Удам дамжсан хасаг дайчин Григорий Мелехов, хөрш айлын сээтэгнүүр бүсгүй Аксинья хоёрын дурлалын паянгаар эхэлдэг нүсэр том хэмжээтэй энэ туульсын зохиолд шимтэн дурласан уншигч цөөнгүй байхад, киног нь үзсэн, ядахад нэрийг нь сонссон, сургаар мэддэг хүмүүс нэлээд бий гэж бодогдоно.
Хүйтэн дайны хэнээрхлийн үед коммунист зохиолч баруунаас Нобелийн шагнал авна гэдэг байж боломгүй хачин тохиолдол тул, энэ зохиол юуны учир даян дэлхийд алдартай болов оо гэж бодоход хүрэв.
Доны эрэг дэх хасагийн Татар гацааны тухай, тэр суурингийн аж амьдрал сайнтай, муутайгаа өрнөж, дэлхийн нэгдүгээр дайнд оролцсон хасагуудын үйл явдал, цаашлаад иргэний дайн, улаан цагааны үймээн самуун гээд хөл толгой нь олдохгүй бужигнаан үүсч, төөрч будилах, залхаж ядрахад хүрдэг билээ.
Зохиолын хамгийн гол үнэт чанар нь болсон үйл явдал, амьдралд тохиолдож болох үзэгдлүүдийг тэр чигт нь хуулбарлах биш хүний нүдэнд харагдаж, сэтгэлд бодогдтол уран яруу дүрслэн үзүүлж чадсанд оршино.
Зохиолын дүрслэлүүд амьд, бодитой, бүүр кино үзэж байгаа мэт,баатруудыг хажуугаас нь харж суугаа ч юм шиг ер бусын сэтгэгдэл төрүүлдэг үгийн урлагийн гайхамшгийг мэдрүүлж чаддаг билээ.
Эхнэр хүүхэдтэй мөртлөө Аксиньяагаас салж чадахгүй байгаа хайр дурлал гэхээсээ хүсэл тачаалдаа гүнзгий автсан зөрүүд зантай Григорий бол жинхэнэ хасаг дайчин, цэргийн хүний ёсоор тулалддаг, газар шорооныхоо төлөө амиа өгөхөөс буцахгүй "хатуу самар"'шүү!
Төрсөн ах Петро нь дайн самууныг алдар хүнд, олз омог олох аятай сайхан завшаан гэж үздэг бол Григорий яг эсрэгээрээ дайны үеийн хүчирхийлэл, дээрэм тонуул, хүнлэг бус явдлыг үзэн ядаж, алдар нэрийн төлөө биш эр цэргийн ёсоор байлдахыг илүүд үзнэ.
Тэрээр дайны талбарт олонтоо явж, улаан цагааны тэмцэлд татагдан орж, гуйвж дайвж явсан ч үзэл бодолдоо үнэнч, хүнлэг зан чанар нь хувирч өөрчлөгдөөгүй жинхэнэ "мужик".
Хүний төрөлх язгуур зан чанар цагийн аясаар хэрхэн хувирч өөрчлөгдөж байгааг төрсөн тосгоноо галдан шатааж, хувьсгалын үйл хэргийн төлөө эцэг эхээ алахаас сийхгүй болсон зэрлэг балмад Мишка Кошевойн дүрээр дотор арзасхийтэл дүрслэн харуулдаг билээ.
Дайн байлдааны үе дэх зүрх зүсэм аймшигт үйл явдлууд нүдэнд харагдаж, нэг үндэс угсаатай хүмүүс улс төрийн үзэл суртлаас болж нэгнийгээ хайр найргүй хядаж байгаа гашуун хувь заяа, үзэл санааны зөрчлөөс болж ахан дүүс бие бие рүү гээ буу шагайх гутамшиг, эцсийн бүлэгт амар тайван амьдарч байсан эгэл жирийн гэр бүлүүд дайны дажны хөлд сүйрэн баларч байгаа тухай гүн эмгэнэлт зохиол юм. Олон сараар гэр орондоо харилгүй дайтсан казак цэргүүдийн хувцасны хөлс хир, хулмас шивэр, тамхины гашуун утаа, архины эхүүн үнэр хамар цоргиж, дотор муухай оргиулах шиг тэдний уйтгар гуниг, гомдол цөхрөл, инээд наргиан, завхай зайдан яриа чихэнд сонсогдох шиг болдог тийм гайхалтай гоё дүрслэж чадсан бүтээл билээ.
