Оросын утга зохиол бол ер бусын өндөр дээд түвшинд хүрсэн гайхалтай бүтээлүүдээр дүүрэн, арвин баялаг эх ундрагатай, хүн төрөлхтний оюуны соёлд хүндтэй байр суурь эзэлдэг нь маргаангүй үнэн юм. 

Н.Гоголь, Ф.Достоевский, Л.Толстой, П.Чехов, С.Тургенев, М.Булгаков, М.Шолохов, В.Набаков...гэхчлэн зөвхөн хүүрнэл зохиолын агуу "гигант"- уудын нэрс хөврөхөд л тэдний зохиол бүтээлүүд ой тойнд гялсхийж, цаана нь өч төчнөөн яруу найрагч, зохиолчид байгаа гэж бодохоос өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрнө. 

Тэдгээрийн дотроос Оросын утга зохиолыг үндэслэгч, абсурд, модерн зохиолын анхдагч гэдэг эрхэм нэр хүндтэй алдрын эзэн бол яахын аргагүй "гаж" суутан хэмээгдэх ер бусын намтар түүхтэй Н.Гоголь билээ. 

Уран зохиолын хэвшмэл бичлэг, загварыг эрс өөрчилж, цоо шинэ арга барил, сэтгэлгээг оруулж ирсэн Гоголийн уран бүтээл нь дахин давтагдашгүй өвөрмөц өнгө аясаараа эрс ялгарч байдаг юм. Түүний оргил бүтээлийн нэг "Амьгүй албатууд" бол хувь хүнээр дамжуулан нийгмийн байдлыг тольдон харуулсан хошин реалист зохиол юм. 

Нэгэн мужийн N хотод зочлон ирсэн үл таних ноён тэр дорхноо л хотын нэр нөлөө бүхий дарга, түшмэдүүдийн анхаарлын төвд орж, хүндтэй зочны нэг болжээ. Түүнийг хаанаас ямар зорилгоор ирсэн, ямар учиртай, ямар намтар түүхтэй хүн болохыг хэн ч сонирхоогүй бөгөөд, найрсаг зантай, нүдэнд дулаахан, чинээлэг ноён гэсэн гадна талын үзүүлэлт хүн бүхний сэтгэлд нийцсэн болохоор тэр нь илүүц зүйл юм. 

Өөрийгөө коллегийн зөвлөх, шудрага үнэний төлөө хэлмэгдэж явсан гэдгээс өөр тоймтой зүйл хэлээгүй мань Чичиков хэн хүний ухаан санаанд багтамгүй "амьгүй албат" худалдан авах тун "хачин" зорилготой ирсэн байжээ. 

Ингээд мань хүн хөдөө тосгодоор явж газрын эзэдтэй уулзан үхсэн албаты нь худалдан авах "ер бус" -ын наймаагаа эхлүүлэв. Тухайн үеийн Орос оронд газрын эздийн хамжлага, тариачид нас барсан ч дараагийн хүн амын тооллого болтол амьд хүний дансанд байлгаж, алба гувчуур авдаг "жир" бус журамтай байжээ. 

Үүнийг овжиноор ашиглаж, "мөнгө босгох" мэргэн санаа Чичиковт төрж, ган гачиг,өвчин тахал, үхэл зовлон нүүрлэсэн газруудыг сонгон "амьгүй албат" худалдан авахаар Орос орноор хөндлөн гулд хэрэн хэссэн тухай сонирхолтой адал явдлууд ар араасаа хөвөрч өгнө дөө. Уг нь хэнд ч хэрэггүйгээр үл барам, байнга мөнгөний гарлага гаргадаг тэдгээр талийгаач нараас салахын түүс болсон газрын эзэд зүгээр л бэлэглэж орхих байх гэсэн түүний бодол санасанаас шал өөрөөр эргэжээ. 

Үхсэн албаты нь мөнгөөр худалдаж авна гэсэн түүний солиотой гэмээр саналыг сонссон газрын эзэд гайхшаа барж, үнэн эсэхэд нь эргэлзэж, ямар нэгэн далд санаа нуугдаж байж болзошгүй гэж эмээж, зарим нь ашиг хонжоо олохын тулд санаанд багтамгүй мөнгө нэхэж, үхсэн хүмүүсээ тэнгэрт тултал нь магтаж, ер нь үгээр хэлэхийн аргагүй есөн шидийн авир гаргажээ. 

