Аугаа хайрын зохиол бүхэн эмгэнэлтэй төгсдөгийн адилаар миний уншсан энэ номын хайрын түүх ч удаан үргэлжилсэнгүй ээ. Гэхдээ л бал бурам мэт хайр сэтгэлийн ариун бөгөөд бөх утсан дээгүүр дэгэн догон алхсаар номын сүүлийг хуудсыг хаав.

Ойрд өөрөө өөртэйгөө зөвхөн хайрын тухай хуучилж, санан дурлахын эрхэнд хэдэн жил сараар ятга цохин гашуудах гаслант сэтгэлийн гүнээр ийнхүү шагаагүй юм байна. Зохиолч ардын аман зохиолоос сэдэвлэж эр хүний чин үнэн хайрын сэтгэлийг ардынхаа итгэл үнэмшил, туулж ирсэн туршлагатай нь сүлбэж уран тод, яруу сайхнаар бидэнд хүргэжээ.

"Дотор минь тэр л харагдахаа больчихвол сэтгэл зогоох өөр юу үлдэх юм бэ? Тэгэхээр харин ч элэр балрын шалбааг дунд үтэр ойчоод үүрд живсэн нь дээр".

Эрт цагт Халх Манжийг дагах үед Зүүн гарын алдарт бөө Халхын дагасан ноёнд удмын хараал шившиж гэнэ. Үнэхээр л хараагдсан ноёны үр удам өөдлөлгүй хорвоод шинээр мэндлэх үрс нь төрд нүүргүй, хэлгүй, маанаг амьтас төржээ. Гурав дөрвөн үеэс эхлэж арай гайгүй дархан, номтой хүмүүс мэндэлсэн ч өвөг эцгээс өвөлсөн хараал одоог хэрнэ үргэлжлээд түүнээс хойшх үр удамд нь дамжигдах вий гэсэн айдас хүйдэстэй өдөр хоногуудаас мултарсангүй.

Дархны хүү бол төрөлхийн ятга хөгжимд нүдтэй Пүрэв ноён юм. Хуурдана, дуулна, ятгадна бичиг үсэгт нэвтэрсэн Пүрэв ноён Халхын нэгэн том гэгээний янаг бүсгүйн дуулахыг сонссон цагаас эхлэж эг маггүй дурлаж түүний төлөө авааль эхнэрээ нутаг буцаана.

Ингээд л түүний зовлонт амьдрал магад хамгаас жаргалтай амьдрал эхэлж буй энэ юм. Дархан эцэг нь түүнд "Нүд гялбам эмээс л болгоомжилж яв. Тэр л бидний үе дамжин ирсэн хараалын үргэлжлэл юм шүү" хэмээн амьд сэрүүн үедээ учирлан захиж тэгш дөрвөлж айлаас эм буулгаж өгөөд тэнгэр болжээ. Гэвч тун удалгүй нүд гялбам эм нүдийг нь булааж зүрхийг нь атгав. Сул самуун явдалтай эмд шадарлаж нэр төрөө сэвтээлээ хэмээх ойрхын үгсийг үл тоон "Журам нь шударгуу бол дууч эмс ч ёсыг манлайлмуй"* хэмээх үгээр сэтгэлээ шулуутгаж хатан буулгамуй.

Ерөөс эл ном үзэсгэлэн гоо төрсөн бүсгүйн золгүй заяаг хараал жатгатай хослуулан хүүрнэж эм хүний өрөвдөлт хувь тавиланг эр хүний нүдээр өгүүлжээ. Түүний номд бичсэнээр бол юм бүхэн хоёр салаа замтай, гурав дахь гэж үгүй. Энэ нь төрөхөөсөө л хүн гээч эрүүл эсхүл өвчтэй төрөх хоёр салаа замаас эхлээд тус бүр дахиад л оноогдсон хувь тавилангийн дагуу салаалан явах учиртай санж. Эм хүн гоо үзэсгэлэнтэй төрсөн ч сайхан амьдрах хувьтай нь байна, эс бөгөөс жаргал үзэлгүй төгсөх хувьтай нэг нь ч байна гэх.

"Сахиуст Хангайн Нууц" хэмээх номын нэр сэтгэлд нэг л буумгүй, учир битүүлэг санагдаж номын хуудсыг эргүүлэх бүрийдээ дотроо хариултыг хайсаар байлаа. Тэгсэн эл ном маань өөрөө байгаль эхийн хүн төрөлхтөнтэй хэрхэн шүтэн барилддагийг, тэр дундаа нүүдэлч ахуйтай монгол хүнийг цаад эзэн хэрхэн нь харж халамжилж ар хунарыг даан урдах замыг заан чиглүүлдэг тухай "Хангайн Сахиус нарын" давхар чандлалтай зохиол юмсанжээ.

Өнгөрсөн цаг ч одоо цаг ч ирээдүй цаг ч хоосон. Бид цөм хоосон харин энэ байгаль дэлхий, хангай говь минь л оршдог ч юм билүү.

Надад Аюурзана зохиолч таалагдаад удаж байгаа. Сүүлд түүний аль дээр 2003 онд хэвлүүлж байсан Гурамсан цадиг номд багтсан "Илбэ зэрэглээ" романыг уншаад сэтгэл жоохон гонсойж, ("Шүгдэн", "Судасны чимээ", "Бөөгийн домог" оо бодвол тиймхэн) тэмдэглэл хөтлөхөөс сэтгэлдээ түтгэлзэж байсан ч зохиолч ур чадвараа энэ хэдэн жилийн хугацаанд гарамгайгаар дээшлүүлж дархан хүн шиг ган төмөр хайлуулж, ятгач хуурч хүн шиг л хөгжмийн зэмсгийг уяраан хайлуулж, түүнээ илтэд амилуулан үнэмшүүлэх авьяас чадлаа түмэн зовхист сацруулвай. Зохиолч бээр манай энэ үеийн алтан төлөөлөл болсон зохиолчоо батлах шиг л боллоо.

"Сахиуст Хангайн Нууц" ном түүний бичгийн хэлбэрт гайхалтайгаар уясаж зүүд бодот амьдрал алин болох ялгагдамгүй орчин цагийн шидэт реализмын урсгалаар сүүл мушгина. "Бид чинь ердөө л өөрсдийгөө бий болгохоор чармайж яваа дуртгалууд, өмнөөс минь шимшрэм өрөвдэлтэй дурсамж төдий сүүдрүүд юм шив дээ"

Зохиолч маань үүх түүхийн савыг уудлан онгичиж "Алтан товч" номын хэсгээс балар цагийн баатруудыг өөрийн амьдралдаа ханисаахын сацуу өнгөрдөг он жилүүдийнхээ дурсамж савыг нээнэ. Түүний чин үнэн хайр сэтгэл нь хараал байсан юм гэж үү? эсхүл Ягаандарь нь өвгөн хамбын хэлдэгээр зүгээр л хөөрхий эндүүрэгдсэн Хангай өөрөө явсан уу? Энэ бүхнийг хэн Пүрэвт хэлж зааж өгөх вэ?

"Тэр хоосон зүйлээс хэрэв аз жаргал анхилж мэдрэгдвэл, бидэнд цөөхөн ч атугай жаргалтай дурсамж үлдсэн бол энэ амьдрал маань жаргалтай болдог"

Тэмдэглэл бичсэн:

Энэрэл Ээнээ

2017/7/8

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/