Халуун кофены үнэр түргэн хоолны газрын ѳнцѳг бүрт тархан хамар цоргиулж байхад миний уншиж суугаа ном дундаа орох яагаа ч үгүй байв.
Үгүй ер нь би энэ номыг дуусаасай гэж хүсэхгүй... Сүүлийн хуудас эргэх тѳдийд л золгүй Анна Каренина тѳрѳлтийн хүндрэлээс болж амиа алдан найман настай хүү нь ѳнчин хоцрох гээд байгаа юм чинь. Хүртэх ёсгүй, санаархах хэрэггүй хайр дурлалын баланд баавгай шиг шунасных нь хариу бол “зовлон”.
Найман настай хүүгийнхээ эцэг, эр нѳхѳртѳѳ хайргүйгээ залуу офицерыг ѳѳрт нь хайр сэтгэлээ илэрхийлэх тѳдийд л мэдэх болно. Түүний сэтгэл зүрх нь дурлалын цохилтоор эзэмдүүлж яг тэр цохилтын тоолонгоор зовлонгийнхоо баганыг ѳрж эхлэв. Цаг тутамд ѳѳрт нь халуун дотно санагдах офицерын сайхныг ажих бүрд улсын дээд албан тушаалд ажиллах ѳѳрѳѳс нь хориор ах эр нѳхрийнхѳѳ хѳндий хүйтэнг үзэж цѳхнѳ.
Гадаа бороо дусалж шүхэр барьсан бүсгүйчүүд нийтийн тээвэрлүү яаран гүйлднэ. Номын мѳрүүд амьсгал түр авах боломжийг олгосонд харцаа цонхон ѳѳдѳѳ шилжүүлэв. Сэтгэлийг ёг хийлгэсэн үг, ѳгүүлбэртэй дайрсан бол заавал амс хийдэг зантай юм даа.
Зүсэм мах бүхлээр нь залгидаггүй. Түүнийг зажлах хэрэгтэй. Зажлууртай ѳгүүлбэрийг ч мѳн адил шингээхийн хэрэгцээ надад байлаа.
Бороо асгарах ахуйд Аннагийн нулимсыг тѳсѳѳлѳн мэдрэхийг хичээв. Зарим дуслууд хүмүүсийн шүхэрт бууж түүгээр дамжин газар дусална. Олон дэлгээстэй шүхрүүдийн дунд ганцхан ягаан ѳнгийн шүхэр эргэлдэнхэн харагдах нь хараа булаах аж.
Бороо шүхрийн ѳнгѳн талыг бүрхэхэд цэцгийн хээ угалз яг л зурсан юм шиг тодрон, түүний нѳмѳрт намуухан нэг хэмнэлт алхаатай бүсгүй яван харагдана. Тэр усан ягаан ѳнгийн шүхэр дэлгэсэн хүний царайг харахсан гэж уйлж буй цонхыг яран харахыг завдав. Усан ягаан шүхэрт бүсгүй мѳн л ѳѳрийн гэх зовлонтой. Түүнийгээ даах бас хүчтэй. Цэцгэн хээт шүхрээр халхалагдсан зүс харагдсангүйд урам хугаран доор дэлгээстэй номруугаа буцан оров.
Кити Левин хоёрын хайр сэтгэл яаж тѳгсѳх бол гэхээс сэтгэл гэгэлзээд тайван байх янзгүй. Түргэн хоолны газрыг ардаа орхихдоо Китийн тухай бодон автобусны буудлын зүг алхлаа. “Дээдсийн хүрээлэлд гоо үзэмж, ялдам ааш, ухаалгаараа Кити бүсгүй аргагүй л залуу насаараа гайхуулж, гангарах аж. Түүнээс илүүтэйгээр, түүнд дурласан газрын эзэн, аж ахуйч Левиний бодол болоод ѳдѳр тутмын ахуйн амьдрал нэн сонирхолтой юм”.