Газрын эздээр дамжуулан эелдэг найрсаг, бүдүүлэг харанхуй, мухар сүсэгтэй, харамч хахир, шунахай сувдаг, цадиггүй худалч, муу санаатай гээд хүнд байдаг олон зан чанаруудыг урнаар элэглэн үзүүлсэн байдаг. Хотын язгууртан, дээгүүр тушаалын түшмэдүүдийн үрэлгэн тансаглал, биенээ дуурайсан хоосон хийрхэл, нэгнийхээ дээр гарах гэсэн атаач өрсөлдөөн, цамаан зан, хуурамч сүржигнэлийг яруу тодоор дүрслэн үзүүлж, нийгмийн хүнд суртал, авилгад идэгдсэн төрийн албан хаагчдын үнэн нүүр царайг илчлэн шоолж, хүмүүсийн олон янзын зан авир, ааш араншинг нүднээ харагдтал ёж үгээр ёгтлон бичсэн нь гайхал бишрэлийг төрүүлнэ. 

Жирийн зарц, хамжлага, тариачнаас эхлээд газрын эзэд, хотын түшмэд, дээгүүр тушаалын дарга, генерал, язгууртнууд гээд нийгмийн бүхий л давхрагыг хамарч, эдгээр хүмүүсийн байр суурийг товойлгон үзүүлж, юуны учир улс орон нь өөдлөн дэвжихгүй, уруудан доройтох замд орсныг шүүн тунгаахыг зорьжээ. 

Мөнгөтэй, эрх мэдэлтэй цөөн хүмүүс хангалуун чинээлэг амьдарч байхад, нийгмийн гол ачааг үүрч яваа эгэл жирийн хүмүүс ядуу тарчиг, зовлон зүдгүүртэй байгаагын учир шалтгааныг олохыг хүсчээ. 

Төрийн алба гэгч үнэндээ хүнд суртал, авилгын үүр уурхай болсон, нийгмийн баялагыг сорон мөлжигч үр ашиггүй нүсэр тогтолцоо юм гэдгийг гярхай ажиглаж, түшмэдүүдийн тэнэглэлийг элэглэн шоолсон байдаг.

Гадны юм бүхнийг сохроор даган дуурайж, амьдралд үл нийцэх хоосон онолоор цэцэрхэж суудаг, сурсан эрдэм мэдлэгээ ашиглаж чадахгүй өлбөрч үхэх гэж байвч гүн ухаанаар цэц булаалддаг өрөвдөлтэй хүмүүсийн дүр төрх нүднээ тодорно. 

Хүний шуналыг асааж, хүслийг өдөөж байдаг тухлаг амьдралын хэрэглээ гэдэг үнэндээ заль мэхтэй худалдаачид, наймаачдын өгөөш бөгөөд өртөг нь геометрийн прогрессээр өсөж, үр дүн нь дампуурлаар дуусах аж. Төрөлхийн үнэнч шудрага хүмүүс байдаг ч нийгмийн орчин нөхцөл нь шудрага бус байдал руу өөрийн эрхгүй түлхдэг болохыг эндээс мэдэж авна. 

Сэтгэл зүтгэл байвал шудрага хөдөлмөрөөр сайхан амьдарч болохыг, баян чинээлэг хүн бүхэн муу муухай байдаггүйг мужийн тэргүүн баян Муразов, газрын эзэн Костанжогло нарын сайхан сэтгэлтэй хүмүүсийн дүрээр үзүүлж, залхуу хойрго, арчаагүй, амин хувиа хичээсэн, мөрийтэй тоглоом, наргиан цэнгээнд донтосноос болж аж ахуйгаа сүйрүүлсэн газрын эздийг эсрэгцүүлэн дүрсэлсэн байдаг билээ. 

