Энэ ном нь бидний хамгийн ярилцах дургүй сэдвүүдийн (бөөлжих, суулгах, өтгөн хатах, цээж хорсох, хэхрэх,унгах гээд л ) талаар маш хөгжилтэй энгийн бөгөөд шинжлэх ухаанч байдлаар тайлбарлан бичсэн бөгөөд гэдэсний нарийн бүтцээс эхлээд гэдэсний биеэ даасан мэдрэлийн тогтолцоо, микробын ертөнц хүртэлх маш өргөн мэдээллийг хамгийн энгийн байдлаар маш хөөрхөн дүрслэлтэй зургуудын хамт багтаан өгүүлсэн юм.
Энэхүү номыг уншиж дууссаны дараа би өөрийнхөө дотор оршин буй миний төлөө бүхий л амьдарлаа зориулдаг тэр бүх ажилч хичээнгүй бактериуддаа чин сэтгэлээсээ баярлалаа хэмээн хэлмээр санагдсан шүү.
Хамрах хүрээ нь маш өргөн дэлгэр учраас энэхүү номноос жирэмсэн эмэгтэйчүүд болон ээжүүдэд хэрэгтэй гэсэн мэдээллүүдийг түүвэрлэн оруулахыг хичээв.
-Ихэнхи жирэмсэн эмэгтэйчүүдэд маань тохиолддог цээж хорсох зовиур нь сэвлэг ихтэй хүүхдээс биш харин бидний даавраас шалтгаалдаг ажээ. Дааврууд эмэгтэйн умайг сулруулж, урагт тав тухтай орчинг бий болгодог ч улаан хоолойн түгжигч булчинг түгжиж орхидог учраас түмбийсэн гэдэснээс ирсэн даралтаас шалтгаалан ходоодны хүчил дээшээ гүйн цээж түлдэг аж.
Бохь зажилж, цай шимэх нь олон дахин давтагдсан залгих ажиллагаа явуулж хоол хүнсийг доошоо явах сануулга өгдөг учраас цээж хорсолтын үед бохь зажилж, цайгаа бага багаар шимж ууж байгаарай.
-Муурын гэдсэнд токсоплазма гондий гэдэг бактери байдаг бөгөөд ихэнхидээ муурын баасаар гадагшлан дараагийн эзэн дээрээ очдог аж. Жирийн хүний гэдсэнд токсоплазма тийм ч их аюул учруулахгүй ч жирэмсэн эмэгтэйчүүдэд ихээхэн аюултай юм. Тэд эхийн судасны цусаар дамжин төрөөгүй хүүхдэд хүрч магадгүй бөгөөд ургийн дархлааны тогтолцоо энэхүү бактерийг устгаж чадахгүй бол үр зулбахад ч хүрэх аюултай. Тийм учраас муур тэжээдэг эмэгтэйчүүд маань бие давхар болсноо олж мэдвэл муурныхаа ялгадсыг өдөр болгон гэр бүлийн өөр нэг гишүүнээр цэвэрлүүлж, түүхий хоолноос татгалзан, ногоо жимсээ ямагт угааж хэрэглэж байгаарай.
-Хэрвээ эмнэлгийн заалтаар л биш бол кесар хагалгаагаар сайн дураараа төрөх нь тийм ч ухаалаг үйлдэл биш юм. Уламжлалт төрөх замаар төрсөн хүүхдүүд эхийнхээ үтрээнээс өөрийнхөө гэдсэнд шаардлагатай бактерийг олж авдаг бол харин кесар хагалгаагаар төрсөн хүүхдүүд энэхүү бактерийг олж авч чадаагүй учраас төрөнгүүтээ гадаад орчноос энэхүү бактерийг олж авахаас аргагүй байдалд хүрдэг нь цаашдаа янз бүрийн харшил багтраа өвчин тусах магадлалыг нэмэгдүүлдэг байна.
