Зохиолч Кабасава Шион: "Тархиа ашиглаж бүтээмжээ хоёр дахин нэмэгдүүлэх нь" номын тэмдэглэл...

Цагийг хэрхэн зѳв ашиглах тухай ном олон уншиж байсны дотроос сэтгэлд хамгийн тод үлдсэн нь япон зохиогчтой “Ѳглѳѳний хүн” нэртэй ном билээ. Яагаад хүн ѳглѳѳ сэрэх хэрэгтэй тухай, унтах хийгээд нойрны ерѳнхий мэдлэгийг уншигчиддаа хүргэсэн шилдэг шинжлэх ухаанч ном байлаа, миний хувьд, гэхдээ ѳнѳѳдрийг хүртэл.

Ихэвчлэн ѳѳрийгѳѳ ялан дийлж, хүч сорин амжилтанд хүрсэн хүмүүс ѳѳрийн туулсан туршлагаасаа үндэслээд тиймэрхүү зѳвлѳмж номнуудыг бичдэг билээ. Гэвч тийнхүү амжилтaнд хүрсэн хүмүүсийн бичээд байгаа зүйлийн ард бидний огтоос сонирхож байгаагүй, мэддэггүй шахам хэрнээ хамгийн том үүргийг гүйцэтгэж байдаг нэгэн нууц ноёнтон цомцойн суудаг ажгуу. Тэр бол тархи юм! Тархи л биднийг залуурдан ѳглѳѳ сэрээж, орой унтуулж, мэлмэртэл уйлуулж, сэнгэнэтэл инээлгэж, бѳглѳртѳл бухимдуулж, тэнийтэл баярлуулдаг нууц захирагч аж.

Тархин доторх үй олон эд эсүүд бидний сэрэл мэдрэмж, үйлдэл бүхэнд цочирч, цочирсон даруйдаа хариу дааврууд ялгаруулдаг байх нь ээ. Жишээ нь цахим ертѳнцийн нүүр номоор мэдээлэл шалгах танд таатай санагдсан бол тухай цагт тархи чинь ДОПАМИН хэмээх гормон ялгаруулна. Энэ ДОПАМИН гормон ихэвчлэн танд ямар нэг зүйл зугаатай санагдаж, мэдрэгдсэн тохиолдолд автоматаар тархинд ялгардаг. Харин нэгэнтээ ялгарсан бол урд ялгаруулж байсан хэмжээнээс илүү ихийг ялгаруулахыг эрмэлздэгээрээ онцлогтой. Бүх гормонууд ижил онцлогтой гэнэ, дашрамд хэлэхэд. Бид түүнийг ашиглах хэрэгтэй (номын санаа). ДОПАМИН гадагшилснаар сайн зуршлуудыг бий болгодог ч муу зуршлуудыг ч мѳн ялгаагүй яг ижил замаар бүрэлддүүлдэг аж. Жишээ нь тамхи татах, архи уух, мѳрийтэй тоглох гэх зэрэг юу эс байх вэ. Эерэг тохиолдолд ДОПАМИН үүргээ ялгалгүй биелүүлдэг. Ном унших, гэр цэвэрлэх, бизнест ашиг орлого олох гэх зэрэг…Бид юунд ч юм үнэн сэтгэлээсээ татагдвал тэрбээр пүкхийгээд л ялгарчихна.

Нууц ноёнтон үргэлжид идэвхитэйгээр тушаал буулгаж биднийг удирдан, залж залруулсаар ирсэн билээ. Даан ч бид түүнийг сайн таньдаггүй. Ѳѳрийн эрхгүй дээрээс буух тушаалыг толгой дохин тосч аваад даган мѳрдѳхѳѳс хэтэрдэг билүү.
Харин ямар даавар хэзээд, яаж ялгардаг тухай зохих мэдлэгтэй болвол түүнээ ухамсартайгаар залж чиглүүлэн улмаар тархиа хянах бүрэн боломжтойг энэхүү ном сануулжээ.

Би энэ номыг уншхын ѳмнѳ Могин Кэничирогийн (тархи судлаач) “Ном унших аргаас шалтгаалж тархи цэнэглэгдэж байдаг” нэртэй номыг уншаад тархи гэдэг ноёнтонтой дотносох учиртайгаа ухаарсан. Учир нь түүн дотор жинхэнэ бидний амьдралд хэрэг болох, сайхан амьдрахад хѳтѳлж ѳгѳх хѳтѳч оршин буйг уг номоос таньсан билээ.