Николай Гоголь

Николай Гоголь

Ерөөс энэ зохиол маш өргөн хүрээ, олон сэдвийг хамарч, хэлэх гэсэн санаагаа далд ёгт утгаар, хөвөнд боосон чулуугаар түншиж, уран хошиноор элэглэн үзүүлсэнд өвөрмөц өнгө аяс нь оршиж байгаа юм. Гүн утга санаатай, уран гоё үг хэллэгтэй эшлэлүүдээр баялаг зохиол билээ. 

Чичиков бол манай өнөөгийн нийгэмд байгаа зусарч бялдууч хурган дарга нар, авилгач түшмэд, амар хялбар аргаар хөлжиж баяжих гэсэн мөнгө, эрх мэдэл, тансаг амьдралд шунан дурлагсдын нийтлэг төрх юм. 

"Ямар ч аргаар хамаагүй мөнгө хураа. Тэгвэл чи сайхан амьдралд хүрнэ" гэсэн шунахай сувдаг эцгийнхээ захиасыг амьдралынхаа зорилго болгосон Чичиков "Миний хүмүүжил анхнаасаа л буруу явчихсан юм" гэж хожим харамсан өгүүлдэг билээ. 

Шүүх таслах газар, барилгын комисс, гаалийн хороонд түшмэлийн алба хашиж явсан Чичиков дээд дарга нарынхаа арга эв, ааш аяг, итгэлийг олохдоо гаргууд бөгөөд, нэр хүнд олж авахын тулд зусардан долигонох, шудрага дүр эсгэх, хор найруулахдаа мэргэшсэн төдийгүй, авилга авахдаа үнэнхүү толгой нь сийрэг ажилладаг, хувийн эрх ашгийн төлөө хэнийг ч золиослоход бэлэн цэвдэг сэтгэлтэй хүн юм. 

Тэрээр төрөлхийн гүйлгээ ухаантай, арга зальтай, сийрэг толгой боловч үүнийгээ буруугаар ашиглаж эцэстээ сүйрэн унаж байгааг тодорхой харуулдаг билээ. Орос орныхоо амьдрал ахуй, орос хүний аж төрөл, зан төрхийг үүнээс илүү яаж дүрслэн үзүүлэхэв дээ. Чичиков юуны учир "Амьгүй албатууд" худалдан авах болсон хийгээд, түүнийг тойрсон адал сонин явдлууд, инээд наргиан, эмгэнэл гуниг, мөхөл сүйрлийг уг романаас амтархан уншвал илүү гоё таашаал авна гэдгийг хэлье. 

Аюурзанаевийн хуучин орчуулгыг дахин шинэчлэн найруулахдаа ойлгомжгүй хэсгийг засаж залруулан, улам яруу тодорхой болгож, зохиолчийн бичлэгийн донж маягийг тодорхой сайхан гаргаж чадсанд олзуурхаж сууна. Хэлэх гэсэн санаагаа ёгтоор өгүүлж, хошигнол дунд хүний зан авирыг бүрнээ нээн үзүүлж чаддаг хосгүй авьяас билэгт Гоголийн "Амьгүй албатууд" хэд дахин уншсан ч уйдахааргүй, зохиолын дотроос зохиол гарч ирэх мэт өгүүлэмжтэй, энгийн мөртлөө жинхэнэ сонгодог гэж үүнийг л хэлнэ дээ. 

Нэг харамсалтай зүйл нь хамгийн гоё хэсгүүдийн нэг болох, мань Чичиков генералыг "хошгируулдаг" 2-р ботийн 2-р бүлгийн төгсгөл дутуу байснаас гадна зохиолын төгсгөл хэсгийн гар бичмэлүүдээ зохиолч өөрөө шатаасан ажээ. Энэ нь ямар учиртайг хэн ч мэдэхгүй ч магадгүй зохиолч ингэж учир битүүлэг төгсгөхийг хүссэн ч юм билүү??? Гол баатарт цаашид юу тохиолдохыг бид таамаглах л үлдлээ. Утга зохиолын нэг гол мөн чанар чинь л энэ шүү дээ. Ай, Гоголь минь!

Тэмдэглэлийг: Хөх Толбот Д.Төмөр-Очир

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/