Багаасаа хэн ч заагаагүй байхад Хятадыг үзэн ядах үзлээр хүмүүжсэн би хэдийгээр ном унших дуртай ч Хятад ном зохиол төдийлөн шүүрч аваад уншиж байсангүй(бас яг Хятад зохиолтой танилцах боломж хомс байсныг дурдах нь зүйтэй).

Харин багын гадагшаа гарч сурах мөрөөдөлтэй байсан би хилийн дээс алхан оюутан болмогц нөгөө "үзэн яддаг" Хятад оюутантайгаа нэг ширээнд тохой залган сууваа. Шөнөжин цагийн ажил хийчихээд шалгалтандаа бэлдэж ч амжилгүй сандарч ирэхэд минь өөрийн шалгалтанд бэлтгэсэн товчлолийг зээлж уншуулах зэргээр том тусалж, хоосон цаас хураалгахаас аварч байсан найз ч бий.

Хүний нүд нээрээ хол очиж, их зүйл уншсанаар л нээгддэг юм билээ. Өнгөрсөн түүх хэдий гашуун ч миний амьдралд намайг гомдоосон асуудал үүсгэсэн Хятад хүн нэг ч байхгүй шүү дээ.

Эх оронч үзэл, хүнээс юм сурах хоёр маш өөр зүйл гэдгийг мэдэх хэрэгтэй.

"Хужаад дургүй!" гэж хий хоосон цээжээ дэлдэж сүрийг бадраагаад Эх оронч хүн болчихгүй. Энгийн ард иргэд нь яг л бидэнтэй адил амьдралтай. Тэр түүхэнд гарсан бидний уур цухлыг барсан нөхөд бол томчуул нь. Арван жилдээ түүхийн хичээлээр зурвас үзсэн Хятадын соёлын хувьсгалын үнэн нүүр царайг илчилсэн "зэрлэг хун буюу Хятадын гурван охин" номыг уншиж энэ гүрний иргэд муйхар удирдагчийн харгайгаар хэрхэн зовж зүдэрснийг таних боломжтой.

"Зэрлэг хун" бол урд хөршид хориотой номын хар дансанд байдаг номнуудын нэг. Өнгөц харахад "соёлын хувьсгал" гэж их гоё сонсголонтой нэртэй байгаа биз. Соён гэгээрүүлж, бичиг үсэгт нэвтрүүлсэн хувьсгал юм байх гэж андуурмаар. Уг номд номын зохиолч Юн Чан өөрийн ээж, эмээ гурвын амьдралыг тухайн үеийн Хятадын цаг үеийн байдалтай холбон бичсэн нь сонирхолтой.

Дан Хятадын түүхийг жирийтэл бичвэл миний мэтийн уншигчд "тэвчиж" ард нь гаршгүй юм болох вий. Бодит хүмүүсийн амьдралыг түүхтэй уялдуулсан болоод л энэ ном барууныхны сонирхлыг ч тэгтлээ татаж, Британийн оны шилдэг номын шагналыг хүртсэн бизээ. Үнэхээр нэг хүний муйхар ноёрхол улс орон, ард иргэдэд ямар их гай түйтгэр авчирна вэ? Тэвчихийн аргагүй галзуурал ... "соёлын хувьсгал" гэх нэрийдлээр сургууль соёлыг устгаж, багш нарыг жигшүүртэйгээр шийтгэж, олон олон уран зохиол, урлагын өвийг үгүй хийж, ард түмнээ эргээд харанхуй бүдүүлэг болгоод шатрын хүү шиг зүгээр л тоглож гарчээ.

Боловсролтой өөдтөй өнгөтэй хүн бүрийг "капилалзмын замын хань" хэмээн үр хүүхэдтэй нь шийтгэж, ад шоо үзэж, орон шоронд хатаажээ.

Яг л нөгөө дэлхий дээр хууль устаад хүн бүр дураараа аашилдаг нэг кино шиг. "Соёлын хувьсгалд бодлого гэхээс илүүтэй хувийн тооцоог, чингэхдээ бүр хамгийн өчүүхэн тооцоог гол болгож байжээ" гэснээс харахад нийгэм яаж замбраагаа алдсан нь төвөггүй харагдана. Мөн ганц жишээ дурдахад "Өвөр Монголын ардын намын хэрэг" гэдэг бүлэгт хамаатуулан насанд хүрсэн хүн амын арав орчим хувийг тамлан зовоосон байна. Хамгийн багаар бодоход хилсээр шийтгэгдэж амиа алдсан хорь гаруй мянган хүн байна гэх судалгаанаас харахад бидний өвөрлөгч ах дүүс ч ихэд зовж тарчилжээ.

Мао нас эцэслэж, "соёлын хувьсгал"-г өдөөн дэмжигч дөрвөн толгойлогчийг устгасны дараа Дэн Сяо Пин гарч ирснээр өнөөгийн хүчирхэг Хятад улсын суурь тавигдсан ажээ. Дэн Сяо Пин бол миний мэдэх гайхалтай удирдагчдийн нэг. Бид яалт ч үгүй бөөр нийлүүлэн оршдгийн хувьд өмнөд хөршөөс суралцах хэрэгтэй. Нэг заваараа Дэн Сяо Пиний түүхийг уншнаа. Аятайхан намтрыг нь л уншина. Бас хэт улс төр, үзэл сурталжаад явчихвал ёстой "идэж" баршгүй хоол болно. Аль зун уншсан номын тэмдэглэлээ гараас гаргаж санаа амарлаа. Ямартай ч амжлаа шинэ оны өмнө гэж үү дээ. За бүгдэд нь маш их баярлалаа.

2016.12.06 Нандин Тэнгис

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/