Автобус ирдэг цагтаа ирээд үүдээ онгойлгоход цуварч зогссон зорчигчид нэг нэгээрээ орцгоов. “Тэрбээр мянга найман зуугаад оны Оросын газар тариалан, мал аж ахуйн тогтолцоог шүүмжлэн, ѳѳрчлѳн шинэтгэх арга замыг уйгагүй хайна. Оросын газар түрээслэгч, малчид, тариаланчдыг гахай шиг залхуу, ажилд хойрго, архи ууж ѳдрийг бардгийг нь үзэж эс чадна. Үүнийг заавал үндсээр нь ѳѳрчлѳх хэрэгтэйг дахин дахин ѳѳртѳѳ сануулж, ном сударт шимтэх дүр нь их таалагдаж байна. Тийм ээ, ямарваа нэг зохиолд яг түүн шиг ажилд шургуу, үлгэр жишээ дүр байхад таатай санагддаг”. Автобусанд суух миний ээлж ирхэд жижиг тѳлбѳрийн картаа мэдрэгчинд дѳхүүллээ.
“Түүний бодлоор Европын аж ахуйн тогтолцоо, судалгаанаас Оросын цаг уурт тохирсоныг нэвтрүүлэх хэрэгтэй гэж байна. Тухай үед ч гэсэн хѳгжиж цэцэглэж буй орноосоо суралцаж, мѳр зэрэгцэхийг хүсдэг л байж, тэр ч ойлгомжтой”.
Зохиолч Лев Толстой нь Левиний дүрээр ѳѳрийн хэлэх гэсэн үгээ олон нийтэд хүргэжээ. Левин залуу зүгээр суудаггүй ажилсаг, хайрандаа үнэнч шатсан зүрхтэй залуу билээ. Левинийг Китид сэтгэл алдарч хамтран амьдрахыг гуйхад бүсгүй татгалзсан агаад түүний ѳѳр залууг хүлээн суугааг Левин мэдэж байв.
Олон ангит солонгос драмууд дараагийнхаа ангийг сонирхолтой болгохын тулд яг гоё хэсэг дээрээ дуусчихдаг билээ. Энэ зохиол тэдгээрээс ер дутах зүйлгүй. Хуудас эргэх бүрт л дараагийн бүлэг сонирхол татах жишээтэй.
Нэгэнт автобусны нэг сандал дээр тухлан авсан хойно дахин номоо дэлгэв.
Энэ удаад Анна Каренинагийн ахын гэр бүлийн амьдралыг уншиж таарав. Каренинагийн ах Степан эхнэр олон хүүхдийн хамт амьдрах хэрнээ хүүхэмсэг нэгэн билээ. Залуу бүжигчин, царайлаг л бол бүсгүйчүүдэд гар таталгүй бэлэг сэлт ѳгнѳ. Эхнэр нь үүнийг нь мэддэг тул арьсан дотроо ямагт уйлна. Гэвч салж сарниж үл чадна. Түүнд үүнийг хийхийг хүсэвч гишгэх газар, наашаа гэх хүнгүй. Түүнтэй ижил олон бүсгүйчүүд яг л тийм сонголтгүй амьдралаар амьдарсан даа. Энэ номонд эмэгтэйчүүдийн боловсролын асуудлаар халуухан яриа ѳрнѳх ба шийдвэрлэж барамгүй тийм хэцүү хүнд сэдэвт ѳргѳмжлѳѳд орхих нь тэр.
Миний буух буудал дѳхѳхѳд номондоо хавчуурга хийн цүнхэллээ. Жолоочийн - Автобусыг бүрэн зогсох хүртэл суудлаасаа босохгүй байхыг хүсье хэмээн анхааруулах бүдүүн царгиа дуу цацагчаар сонсогдоно.
Цагийн жижиг том зүү хоёул зургааг заахад яагаад ч юм цаг руу харж таардаг юм. Дэлгэсэн номоо хаалгүй ѳчигдѳрийн шүхэрт эмэгтэйг бодон суулаа. Хар цагаан зурган дунд ганцхан улаан ѳнгѳн цэцэг байх шиг, яг л тийм сэтгэгдэл тѳрүүлсэнд одоог хүртэл санаанаас арилсангүй.