-Нярай болон бага насны хүүхдүүд гадаад орчны маш олон бактериудтай харилцдаг ч гэсэн тэр болгондоо өвчин тусдаггүйн шалтгаан бол эхийн дархлааны тогтолцоо,микробууд хүүхдийг хамгаалж байдагтай холбоотой. Хүүхдээ хөхөөр хооллох нь гэдэсний бифидобактерийг тэтгэж өгдөг бөгөөд энэхүү бактери нь дархлааны тогтолцоо, хоол шингэх тогтолцоо зэрэг зүйлсэд гол нөлөө үзүүлдэг ба амьдарлынхаа эхний жилүүдэд гэдсэндээ хангалттай бифидобактеритай болоогүй хүүхэд амьдралынхаа сүүл үед илүүдэл жинтэй болох магадлал ихэсдэг ажээ. Тэгээд ч зогсохгүй хөхний сүү эхийн дархлааны тогтолцоог хүүхдэд дамжуулж аюултай бактериас хамгаалах эсрэг биеийг агуулдаг байна.
-Бидний бараг л байнгийн хэрэглээ болсон антибиотикийг гагцхүү эмчийн жороор л хүүхэддээ хэрэглэх ёстой. Антибиотик нь багачуудын хувьд илүү хөнөөлтэй байдаг. Учир нь тэдний гэдэсний орчин бүрэлдэж амжаагүй байдаг учраас хүчтэй антибиотик уусны дараа буцаж сэргэх чадвар бага байдаг аж. Ханиад томууны үед хүүхэддээ антибиотик уулгахаар болвол заавал ханиад вирусын гаралтай юу, бактерийн гаралтай юу гэдгийг шинжлүүлэх нь зүйтэй. Антибиотик нь вирусын эсрэг ямар ч нөлөөгүй учраас вирусын гаралтай ханиадыг антибиотикаар дарах гэж оролдох нь цагийн гарз юм.
-Тараг ялангуяа гэрийн аргаар бүрсэн элгэн тарганд гэдэсний ашигтай бактери болох пробиотик ихээхэн хэмжээгээр агууллагддаг. Пробиотик нь бидний гэдсийг сайтар гэгч нь эрхлүүлж, муу бактериас биднийг хамгаалж, суулгалт дархлааны тогтолцоо харшил гээд л маш олон асуудлыг шийдэхэд эерэгээр тус нэмрээ хүргэдэг байна. Тийм ч учраас хүүхэддээ багаас нь тараг уулгаж сургах нь эрүүл мэндийнх нь төлөө оруулж байгаа маш том хувь нэмэр юм.
-Ямар ч төрлийн стресс хоол шингээх үйл явцад саад болох мэдрэлийг идэвхижүүлдэг тул стресстэй үедээ хоол идвэл бид хоол хүнснээсээ бага энерги авч гэдсэндээ шаардлагагүй нэмэлт ачаалал учруулдаг гэсэн үг юм.
Хүүхэд байх цагаасаа эхлэн хоолны цагийг амар амгалан өнгөрөөх нь биеийн эрүүл мэндэд тун сайн учраас хоолны цагийн үеэр аль болох тв-ээ унтрааж, хүүхдээ загнаж зандарч огт болохгүй нь байна шүү
Бидний бие бидний одоог хүртэл бүтээсэн ямар ч машин техникээс илүү төгс зохион байгуулалт, төгс ажиллагаатай бөгөөд бид энэхүү гайхалтай механизмийг өөрсдийн хэнэггүй, хайнга зангаас болж үйл ажиллагааг нь дахин сэргэх аргагүй болтол нь доголдуулж байгаа нь үнэхээр харамсалтай.
Хүн мэдэхгүй юмныхаа дайсан гэдэгчлэн өөрийнхөө дотор оршиж буй энэ гайхалтай механизмийн талаар ихийг олж мэдэх тусам түүнийг хайрлах илүү удаан хугацаанд зөв зохистой байдлаар ашиглахыг хүсч эхлэнэ шүү дээ. Өөртөө хайртай хүн бүхний уншвал зохих номын нэг бол энэ ном яалтачгүй мөн юм.
СЭТГЭГДЭЛ