Эр нөхөр нь дайнд явсан хойгуур хагсаж хүссэндээ ч юм уу, эсвэл дур тачаал ихтэй дээ ч тэр үү шалиг эрстэй завхайран, түүнийгээ амьдын жаргалд тооцох эршүүд зантай Дарья бүсгүйн гунигт төгсгөл, эр нөхөртөө хязгааргүй хайртай ч жаргал эдэлж үзээгүй, үнэнчээр хүлээгч хөөрхий Наталья бүсгүйн азгүй гэмээр богинохон амьдрал юу эсийг бодуулдаг гэхэв дээ.
Эгдүүтэй хөөрхөн Дуняшка хүний үнэргүй Мишкаг фронтоос эргэн ирэхэд нь ямар их баяр хөөртэй угтдаг билээ дээ, түүний үйлдсэн гэм нүгэл, төрсөн ахыг нь алсан бузар явдал энэ бүхэн хайр дурлалынх нь очийг өчүүхэн ч бөхөөсөнгүй мөн ч хачин хэрэг шүү!!!
Зовлон шаналал бүхнийг даван туулах сэтгэлийн тэнхээтэй, царайлаг хөөрхөн, гоо үзэсгэлэнтэй, эрчүүдийн сэтгэлийг гижигдэх увидастай, дур хүслийг нь өдөөдөг янаг хонгор Аксинья хүүхнийг дотроо төсөөлөн бодоогүй эр хүн ховор биз ээ. Тэр зүгээр л дур тачаалаадаа хэт автсан завхай зайдан хүүхэн ердөө ч биш, амьдралын золгүй хувь заяа түүнийг тийм зам руу түлхжээ.
Өсвөр насандаа төрсөн эцэгтээ хүчиндүүлсэн аймшигт явдлыг нь мэддэг эр нөхөр Степан нь доромж байдлаар хандаж, хүн гэж тоож үзэхгүй пиндээ цоожлоод айлын авгай хүүхэн эргүүлж явахад, түүнийг зарц боолоос өөрцгүй үзэж байнга зодож нүдэж байхад наашаа гэсэн эр хүнийг цааш нь түлхэх үү?
Жимст эдлэнгийн эзний хүүтэй нууц амрагийн холбоотой байсан Аксинья хардаж сэрдсэн Григорийд "Амьдрал намайг ийм болгосон. Өөрөөр яах билээ" гэж ташаа тулан хэлдэг нь их л өрөвдөлтэй санагддаг билээ.
Анхны эр нөхрөөсөө илүү, анх дурласан болохоор Григорийд ухаангүй хайртай сээтэгнүүр хөөрхөн Аксинья эмэгтэй хүний тэсвэр тэвчээрийн хүч чадлыг ёстой л нэг харуулдаг даа. Түүний гоо үзэсгэлэнг цагийн салхи бөхөөж чадаагүй л юм даа.
Эх орон, газар шорооныхоо төлөө тулалдаж, иргэний дайнд үзэл бодлынхоо төлөө тэмцсэн Григорий улаан цагааны аль ч учрыг нь олохгүй гуйвж дайвсаар эцсийн эцэст төрсөн гэр орон, үр удамдаа эргэн ирж байгаа нь зохиолын гол хэлэх гэсэн санаа юм.
Коммунист зохиолч М.Шолохов ямар нэгэн үзэл сурталд авталгүй, улаан цагааны зөрчил тэмцлийг байгаа байдлаар нь бодитоор үзүүлж чадсан төдийгүй, зохиолын гол баатар Григорийн амьдрал хожим баривчлагдсан цагаан гвардийн нэгэн офицерийн намтар түүхтэй нэн төстэй байсан нь өөр хүн бичсэн байж магадгүй гэсэн хардлагыг төрүүлжээ.
Нөгөө нэг үндэслэл нь, амьдралын туршлагагүй цэл залуухан хүн дайны үеийн хүнд хэцүү цагийг нүдээр үзэж биеэр туулсан юм шиг тодорхой өгүүлж, ийм нүсэр том бүтээлийг яаж бичиж чадав аа гэсэн гайхшрал юм. Дайнд оролцсон казак дайчдын намтар дурсамжаас санаа оноо авч, архивын баримт сэлтийг шүүрдэн үзэж, уйгагүй хөдөлмөр, нөр их хичээл зүтгэлээр авьяас билгийнхээ торгон ирэн дээр бүтээн туурвисан буй заа гэж бодно.
Амьдралын гашуун үнэнийг хүний ой ухаан, сэтгэл зүрхэнд хоногшин үлдтэл дүрслэн үзүүлж чадсан суут зохиолчийн энэхүү бүтээл реалист утга зохиолын охь манлай болж мөнхрөн үлджээ.
Тэмдэглэлийг: Хөх толбот
СЭТГЭГДЭЛ