Аливаа улс орны ард иргэдийнх нь хэр аз жаргалтай амьдарч байгааг нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн, хүмүүсийн өглөгч зан, өөртөө итгэх итгэл, эрүүл мэнд, сонголт хийх эрх чөлөө гэх мэт олон хүчин зүйлсээр тодорхойлдог.
Харин жаргалтай амьдралын эзэн, түүнийг бүтээх хамгийн чухал хүн нь өөр хэн нэгэн биш та л өөрөө билээ. Хөгжсөн та, мэдлэгтэй та, сайхан сэтгэлтэй та, хөдөлмөрч та, хүнлэг та, хүчтэй та бас найрсаг та.
Тэгвэл яг л энэ буюу Монгол хүний хөгжлийг дэмжих, номоор дамжуулан нийгмийг соён гэгээрүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулах зорилго дор “Номтой өглөө” номонд дуртай залуусын клубээс үндэслэн нэгдэж байгуулагдсан “Номтой оюуны ирээдүй” ашгийн төлөө бус залуусын ТББ энэ жилийнхээ үйл ажиллагаанд “Номтой гудамж”-ны соёлыг бүтээхийг хичээж байна.
Уг хүрээнд эдгээр залуус 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 10:00-12:00 цагийн хооронд Монголд анх удаа номтой гудамжны өдөрлөгийг зохион байгуулах гэж байгаа бөгөөд тус арга хэмжээнд 50 номын уналт, Номтой болзоо, Номын хэлэлцүүлэг гэх мэт содон хөтөлбөрүүд байгаа юм байна.
Сонирхуулахад нийслэлийн бүрэн дунд долоон сургуулийн ахлах болон дунд ангийн 1000 орчим хүүхдүүд энэ өдөрлөгт өртөөчилсөн байдлаар оролцож, номын тухай хэлэлцүүлэг, жүжигчилсэн тоглолт, яруу найраг, гар зургийн тэмцээнүүдээр хоорондоо өрсөлдөх юм.
Хэрэв та сонирхвол 9 сарын 10-ны Ням гаригт Сөүлийн гудамжинд буюу Циркийн хойд уулзвараас Наранпалаза төв хүртэлх автозам буюу хүмүүсийн сайн мэддэгээр Гэрэлтэй гудамжаар зочлоорой.
Ингэхэд Номтой гудамж гэж таныхаар юу вэ?
Ном гудамжинд нь уншдаг газар, хүмүүс суугаад ном ярьдаг газар, ер нь хамаагүй зүгээр л хоорондоо таних ч танихгүй ч халуун дулаанаар мэндэлж, хүндэлж, инээмсэглэж, ярилцаж, ойлголцдог, хамтдаа хөгждөг гудамж гээд юу ч байж болно.
Харин энэ залуусын зорилго бол эрдэм номын газар буюу үндэсний хэмжээнд хоёрхон том номын сан болох Үндэсний төв номын сан, Нацагдоржийн нэрэмжит хотын төв номын сан, олон олон сургуулиуд байрладаг энэ гудамжийг жинхэнэ утгаар нь сэхээлэг буюу номтой, цаашилбал магадгүй хамтдаа хөгжих хөгжлийн гудамж болгох юм.
Дашрамд дурьдахад энэ залуус түрүү жил буюу 2016 онд Тархины хогийг цэвэрлэе хөдөлгөөний хүрээнд 100 айлаас Өвөрсогоотын эцэс хүртэл Сэлбэ гол дагуух 7 км газрыг олон нийт, сайн дурынхан, ХААИС-ийн 700 гаруй оюутны хамтаар цэвэрлэж байсан бөгөөд нэг удаа цэвэрлээд удахгүй гарч ирэх хогийг гэхээсээ хүмүүсийн сэтгэлгээнд суусан хог хаях ухамсаргүй үйлдлийг эсэргүүцэхийг зорьсон байна.
Саяхны нэгэн судалгаагаар Монгол улс дэлхийн нийт 150 орныг аз жаргалын индексээр нь жагсаахад 100 дугаарт орсон байна. Хүмүүсийн сэтгэл санаа, хэрхэн амьдарч байгааг гудамжаар зөрөх хэн нэгний царай элбэгхэн төлөөлөх мэт...
Та “НОМТОЙ ГУДАМЖ”-нд танихгүй ч гэсэн хажуугаар тань өнгөрөхдөө нүүрэндээ инээмсэглэл тодруулаад зөрөх хэн нэгнийг харвал гайхаж болохгүй шүү
Үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
СЭТГЭГДЭЛ