“Тэр бүсгүй хайр сэтгэлээрээ учирсан ханьтай. Хүү, охин хоёртой. Тэднийгээ цэцэрлэгт нь ѳгѳѳд ѳѳрѳѳ ажилдаа явж байгаа байх” ѳѳрийн мэдэлгүй надад ямар ч хүртээлгүй хүний амьдралыг ѳѳрийнхѳѳ хүслээр бодон ургуулж гарав. “Гэвч миний уншиж буй номын эмэгтэй баатрууд ѳѳрийн хүслээр гэрлэх нь ховор. Гэрт орсныхоо дараа яаж ч доромжлогдсон тэсэж тэвчээд л суухаас ѳѳр гарцгүй. Харин тэр усан ягаан шүхэрт бүсгүй тэднийг бодвол олон сонголтуудтай даа”.
Тухай үеийн дээдсийн хүрээллийн амьдрал яг л шорон шиг давчуу, хүний эрхээр хязгаарлагдсан хүрээнийхэн байж дээ. Нэр тѳр, ёсоо амьнаасаа илүүд үзэн хүн бүр баримтлах зарчим, журмаа чанд сахих ажээ. Миний хувьд нэг дүрийн талд зогсон ном уншсангүй. Бусад уран зохиолуудад бол гол дүрийн баатарыг би дэмжиж ойлгодог. Түүний эсрэг дүрүүдийг хѳндлѳнгийн нүдээр ажиглан шүүмжилж ѳѳрийн дүгнэлтээ хийдэг. Гэвч, гэвч, гэвч энэ ном бол тэднээс хувь олон нүдтэй юм. Миний бие дүрүүд болгонд хайртай. Онцгойлж нэг талыг барих баатар үгүй. Алексей Александрович (Аннагийн нѳхѳр) ийн талд үүрд зогсож ч магадгүй. Тэрбээр бусдад хахир хатуу, ажлаас ѳѳрийг боддоггүй тѳмѳр хүн шиг харагдавч хайр нь үргэлж цогтойгоо байдаг. Эхнэр нь сэтгэл алдарсан залуугийнхаа тѳлѳѳ олон нийтийн газар уйлж суухад, бусдын ѳлѳн нүднээс эхнэрийнхээ нулмисийг нуух тэр агшинг мартахгүй байх. Шашны сургаальд тулгуурлан ѳѳрийн үзэл бодлоо тѳвшитгѳдѳг Алексей Александрович. Ер энэ шашин гээч нь ёс суртахуун болоод хайрын эх булаг болохыг Алексейн дүрээр харуулах гэсэн болов уу даа.
- Ta ямар ном уншин суугаа юм бэ гэх дуугаар цочин толгойгоо ѳндийлгѳхѳд буурал үстэй, цайвар гэвч нүд орчим үрчлээ ихтэй эмээ ѳѳдѳѳс харан асуув. Сайн байна уу ч байхгүй шүү.
- Орос зохиолчийн бичсэн Анна Каренина нэртэй зохиолыг уншиж байна гэхэд
- Тийм ээ, их сайхан зохиол. Би залуудаа хоёр ч удаа уншсан юм байна шүү гэхдээ эмгэн амны алчуураараа уруулаа үл мэдэг дарав. Түүний хараа харин ѳѳрѳѳ яавч ойлгохгүй үсэгнүүд дээр бүжиж байлаа. Дэлгээтэй номоо хоёр тийш хѳдѳлгѳвѳл эмгэний нүд дагаад гүйх байртай. Японд танихгүй хүмүүс хоорондоо ярих нь нэн ховор. Чухам эмээ яагаад ном уншин суугаа над дээр ирж үг ѳдѳх болов оо?
- Чи киног нь ч гэсэн үзвэл дээр шүү, эмээ амаа дарсан алчуураа доош буулган ѳгүүллээ. Харин түүний барьсан амны алчуур усан ягаан ѳнгѳтэй юм. Сайн ажваас цэцгийн хээтэй ажгуу.
СЭТГЭГДЭЛ