Түүхнээ хамгийн залуу нобелийн шагнал хүртсэн Малала охины номд аав охин хоёрын дунд ийм яриа ѳрнѳсѳн байдаг,

- Ааваа, яагаад охид сургуульд явдаггүй юм бэ гэхэд нь сургуулийн захирал, боловсролыг дэмжигч эцэг нь түүнд,

- Тэд үзэг барьсан эмэгтэй хүний хүчнээс айдаг юмаа, охин минь.

Дѳрвийн дѳрвѳн ном зэрэг дэлгэсэн би гэдэг хүн яг л хотонд орсон ѳлѳн чоно шиг тэдгээрийг энэ тэндээс мэрж сэгэлсээр ашгүй нэгэн дээр нь нүдээ тогтоож авлаа. Миний сонгосон ном тѳсѳѳлж байснаас минь илүү хүнд байлаа. Аль хэдийн нисэхээ байсан цасан цагаан сѳдтэй далавчаа урамгүйхэн дэвмээр аядаа бяцхан дагина буруу харан уйлж сууна. Тэр уйлаад л уйлаад л...

Би гараа сунгаж ѳѳр рүүгээ эргүүлэн нулимсыг нь арчиж ѳгѳхийг хүсэвч гар минь хүлээтэй юм шиг тушигдаад хѳдѳлж ѳгсѳнгүйд би дуугаа хадаан,

- Охин минь, чи юунд уйлна вэ гэв.

Охин тайтгарах нь бүү хэл улам мэгшин уйлж эхлэв. Түүний шингэн ээрэх дуу зүрхний минь ёроол руу цуйраатах ахуйд би тэсгэл алдаж буйгаа мэдрэх авч хий дэмий л дороо эргэлдэн зогсоно. Тѳд удалгүй дагина дуугаа аядсан бололтой орчин тойрон аниргүй. Би түүнрүү дѳхѳн гараа мѳрѳн дээр нь тавин эргэж харахыг нь хүлээв.

Энэ хүртэл би зүүдэлж буйгаа мэдээгүй ээ, “Сахиусан тэнгэрүүд” ийг уншиж дуусгасны орой нь миний зүүдэлсэн зүүд.

Жихүүцэм, ѳрѳвдѳм, гар сунгам..

Зохиол эхнээсээ л бусдаас ѳѳр эхлэж “юу гээч”, “айн гээч”, “яагаад вэ” гээд л эхэлсэн.

Би түүний хариултыг авахаар хойшоогоо гүйхээрээ нэг гүйж зарим хариултыг олсон боловч багагүйг нь ѳѳрѳѳсѳѳ асуусан чигтээ номоо дуусгалаа. Гэнэн цайлган охид бүсгүйчүүд, хүүхэд унагадаг ѳврѳѳс ѳѳр хүчгүй хүчин мѳхѳс эмэгтэйчүүдийн ѳмнѳѳс сэлэм биш үзэг барин тэмцэж буй зохиолч бүсгүй юутай бахдам бэ?

Тэрбээр ѳѳрийн туулсан амьдралаа хав дарж авдрандаа чихэлгүй магад түүний туулсан хамгийн эмзэг, хар бараан хэсгийг сэтгэлээ дахин сэдрээн ѳвтгѳн байж дэлгэрүүлэн тэрлэсэн нь юутай талархам. Хүчирхийлэлийн эсрэг тэмцсэн олон бүтээлүүд бий. Саяхан л “Ларьдмаа” уран сайхны кино хѳшигний цаадхи хүчирхийлэлийг олонд дэлгэн харуулж эмэгтэйчүүдийн эрхийг дэлгэцээр нэг цуйраатуулсан.

“Сахиусан тэнгэрүүд” бол бодит амьдралаас сэдэвлэсэн, уран зохиолын аргаар олонд үсгээр дамжин хүрч байна. Зүгээр нэг балмад хүчирхийлэлийг толгой бѳѳргүй тоочсон зохиол биш. Бие сэтгэлээр энэлэн шаналах бүсгүй олны хүчээр хэрхэн таяг тулан босч ирэхийг та харах болно.

Хайрын шидээр хэрхэн хатсан цэцэг дахин дэлбээлэхийг та дэлгэцээр биш сэтгэлийн нүдээрээ үзэх болно. Мѳнхийн сэдэв болох “хайр” гэгч нь настан бууралаас аравтай бандийн зүрхийг хүртэл гэрэлтүүлэгч гэгээ юм шүү гэж уянга, наргианыг хослуулан уншигч бидэнд ѳргѳн барьжээ. Гэвч сайны хажуугаар саар бийг, бурхантай бол чѳтгѳртэй орчлон гэдгийг та бидэнд мартуулахыг хүссэнгүй.

Яг л миний зүүдэндээ үзсэн дагина ѳѳрийн нуруун дахь ѳдѳѳ тасдан бѳмбѳрѳн урсах нулимсаа ч арчилгүй, газарт “ХҮЧИРХИЙЛЭЛ” хэмээн мѳр холбон бичиж суугаа аятай. Ганц хоёр хоног шуугиад бүү ѳнгѳрѳѳсэй! Ирээдүйг холбогч эх эмэгтэйчүүдийгээ харсаар байж чѳтгѳрийн хар саварт алдсаар, үрсээр, хэлмэгдүүлсээр байх уу?

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/