Олон жилийн дараа Оросын суут зохиолч Гоголийн "Амьгүй албатууд" зохиолтой шинэ найруулгаар дахин нүүр учрах завшаан тохиов.

Сүсэг бишрэлтэй, далд нууцлаг амьдралтай, гоонь эр явсан мань хүний амьдрал зохиол бүтээл шигээ хачин жигтэй явдлаар дүүрэн байсан аж.

1852 онд нас нөгчсөн түүнийг Свято-Даниловын хийдийн харьяа оршуулгын газарт хөдөөлүүлжээ. Уг оршуулгын газар хаагдсан тул 1931 онд Гоголийн цогцсыг Новодевичийн оршуулгын газарт шилжүүлэхээр авснаас нь гаргатал гавал нь алга болсон хачирхалтай явдал болов. Сүсэгтнүүд далдын үйлд хэрэглэхээр авсан уу, шүтэн бишрэгч нь хулуун одсон уу чөтгөр бүү мэд гэмээр гайхшралд автжээ.

Таамгаар бол 1909 онд уг шарилыг хөндсөн бөгөөд театр урлагийг ивээн тэтгэгч нэгэн эрхмийн захиалгаар лам нар далдуур авсан гэх сэжиг юм.

Театрт гурван гавлын яс байдаг тул аль нэг нь Гоголийнх байх магадлалтай ажээ.

Түүний гоц авьяасыг ихэд биширдэг Оросын зохиолч М.Булгаков энэ явдлаас санаа аван "Мастер Маргарита хоёр" зохиолдоо МАССОЛИТ-ын дарга трамвайд дайрагдан нас барахад, түүний авснаас нь толгойг нь хулгай хийдэг тухай дүрслэн бичсэн гэнэ.

Далд ертөнц, сүнс, ид шид, хар домыг сонирходог, түүнийг зохиол бүтээлдээ тусгадаг ёжтой зохиолчийн хувьд энэ нь тийм ч гайхмаар үзэгдэл биш бололтой.

Модерн, абсурд зохиолын эхлэлийг тавьсан гэж үнэлэгддэг суу билигт зохиолчийн тухай Ф. Достоевский "Бид Гоголийн "Шинель"- ээс төрсөн хүүхдүүд" хэмээн түүний утга зохиолд оруулсан хувь нэмрийг тун оновчтой дүгнэн хэлсэн байдаг. Гоголийн "Петербургийн туужис" хэмээх номыг Н.Энхбаяр гуай хавтай сайхан орчуулан "Дэлхийн утга зохиолын чуулган" 50 ботид багтаасан байдгыг бид мэднэ.

"Шинель" туужийн ядуу түшмэл абсурд дүрийн мөнхийн бэлгэдэл болсон төдийгүй алдарт "Лолита"-ийн эцэг Набаков гуай "Пушкины хүүрнэл зохиол гурван хэмжээстэй, харин Гоголийнх дор хаяж дөрвөн хэмжээстэй." хэмээн түүний зохиол бүтээл хэчнээн гүн гүнзгий утга санаатай, агуу гайхамшигтай болохыг товчхон дүгнэн хэлжээ.Орчин цагийн квант физик лугаа түүний зохиол ер бусын байж боломгүй зүйлсээр дүүрэн хэмээн дуу алдсан байдаг.

Абсурд, модерн гэх үгсийг зүгээр л мартаад зохиолынх нь уран хурц дүрслэл, ёгтлол, егөөдөл, хошин өнгө аясыг мэдрэн уншихад хүний далд мөн чанарыг нээн үзвэл ийм л хөгийн байдаг юм байна даа гэсэн хөнгөн гуниг ч танд төрж магадгүй.

Хувь хүнээр дамжин нийгмийн олон давхаргын төлөөлөлтэй нүүр тулж, хүнд суртал, бузар булай бүхнийг илчлэн харуулж чадсанаараа хоёр зууныг дамнан өдгөө ч үнэ цэн нь хэвээр сонгодог бүтээлүүд болон мөнхөрчээ.

Ийм л мундаг зохиолчийн оргил бүтээл гэж хүлээн зөвшөөрөгдсөн "Амьгүй албатууд" зохиолыг дахин эхлүүлж байгаадаа баяртай байна. Орчуулагч Аюурзанаев гуайн хуучин хэвлэлийг дахин шинэчлэн найруулж уншигч олноо өргөн барьсан "Монсудар"-ын хамт олонд талархаж байна.

Номоо уншиж дуусаад өөрийн сэтгэгдлийг бичиж та бүхэнтэй хуваалцах болноо. Өрнийн утга зохиолыг таашаан унших дуртай хүмүүс юуны өмнө Оросын сонгодогуудтай танилцах хэрэгтэй гэдгийг дахин хэлье!

Өрнийн шинэ утга зохиолын үндэс суурь Гоголь, Достоевский, Толстой гэх мэт Оросын суу билигт зохиолчидтой салшгүй холбоотой учраас тэр юм. Гоголийн этгээд, гаж гэмээр санаанууд шооч маягийн хүүрнэлүүд олон үеийн уншигчдын сэтгэлийг соронз мэт татсаар иржээ. Тэр өөрөө нууцлаг, гаж, этгээд хүн төдийгүй зохиол бүтээл нь ч мөн адилхан. Суут бол суут л байх юм даа.

2017-07-17.

Тэмдэглэлийг: Хөх толбот

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/