Жишээ нь дээрх ДОПАМИН-ыг ѳѳрийн амьдралдаа зѳв ашиглахыг хүснэ. Түүнийг ѳдѳр тутмын амьдралдаа шингээвээс сонирхол минь ѳсч дэвжин, хичээл зүтгэл минь үржүүлэхийн хүрдээр хурдсаж, би болоод миний гэр бүл аз жаргалтай сайхан амьдрахад нэг алхам ойртоно гэж итгэнэм. Номд бичсэнээр ДОПАМИН-ыг ухамсартайгаар, тогтмол гадагшлуулснаар түүнийг бүрэн ѳѳрийн зэвсэг болгох боломжтой гэнэ.

Миний хувьд ном унших зуршлыг ѳѳртѳѳ бий болгож чадсандаа ямагт талархаж явдаг. Надад ном унших таалагддаг, харин тэр бүрд тархины минь урд хэсэгт допамин ялгарж байсныг яахин тааварлах билээ.

Заа, нуршилгүй ДОПАМИН ялгаруулах аргаас хуваалцая:

  1. Аль болох нарийвчилсан тѳлѳвлѳгѳѳг гаргах
  2. Тѳлѳвлѳгѳѳгѳѳ биелүүлсний дараах ѳөрийгѳѳ тѳсѳѳлѳн бодох
  3. Тѳлѳвлѳгѳѳгѳѳ ахин дахин шалгах
  4. Тааламжтайгаар, баяртайгаар ѳѳрийн хийж буй зүйлдээ хандах
  5. Тѳлѳвлѳгѳѳгѳѳ биелүүлсний дараа ѳѳрийгѳѳ шагнах
  6. Цаг алдалгүй шинэ тѳлѳвлѳгѳѳг босгох
  7. Дээрх үйлдлүүдийг давтан хийж хэвших

Гэрийн минь ойролцоо нэгэн номын дэлгүүр байдаг юм. Хулганы нүх л гэсэн үг. Бѳгс арайхийн эргэдэг, харанхуй, гэвч түм тасралтгүй түчигнэсэн эгэлгүй газар. Би тийшээ барагтай бол шагайдаггүй, харин шагайсан бол баараггүй нэг ном шүүрчихсэн байдаг нь сонин. Шүүрсэн номнууд минь эргээд харах нь ээ, дандаа ѳѳрт хэрэгтэй байх нь бас л сонин. Хэрэгтэй гэдэг нь ѳѳрийн ѳдѳр тутмын амьдралдаа хавсаргаж түүнийг ѳглѳѳ бүр шүдээ угаадаг шигээ ѳѳртѳѳ хэвшүүлэхийг хүссэн зүйлээ хэллээ.

Тэр бяцхан дэлгүүр дотор голцуу завгүй хүмүүс орж гарч харагддаг юм. Яагаад гэвэл тэр дэлгүүр метроны буудал дотор байрлах ба унаа хѳдлѳх цаг хүртэл зорчигчид яаруу сандруу гүйн орж, тэр хурдаараа гүйн гарцгааж харагддаг. Над шиг номоо дэлгэн зогсоогоороо тав гурван хором саатаад, тогтсон цагт хѳдлѳх нийтийн тээвэртээ яаравчлах ажилчдад зориулагдсан нь номын ѳрѳлт, нэр, агуулга зэргээс илт.

Шоргоолж мэт ажилладаг хүмүүсийн хэрэгцээнд яв цав нийлэх зѳвлѳмж зѳвѳлгѳѳ сэлтээр элбэг байх юм. Мэдээж тэр долоо хоногт хамгийн их гүйлгээтэй номуудаа үүдэндээ залан, түүний энгэрийг “1” ийн тоогоор чимэж, элдэв хараа булаах гарчиг сэлтээр сэлбээд биднийг даллан дуудах мэтээр донжтой нь аргагүй байрлуулна.

Миний авсан ном ч гэсэн тэрхүү ажилчдад онилогдсон агуулгатай ном байв. Та бид мэднэ дээ, япончууд хэт их ажилдагаараа дэлхийд тэргүүлэх улс. “Кароши” буюу хэтрүүлэн ажилснаасаа болоод мѳнх бусыг үздэг нийгмийн гажууд ѳвчлѳл ихтэй нэг талаар ѳрѳвдѳм улс гэхүү дээ. Тийм болоод, энэхүү эмгэгийг бага атугай нимгэлэх хүсэл эрмэлзлэлээс энэхүү ном бүтсэн байх. Энгийн ажилчинд ойлгогдох үг хэлээр учир зүйг тайлбарласан дэвтэр зайлшгүй хэрэгтэй гэж дүгнэн зохиолч номоо бичиж эхлүүлсэн гэж таамаглана.

ЦЭНГЭЛД ЯЛГАРДАГ даавар буюу ДОМАПИН-аас гадна орчин үед хамгийн их судлагдсан зургаан тѳрлийн дааврыг уг номд танилцуулжээ. Бүгдийг нь дэлгэн тайлбарлаваас бүхэл бүтэн ном болох тул түүнийг харгалзан ДОПАМИНААС гадна МЭЛАТОНИН гэх гормоныг чадлынхаа хэрээр ойлгомжтой тайлбарлан номын тэмдэглэлээ тѳгсгѳе.

