
СЭТГЭГДЭЛ