МЭЛАТОНИН бол нойрыг урин залах шидэт даавар билээ. МЭЛАТОНИН хангалттай сайн ялгарахгүйгээс үүдэн нойрны эмгэг үүсэх ноцтой аюултай. Нойр сайтай байх ерѳѳс бүхий л амжилт бүтээл, эрүүл мэндийн үндэс бѳгѳѳд бидний хамгийн ихээр санаа тавих хэрэгтэй асуудал мѳнѳѳс мѳс.

Бид ѳглѳѳ эрт босч их ажил амжуулах тухайгаа, хэрхэн зүтгэж тѳлѳвлѳгѳѳ биелүүлэх тухайгаа, ѳѳрѳѳр хэлбэл биеэ дайчлах тухайгаа хангалттай их боддог, бас хичээдэг. Гэвч сайн нойр аваагүй, ядарч сульдсан тархи энэ бүхнийг гүйцэтгэх хүчин чадлаар дутмаг байгааг анхаарч байлуу даа.

Холын хол замыг нэг хурдаар туулахын тулд банк дүүрэн шатахуун хэрэгтэй шиг ѳдѳр тутмын жижиг зорилтуудыг бѳѳрѳнхийлэхийн тулд бидэнд тархинд бүрэн гүйцэт нойр хэрэгтэй.

Та нар анзаарсан болов уу? Бидний нойр хүрэх үед нээх сайхан толгой манараад, манасуураад ирдэг дээ. Тэр чинь МЭЛАТОНИН ялгарч байгаагийн шинж юм. МЭЛАТОНИН шѳнѳ идэвхитэйгээр ялгарах ба ѳдрѳѳсѳѳ таваас арав дахин ихийг ялгаруулдаг, хамгийн их ялгардаг цаг бол шѳнийн хоёр цагаас гурвын хооронд гэж судлаачид тэмдэглэжээ.

За тэгвэл яаж МЭЛАТОНИН-ыг ялгаруулах вэ?

  1. Ѳрѳѳнийхѳѳ гэрлийг унтрааж унтах (Ѳѳрѳѳр хэлбэл хав харанхуйд МЭЛАТОНИН сайн ялгардаг)
  2. Унтахын ѳмнѳ бүдэг гэрэлд тайвшрах
  3. Унтахын ѳмнѳ хурц гэрэлд нүдээ эзэмдүүлэхгүй байх (утас, компьютер, зурагт)
  4. Ѳдрийн цагаар СЭРОТОНИН-оо сайн ялгаруулах (СЭРОТОНИН-ны тухай ѳмнѳ нь бага сага бичиж байсан тул алгаслаа)
  5. Ѳглѳѳний нарыг биедээ шингээх

Миний анхаарлыг нэгэн судалгаа татлаа. Тэр юу вэ гэвэл, 7 цагаас 8 цаг бѳх бат унтаж чадсан хүмүүсийн дундаж наслалт түүнээс бага буюу их унтсан хүмүүсээс урт байгааг тогтоосон байна. Ѳѳрѳѳр хэлбэл түүнээс бага цагаар унтах эс бѳгѳѳс урт цагаар унтах аль аль нь сайнгүйг харуулсан аж. Хамгийн чухал нь нойрны чанар.

Стив Жобсын үхэл яагаад ч юм бүү мэд надад харамсалтай санагддаг. Тэрбээр нэг алим хазаж орхиод гүйцээн идэлгүй тавин зургаахан насандаа энэ ертѳнцийг орхин одсон билээ. Түүний амьдрал амжилт ололт, эд баялаг, нээлт бүтээмжээр дүүрэн байсан авч эрүүл мэнд хийгээд зохистой амьдралын хэвшил байсангүй. Яагаад гэдгийн учрыг мэдэх үү?

Миний бодлоор Стив Жобс ажилдаа үнэн сэтгэлээсээ дурлагч, ѳѳрѳѳр хэлбэл ДОПАМИН-ыг сайтар ялгаруулагч байв. Харин МЭЛАТОНИН-ыг ашиглаж мэддэггүйгээсээ, эсхүл мэдсэн ч ялгаруулахыг хүсээгүйгээсээ нѳгѳѳтэйгүүр ѳѳрийн үнэт амьдралдаа нѳхѳж баршгүй гарз хохирол амсуулсан билээ. Чадвал эрүүл байж урт наслан, түүний хажуугаар амьдрал гэгч амтат гуаг шимэн шимэн амьдрах сан.

Тэмдэглэлийг бичсэн Ээнээ нь.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/